Хот, Ховд хоёрын хооронд хорин жил явсан паян
Сайн хүн явснаа
2023-11-21
Хот хоорондын нийтийн тээврийн унаанд суулгүй уджээ. Саяхан ажлын шаардлагаар хөдөө явахдаа жолоо барихаасаа жаахан төвөгшөөж Улаанбаатар-Баянхонгорын автобусанд суув. Унтах, утсаа оролдох, дэргэдэх хүнтэйгээ яриа хөөрөө өрнүүлэх зэргээр өчүүхэн ч алжаалгүй, тав тухтай зорчиж явахдаа манай хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ шинэ түвшинд гарсныг нүдээр үзэн, биеэр мэдэрч явлаа. Өглөө 7:50 цагт яаран сандран очоод хуваарьт 8 цагийн автобусанд суутал хамт явах нөхөр минь хараахан ирж амжаагүй, утасдаж асуувал нөгөө л замын түгжрэлээс болоод хоцорч яваагаа хэлж байна. Автобусны жолоочид хандан учрыг хэлээд жаахан хүлээж болох эсэхийг учирлан асуувал “Яг цагтаа хөдөлнө. Хүн хүлээхгүй” гэв. Үүнийг сонсоод “Зөв дөө. Ийм л байх ёстой” гэсэн бодол төрсөн нь хамт явах нөхрөө орхиод явах хорон санаа агуулсных биш нийтийн тээврийн үйлчилгээ, мөрдөх журам яг ийм л байх ёстой гэж олзуурхан бодсоных билээ. Нөхөр ч хөлөглөж явсан таксинаасаа бууж явган нүцгэн гүйн 8 цагтай уралдан ирснээр бидний зам шуударсан юм. Автобус нь цэвэрхэн тохилог, хүн бүр өөр өөрийн суудалд суун явсаар Баянхонгор хүртэлх 600 гаруй километр замд хоёр удаа зогсон зорчигчдоо хооллож амраагаад орой яг цагтаа зорьсон газраа хүрч байна. Энэ бүхнийг таашаан бодож явах зуур оюутан ахуй цагтаа Ховд-Улаанбаатарын хооронд маш олон зорчсон, тийн зорчих бүрт тохиолдсон адал явдал санаанд орж ирэх юм. Одоо бодоход хосгүй тэр адал явдлууд ерээд оны оюутнууд, хот хооронд зорчиж байсан хүмүүст толгой дараалан тохиолдож байж дээ. Юун өөр өөрийн суудал, юун ая тух, юун хоол унд, юун хуваарьт цаг байх билээ. Эдүгээ түүх болон үлдсэн, цаашид тохиолдохгүй нь лавтай тул тэдгээр явдлын зах зухаас дурсах минь.
1994 он. Зургаадугаар сар гарч хичээл шалгалтаа дуусгаад хөдөө явах унааны эрэлд гарав аа. Онгоц нисдэг боловч үнэ мөнгөний хувьд мань мэтийн оюутанд хүртээлгүй. Өнөөгийнх шиг хот хоорондын автобус гэж байхгүй. Сураг ажиг тавьж явтал нэг “ЗиЛ-130” машин Ховд явах гэж байгаа сураг дуулдлаа. Бидний гурван оюутан нийлж аваад нөгөө машинаа эрж суран очиж уулзаад учир байдлаа тоочсоны эцэст дараа өдрийнх нь үд хавьд гарахаар болж тохиролцов. Маргааш нь үдийн алдад тохирсон газраа нэг айлд явж очвол бидний адил ганц хоёр хүн ирсэн, машин маань хаа нэгтээ ачаагаа ачиж байгаа, бид хүлээх ёстой болж таарав. Орон гаран унаагаа хүлээсээр байтал зуны урт өдрийн нар хэвийж байна. Яалтай билээ, хүлээх л ёстой. Ингэсээр харуй бүрий болж хорвоогийн наран жаргахын алдад унаа ирж бидний нар гарав.
Гараад ирвэл дэнхийсэн өндөр ачаатай “ЗиЛ-130” зогсож байна аа. Жолооч ах биднийг ачаан дээр гараад аятайхан хонхор зай олоод, бас нуугдаж сууж явахыг үүрэгдэв. Авирсаар гарч ирвэл хайрцагтай мотоциклиуд ачсан, урд хэсэгт нь багаахан зай гаргажээ. Тэнд ороод хөлөө нугалаад явган суухад яг таарч байна. Ийм суултаар 1500 км газрыг хэрхэн туулж барах тухай биш, унаа олдоод явах болсонд олзуурхан байв. Бид гурваас тусдаа дахиад гурван оюутан ирж зургуул болоод нөгөө зайндаа чихэж суугаад машин хөдөллөө. Нэлээд явснаа машин зогсож жолооч нь тэвшин дээр гарч ирээд, биднийг бууж явган яваад 22-ын товчооны шалгалтыг өнгөрөөх, ингэхдээ цагдаад харагдалгүй холуур тойрч нуугдаж явахыг үүрэг болгов. Буугаад хэдүүл харанхуйн дунд тэмтчин алхаж гарав. Нөгөө цагдаа, шалгалтын пост хаана байгаа, аль хүртэл явах, хаана уулзахыг бүү мэд, алхсаар л байлаа. Ингээд явж байтал харанхуйд зам дээр нэг дэнхийсэн том машин зогссон нь бидний унаа мөн байж, жолооч ах биднийг удаан хүлээснээ уцаартайхан хэлээд, бид ч өндөр ачаан дээрээ авиран гараад зам шуударлаа.
Ядарсандаа болоод нам унтаж орхиж, нэг сэрвэл өглөө болчихсон, машин зогсжээ. Кабинд явсан хүмүүс буугаад суниах нь суниаж, бие засах нь биеэ засаж зогсоо харагдана. Бид ч бууж хөлөө тэнийлгээд, авч явсан боорцог, талхнаасаа идэж, кабинд яваа эгчийн өгсөн хар цайнаас уун гэдэс гарч аваад дахин замдаа орлоо. Өвөрхангай хүртэл засмал замтай. Гэхдээ өнөөгийнх шиг толийсон засмал биш, хагархай цоорхой, энхэл донхол дүүрэн замаар сэгсчүүлж яваа хэрэг шүү дээ. Суудал сандал, ая тухын тухай энд юу ярихав, цүнхээ тавиад дээр нь суучихсан, хөл их чилэхээр дээш авираад хайрцагтай мотоцикль дээр гарч суун хөлөө амраана. Өвөрхангайгаас цааш шороон замаар сэгсчүүлсээр гурван өдөр, гурван шөнө явсны эцэст нутгийн бараа харж билээ. Зам нийлсэн гурав маань ТИС-ийн оюутнууд байсан бөгөөд бид хүссэн хүсээгүй сайхан танилцаж онигоо наргиа, дуу хуур, үерхдэг охин, хичээл сургууль, харь гариг, гэмт хэрэг гээд ярьж болох бүхний тухай ярилцсаар тамхиа хуваан татаж, талхаа хуваан мэрсээр сайхан дотносоод нутагтаа хүрсэн бөгөөд нэгэнтэй нь би одоо хүртэл гэмгүй сайхан нөхөрлөж яваа билээ. Улаанбаатараас Ховд хүртэл ийм л унаагаар, ийм л зам туулж хүрэх ёстой гэж бодож явсан болохоос нийтийн тээвэр, тохь тухтай автобус, замын үйлчилгээ, боловсон 00-ийн тухай зүүдэнд ч орж явсангүй. Тэр үеийн хөдөө орон нутгийн оюутнууд ийм л замаар гэр орондоо харьдаг байв.
Намар нь буцаад хот явах болоход бас л унааны эрэлд хатав. Арай гэж аймгийн төв ороод онгоц хүлээж хэд хоног саатсаны эцэст ачааны онгоцонд суухаар болов. Танил тал, арын хаалгаар л суусан байх. Онгоцон дотор орж ирвэл ачаан дунд баахан хүмүүс тойроод суучихсан, онгоц хөөрөөд хэсэг болсны дараа ах нар архи задалж тойруулаад, тамхины утаа униар татан суунаглаад, сүүлдээ аяны хундага болоод “Сүүний үнэр шингэсэн...” гэж ирээд дууны дугараа хүртэл явж байж билээ. Ийм л байдаг юм байх гэж бодсон. Сандал суудалгүй ч гэсэн агаарын мөнгөн цагаан хөлгөөр дүүлж яваа надад энэ бүхэн зүгээр л сайхан санагдаж байлаа. Оюутан цагтаа онгоцонд нэг удаа суусан нь энэ байх. Бусдаар бол газраар, аль олдсон унаагаараа, аль тааралдсан газраа хонон өнжин явсаар зорьсон газраа хүрдэг байв.
Арай хожуухан 2000-аад оны эхээр бас нэг удаа Ховд явах гээд “Нарантуул” зах оров оо. Ховд явна гэсэн фургонууд хэд хэдээрээ байж байна. Жолооч нар бүгд намайг бүчиж ирээд л, хоорондоо бас булаацалдах янзтай, тэдэн дундаас нэгийг нь сонгоход тун хэцүү. Миний үеийн бололтой нэг залуу арай нүдэнд дулаан харагдсан уу, эсвэл үеийнх болоод тэр үү, бас “Одоо удахгүй гарна” гэсэн нь илүү аятай сонсогдсон уу, би тэр залууг сонголоо. Тэд бүгд юмны түрүүнд “Ачаа чинь хаа байна?” гэж асууна. Ачааг нь аваад машиндаа хийчихвэл болох нь тэр гэсэн санаа л даа. Нөгөө залуу ч бас миний ачааг асуулаа. Би зүгээр л унаа сураглах гэж ачаагаа авалгүй гарч ирсэн учраа хэлж “Одоохон очоод ачаагаа аваад ирнэ. Орхиод явчихалгүй жаахан хүлээж байгаач” гэвэл мань нөхөр ч “Тэг ээ тэг. Хүлээж байя” гэнэ. Би олзуурхан буцаж таксидаад Сансар орж гэрээсээ ачаагаа аваад хам хум жаахан юм идээд яаран гарч таксидаж очвол нөгөө жолооч нар байж л байх юм. Ачаагаа фургондоо хийж санаа амраад жаахан амсхийж, хүйтэн ундаа залгилаад унаандаа орж суулаа. Хүмүүсийн зарим нь захаас авсан ачаагаа оруулж ирж тавиад буцаад гарах аж. Нэг эгч жолоочид хандан “Чингэлтэй гарч ачаагаа аваад, замаараа Төмөр зам орж нэг хүүхэд аваад ирье” гэхэд жолооч “Тэг ээ” л гэж байна. Нөгөө одоохон гарна гэдэг ч үлгэр болов бололтой, би ч бас буугаад захаар орж дэмий сэлгүүцэн цаг нөхцөөв. Ингэсээр оройн нар жаргах үед хөдлөх боллоо. Явах хүн олон байна. Яаж багтахыг бүү мэд. Би эртхэн олж авсан суудлаа алдахгүйг хичээн тухлаж суутал жолооч ирж биднийг болон доторх бүх ачааг буулгаад, бас болоогүй бүх суудлаа тайлж буулгав. Суудалгүй хоосон салон дотор бүх ачаагаа шалаар дүүргэж жигдхэн тараан байрлуулаад, тайлж авсан суудлаа машиныхаа орой дээр гаргаж даруулаад гүйцээ. Одоо бид гутлаа тайлж ороод эв зүйгээ олон суух ёстой. Нийтдээ арван зургаан хүн болж байна. Урд суудал дээр хүүхэдтэй эмэгтэй, түүний хажуу талын мотор дээр хоёр залуу, үлдсэн бид арын зааланд эв зүйгээ олон чихэж суугаад хөдлөхөд зуны урт өдрийн оройн нар жаргаж байв аа. Хэзээ очихыг жолоочоос асуухад “Холын замд цаг товлодоггүй юм” гэж дахин асуулт асуух аргагүй товчхон хариулт өглөө.
Харанхуй болсон хойно Эмээлтийн хөтөл даван замдаа шуудрахад зааланд суудлаа олохгүй тавгүйцэж явсан бид ч овоо эв зүйгээ олж, зарим нэг нь амандаа дуу аялан, зарим нь хоорондоо элдвийг ярилцан, зарим нь бүр гэртээ байгаа аятай дуржигнатал хурхиран унтана. Шөнө дунд нэг зогсоход бүгд бууж хөлөө амраан нуруугаа тэнийлгээд бие засаж, тамхи татаж, ус ундаа ууна. Ингэж буухдаа харанхуйд гутлаа хайж мунгинаж байснаас зүгээр хөл нүцгэн буусан нь дээр юм байна гэдгийг олж мэдлээ. Замд хоёр удаа дугуй хагарсан, бас нэг удаа машины мотор доголдож саатсан, Баянхонгорын гуанзан дээр жолооч өөрөө оролцоод бидний таван нөхөд таван гар тоглож, бүр боолт хүртэл хийгээд авсан, Байдрагийн гарам дээр гурван шил архи хувааж уусан, цааш хөдлөөд шөнөөр бага зэрэг төөрсөн, Говь-Алтайн Дэлгэрийн талд жолоочийн танил нөхөр машин нь эвдрээд зогсож байсныг засалцаж хэсэг саатсан, Говь-Алтай аймгийн төв дээр замын цагдаа бичиг баримт хурааж аваад шууд яваад өгснийг жолооч замын мотоцикльд дайгдан араас нь хөөцөлдөж явсаар бичиг баримтаа олж авах гэж хоёр цаг гаруй хүлээсэн, Ээвийн буудлын гуанзанд хоол идэх зуураа дахин хөзөрдсөн, бас ганц хоёр шил юм мулталж “Сүүний үнэр шингэсэн”-ээ нэг шуранхайлаад авсан, нэг хүүхдийн шүд өвдөөд Ховдын Дарви сумын төв дээр эмийн сан хайж хэсэг давхисан зэрэг алдагдаж саатсан хугацааг оролцуулаад хоёр шөнө, хоёр өдөр шороон замаар давхиад Ховд хотын барааг харж билээ. Замд бид хэдийнэ сайхан танилууд болж, хамгийн хойно суусан оюутан охин, баньд хоёр сүрхий дотноссон, нэлээд хэдэр зантай тавь гаруй насны ах, түүнээс дутахгүй хурц түргэн ааштай эгч хоёр суудал байршлаас болж муудалцаад “чи би”-дээ тулж, улмаар хямрал даамжирсаар оймстой хөлөөр бие биенээ тийрэх хүртлээ байдал хурцадсан ч явцын дунд инээж ханиан учир зүйгээ олж мөр мөрөө түшин суух болсон, цаашлаад хамгийн сайн онигоочин, хамгийн сайн дуучин, хамгийн сайн хөзөрчнөө шалгаруулсан, зарим нэгэндээ хөөрхөн хоч нэр өгсөн зэргээр онцгой самуун муу учрал тохиолгүй, сайнтай саартай явсаар зорьсон газраа хүрсэн билээ.
Ингээд нутагтаа хэд хоног амраад буцахдаа аз таарч УАЗ-469 хөлөглөв. Гэхдээ бид есүүлээ. Есөн хүн “Жаран ес”-д яаж багтах юм бэ гэж үү? Тэр амархаан. Хонины хонхорын таазыг тултал бүх ачаагаа ачина. Мэдээж жолооч жолооныхоо ард сууна. Урд талын суудал дээр нэг эмээ суугаад, эмээ жолооч хоёрын дундах хурдны хайрцаг дээр нэг оюутан суув. Арын суудал дээр гурван хүн чөлөөтэйхөн шиг суугаад, гурван хүний салтаа тус бүрд нэг нэг буюу дахиад гурван хүн сууна. Ингээд л болоо. 1500 километр давхина. Арын суудал дээр хүний өвөр дээр сууж явах зүгээр ээ. Урагшаа зам ширтэж, хөл гараа чөлөөтэй хөдөлгөөд, ер нь давгүй. Харин өвөр дээрээ хүн суулгах л хүсэх юм биш. Хөл дарагдаж чилнэ, хажуу цонхоор олигтой юм харагдахгүй, урагшаа харъя гэтэл нүүрэн дээр урд хүний нуруу ирээд наалдчихсан. Өвөр дээр суусан хүнийхээ нуруунд нүүрээ наачихаад, нүдээ аниад л ерөнхийдөө бясалгал хийх маягаар цаг хорооно. Ийм маягаар мөн л хоёр өдөр, хоёр шөнө давхиад орж ирсэн дээ. Хот хоорондын нийтийн тээвэр ийм л байсан. Оюутан үе хийгээд түүнээс ч хойш Ховд энэ хоёрын хооронд дүндээ нэг иймэрхүү явсан цаг хугацаагаа тоолбол худалч хүнд хорин жил болох байх аа.
Аавын тэгж туулсан адал явдал түүгээрээ хараахан дуусаагүй, хүү бас амссан гэвэл юу үнэн, тэр үнэн билээ. Үүнийг өгүүлэгчийн оюутан нас өнгөрч, төд удалгүй эхнэр аван үр хүүхэдтэй болов. 2010-аад онд арав гаруй насны хүүгээ зуны амралтаар нь хөдөө явуулах боллоо. Энэ үед хот хоорондын унаа тээврийн нөхцөл эрс сайжирч “Драгон” дээрээс албан ёсны ПАЗ автобус явдаг болсон байв. Очоод хүүдээ билет бичүүлэх гэтэл суудал дуусжээ. Жолоочид учирлаж үзвэл, хүүхдийн зардал өгөөд дотор ачаан дээр сууж явбал яв гэнэ. Ингээд хүүгээ суудал хооронд овоолсон ачаан дээр суулган хажуу талын бүсгүйд захиж өгөөд, бүсгүйн утасны дугаарыг авч үлдлээ. Энэ нь хүүд минь гойд адал явдалтай сайхан аялал байсан тухай явж ирсэн хойноо аавдаа сайрхан ярьсан билээ. Нойр хүрээд нэг мэдэхэд хажуу тийш гулдайн унтахад зарим хүн толгой доор минь дэр тавьж халамжилж өгнө, зарим нь тээршаан цааш түлхэнэ. Ховдоос ирж өсвөрийн улсын аваргын боксын тэмцээнд оролцоод буцаж яваа үеийн нэг хүүтэй танилцаж найз болоод, найзынхаа боксын бээлийгээр дэр хийж хэсэг унтсан. Бас найзынхаа суудал дээр сууж хэсэг унтсан. Хойно ах нар тамхи татаад утааны үнэр нь аймаар байсан. Замын гуанзны жорлонд яаж ч хичээгээд бие засаж чадаагүй. Нэг замын гуанзан дээр найзтайгаа хоёул хоол идчихээд гарч хэсүүчилж яваад автобуснаасаа хоцрох шахсан гэхчлэн. Хамгийн адал явдалтай нь хүү минь энэ мэтээр явж явж Ховдод шөнө дүлээр очжээ. Хүүг дааж аваад утасны дугаараа өгч мордсон өнөө бүсгүй замдаа Говь-Алтай дээр буучихаж. Хүмүүс автобуснаас буун тал тал тийш тарж одоход хүү минь жолоочтой хоёулхнаа үлджээ. Хүүг минь дүү маань тосож авах ёстой байсан бөгөөд тэр Ховдын автовокзал дээр харанхуй болтол хүлээгээд хэзээ ирэхийг үл мэдэх тул яваад өгчээ. Автобусны жолооч, миний хүү хоёрын хооронд ийм товчхон яриа болсон байна:
- Тосож авах хүн ирсэнгүй юу?
- Тийм
- Гэрээ мэдэх үү?
- Манай гэр хотод бий.
- Энд очих айлаа мэдэх үү?
- Үгүй
- За хоёулаа манайд очъё.
Ингэж ярилцсаны дараа жолооч хүүг минь дагуулж гэртээ ирээд хоёул өөд өөдөөсөө харан сууж сайхан цайлж авсны хойно жолооч орон дээр зэрэгцэн хэвтээ хоёр хүүхдийнхээ зүг заан “Тэр хоёрын хажуугаар ороод унтчих. Өглөө хоёулаа очих айлыг чинь олъё” гэжээ. Хүү минь заасан газар нь орж тавтай сайхан унтаад өглөө сэрж ирэхэд нар тусчихсан, айлын хүмүүс босчихсон байв. Даруй босож, сайхан зантай эгчийн хийж өгсөн цайнаас ууж боорцог идэж аваад байтал урд шөнө хамт унтсан үл таних хоёр хүү “Гарч тоглоё” гэснээр хамт гараад зорьсон зорилгоо марттал тогложээ. Үд өнгөрсөн хойно жолооч ах дуудсанд гэрт нь орж ирвэл тосож авах хүн нь сураг ажиг тавьсаар олоод ирчихсэн сууж байсан аж.
Хүүгийнхээ энэ аяллын тухай нэгэн солонгос нөхөртөө ярихад дуу алдан байж сонсоод “Зүгээр л кино. Маш гоё киноны бэлэн сайхан сэдэв ч мөн, зохиол ч мөн” гэж билээ. Найз минь цааш хэлэхдээ “Хэрэв манай Солонгост хот хоорондын унаагаар ирсэн нэг хүүг тосож авах хүн нь ирээгүй бол жолооч шууд цагдаагийн газарт хүргэж өгнө. Гэр лүүгээ дагуулж явах тухай бодол толгойд нь орж ирэхгүй. Хэрэв гэр лүүгээ дагуулаад явбал шууд хэрэгт орно. Хэтэрхий дүрэм журамд баригдаж нэг хэвийн амьдрах заримдаа ийм гунигтай. Хүүг чинь дагуулж гэртээ аваачиж хонуулаад, цайлж ундлаад, хүүхдүүдтэйгээ тоглуулсан тэр хүнээс нэг тийм сайхан хүн сэтгэл, хүн хоорондын маш сайхан дулаан харилцаа мэдрэгдэж байна. Үүнийг зүгээр л байж болох зүйл гэж энгийн сайхнаар хүлээн авч, зүгээр нэг ярианы хачир болгон ярьж суугаа та бүхэнд жинхэнэ хүн хүндээ итгэдэг, хүн хүнээсээ цэрвэж, айж эмээж болгоомжилдоггүй тийм сайхан чанар байгаа нь юутай сайхан бэ гэх утгатай зүйл ярьж билээ.
Сая Баянхонгор явж ирэх замдаа хот хоорондын тээврийн тав тухтай унаанд энэ бүхнийг эргэцүүлэн, яг цагтаа хөдлөх, суудал, ачааны дүрэм журмаа мөрдөх, тогтсон цагт боловсон 00-той, тохь тухтай газар зогсож түр амраах, тогтоосон хурдны хэмжээг барих, яг цагтаа очиж байгаа зэргийг бодож байхад “Манай хот хоорондын тээвэр сайхан болжээ. Энэ бол дэвшил юм. Илүү ч сайжрах байх” гэсэн таатай бодол төрж “Хулгайн ногоон автобус”-ны тухай самуун муухай бодлуудыг минь бараг ор мөргүй арчиж байдаг шүү. Одоо манай хотын нийтийн тээвэр сайхан болох ёстой. Хот хоорондын нийтийн тээврээс суралцах хэрэгтэй. Монгол хүн амныхаа бэлгээр, сайхан болох биз ээ, нэгэн цагт.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (1)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Уншигч
Ийм байсаан, хөгжилтэй санагдлаа одоо, пургонд сууж явахдаа гутлаа гээгээд ирж л байлаа, жолоочийн таавчиг өмсөөд явсан, буцааж өгөөд ч үгүй санагдана.
2023-11-21
Хариулах (10) (0)ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.