images

Монгол хүүхдүүдэд англи хэл сургахад Их Британи улс 42 тэрбум төгрөг зориулна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-04-26


   Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсын Гадаад хэргийн сайд Дэвид Камерон өчигдөр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар манай улсад ирсэн билээ. Тэрбээр өнөөдөр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалантай уулзаж, 23 дугаар сургуулиар зочиллоо. Энэ үеэрээ ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжүүлж буй "Pearson" англи хэлний хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцаж, хөтөлбөрийг цааш үргэлжлүүлэхэд гурван жилийн хугацаанд 10 сая паунд буюу 42 тэрбум төгрөг зарцуулахаар болсноо мэдэгдсэн байна. "Pearson" хөтөлбөрийг 2022-2023 оны хичээлийн жилд 38 сургуульд туршилтаар хэрэгжүүлсэн бол энэ хичээлийн жилд төрийн өмчийн бүх сургуулийн 5-6 дугаар ангийн 140 мянган хүүхдийг хамруулж байна. Өнгөрсөн онд Боловсролын ерөнхий хуульд сурагчдын судлах үндсэн гадаад хэл нь англи хэл байхаар тусгасан билээ. Тиймээс ирэх намраас гуравдугаар ангийн сурагчид англи хэл үзэж эхэлнэ. Мөн энэ хүрээнд багш нарыг бэлтгэх, давтан сургах юм. "Pearson" хөтөлбөрөөс гадна тус улсын Кэмбрижийн их сургуультай манай улс боловсролын салбарт хамтран ажилладаг. Мөн тус улсын Чэвенингийн хөтөлбөрийн хүрээнд сүүлийн жилүүдэд Англи улсад 200 гаруй монгол оюутан суралцаж төгсөөд байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.