images

Хэрлэн голоор нэг сар: 1200 километрийг завиар туулсан аялагчийн өчил

Н.Ариунсайхан

Сайн хүн явснаа

2024-02-26


Монголын гол мөрнөөр хамгийн хол аялсан Э.Анхбаяр энэ аяллынхаа талаар манай сайтад ярилаа. Тэрбээр 2022 оны зун Хэрлэн голын эхээс Чойбалсан  хүртэл 1200 километр усан замыг завиар нохойтойгоо туулсан юм. Э.Анхбаяр өмнө нь морь, мотоцикль, унадаг дугуйгаар, мөн явганаар 21 аймгийг хоёр ч удаа тойрсон туршлагатай аялагч билээ.

Бэлтгэл

   Завьтай аялах талаар би хоёр жилийн өмнөөс бодсон юм. Анх бодож, төлөвлөж эхлэхэд амархан юм шиг л  санагдаж байлаа. Цаг хугацаагаа товлоод, ойртох тусам догдолж байв. Илүү хариуцлагатай байхын тулд зорилгоо эхнээс нь тодорхойлж эхэллээ. Манай орны хамгийн урт хоёр голын нэг Хэрлэн 1275 км урт. Хэрлэн мөрний унаган төрхийг хадгалах, улмаар Монголын гол мөрнүүдийн байгаль экологийг хамгаалахад олон нийтийн анхаарлыг хандуулах нь миний аяллын гол зорилго юм. Монгол хүн эх орноо, уул усаа мэдэж хамгаалдаг, тэдгээрийг унаган төрхөөр нь авч үлдэхийн ач холбогдлыг ойлгодог байгаасай, үүнийг биеэрээ харуулья гэж хүссэн. Мөн энэ голыг эхнээс нь яваад, тухайн тэр төгсгөл цэгт хүрч өөрийгөө хармаар санагдсан. Өөрийгөө сорих нэг том сорилт юм даа. Шантрах, замын дундаас буцах нь ичгүүртэй тул ийм байдалд орохгүй, өөрийгөө хурцалж явахын чухлыг эхнээс нь бодож биеэ бэлтгэв. Олон хоног явах учраас тал бүрийн бэлтгэл чухал. Хэрэгтэй бүх тоног хэрэгслээ базаахын зэрэгцээ бие сэтгэлийн бэлтгэлээ ч орхигдуулсангүй. Зургаан сарын өмнөөс фитнессээр хичээллэж, хүчний бэлтгэл хийв. Догдлол, айдсаа дарахын тулд явахаасаа долоо хоногийн өмнө наадам ч үзэв. Аюулгүй байдлаа чухалчилж хоёр хантааз, дөрвөн сэлүүр бэлтгэлээ. Хоолны тогоо, аяга, борц, шар будаа базаалаа. Сэлүүрийнхээ боолтыг хүртэл илүү авч нөөцлөв.

Нохой

   Миний нохойг Артур гэдэг. 2021 оны намрын нохой. Нэг охин тэжээж байгаад надад өгсөн юм. Тэр охиноос нэртэй нь авсан. Алдартай хүүхэлдэйн киноны баатрын нэр л дээ. Лабрадор үүлдрийн нохой. 

   Артур аялалд минь хань болохын сацуу адал явдал ар араас нь нэмж байсныг яривал дуусахгүй. Нэг удаа завиа алдаад, намагтай газрын метр шахуу өндөр өвсөн дундуур төөрчихөв. Ойр хавьд утасны сүлжээ байхгүй. Айл ч байхгүй. Тэндээ нэг хэсэг эргэцэв. Өвс нь өндөр учраас хол ойрын газар барагцаалахад хэцүү. Гэтэл Артур гэнэт юм үнэрлээд л, урд гараад явав. Намайг чиглүүлээд, хөтлөөд байгаа аятай. Би араас нь явж явж залхаад, зүгээ өөрчлөв үү үгүй юу, шаварт зоогдчихдог юм байна. Хөлөө чангаагаад хүчрэхгүй болохоор Артурыг дуудтал хүрээд ирлээ. Өвдгөө далдартал шаварт суусан хүн чинь нохойгоо юу юугүй хүзүүдээд авав. Ингээд нохой минь намайг тэр шавраас татаж гаргасан юм. Тэндээсээ Артурыг дагаж явсаар намаг, өвсөн дундаас гарсан даа. Намайг аварсан анхны тохиолдол нь энэ.

   Артур эргүүтээд өтчихсөн хонь ямаа, сүргээсээ хоцорч үлдсэн бага малтай их хөөцөлдөнө. Нэг төлөгтэй хөөцөлдөж явтал нөгөөх нь зугтах замгүй болоод гол гаталсан чинь араас нь чигээрээ туулаад гол гарчихаж билээ. Энд тэнд адуу явбал хамаагүй очиж байж тийрүүлчих шахдаг байв, эхэндээ. Яваандаа сураад юунд ойртох, юунд ойртохгүйгээ мэддэг болсон. Аяллын явцад Артур байгальтайгаа илүү ойр болсон болов уу. Бага зэрэг хэнэггүй  ч гэх юм уу. Гэхдээ командаа мэднэ, завиа хамгаална. Уул нь дуулгавартай, зөөлөн ааштай нохой. Зарим нохой өөр хүн хараад үлдэх гээд байдаг бол намайг хаашаа ч явсан дагаад л явна. Сар яваад ирэхэд Артур их өндөр болсон байж билээ. Нуруу нь нэг нугалам өссөн байсан.

Завь

   Эхлээд нэг хүний завьтай явна гэж бодсон ч, нохойтой явах учраас хоёр хүнийх болгосон. Нөгөө өнцөг дээр нь нохойгоо суулгаад, ачаатай явахад яг тохирч байв. Завь авах гэж, унадаг дугуйгаа зарсан ч арай л авч чаддаггүй. Таньдаг мэддэг байгууллага, хүмүүс, ах эгч нартаа хандтал тэд маань уриалгахан зөвшөөрч, дэмжсэний хүчинд энэ завиа авсан юм. Г.Баярчимэг, З.Нандин-Эрдэнэ, найруулагч Б.Мөнх-Амьдрал, “Дорнын ирээдүй” сангийн захирал Баттулга, “Өглөөний галт тэрэг” кофе шопын хамт олон завь авахад гар сунган тусалсныг тэмдэглэхэд таатай байна. Тэднийхээ дэмээр завьтай болоод зогсохгүй, урам зориг ч их авсан. Завь маань гурван метр хорин см урттай, 30 кг жинтэй, хөнгөн завь. Спорт загварын каяк завь юм. Аялал эхлэхэд нэг найз маань завин дээр монгол бичгээр нэрийг минь бичиж өгсөн бол өөр нэг найз маань морин хуур хуурдан, аян замын ерөөл өргөж билээ. Сайхан сэтгэлт хүмүүсийн ерөөл бэлгээр завь маань амь шүншигтэй болж, аян замд аюул осол бага тохиолдсон гэж боддог.

   Завиар удаан явахад нуруу их чилдэг. Хурдан явья гэвэл сэлүүрдэнэ. Заримдаа гараа амраагаад сул тавьбал хөвөөд явчихна. Дорнодын Баян-Овоо суманд явж байгаад утсан дээр газрын зураг харахад, нэг км замыг найман минутанд сэлүүрдсэн байсан. Хамгийн дээд хурд маань тэр байлаа. Тэр амжилтаа эвдэх гэж үзсэн ч чадаагүй, тийм зайд доод тал нь л арван минут явж байв.

   Явж ирээд, нүүр номын хуудсаараа завиа дуудлага худалдаанд оруулаад, орлогыг нь амьдралын боломж тааруу нэг айлд сайхан гэр бариад өгчихье гэж санасан юм. Анхны дуудах үнийг есөн төгрөгөөс эхлүүлсэн ч хараахан зарагдаагүй байна.

Гэрээслэл

   Юу ч болоо билээ гэж бодож, явахаасаа өмнө гэрээслэл бичиж үлдээв. Усанд живж, чоно нохойд бариулчихвал яах билээ гэж бодсон хэрэг. Дотроо бол бүтнэ ээ, чадна аа л гэж бодоод байдаг. Нилээн хэдэн өдөр нухацтай бодсоны дараа бичлээ. Гэр бүл, хамаатан садан, найз нөхдийнхөө нэрийг нэгд нэггүй жагсаагаад, бүгдэд нь хандаж хэлэх захиас, хэлж амжаагүй зүйлсээ бичив. Надад хамгийн иэхээр итгэж байсан хүмүүс бол гэр бүлийнхэн минь байлаа. Тэдэндээ талархлын үг бичлээ. Буцаж ирээд, энэ бичсэнээ шууд урна гээд бодчихсон...

Зам

  Хэрлэн гол Бурхан халдун уулын хормойгоос эх авдаг. Хадан дундаас ундарч гармагц, хажуу хавирганаас нь хэдэн горхи дэмжиж өгөөд л явж өгнө. Бурхан халдунаас баруун урагшаа урсаж явсаар аажмаар зүүн эргээд, улмаар зүүн хойд зүгт урссаар Дорнод хүрнэ. Тэгээд хил гараад оддог.

   Миний явсан зам гэвэл Хэнтий аймгийн Баянмөнх, Мөрөн, Хэрлэн, Батноров, Баян-Овоо, Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Доронд аймгийн Хөлөнбуйр, Булган, Баянтүмэн сум буюу Чойбалсан хот юм. Хэрлэн голын эхээс гарахад газар нь хангай. Голын ус тунгалаг. Цаашлан явах тусам уулсын толгой намсаад, газар нь талархаг болж ирдэг. Яг их талаа хүртэл зайтай л даа. Мөнгөнморьтоос урагшаа Багануур, Багануурын гүүр өнгөрөөд гол чулуугүй, элсэрхэг, булингартай болоод ирдэг. Нийтдээ долоо найман гүүрэн доогуур гарна. Дорнод аймгийн төвд байдаг Өүлэн эхийн хөшөөний доод гүүрээр гарч, хуучин модон гүүр өнгөрөөд “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнд очиж бариандаа орсон доо. Гол маань бол тэндээс цааш 70 гаруй км яваад хил гардаг юм билээ.

Бэрхшээл

   Аяллын эхний хоёр хоног бодсоноос огт өөр байлаа. Дотор эвгүйрхэхээс өгсүүлээд. Зориулалтын усны хувцас авч явсан ч, хэрэг нь гарсангүй. Өдрийн ид халуун наранд чийг цохидог аж. Хөл халууцна, бие хөлрөөд амархан сульдах гэнэ. Тэгэхээр нь тайлаад, богино өмд, цамцтай л явдаг боллоо.

   Заримдаа шөнө унтаж байхад гэнэт их чимээ гарна.  Чагнахаар адуу давхиж өнгөрнө. Нохой маань чимээ өгөөд хуцаад л байна. Заримдаа ядраад унтаад өгчихнө. Айсан хүнд аргал хөдөлнө гэдэг шиг явдал их тохиолдоно. Чоно ирэх вий гэж бодохоос өгсүүлээд. Дэргэд нохой байгаа, намайг хамгаална гэж өөрийгөө тайвшруулна. Шөнө нохой үе үе хуцна. Бодвол нохой л эргэлддэг байх.

   Өдөртөө үүрийн зургаан цагаас үдшийн долоон цаг хүртэл явдаг байв. Дунд нь нэг цаг амарч, хоол хийж идээд хөдөлнө. Орой болохоор эрэгт гарч унтана. Зүүн тийшээ явах тусам нар эрт гардаг гэдэг. Өглөө дөрвөн цаг өнгөрч байхад нар мандана. Түмэнцогт сумаас цаашаа дан тал газар. Батхааны гүүр өнгөрөөд явахад уул намсаад ирнэ. Сум суурин газар л биш бол хөдөөгүүр хүмүүстэй төдийлөн таарахгүй.

   Аялж явах яг тэр үед бороо их орсон. Бороонд зутраад хоолой таг болчихдог байлаа. Даарснаас болоод ойр ойрхон суулгана. Борцтой шөл ууж байж, алдсан шингэнээ нөхөж явав. Ус их ууж болохгүй, бие засах нь төвөгтэй. Хоол цайны үе л биш бол өдрийн ихэнхийг завин дээр өнгөрөөнө. Бие өвдөх үе байвч сэтгэлээр харин унахгүйг чармайж явлаа.

   Заримдаа үнэхээр нойроо дийлэхгүй үе гардаг. Тогоотын хайрхан уулыг тойроод өдөр нэг цагийн үед явж байтал гэнэт нойр хүрээд болдоггүй. Завинаасаа шууд бууж, мешокоо гаргаж ирээд л унтаад өгсөн. Нэг сэрэхэд хоёр цаг нам унтсан байв. Халуун байсан ч, амраад авсан болохоор сэргээд л ирж байгаа юм.  Аяллын явцад амарна гэдэг маш чухал болохыг тэгэхэд ойлгосон.

   Анх гарахдаа гурван фудболк, хоёр цамц, хоёр өмдтэй явсан. Гэтэл нэгийг нь ч сольж өмсөөгүй. Бариандаа хүртэл нэг л хувцастай явсан гэсэн үг. Орчин маань байнгын чийгтэй. Завинд ус орж ирвэл аягаар утгаж гаргана. Бороо орсон өдөр завиа хөмрөөд тавьчихна. Маргааш нь гэхэд хатчихдаг. Сүүлдээ завиндаа сураад, барагтай бол ус оруулахгүй болов.

   Артур халууцаад болохоо байхаараа гол руу үсрэх үе байна. Тэгээд эргээд, ус үсчүүлж орж ирнэ. Заримдаа чигээрээ сэлээд эрэг рүү гарчихна. Тэгээд эргийн дагуу намайг дагаад л шогшино. Ирэхээ үзэхгүй бол би ус руу орж эрэг рүү гараад, загнаж байж буцааж авчирна. Өдрийн халуунд сүүдэр олдохгүй. Эрэг рүү гарахаар бүр халуун. Голдоо л дээр, сэрүү татаад л. Ялаа шумуул нь ч бага.

Хүмүүс

   Сүлжээгүй нэлээд удаан яваад Хэнтийн Баянмөнх суманд дөхөж ирмэгц Фэйсбүүк дэх сумын групп дээр нь, аялж яваа тухайгаа пост бичсэн юм. “Сүлжээгүй удаан явлаа, утас цэнэглүүлээд, хонуулж туслах айл байна уу?” гэлээ. Тэгтэл сумын нэг залуу холбоо барьж байна. Улмаар сумын засаг дарга Золбаяр өглөө хүлээж авч уулзаад эмнэлэгт үзүүлж, замын хоол хүнсээр хангаж өглөө. Ийм сайхан сэтгэлтэй улстай бишгүй л таарч, буян хишгийг нь чамгүй хүртэж явлаа. 

   Голын эргээр яваа хүмүүс таарвал намайг ихэвчлэн Онцгой байдлын албаны хүн завьт эргүүл хийж яваа юм болов уу гэж бодож асуудаг. Аялж яваагаа хэлэхээр жигтэйхэн гайхна. Нэг удаа ная гарсан болов уу гэмээр өндөр шар өвгөн хонь хариулж яваад, намайг харангуутаа шууд зүглээд ирэв. Тэгээд хэрэг зоригийг минь сонссоноо “Хачин юм даа. Энэ олон жил насалж, нутаг орондоо амьдрахдаа үзээгүй юм байхгүй, хүн завь унаад жуулчилж явахыг ёстой үзсэнгүй. Миний хүү гэрлүүгээ шогшиж яваа юм байна (Би Дорнодын уугуул юм). Яваад л бай. Болгоомжтой байгаарай” гэж билээ. Гэртээ аваачиж дайлж цайлаад гаргасныг нь хэлэх юун.

   Хэнтийн Өндөрхаан ороод явж байтал бие гэнэт айхтар өвдөөд, дороо сульдчихав. Ингээд аргагүйн эрхэнд биеэ тэнхрүүлэхээр буудалд буусан юм. Тэгэхэд буудлын эзэн их л анхаарал тавьж, эм тариаг маань авч өгч байлаа. Маргааш өглөө нь босоход хувцсыг минь цэмбийтэл угаагаад, индүүдчихсэн байсан. Би тэр үед эгчид “Баярлалаа” гэхээс өөр үг хэлж чадаагүй. Хүний сайхан сэтгэл бол хөдөөгөөс олж авсан миний нэг олз байсан юм.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.