images

Халгилан цалгилан урсах Хайдагийн гол


БНХАУ-ын ШУӨЗО-ны Баянгол аймагт зочилсон минь:

   “...Баянгол монгол өөртөө засах аймгийн зах хошуудын Бост нуур суманд Үрэмчээс 600 орчим км явж хүрэв. Энэ нутгийн хошууд нар зэргэлдээ орших Бост нуур, Хошууд гэсэн хоёр сумнаа төвлөрдөг ажээ.

   1771 онд Увш хааны тэргүүлсэн Ижилээс Зүүнгарыг зорин тэмцэж гарсан халимагуудын домогт их нүүдлийн цуваа Тэнгэр уулсын сав газарт ирсэн тэр цагаас хойш хошууд нар Бост нуурыг тойрон Хайдагийн голыг өгсөж уруудан аж төрсөөр иржээ. Тэнгэр уулаас эх авсан Хайдагийн гол Бост нуурын цутгалан.

Халгилан цалгилан урсах

Хайдагийн голыг гатлавтай

Хазаараа даран тэмүүлэх

Хар шаарын жороог унавтай гэх сайхан дуу энэ нутгийн сүлд дуу болжээ. Хаа сайгүй сонсогдож хүн болгон аялна. Хайдагийн голын сав газрыг “Хар шаар” гэж нэрлэнэ. Ховд нутагт алдартай Хар шаарын жороо нь энэ нутгаас гаралтай ажээ. Бидний шинэхэн танил гучин таван настай торгууд Дамбаагийн Төрбат нутагтаа чинээлэг малчин гэж явдаг. Тэнд 4000 орчим малтай арав гаруй чинээлэг өрх бий. Тэдний нэг болох Төрбат 3700 малтай, гурван машинтай, долоон өрөө шинэхэн байшинтай, улсад жил тутам 10 мянган юаний татвар төлдөг, хөлсний зургаан өрхийн хорин малчинтай, их сүрхий “феодал” ажээ. Тэгээд бидний танилууд Үрүмчээс утас цохиж “Эх Монгол нутгаас ирсэн ах дүү нарыг тосож аваад нэг даваад гар даа” гэж хэлсний дагуу биднийг угтсан байна. Бу.Мөнхөө Үрүмчээс гарахын өмнө “Баянголын малчин ардын халуун сэтгэл” гэж хэлсний зах зух нь энэ байлаа. Тэрбээр биднийг том цэлгэр тасалгааны төв дунд зассан хятад зоогийн эргэдэг том ширээний ард зэрэгцүүлэн суулгаад монгол хонины тарган мах, хятад олон төрөл ногоо, жимс, хатуу архи тэргүүтнээр дайлж гарлаа. Царайд нь хол монгол нутгаас ах дүү нар зорьж ирээд бүр гэрт нь тухалсанд үнэхээр баярлаж хөөрсөн гэрэл цацарна. Гадаа үүдний зүүн талд уйгар бололтой хоёр ч эр зай завсаргүй ажиллана. Бидэнд хоол унд хийлгэхээр мэргэжлийн хоёр уйгар тогооч хөлслөн авчээ.

   Бу.Мөнхөөгийн хэлсэн “малчин ардын халуун сэтгэл” заримдаа үнэхээр хорьж дийлэхгүйд хүргэнэ. Ээлж ээлжээр хүндэтгэл хэмээн архи барьж заавал уухыг шаардана. Ууж чадахгүй бол “Та Монголоос иймхэн дундуур сэтгэлтэй ирсэн юм уу?” гэж гоморхоно. Хундагатай сархадаа барьчихаад дуулж өгнө. Бүр болохгүй бол савардан бийгээ бийлнэ. Арга барагдсан бид нар урдаа хүн зогсоочихоод дуулуулаад, бийлүүлээд байлтай биш уухаас өөр аргагүйд хүрнэ. Ууя гэхээр 65 градусын хатуу архийг над мэт нь 50 грамм явуулаад баларч байгаа юм. Ухаан санаа балартах бол наад захын хэрэг. Тийм нэгэн цагаар гадаа гарч морь харчихаад буцаж оролгүй зэхээстэй байгаа машин дотор ороод хэвтээд өглөө. Тэр машин бидний унаж явсан хятад жолоочтой Үрэмчийн тэрэг байсан юм. Дунд насны хятад эр суудал дээрээ зүйрмэглэх ажээ. Тэр бидний найр наадамд ер оролцохгүй. Зүйрмэглэх аядаж байтал хаалга чихран нээгдэж намайг олоод авлаа. “Хөөе багш аа, гараад иртэн” гэх. Гэмшисхийн гарлаа. Торгууд эрийн царайд гоморхсон, гайхсан төрх тодорчээ. “Та монгол күмнээ гэрт ирчихээд хар хятадын тэргэн дотор хэвтэж байдаг ямар учир вэ?” гэнэ. Аз болоход жолооч хятад эр бидний яриаг ойлгохгүй юм. Би “хатуу архи ууж чадахгүй дотор муухайраад, толгой өвдөөд” гэж зовлон тоочлоо. “Жа тэгэхээр та гэрт ороод ганцхан айга саалийн архи уутан. Тэгээд танд хятад архи барихиш” гэж тохироод даган орлоо. Манайхан нэлээд “ядарсан царайтай” болжээ. Тохироо ёсоор том айгатай саалийн сархад ирлээ. Хатуу хэлцэл бий учир хэд хуваагаад ууж орхив. Тун удалгүй “Тостой сархад ууж таны ходоод одоо тослогдсон. Одоо үүнийг уутан” гээд торгууд эр хатуу харыг шахаж гарлаа. Манай хэд ч “Уу” л гэцгээж байна. Ингэж нэг балраад дараа дараагаар нь ихэд болгоомжлон явсаар дажгүй найрлаж сурсан билээ.” ... Хэсэглэн авав

Оръяас Мөнгөнхүүгийн Ганболд “Өндөр Алтайн өргөмж” угсаатан судлалын аян замын тэмдэглэл ном. Улаанбаатар 2024. 36-40 дүгээр тал.