images

Торонтогийн монгол судлаачийг "Найрамдал" одонгоор шагнав

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-04-26


   Канадын Торонтогийн их сургуулийн Зүүн Ази судлалын тэнхмийн профессор Уэйн Шлэппийг Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Найрамдал” медалиар шагнажээ. Түүнийг энэ сарын 20-ний өдөр Канадад суугаа элчин сайд Э.Сарантогос Кобөрг хотноо хүлээн авч уулзаж одон медаль гардуулсныг Канад улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдээллээ. Профессор У.Шлэпп нь монгол хэлний дүрэм, Буддын болон шашны зохиолыг унших эртний монгол бичгийн чиглэлээр нарийвчилсан судалгаа хийхийн зэрэгцээ 1974 онд Саскачеваны их сургуульд Канад-Монголын нийгэмлэг байгуулагдахад анхны гишүүдийн нэг болж байжээ. Улмаар уг нийгэмлэгийн үйл хэргийг үргэлжлүүлж профессор Майкл Жэрвэрсийн хамт 1987 онд Торонтогийн их сургуульд Төв, Өвөр Азийн семинарыг үүсгэн байгуулсан байна. Энэ семинар эртний болон өнөө цагийн нүүдэлчдийн ахуй соёл, торгоны замын дагуух Төв Азийн суурин соёл иргэншлийн судалгаан дээр үндэслэн 1994 оноос 2009 оныг хүртэл 12 удаа эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, илтгэлүүдээр нь 10 цуврал ном хэвлүүлжээ. 1931 онд АНУ-ын Өмнөд Дакота мужид төрсөн У.Шлэпп нь 1964 онд Лондонгийн их сургуулийн Дорно дахин, Африк судлалын сургуулийг докторын зэрэгтэй төгссөнөөс хойш Торонтогийн их сургуулийн Зүүн Азийн судлалын тэнхимд ажиллаж байгаа юм. Монгол-Канадын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.