images

Э.Эрдэнэсувд: Бээжингийн таксинд бэлэн мөнгө өгөхөөр гайхаад авахгүй байна

Duuren.Life

Сайн хүн явснаа

2023-05-09


Манай “Сайн хүн явснаа” булангийн зочноор Өмнөговь аймагт үйл ажиллагаагаа явуулдаг “Цахим говь” ТББ-ын гүйцэтгэх захирал, STEM сургалтын багш Э.Эрдэнэсувд оролцлоо. Тэрбээр өнгөрөгч дөрөвдүгээр сарын сүүлээр Хятад улсын Бээжин хотод томилолтоор ажиллаад ирсэн байна.

Энүүхэн Баяннуурт зочид буудлын хоолыг робот зөөж байна

     Бээжинд 21 дэх жилдээ болсон Дэлхийн техник загварын яармагт очоод ирлээ. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нисэх загвар, авто загварын багш нар бид хамт явсан юм. Манай байгууллага систем сургалтын төв учраас яг энэ чиглэлээрээ тус яармагт оролцсон. Би Хятадад сургууль төгссөн хүн. Харин цар тахлаас болоод сүүлийн дөрвөн жил тийшээ очоогүй байж байж сая явсан нь энэ. Хятадад хөл хорио цуцлагдаад дөнгөж нээлттэй болж эхэлж байх үе таарлаа. Юуны түрүүнд, тэнд бүх юм цахим болсон учраас интернэтгүй, гар утсандаа датагүй бол хаашаа ч хөдөлж чадахааргүй болсон байна. Хэдэн юань өвөртөлж очоод бүх юм болоод байдаг байсан бол одоо тийм биш болжээ. Би явахаасаа өмнө хүнээс дуулж хоёр апп суулгаж аваад явсан юм. “Alipay” гэж аппликэйшнийг монгол карттайгаа холбоод төлбөр тооцоогоо хийж явлаа. Бас олон улсын цахим сим карт суулгадаг "Airаlo" нэртэй апп суулгаж явсан. Ингэж байж унаа тэрэгтэй залгаж, хоол унд идэж явлаа шүү дээ. Хятадад цахим шилжилт асар хурдтай хэрэгжиж байна. Жишээ нь телевизүүд нь гэхэд ойрын хугацаанд 5G системийг бүрэн нэвтрүүлнэ гэнэ. Бүх зүйл цахимд шилжээд гар утсанд орчихсон. Тэр бүү хэл төлбөр тооцоонд бэлэн мөнгө авахгүй байна. Такси хүртэл бэлэн мөнгө өгөхөөр гайхаад авахгүй байна шүү дээ. Энэ юуг харуулж байна вэ гэхээр би өөрөө хүртэл технологийн салбарт ажиллаж байгаа үүднээсээ харахад бид үнэхээр мөлхөө байна. Бидний өмнөхөн талд, Монголын хилээс 200-хан километрийн цаадах Баяннуурт гэхэд зочид буудал, ресторанууд хоолоо роботоор зөөлгөж байна. Буудлын өрөөнд хоол захиалахад робот хоол аваад ирж байна. Эндээс юу бодогдсон бэ гэхээр цахим шилжилтийг бид холын Америкаас ч юм уу, Цахиурын хөндийгөөс хайх шаардлагагүй болж. Яг хамар доор чинь, өмнөд хөршид цахим шилжилтийг жинхэнэ утгаар нь хийж байна. Саяхан л тэнд очвол заавал нэг утасны дугаар авах шаардлагатай тулгардаг, Youtube, Facebook орж болдоггүй байсан аа даа? Одоо аппликэйшнээ идэвхжүүлээд e-sim суулгахад л бүх асуудал шийдэгдэж байна.

Хөдөөгийн багш нарын хийсэн онгоцны загварыг хятадууд гайхав

     Үзэсгэлэн яармагийн тухайд гэвэл хоббигоороо нэгдсэн хүмүүсийн жилд нэг удаа уулздаг, сонирхогчдод зориулсан экспо юм. Энэ удаад бол хөдөө сумын сургуулийн багш нарыг дэмжих үүднээс бидний замын зардлыг Өмнөговь аймгаас шийдэж өгсөн. Тэнд оролцсон манайхны хувьд нисэх загвар, пуужин загварын яг тийм зориулалтын бэлэн хөнгөн, авсаархан мод байдаггүй болохоор загваруудаа зүгээр л олдсон модоороо хийсэн байсан. Яг уламжлалт аргаараа гэсэн үг. Харин Хятадын Фүжоугоос ирсэн нэг компани ийм төрлийн загвар хийдэг материалаа танилцуулж байхтай нь танилцвал тэр нь маш хөнгөхөн, үйсэн бөглөө шиг моднууд юм. Манай багш нар тэрийг үзээд үнэнхүү хорхойсч байгаа юм. Тэгээд тэр модыг нь нөгөө л хуучнаараа бодоод худалдаад авъя гэтэл “Та нар онлайнаар захиалаад авчих. Бид энд тийм шууд худалдаа хийхгүй” гэнэ. Нөгөө л цахим шилжилт, цахим худалдаа. Тэгээд бид нар хаа байсан Даланзадгадаас Бээжин рүү онлайнаар захиалаад авах амаргүй гэх мэтчилэн зовлон тоочлоо. Тэд ч бидний байдлыг ойлгосон уу, зарим материалаа худалдах биш зүгээр бэлэглэсэн. Хамгийн сонин нь манай багш нарын бүтээсэн загварыг хачин их сонирхоод, бүгдээрээ бүчиж аваад л “Энэ бол классик загвар” гэлцэж байлаа. Ямар ч лазер зүсэгч энэ тэр хэрэглэхгүйгээр яг улаан гараараа бүтээсэн болохоор тэгж хэлээд байгаа хэрэг. “Үнэхээр сонирхол татаж байна. Та нар ямар техник ашигладаг вэ? Хамтарч ажиллая” гэх мэт сайхан санал тавьж байв. Тэнд 3D-гээр шууд хэвлэдэг бол манайхан яг гараараа хөрөөдөж, зүсэж урлана шүү дээ. Нэг хятад залуу “Яг та нарын хийсэн шиг ийм классик загвар манайд бол нүдний гэм шүү” гэж байсан. Ер нь манай Өмнөговь аймаг 1980-аад оноос ийм загварын дугуйлангууд хичээллэж байсан түүхэн уламжлалтай газар л даа. Тэр уламжлалаараа одоо загварын дугуйлан хөгжиж байгаа юм.

   Хятад улс бол одоо технологийн хүчирхэг гүрэн байх гэсэн маш том амбицтай явж байна. Ийм гүрэнтэй бид учиргүй халз өрсөлдөөд эхэлж чаддаггүй юм гэхэд хоцорч болохгүй. Тийм болохоор технологийн араас хөөж гүйцэх биш амдаж тосоод, хоцрохгүй дагах ёстой юм шиг байна. Экспо гурван өдөр болсон. Оролцсон багш нар маань олон содон зүйл үзэж сурч, нүд тайлж, сонирхол нэгтнүүдтэйгээ харилцаа тогтоох зэргээр олз омогтой явж ирлээ.

Яармаг дээр Өмнөговийн нисэх загварын багш нар онгоц хийдэг хөнгөн мод олж авсан нь.

Номоо түгээв, улам түгээнэ

     Миний тийш явсан хоёр дахь зорилго бол саяхан гаргасан ном маань байлаа. Хятадад, мөн Англид сурч байхдаа, төгсөөд ажиллаж байхдаа олж харсан сонин содон зүйлс, Өрнө Дорнын хүмүүсийн ахуй амьдралын хэв маяг, өөрт төрсөн сэтгэгдлээ баримтат эсээ маягаар бичсэн ном юм. Энэ номоо технологийн салбарт надтай хамтардаг, хүсэл зорилго нэгтэй найз Энхсайхантайгаа хамтарч бичсэн. Би сүүлийн арван жил худам монгол бичгээр блог хөтөлж байна. Яг үнэндээ манай Монголын болон Оросын монгол үндэстнээс бусад дэлхийн бүх монгол үндэстнүүд худам монгол бичгээрээ харилцдаг. Интернэт дэх тэр талбарт нь би байдаг юм. “Байна уу” нэртэй платформ, яг “Фэйсбүүк” шиг загвартай, гэхдээ худам монголоор бичдэг. Энэ апп гарахаас өмнө дэлхийн монгол үндэстнүүд “Холбоо” нэртэй вэбсайт дээр харилцан бичилцэж үзэл бодлоо хуваалцдаг байсан. Харин одоо энэ “Байна уу” маань бол гар утсан дээрээсээ бичиж холбогдож болдог авсаархан эд л дээ. Энэн дээр би явсан, суусан тухайгаа бичдэг юм. Дэлхийн монгол үндэстнүүдийн зовлон адилхан. Технологиос жаахан хоцронгуй, шинжлэх ухааны тал дээр буурай гэх мэт. Миний номын тухай өвөрмонголчууд мэдэж байсан болохоор хэдэн номын захиалга өгсөн юм. Цаана нь хүн сонирхож магадгүй гээд хэдэн ном аваад явлаа. Арваад хүн ном авах байх, цаана нь хэдийг үлдээе гээд дөчин номтой явсан юм. Гэтэл бүр дөч гаруй хүн захиалга өгөөд төлбөрөө төлчихсөн байдаг байгаа. Тэгээд энэ надад дахиад л гоё сэдэл болж байгаа юм. Энхсайхантайгаа яриад номын хоёр дахь дэвтрээ бичиж болох юм байна гэж бодсон.

     Аавын бийд хүнтэй танилц гэдэгчлэн манай бүх монголчууд жаахан нүд тайлж, дэлхийн хараатай, дэлхийн иргэн болох шаардлагатай юм уу гэж бодогддог. Номыг маань Өвөр Монголд олон хүн сонирхож байгаа ч тэд кирилл бичигт сайнгүй болохоор худам монгол бичгээр гаргаач гэсэн санал ирсэн. Яг Хятадын зах зээл дээр монгол зохиолч ном гаргах нь тийм амар ажил биш л дээ. Бавуугийн Лхагвасүрэн, Дарамын Батбаяр, Пүрэвхүүгийн Батхуяг нарын үнэхээр танигдсан хүмүүсийн ном л тэр олон шат дамжлагыг давж гарсан байдаг. Гэтэл одоо Хятадад шинэ журам гарсан байна. Юу гэхээр Монголоос ном оруулахгүй, бас гаргахгүй болсон бөгөөд бүр гадаад шуудан нь ч ном авахгүй байна. Тийм болохоор би тэр шалгууруудыг нь давж номоо худам монголоор хөрвүүлээд тэнд нь хэвлүүлэх санаатай байна. Бас цахим сонсдог ном хийе гэсэн бодолтой байна. Гэхдээ зүгээр нэг уянгалуулаад уншчих биш өөрийн дуу хоолойгоор уншиж найруулга хийгээд, хүнд ярьж өгч байгаа маягаар гаргах санаатай байна. Тавдугаар сарын 21-23-нд Францын ерөнхийлөгчийн ивээл дор тус улсад зохион байгуулагдах “Мэдээллийн технологийн салбар дахь охид эмэгтэйчүүдийн дэлхийн чуулган”-д Монгол улсаа төлөөлж дөрвөн эмэгтэй манайхаас явах юм. Үүнд Энхсайхан бид хоёр оролцохоор болсон. Ингэж явахдаа зүгээр нэг явах биш дараагийн номын санаа, зүгээр нэг сул тэмдэглэл биш илүү нэг түвшин ахисан зүйл бичиж ном гаргая гэсэн бодолтой байна.

"Сургуульд сураагүй эрдэм" номын сурталчилгааны зураг.

Бээжинд масктай хүн алга

     Хятадын аялал жуулчлалын бодлогодоо дотоодын аялалд илүү анхаарч байна. Хятад хүмүүс эртнээсээ мөнгө хадгалах, хураах соёлтой. Дотоодын аяллыг дэмжсэнээр тэрхүү хадгалж байгаа их мөнгө эргэлтэд орж мөнгөний гүйлгээ нэмэгдэнэ гэж үзжээ. Иргэдийн гар дээр байгаа мөнгийг эргэлтэд оруулахын тулд технологийг их ашиглаж байна. Өөрөөр хэлбэл бүх үйлчилгээг цахимжуулаад, гар утсаа бүхнийг шийддэг болгонгуут мөнгө эргэлтэд орохгүй хаачих вэ дээ, хүссэн хүсээгүй. Жишээ нь саяхан болсон Майн баяр бол маш урт амралт. Баярын үеэр үйлчилгээний газрууд маш сайн ажиллаж, зарим газар луу нисэх нислэгийн тийзийг улс төсвөөсөө мөнгө гаргаад даачих жишээтэй. Өнөө Гуанжоугийн экспо руу хүмүүс үнэхээр цувж байна. Эдгээр нь эцсийн дүндээ эдийн засгаа тэлэх гэсэн, хямралын дараах үеийг давах гэсэн том стратеги юм. Олон жилийн хорио цээрийг эсэргүүцээд жагсаал цуглаан нилээд болж байсан бол одоо бүх хөдөлгөөн нээгдээд хүмүүс энгийн амьдралдаа эргэн оржээ. Масктай хүн гэж бараг алга.  

Монгол нөхөдтэйгээ уулзав

     Би өмнө нь Хятадын Олон улсын радиогийн монгол хэлний редакцид урилгаар ажиллаж байсан юм. Тэнд газар газрын монгол хүмүүс ажилладаг. Манайхан бодохдоо Хятад болон Орост цөөн монголчууд байдаг, Хятадынх нь болохоор зөвхөн өвөрмонголчууд гэж боддог шүү дээ. Тэгвэл хэрэг дээрээ Хятадын найман мужид монгол үндэстэн байна. Өвөрмонгол бол тэр наймын нэг нь л юм. Ганьсу, Шинжаан, Хөх нуур, Юннанийн монголчууд гээд л явна. Миний ажиллаж байсан редакцид газар газрын монголчуудын төлөөлөл болсон хорин хэдэн хүн ажиллаж байв. Газар нутгийн хувьд их урт сунаж тогтсон учраас тэдгээр монгол үндэстнүүд соёлын хувьд, хэл аялгын хувьд хоорондоо их ялгаатай. Тэгээд би Бээжинд энэ удаа очсон завшаанаа ашиглаад хуучин ажил дээрээ очиж газар газрын монгол нөхөдтэйгөө уулзлаа. Урд байсан нөхөд минь бүгд л ажлаа хийгээд байж байна. Хятадын нэг онцлог бий. Төрийн байгууллагууд өөрсдөө хүнээ шалгаруулж аваад маш тогтвортой, удаан ажиллуулна. Манайхан шиг нэг сонгуулийн дараа хуйгаараа солигддог тийм ойлголт байхгүй. Боловсон хүчний бодлого нь маш ойлгомжтой. Миний ажиллаж байсан радио гэхэд анх 1964 онд байгуулагдсан. Тухайн үедээ ЗХУ, Хятадын харилцаа хүйтэрснээс болоод манай улстай бас харилцаа муудсан юм. Яг тийм цаг үед байгуулагдахдаа манайх руу хандсан сөрөг нэвтрүүлгийн алба байжээ. Өөрөөр хэлбэл Зөвлөлт, Монгол хоёрыг муулдаг, манайх өөдөөс нь “Монголын дуу хоолой” нэвтрүүлгээрээ бас л муулж сөрөг суртал ухуулга хийдэг байсан байна. Ингэж явсаар ерээд он гарч Хүйтэн дайн дууссан хойно манай хоёр улсын гадаад нэвтрүүлгийн алба бараг үндсээрээ өөрчлөгдөөд хоёр талын найрамдалт харилцааг бэхжүүлэх, мөн улс орноо харилцан танилцуулж сурталчлах зорилготой болсон. Одоо тус радиод манайхаас Монголын радиогийн Б.Баярсайхан, МОНЦАМЭ-гийн Б.Занданхүү нар ажиллаж байна. Ингээд урьдын тэр хамт ажиллаж байсан нөхөдтэйгээ уулзаж хоол унд, дуу хуур боллоо. Тэд маань яг л урьдын хэвээр ажлаа хийсээр байна.

Цахим, цахим, цахим

    Хуучны найзуудтайгаа уулзсан уулзалтын тухай ярихаар эргээд л өнөө Хятадын хөгжил, цахим шилжилт рүү орохоос аргагүй болох нь. Хэдүүлээ зүгээр нэг шинжаан хоолны газар ороход л захиалга авах гэж хүн ирэхгүй, шууд QR уншуулаад захиалга өгч байна. Тэгэхээр интернэтэд холбогдоогүй бол хоол ч авч идэж чадахгүй болсон гэсэн үг. Тэгэхээр улс оронд технологийн боловсрол буюу зөөлөн дэд бүтэц маш чухал болох нь харагдана. Хятадын цахим шилжилтийн өөр нэг жишээ хэлэхэд, метроны билет борлуулдаг цэгүүд нь иргэний үнэмлэхний дугаар нэхээд байсан болохоор гадаад хүмүүс яг үйлчилгээний ажилтан дээр очиж байж тасалбар авч байсан. Цахимаар авах гэвэл бэлэн мөнгөөр, эсвэл QR уншуулж, бас хамгийн сонин нь цахим мөнгө буюу бид нарын үл итгээд байдаг койноор хийж болно гэсэн гурван янзын сонголт гарч ирж байна. Тэгэхээр бидэнд санхүүгийн боловсрол үнэхээр дутуу байгаа нь харагдаж байгаа юм. Урд хөршид койн санхүүгийн хэрэглээнд ороод явж байхад бид нар түүнийг ердөө нэг луйврын хэрэгсэл гэж харж байна шүү дээ. Хүссэн хүсээгүй дэлхий нийтээрээ энэ койн гээчийг хэрэглээнд оруулж эхэлж байна. Хятад улс өөрөө санхүүгийн маш өндөр сахилгатай орон шүү дээ. Тийм хатуу чанга систем койныг хүлээн зөвшөөрсөн л байна даа.

     Цаашилбал, онгоцны буудал дээр гэхэд бүртгэл хийлгэхэд бүх үйлчилгээ цахим болжээ. Монгол паспортаа гаргаад өгөхөд урдаас робот машин монголоор яриад л болоо. Бас дэлгүүрээр жишээ авья. Ямар нэг бараа авах гэхэд бодит дэлгүүр байхгүй. Авах барааныхаа өнгө, загвар, хэмжээг хийж захиалахад л хаягаар хүрээд ирнэ. Өөрөөр хэлбэл, дэлгүүр хэсэж шоппинг хийгээд тор дүүрэн юм бариад явдаг цаг ард хоцорчээ. Үйлдвэрүүд хүртэл дэлгүүргүй болсон гэсэн үг. Бүх юм цахим. Технологийн шилжилт эргээд бид нарын мэддэгээс шал өөр орчныг бий болгож байна. Миний авч очсон хэдэн ном гэхэд л хормын дотор цахимаар зарагдаад дууссан. Томоохон дэлгүүр болгонд тав алхаад л нэг хүргэлтийн үйлчилгээ байна. Онгоцноос буунгуут том цүнх чирч явснаас очих газрынхаа хаягийг өгч хүргэлтийн үйлчилгээнд даатгаж орхиод гар амар гадуур ажлаа амжуулж явсан нь хамаагүй дээр болжээ. Тэнд заавал хятад хэлтэй байх шаардлагагүй, зүгээр л технологийн, компьютерийн хэлтэй байхад л болж байна. Дэлхий нийтээрээ нэг хэл буюу компьютер технологийн хэлийг сураад түүгээрээ ойлголцоод явж байхад бид үүнээс хоцорч огт болохгүй ээ гэдэг ийм л бодол улам бат хатуу болж ирлээ дээ, Хятад яваад.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    Zochin

    Xyatad tasarsaan

    2023-05-17

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.