images

До.Болдхуяг: Ли Бай, Дү Фүгийн шүлгээ бичиж явсан нутагт очиж монгол шүлэг уншив

Б.Бадамзул

Сайн хүн явснаа

2023-06-22


“Болор цом”-ын эзэн яруу найрагч, археологич До.Болдхуяг Хятадын Ханжөү хотын дагуул хот Тунлүгийн эртний тосгодоор аялсан сонин сайхнаа хуваалцлаа.

     Би Хятадын зүүн өмнөд зах Жөжян мужийн төв Ханжөү хот руу яваад ирлээ. Шанхай хоттой ойрхон байдаг энэ газрыг Италийн жуулчин Марко Поло XIII зуунд “Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хот” гэж бичсэн нь бий. Үүний нэгэн адилаар хятад хэлэнд “Тэнгэрт диваажин, тэнгэрийн дор Ханжөү, Сүжөү” гэх хэлц үг бий. Ингэж хэлэхийн учир нь хөгжил цэцэглэлтээс илүүтэй уул усных нь өнгө үзэмж, гайхамшгийг илэрхийлдэг.

Бүх Хятадын яруу найргийн өлгий

     Ханжөү хотоос гарч баруун урд зүгт хурдны замаар 100 орчим километр давхиад Тунлү гэж манайхаар Багануур маягийн дагуул хотод очив. Монголоор хошуу ч гэж болох бөгөөд энэ нутагт Хөх мөрний нэг том цутгал Фүчун мөрөн бий. Фүчун мөрөн манай Сэлэнгээс хэд дахин том болов уу, том том усан онгоц байнга явж байгаа харагдана. Тунлү нутаг Дачи тэргүүтэй олон том уултай, хулсан ой ихтэй, сайхан байгальтай газар аж. Энэ нутагт Тан улсын Ли Бай, Ван Вэй, Дү Фү, Бай Жү-И тэргүүтэй эртний олон алдартай яруу найрагч зорин очиж шүлгээ бичдэг байсан түүхтэй. Ли Бай хэдийгээр өнөөгийн Шинжаан хавьд төрсөн боловч, багадаа аавыгаа даган Хятадын төв нутагт нүүж очсон, нэгэн үе өмнөд нутагт сайн эрстэй нийлж, нэгэн үе Тан улсын Шуанзунь хаантай шадарлаж, ордонд амьдарч байсан баялаг намтартай хүн. Тунлү нутгийн Фүчун мөрний тухай эртний 7000 шүлэг байдаг гэнэ. Ийм ч учраас Тунлү бүх Хятадын яруу найргийн өлгий нутаг гэгддэг юм байна. Тунлүчууд энэ нэрээ ашиглаад яруу найргийн уралдаан, наадам хийж эхэлж байгаа юм билээ. Би тэр наадмынх нь нэг болох “Ханжөүгийн Тунлүгийн яруу найргийн олон улсын наадам”-д гурван өдөр оролцов. Энэ наадам хоёр дахь удаагаа болсон нь энэ бөгөөд цар тахлын өмнө эхнийх нь болжээ.

Мянган жилийн настай тосгодоор явав

     Бид наадмын тайзан дээр хоёр удаагийн арга хэмжээнд шүлгээ уншлаа. Бусад цагт нь дандаа уул ус үзэж, эртний Хятадын тосгонуудтай танилцаж, Фүчун мөрнөөр усан онгоц, завиар зугаалж явлаа. Бидний өвөг дээдэс нүүдэлчид учраас эртний хот суурингаа орхиж, хулшруулсан байдаг. Харин хятадууд суурин соёл иргэншилтэй болохоор мянган жилийн настай тосгондоо одоо ч амьдарсаар, заримыг нь үзмэр болгосон ч байна. Лав дөрвөн тосгон үзэхэд зарим нь мянган жилийн өмнөх, зарим нь Мин улсын үеийнх байв. Тэр тосгонуудын дундуур чулуун хашлага бүхий цэнгэг горхи урсаж байна. Горхийг чулуугаар хашаад тосгон дундуураа урсгасныг үзээд гайхлаа.

     Тэр нутгийн тосгоны барилгууд Аньхуй маягийн хийцтэй гэнэ. Тийм барилгын гол тасалгаануудын таазны төв хэсэг нь онгорхой тул түүгээр нь бороо ч орж, шувуу ч нисэж байдаг. Манай буддын шашны барилгууд шиг вааран дээвэртэй биш. Харахад төвөд маягийн хийцтэй төстэй. Миний хамгийн их сонирхсон юм бол тосгонуудын усны шийдэл. Тосгон байгуулахдаа эхлээд горхины хоёр эргийг хавтан чулуугаар хашиж доторлоод, түүнийхээ дээр байшингуудаа төлөвлөж эмх цэгцтэй барьдаг байжээ. Хятад хэлний нэрт орчуулагч Хасан эгчийн тайлбарласнаар тэр байшинг АНУ руу хүртэл нүүлгэдэг соёлын чухал өв юм гэнэ билээ. Байшингийн дээврийн онгорхой хэсгийг тэнгэрийн цонх гэдэг. Тосгоны хамгийн баян айлын байшин гэхэд долоон тэнгэрийн цонхтой байх жишээтэй. Тосгон дундуур горхи урсах хэдий ч бас энд тэнд чулуугаар доторлосон худагтай юм. Өөр нэг гайхсан юм бол хулс модоо хайр найргүй түлдэг аж. Бид чинь хулсаар ташуур хийж ихэд эрхэмлэдэг, “Хулсан ташуур” гэж дуу хүртэл бий шүү дээ. Тэнд бол нас бие гүйцсэн бүдүүн хулсыг хагалаад түлчихдэг юм билээ, арга ч үгүй биз дээ, элбэг дэлбэг учраас.    

     Ханжөү бол яалт ч үгүй эртний соёлын голомт нутаг. Хятадын 24 төрийн зургаан улсын нийслэл байсан. Миний очсон Тунлү хошуу 460 мянган хүн амтай гэнэ. Хятадын өмнөд нутгийнхан сүйхээтэй, ухаалгаараа умард нутгийнхнаасаа ялгардаг. Бизнес хөгжсөн газар учраас ард иргэд нь баян, амьдрал нь амар амгалан. Хятадын орчин үеийн хотууд барилга байшин, өнгө төрхөөрөө ялгарах юм багатай байдаг бол Тунлү нутаг уул усныхаа өнгө үзэмжээрээ онцгой санагдасан. Эртнээсээ тэнгэрийн дор Ханжөү, Сүжөү гэж нэрлэсний учир эндээ л байна. Урьд нь би хөрш зэргэлдээх Шанхай, Сүжөү, Нанжин хотоор очиж байсан ч сая анх удаа Ханжөүд хүрэв. Тэнд нэг юанийн дэвсгэрт дээр зураг нь байдаг алдарт Шиху нуур бий. Мөн энэ нутаг Луугийн худаг хэмээгч Лунжин цайгаараа алдартай. Хятадыг дэлхийн торгоны нийслэл гэдэг бол Ханжөү Хятадын торгоны нийслэл. Хамгийн дээд зэргийн торго үйлдвэрлэдэг газар. Хятадын өмнөд нутаг мань шиг амьтны нүдэнд юу нь содон гэвэл ургамал нь. Үзэгдэж харагдаагүй хачин хачин өвс, ургамал, цэцэг нь гайхалтай. Ханжөү намайг очиход хуртай байлаа. Бороо их ордог улирал нь тав, зургадугаар сар гэнэ. Тэгээд ч Жөжян нутгийн 70 хувь нь ус, 30 хувь нь хуурай газар юм билээ. Сычуань бас тиймэрхүү их устай газар шүү дээ.

Тосгоны хана.

Яруу найрагчийн урлан гурван давхар

     Би дэлхийн хаана ч уран зохиол, яруу найраг сонирхогчдын тоо цөөрсөөр байгаа гэж бодож, багцаалдаг юм. Тэгтэл урд хөршид, ялангуяа өмнөд нутагт хүүхэд залуус нь шүлэг их бичдэг гэнэ. “Чулуу аваад шидвэл яруу найрагчийн толгой хагална” гэж хошигнож байна билээ. Харин Тунлү хошуунд Хятад даяар алдаршсан Сү Юй гэгч яруу найрагч бүсгүй бий. Бидний оролцсон наадмын гол зохион байгуулагч тэр бүсгүй 1980-аад онд төрсөн болов уу. Тэр эмэгтэйг олонд таниулахын тулд нутаг хошуугаараа ихэд дэмжиж, Тунлү нутгийнхаа соёлын элчээр өргөмжилжээ. Сү Юй ч ийм арга хэмжээ зохион байгуулахад нэр төрөө ашиглаад төсөв хөрөнгийг нь босгодог гэнэ. Тухайлбал, биднийг шүлгээ уншихад ивээн тэтгэгч компанийн буйдан дээр суулгаад ард нь дэлгэцээр сурталчилгааг нь гаргаж байв. Уул, ус сайхантай тэр тосгонд яруу найрагч Сү Юйгийн урлан гурван давхар байшин байх юм. Дотор нь таван айл суух зайтай, тоо ёсоор угаалгын өрөө, жорлонтой. Бид тэрхүү тансаг сайхан урлангаар нь зочлов. Ер нь энэ нутгийнхан яруу найрагчаа сайн дэмждэг юм байна. Хаа ч явсан Сү Юй. Бүх сурталчилгаанд Сү Юй л харагдана. Тэр бүсгүй ч хүмүүсийн дэмжлэгийг ганцаараа ашиглахгүй. Сайн бичдэг залууст тэтгэлэг өгч, урландаа өөрөө амьдраад зогсохгүй зохиолч, яруу найрагчдыг удаан хугацаагаар суулгаж, уран бүтээл хийлгэдэг гэнэ.

     Энэ ажлыг зохион байгуулсан өөр нэг хүн нь Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академийн судлаач Гаосин гуай, англи хэлний алдартай орчуулагч. Тэр хятадаас англи руу, англиас хятад руу гарамгай орчуулдаг, өөрөө ч зохиол бүтээл туурвидаг хүн. Түүний ажилладаг академийнхан холбоо сүлбээгээрээ дамжуулж энд тэндхийн хүмүүсийг яруу найргийн наадамдаа урьжээ. Намайг Бээжин дэх Үндэсний орчуулгын товчооны монгол хэлний редакцийн эрхлэгч Хасан эгч урьсан. Хорь орчим хүнтэй редакц байдаг. Хасан эгч бол Б.Лхагвасүрэн, Д.Урианхай, Л.Өлзийтөгс нарын яруу найргийн түүврийг монголоос хятад хэл рүү орчуулж, хэвлүүлсэн хүн. Ер нь бүх Өвөр Монгол даяар монголоос хятад руу яруу найраг орчуулдаг хүн гарын таван хуруунд багтана. Нэг нь Хасан эгч. Өөр нэг нь Ма.Цэдэнбал, харин Хөхмөчир ах цар тахлын үед өөд болжээ.    

     Наадамд унших шүлгүүдийг яруу найрагчдаас нэг сарын өмнө авч орчуулгыг нь бэлтгэжээ. Миний “Амраг шанзны аялгуу” ном гурав, дөрвөн сарын өмнө Бээжингийн Үндэсний хэвлэлийн хороонд монгол бичгээр хэвлэгдсэн юм. Хасан эгч тэр номыг үзээд “Ли Бай” хэмээх шүлгийг сонгож орчуулсан. Тэрийг эхний өдөр уншаад хоёр дахь өдөр нь наадамд зориулж бичсэн “Хамгийн хурдан хүлэг морь” гэдэг шинэ шүлгээ дуудав. Учир нь, энэ наадам хурдан морины соёлын тухай сэдэвтэй байсан юм. Харин Хасан эгч морь малын тухай зохиол сайн орчуулж чадахгүй, “Хялбар шүлэг бичээд өгөөрэй” гэсэн. Тэгэхээр нь шууд утгаараа хурдан морины тухай бус, ёгт, орчуулахад хялбар шүлэг бичиж өгсөн юм. Яруу найрагчид тайзан дээр гараад эх хэлээрээ шүлгээ уншихад ард талын том дэлгэц дээр хятад орчуулга нь гарсан хэрэг. Нэг сонин юм нь би энд уралдаан тэмцээнд ордог шигээ уран унших гэж хичээгээд байтал бусад орны яруу найрагчид огт тэгдэггүй юм байна. Наадмын эхний өдөр хамгийн түрүүнд шүлгээ уншсныг ч хэлэх үү, жүжигчин шиг харагдсан байх. Намайг шүлгээ уншиж байхад алга ташаад инээлдээд байсан юм, дараа өдрөөс нь бусдыг дуурайгаад ямар ч сэтгэл хөдлөлгүй уншсан даа.

Макаогийн португалтай хундага тулгав

     Тус наадамд Хятадын дотоодын найрагчдаас гадна Монгол, Япон, Солонгос, Киргиз, Макаогийн яруу найрагчид очиж оролцсон юм. Макаогийнх гэдэг чинь Хятадын иргэн гэсэн үг боловч тэндээс ирсэн яруу найрагч португал хүн байна лээ. Карлос гэдэг тэр эр бүр Хятадын иргэншил авчихсан, кантон аялгуугаар ярьдаг. Би пүтунхуа буюу төв аялгаар ярьдаг болохоор хэл сайн нэвтрэлцэхгүй, инээлдээд л хундага тулгаад байлаа. Карлос тайзан дээр гарч шүлгээ унших дургүй ч их сайхан шүлэгтэй юм билээ. Надад англи, хятад хэлээр хэвлүүлсэн чамин дизайн, тансаг сайхан цаас бүхий яруу найргийн түүврээ дурсгасан. Харин Киргизээс ирсэн охинтой сайн танилцав. Тэр бүсгүйг анх хараад монгол хүн байна гэж бодсон юм. Мэйлин гэгч тэр эмэгтэй Бээжингийн багшийн их сургуульд Хятадын соёлын чиглэлээр докторантурт сурдаг, олон монгол найзтай гэсэн шүү. Харин Солонгосоос нутагтаа нэртэй яруу найрагч, Соёлын ордны дарга эмэгтэй ирсэн. Бид тэнд уралдаан тэмцээнд орох гэж биш шүлгээ унших гэж л очсон юм. Гэхдээ наадмын үеэр Хятадын дотоодын яруу найргийн тэмцээнд түрүүлсэн хүмүүст шагнал гардуулах ёслол боллоо. Баруун хойд Хятадын Ланжөү хотоос ирсэн залуу түрүүлж, 40 мянган юаниар шагнуулав. Тэр залуу Хятад дотроо хамгийн холоос ирсэн нь байсан. Би ер нь яруу найрагчдыг хаанаас ирснийг нь асуугаад явсан юм. Мөн тэр уралдаан нь нутгийн арван жилийн сурагчдын дунд хүртэл болж хамгийн бага нь гэхэд есөн настай хүүхэд шагнал авч байна лээ. Тэр тэмцээний сэдэв мөн л хурдан морины соёлын тухай байж. Тийм болохоор Тунлүгийн хаа ч очсон морин тойруулгын морь унаж яваа хүний дүрс бүхий лого харагдсан.

Португал яруу найрагч Карлосын хамт.

Амталж үзээгүй зоог

     Тунлү хошууны болон ухуулах хэлтсийн дарга нар нь биднийг дагуулж яваад зоог барьж, зочдоо жигтэйхэн хүндэтгэж байв. Хүлээн авалтын ширээн дээр 20 орчим төрлийн хоол байсны 17, 18 нь далайн гаралтай хоол. Хаа ч явсан ер нь дан загас. Би Хятадад олон газраар явж олон янзын хоол идэж байсан боловч үзээгүй зоог бас таарч байлаа. Хулууны навчийг жижиглэж салад маягийн юм хийснээс гадна түүгээрээ бантан шиг хоол хийсэн нь их амттай юм. Манайхаар бол халгайг жижиглээд хуушуурт хийсэн шиг. Мөн урьд нь огт амталж үзээгүй пийпээ гэгч чихэрлэг, гоё амттай жимс байлаа. Чангааз шиг ч гэх үү, хэмжээ нь давжаа алим, жижиг жүрж шиг жимс байсан. Тэр нутгийн хүмүүс умард нутгийн хүмүүсийг бодвол хоолны бүх орц юмыг нарийн сайн бэлдэж хийдэг гэх юм билээ. Хятадыг ер нь Умард, Өмнөд гэж хоёр хуваадаг. Хоолны соёлын хувьд умард хятадуудыг арай бүдүүлэг гэнэ. Умардын хятадуудыг том биетэй, бүдүүлэг, мах их иддэг, мангардуу гэх бол Өмнөдийнхөө жижиг биетэй, ухаалаг, арилжаа наймаа хийдэг, архи дарс хэрэглэдэггүй, бага иддэг гэж ойлгоно. Хэзээнээсээ өмнөдүүд нь умардуудаа уран аргаараа ашиглаж ирсэн гэх бөгөөд өнөөгийн Хятад улс Өмнөдийнхний мөнгө, Умардын байгалийн баялгаар амьдарч байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.