images

Т.Болд: Африкт явсан зургаан монгол арслан ч агнав, тахь ч агнав

Б.Бадамзул

Сайн хүн явснаа

2023-04-24


"Парламент" телевизийн тоймч, "Ярих өнцөг" нэвтрүүлгийн хөтлөгч Т.Болд “Сайн хүн явснаа” булангийн энэ удаагийн дугаарт оролцож,  ӨАБНУ-д хийсэн ангийн аяллынхаа тухай ярилаа.

Монголын компанийн зуучлалаар Өмнөд Африк руу мордов

     Би ан хийх хорхойтой хүн. 1997 оноос ан ав сонирхлоо. Гэхдээ зөвхөн Монголдоо л ан хийдэг байв. Тиймээс гадаадад, тэр тусмаа Африкт очиж ан хийхийг мөрөөддөг байсан. Тэрийгээ сая биелүүллээ. ӨНБНУ руу ангийн аялал хийхээр гуравдугаар сарын 16-нд Улаанбаатараас мордож, Туркийн Истанбулаар дайраад Йоханнесбург хотод “Turkish Airlines” компанийн нислэгээр явж хүрсэн. Эндээс Истанбул хүртэл найман цаг гаруй нисдэг. Тэнд очоод дараагийн нислэгээ бараг 12 цаг хүлээгээд Өмнөд Африкийн Йоханнесбург хүртэл есөн цаг нисэж очив. Тэнд гуравдугаар сарын 17-ны шөнө дөлөөр очиж хоноод маргааш өглөө нь ан хийх “Kalahari Safari Lodge” гэдэг газар руу явсан. Тэр нь Йоханнесбург хотоос баруун тийш 700 орчим километр газарт байдаг учраас машинаар зургаа, долоон цаг явж хүрсэн дээ. Энэ аяллыг сонирхож байгаа хүн надтай холбогдож болно. Эндээс монголчуудыг тийш ангийн аялалд явуулдаг нэг компани бий. Тэр компаниар дамжуулан бид зургуулаа аялалд явсан юм. Бидний энэ аялал, тийш явсан монголчуудын тав дахь аялал гэсэн. Тус компани 2017 оноос Африк руу ангийн аялал зохион байгуулж эхлээд цар тахлын үед гурван жил завсарласан юм билээ. Бид тэнд долоо хоног болоод ирсэн.

Газраа хашаалаад ангийн бизнесийг хөгжүүлжээ

     Африкчууд зэрлэг амьтан, байгалиа хоёр янзаар ашиглах юм. Нэг нь үндэсний байгалийн цогцолбор газар болгон хөгжүүлэх бөгөөд тэнд нь ан хийж болохгүй. Зөвхөн машин тэрэгтэй жуулчид түүгээр явна. Тиймээс амьтад нь хүн, машинаас ер айхгүй. Харин нөгөө хэсэг нь ангийн зориулалтаар хөгжүүлж, аялал зохион байгуулдаг. Энэ нь нутгийнхан өөрт оногдсон талбайдаа ан хийлгэж байна гэсэн үг. Бидний очсон тэр ангийн аж ахуй бол 64 км.кв талбайтай. Хааш хаашаа найман километр гэсэн үг. Энэ яагаад ийм байна гэхээр 1950-иад онд Африкт цагаан арьстнууд очоод амьтдыг нь хамаа замбараагүй устгаад аймаар болгожээ. Үүнээс болж тэр тив үзэх амьтангүй шахуу болж. Ингэхээр нь Өмнөд Африкийн Засгийн газар шинэ хууль баталсан. Тэр хууль нь Хашаа гэдэг нэртэй. Чи хэн ч байж болно. Газар тариаланч, мал аж ахуй эрхлэгч, эсвэл байгаль амьтанд хайртай хүн байж болно. Тийм хүн бүрт Засгийн газраас нь нутгаа зориулалтаар нь хуваагаад хуваагаад өгчихсөн юм билээ. Ингээд хүн бүр өөрийн газраа хашаалаад өмчилж авсан. Тухайлбал, бидний очсон газар гэлтгүй хааяагүй газраа тойруулаад торон хашаа татчихсан байна. Ан хийлгэдэг аж ахуй бол төмөр сараалжин хашаандаа 20 мянган вольтын тог гүйлгэчихэж. Ингэснээрээ нэгдүгээрт, хулгайн ангаас сэргийлдэг юм байна. Хоёрдугаарт, амьтан нь гараад явчихна гэж айлтгүй болдог.  

     Тэр Хашаа гэдэг хуулийг 1957 онд баталсан бөгөөд түүнээс хойш зэрлэг амьтад нь ч хурдан үржиж, үүнийг нь дагаад ангийн аялал хөгжжээ. Мөн тэр үеэс газар тариалан нь ч, мал аж ахуй нь ч эрчимтэй хөгжсөн байна. Мал ахуйтай хүмүүс нь хашаан дотроо цөөн үхэр бэлчээж харагдана. Тариаланчид нь ногоо цагаагаа тарина. Харин үндэсний байгалийн цогцолбор газар ӨАБНУ-д байхгүй. Зөвхөн ангийн зориулалттай аж ахуйнууд байна. Цогцолбор газрууд бол Танзани гэх зэрэг Африкийн өөр орнуудад байдаг юм билээ. Ингээд тэр хууль хэрэгжсэнээр ӨАБНУ Африк тивдээ эдийн засгийн хөгжлөөрөө тэргүүлэх болсон гэдэг. Одоо ч тийм. Дотоодын нийт бүтээгдэхүүн нь 60 тэрбум доллар хүрсэн гэж байна, өнөөдөр. Эдийн засагт нь уул уурхай онцлох үүрэгтэй ч түүний араас газар тариалан, мал аж ахуй, энэ ангийн аялал чухал байр суурьтай юм билээ.

Арслан агнах нь арслангаа, тахь агнах нь тахиа агнав

     Африкийн байгалийн цогцолбор газарт үзүүлэн маягаар хөгжүүлж байгаа аялал нь арай хямд байх. Ангийн аялал бол үнэтэй. Амьтан агнахад тус тусын тарифтай. Тухайлбал, Африкийн шугуйд хорь гаруй төрлийн гөрөөс байна. Монголын ойд бол нэг төрлийн гөрөөс, талд гэвэл цагаан зээр, бөхөн, хар сүүлт гээд гурав, дөрвөн төрөл бий. Тэнд бол тэмээ шиг томоос өгсүүлээд нохой шиг намхан хүртэл гучаад төрлийн гөрөөс байна. Бүгд өөр өөр нэртэй. Гөрөөс биш гэвэл эрээн тахь байна даа. Махчин амьтдаас арслан, ирвэс, hyena буюу цөөвөр чоно. Эд бүгд тус тусдаа үнэтэй. Эндээс явахад манай Монголын тэр аяллын компани бидэнд каталог үзүүлсэн юм. “Та алийг нь авмаар байна?” гээд сонгуулж байгаа хэрэг. Агнах амьтнаа тэр каталогоос сонгоод урьдчилж мөнгөө төлөхөд цаана нь хамтран ажиллаж буй Африкийн компани нь Олон улсын байгаль хамгаалах байгууллагад хүсэлт гаргаад ангийн зөвшөөрөл авдаг юм байна. Бид зургаа дундаас нэг нь л арслан захиалж агнасан. Би эрээн тахь, гөрөөс хоёр сонгосон юм. Очсон газар эрээн тахь ховор байсан учраас гурван өдөр хөөцөлдөж байж агнасан даа. Бид тэр ангийн отогт ердөө дөрөв хонох хөтөлбөртэй. Тэр хугацаандаа л багтааж бүх ангаа хийх ёстой байдаг. Бид зургаа хугацаандаа багтааж, захиалсан бүх ангаа хийж амжсан. Нэг, хоёр, гурав гээд янз бүрийн тооны ан захиалж нийт арав гаруй ан хийлээ.

Зогсож байгаад буудуулна гэж бодсон чинь...

    Биднийг ан хийхээр очиход эхлээд сургалт орсон. Холын зайнд хэр бууддаг улс вэ гэж шалгаж байна лээ. Бид бүгд сайн буудсан. Дараа нь ямар амьтныг хаана нь буудвал шууд үхэх вэ гэдэг тэр үхлийн цэгийг нь зураг дээр үзүүлж хичээл оров. Энэ нь амьтныг зовоохгүй л гэсэн үг. Амьтныг шархдуулаад алчихвал ямар сайн байх вэ дээ. Тэгэхэд бидэнд буудаж шархдуулсан амьтнаа олохгүй бол алсанд тооцно гэсэн анхааруулга өгсөн. Мөн зөвхөн тэр газрын зохион байгуулагчдын заасан анг онилохыг анхаарууллаа. Энэ нь сүрэг гөрөөс давхиж явлаа гэхэд чи хүссэнээ буудаж болохгүй гэсэн үг. Зохион байгуулагчид нь дурангаар харж байгаад нэгдүгээрт хөгшин, хоёрдугаарт эр, гуравдугаарт том биетэй амьтныг зааж өгнө. Чи тэрийг л буудна. Магадгүй андуураад эм амьтан агначихвал маш өндөр торгууль төлдөг. Тийм нарийн зохицуулалттай. Тэр яаж байгаа юм гэхээр хөгширсөн эр амьтан үр төлөө үлдээж чадахгүй. Байгалийнхаа хуулиар залуу эрэгчиндээ зайгаа тавьж өгдөг. Гэтэл манай монголчууд бол хамаагүй бууддаг. Сүрэг давхиж явахад бөөн дунд нь хусаад хаячихна. Өмнөд Африкт бол тийм юм байхгүй, зохицуулалт нь маш нарийн юм билээ.

     Бидний очсон газар шугуй шиг. Монголынх шиг бүдүүн бүдүүн модод биш элсэн хөрстэй, өтгөн сагсгар шигүү буттай, тэр нь их өргөстэй юм билээ. Африкийн Калахари цөлийн урд хэсэгт гэсэн үг. Тэнд ан хийх миний бодож төсөөлснөөс хамаагүй хүнд байлаа. Би Африкт амьтан их, хүнээс ер айхгүй зогсож байгаад л буудуулаад байдаг гэсэн төсөөлөлтэй очсон. Тэгсэн байгалийн цогцолборт газартаа л тийм юм билээ. Ан хийлгэдэг газраа бол амьтад нь байгалиараа, зэрлэгээрээ, айна, зугтаана, олдохгүй алга болно. Хөөнө. Тийм хэцүү ан юм билээ.

Арьсаа яаж өвчүүлэх вэ?

     Ингээд амьтнаа агнасны дараа машинд ачаад отог дээрээ ирэхэд арьс өвчдөг хүмүүс байж байдаг. Тэд өвчиж эхлэхээсээ өмнө “Та амьтнаараа бүтэн чихмэл хийлгэх үү, эсвэл талыг хийлгэх үү. Дан арьсыг нь авах уу, толгойг нь авах уу?” гэх мэтээр асууна. Тэгээд юу хийлгэхээс нь шалтгаалаад өөр өөрөөр өвчдөг юм шиг байна лээ. Ингээд хийсэн анг маань чихмэлийн үйлдвэр рүү явуулдаг. Тэр үйлдвэр нь бидний хүссэн янзаар чихмэл хийгээд араас илгээнэ. Тэндээс бид юу ч нааш нь авчрахгүй. Хаана ч тийм байдаг. Монголд ч ингэдэг. Ингээд чихмэлийн үйлдвэр үнээ зохионо. Цээж чихмэл ийм, бүтэн чихмэл ийм үнэтэй болно гээд тэр үнийн саналаа бидний араас илгээдэг. Биднийг мөнгөө төлсний дараа чихмэлээ хийж бэлэн болгоод нааш явуулах юм. Лав 6-7 сарын дараа ирнэ гэж байна лээ. Би эрээн тахиа дэлгэмэл арьсаар, гөрөөсөө хананд өлгөх цээж чихмэл болгуулж авах захиалга өгсөн.

Арслангийн зүрх идэж зориг оров

     Би энэ аяллынхаа тухай “Facebook” дээрээ бичихэд хүмүүсийн хамгийн их сонирхсон нь арслангийн засаа идсэн тухай пост байсан. Монголчууд ан хийхээрээ засааг нь идэж янз бүр болдог. Тиймээс бид хэд арслангийнхаа засааг идэхээр ярьж тохироод түүхийгээр нь идэх нь хаашаа юм гээд отог дээрээ ирээд шаруулж идсэн. “Монголчууд бид ангийнхаа засааг иддэг юм аа” гээд тогоочид нь өгч хайруулын тавган дээр шаруулсан юм. Тэгтэл арслангийн засаа резин шиг хатуу байдаг юм билээ. Амьтны засаа чинь уг нь уураг байдаг шүү дээ. Тэгсэн тэр амьтных маш хатуу байсан. Яагаад тийм байгааг сайн ойлгоогүй. Хөгширсөн амьтных болохоороо тэгсэн үү, эсвэл угаасаа тийм байдаг уу мэдэхгүй юм. Тэгээд амандаа хийж хэд зажилж байгаад шүүсийг нь сороод бүгд л тургиад тургиад хаячихсан. Бид мөн арслангийнхаа зүрхийг шарж идсэн. Малын зүрхтэй адилхан амттай юм билээ. Тэрнээс нь нэлээн сайн идсэн шүү. Калахарийн цөлөөс хөдлөөд бид Йоханнесбург хотод дахиад нэг хонох байсан юм. Тэгэхдээ казинотой буудалд буучихсан. Арслангийн зүрх идсэн улс чинь аймаар зоригтой болчихсон. “Казинод том тавиад том хожно шүү” гэж хэдэн биенээ хөөргөж тоглож байлаа. Нээрэн л тэр зүрхнээс болсон уу яасан, бүгд хожсон шүү. Тэр казиног дампууруулчихаа алдсан.

“Таван одтой” ангийн отог

     Бид л тэр газрыг ангийн отог гэж нэрлээд буйгаас биш яг очиход манай шалгуураар дөрөв, таван одтой зочид буудал шиг газар байсан. Тэр хээр газар гоё байшин барьчихсан, дотроо халуун устай душ, ванн, агааржуулагчтай тохилог газар байв. Бид нэг майхан барьчихаад л ангийн отог гэж ярьдаг аа даа? Харин тэр отог нэлээд хэдэн туслах ажилтантай. Тэд бүгд нутгийн иргэд буюу харууд. Хоёр нь мөрдөгч буюу амьтны мөр хөөдөг хүн. Мөн дээр ярьсанчлан, агнасан ангийн арьсыг өвчдөг хүмүүс отог дээр байнга байна. Тэдний эхнэр бололтой хоол унд, буудлын цэвэрлэгээ хариуцдаг улсууд бас байна. Африкийн хоол унд нь америк маягийн том том шарсан мах л байх юм. Монголчууд чинь шөлтэй хоолонд дуртай даа. Гэтэл тэнд шөлтэй хоол ер алга. Дандаа л шарсан мах, бургер, сэндвич байх юм. Биднийг отогт байхад бол агнасан амьтны маань махаар хоол хийж өгдөг байсан. Арваад төрлийн гөрөөс агнасан гэхэд бүгдийнх нь махаар хоол хийж өгөв. Махаа элдэв амтлагч хийгээд шарчихаар амт нь ялгарч мэдэгдэхгүй юм билээ.

Хар, цагааны ялгаа

     ӨАБНУ 60 сая хүнтэй. Тэрний зургаан сая буюу арван хувь нь цагаан арьстнууд. Ер нь тэр улсыг хөгжүүлсэн хүмүүс нь цагаан арьстнууд юм билээ. 1990-ээд он хүртэл харуудыг нь апертеид буюу хоёрдугаар сортын хүмүүс гээд юунд ч ойртуулдаггүй, сонгуулийн эрх ч өгдөггүй байж. Гэхдээ тэр үед эдийн засгийн өсөлтийн хурд нь дэлхийд тэргүүлж байсан гэдэг. Тэгээд 1992 онд нутгийн иргэд эрхийнхээ төлөө тэмцэж, Нельсон Мандела гарч ирж ерөнхийлөгч болжээ. Ингээд харууд удирдах түвшинд ажиллах болсон ч хөгжлийнх нь хурд саарсан юм билээ. Энэ нь ухарсан, зогссон гэсэн үг биш хөгжил нь багахан удааширч л дээ. Одоогийн амьдрал нь ямар байна вэ гэхээр хар, цагаанууд тус тусдаа суудаг юм байна. Байх газар нь ангид. Харуудын хэсэг нь их ядуу. Тэр дундуур машинтай зөндөө явсан. Гэхдээ хүмүүстэй нь бууж уулзсангүй. Их аюултай юм гэнэ лээ. Байшингийн дээвэр хийгээд байдаг нимгэн гөлмөн төмрөөр жижигхэн овоохой шиг юм босгочихсон, тэндээ амьдарч байх юм. Тэр дотор хэдүүлээ ч байгаа юм, дотор нь орсон биш мэдэхгүй юм. Өвөлдөө тэг хэм хүрч хүйтрээд, зундаа тавин хэм хүртэл халдаг газар гэнэ. Тийм хүйтэн, тийм халуунд хүн яаж тэр төмөр дээвэртэй овоохойд тэсч байдаг юм, бүү мэд.

     Харин цагаан арьстнууд нь бол тусдаа сууна. Тэнд нь бүх гоё ресторан, үзвэр үйлчилгээ байна. Бид тэнд л байж идэж ууж, гадуур дотуур дэлгүүр хоршоо орсон. Гэхдээ цагаануудын мэдэлд байгаа харууд бол хонь болчихсон юм билээ. Жишээлбэл, тэр ангийн отгийн ажилтнууд жигтэйхэн дуулгавартай. Өөрсдийгөө тэдний боол гэж итгэдэг сэтгэхүйтэй болчихож. Бид ангаа хийгээд баярлахдаа “Нааш ир!” гээд тэврэлдээд л, зуун грамм хүртээх гэхээр нөгөөдүүл чинь хамаг ажил нугалсан мөртөө дуудаад байхад ирэхгүй зогсоод байх юм. Нэг арслан алахад л бүтэн зургаан цагийн турш тэр шугуйгаар явж мөрөөр нь мөшгөчихөөд “Үгүй үгүй. Бид энд л зогсож байх ёстой” гээд огт ойртохгүй байв. Дүрэм журам нь тийм байх. Анчдын нэг уламжлал бий. Ан хийчхээд үйлчилгээний улсад заавал гарын мөнгө өгдөг. Тэгээд бид зургаа дундаасаа мөнгө цуглууллаа. Би тэгэхэд “Энэ хэдэн харуудад маань наад мөнгөнөөс чинь оногдоно биз дээ?” гэсэн чинь “Тэгнэ тэгнэ” гэж байна. Тэгээд ашгүй бид үйлчилсэн бүх харуудаа дуудаж тэр гарын мөнгөнөөсөө хэд хэдэн төгрөг өгч баярлуулсан. Тэд өөрсдийнхөө хэлээр ярина. Цагаануудын ихэнх нь голландчууд бөгөөд англиар ярьдаг. Мөн голланд, африк хэл нэгдээд нэг хэл болчихсон юм билээ. Энэ холилдсон хэлээрээ хоорондоо ярьж ойлголцдог юм байна лээ. 

   

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    Зочин

    Африкийн амьтан устгах монгол нэртэй нэг жижиг хятад гарч ирэх нь дээ

    2023-04-25

    Хариулах (1)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.