images

Хөдөөгийн багийн хүний эмч Хөххотод юу үзэв?

Н.Ариунсайхан

Сайн хүн явснаа

2024-01-16


Өнгөрсөн оны 12 дугаар сард ЭМЯ-ны зохион байгуулснаар Монголын хөдөөгийн багийн 84 эмч БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны нийслэл Хөххотын эмнэлгүүдэд номын дуу сонссон юм. Тэдний нэг, Завхан аймгийн Сонгино сумын багийн эмч Э.Лхагвасүрэнг бид “Сайн хүн явснаа” буландаа урьж ярилцлаа.

   Би 2008 онд Завхан аймгийн Түдэвтэй суманд дунд сургууль төгсөөд Говь-Алтай аймгийн Анагаах ухааны коллежид бага эмч, сувилагч мэргэжлээр суралцсан юм. Сургуулиа төгссөнөөс хойш Сонгино сумын багийн бага эмчээр 13 дахь жилдээ ажиллаж байна. Манай сум 1900 орчим хүнтэй, дөрвөн багтай. Улаанбаатар хотоос 1100 километр хол. Сумын эмнэлэг 18 хүний орон тоотой, одоогоор хоёр их эмч, хөдөө баг хариуцсан хоёр бага эмч, нэг эх баригч, нэг вакцинатортай. Үйлчилгээний зургаан ажилтантай. Нэг эмч сумынхаа 1000 орчим хүний эрүүл мэндийг хариуцдаг гэсэн үг. Би болохоор Айраг нуур, Шар нуруу гэсэн нийтдээ 980 хүнтэй хоёр багийг хариуцаж байна. Манай сумын нэг баг уул хад ихтэй байхад нөгөө нь гол ус, нуур олонтой байх жишээний. Өнгөрсөн жилийн намар Улиастайд сургалтад сууж байгаад сумандаа очтол эмнэлгийн дарга багийн эмч нарыг Хөххот руу сургалтад явуулах шийд гарсан талаар хэлээд “Олон жил ажилласан хүн байна, та яваарай” гэв. Тэгээд нэгдүгээр ээлжинд явах гэтэл орон даяар мал тооллого эхэлсэн тул 12 дугаар сарын 24 хүртэл хойшлуулсан юм. Ингээд товлосон өдрөө Улаанбаатарт ирээд Замын-Үүд, Эрээн орж цаашаа вагоноор Хөх хотыг зорилоо.

Нэг эмч-хоёр өвчтөн

   Тэнд очоод хамгийн түрүүнд Хөххотын уламжлалт анагаах ухааны хамгийн том эмнэлэгт гурав хоногийн лекц сонсож, хоёр хоног дадлага хийлээ. Гаднаа монгол бичгээр хаяг хадсан байхыг нь үзвэл “Монгол эмнэлэг” гэжээ. Дорнын анагаах ухааныг эмчилгээ, оношилгоондоо нэвтрүүлж, энэ ухааны үүднээс хүний биеийг оновчтой засаж эмчлэх талаар мэргэшсэн эмнэлэг байна. Дотор өвчний шингээлтийн тасаг, ясны гэмтлийн мэс заслын тасаг, яаралтай тусламжийн тасаг гэхчлэн төрөлжсөн. Эмч нар нь манай уламжлалт анагаах ухаанд байдаг хүний биеийн хий, шар, бадгана төлвүүдийг сайн мэддэг, таван засал, рашаан засал, иллэг, зүү, сэргээн засал, хөдөлгөөн заслаар эмчилдэг, эмнэлгийн орчин нөхцөл тохьтой, үйлчлүүлэгчдэдээ маш их анхаарал тавьдаг юм байна. Нэг ээлжинд нь 13-14 өвчтөн хэвтэн эмчлүүлдэг. Долоон эмчтэй. Тэгэхээр нэг эмч хоёр өвчтөн л хариуцаж байгаа юм. Өвчтөн болгон нэг нэг сувилагчтай. Монгол эмнэлэг дээр бид хэдэн монгол оюутантай тааралдлаа. Ихэнх нь уламжлалт эмнэлгийн ангийн тавдугаар дамжааныхан, дадлага хийж байгаа юм байна. Монголоор ярихыг маань сонсоод “Хүүе, ах сайн байна уу?” гээд гүйгээд ирсэн.

   Манай сургалтыг энэ эмнэлгийн Гадаад харилцааны албаны дарга Гоёноо гэдэг эмэгтэй удирдлаа. Ихэвчлэн монгол хэлтэй багш нар лекц, хичээл орж байв. Манай улсад европ эмчилгээг голчлон хэрэглэдэг дээ. Тэнд бол судас барьж тан өгөөд, зүү тавиад л явчихдаг юм байна. Европ эмчилгээнд бөөр өвдсөн бол ганцхан түүнийгээ эмчлээд л боллоо гээд үзчихдэг. Гэвч бөөр өвдсөнөөс үүдээд зүрх муудах улмаар биеийн бусад эрхтэнд сөргөөр нөлөөлдөг. Тэгвэл Өвөр Монголд бариа заслаар биеийг тэгшитгэхийн сацуу давхар бусад эд эрхтэнд нь анхаарал тавихын тулд уламжлалт анагаах ухааныг урдаа барьдаг аж. Гэхдээ гар нь хугарсан хүн ирлээ гэхэд заавал рентген зураг авахуулаад ир гэдэг. Эмч нар нь “Би энэ хүнийг ямар гэмтэл авсан, яаж эмчлэхийг сайн мэдэж байгаа ч тухайн үйлчлүүлэгчдэдээ итгэл төрүүлэхийн тулд компьютерт зургийг нь авхуулаад ир гэж хэлдэг” гэж байна. Харин СD уншдаг эмнэлгийн компьютер, тоног төхөөрөмж тэнд байхгүй, аль хорин жилийн өмнө хэрэглээнээс гарсан гэнэ.

Монгол хүн эмчлүүлбэл төлбөрийн 30 хувийг буцааж өгнө

   Сургалтын дараа бид гадаадын иргэдэд зориулж шинээр барьсан “Хуар” эмнэлэгт зочлов. Ашиглалтад ороод гурван сар болж байгаа мөртлөө 10 мянга гаруй гадаад хүн үзэж, хоёр түмэн зоосны орлого олсон гэж байна. Ганц энэ эмнэлгийн ашиг орлого ийм байхад “Монгол эмнэлэг” үүнээс илүү байх нь лавтай. Эмнэлгийн гадаад харилцааны албанд монгол хэлтэй хүн бий. Хэрэв монгол хүн тэр эмнэлэгт 100 хувь төлбөрөө төлөөд үйлчлүүлэх юм бол 30 хувийг нь буцааж өгдөг гэсэн. Тэгэхээр манайхан тэнд газардахгүй юм билээ. Бидний хэдэн эмч тасаг болгоноор ороод явсан. Нэг тасагт ороод хөөрхөн удна. Зүгээр юм сонсоод зогсохгүй бүх эд хэрэгслийг нь нэгд нэггүй үзээд, асуугаад явлаа. Тэгж яваад би рашаан заслын залуухан эмчтэй танилцсан юм. Надад тэр хүн “Та юу сурмаар байна, би тэрийг чинь зааж өгье” гэхээр нь сайн ч асууж шалгаасан. Тэгэхэд “Манайх бүх эмчилгээндээ хорхой өвс ашигладаг. Зун болохоор ургамал, өвөл болохоор хорхой болж хувирдаг. Энэ бол шидийг олсон ургамал” гэв. Цаашлаад “Рашаан заслаар орж байгаа хүмүүст хэд хэдэн заалт бий” гэлээ. Тухайлбал, өндөр настан, бага насны, даралт өндөртэй, цусны өвчтэй, түлэгдэлттэй, ил яр шархтай хүмүүс орж болохгүй. Харин 20-60 насныханд тохиромжтой. Рашаанаа хорхой өвсөөрөө найруулна. Түүнээс гадна маш олон төрлийн ургамал, тан байдаг аж.

Багийн эмч нар сургалтын дараа.

Өвөр монгол эмчтэй өрнүүлсэн яриа

  Надад нэг сонин санагдсан зүйл бол эмнэлэгт байгаа хүмүүсийн эрүүл ахуй. Манайхан эмнэлэгт орохдоо ядаж гадуур хувцсаа тайлаад ордог доо. Эмч, эмнэлгийн ажилтнууд цэвэрхэн цагаан цэнхэр хувцас, хэрэглэлтэй. Халдвар, аюулгүй байдлын мөрдөх журмыг сайтар хангадаг. Харин Хөххотын эмнэлэгт эмч дээгүүрээ нэг цагаан халадтай боловч доогуураа гадуур өмсдөг гуталтайгаа байж байх юм. Би ч тэсэлгүй нэг эмчээс “Танайд яагаад эмнэлгийн орчны стандарт байдаггүй юм бэ?” гэж асуув. Тэгсэн чинь өөдөөс  “Энэ чинь Орос, танай хоёрт л байдаг” гэх нь тэр. Тэгэхээр нь яагаад гэдгийг лавшруултал “Хүнийг орчинд нь дасгах ёстой. Хүн гэнэт эмнэлгийн чанд стандарттай орчинд ороод ирэхээр сэтгэл зүй нь дагаад өөр болчихдог. Эмчилгээ бол сэтгэлийг нь өөд нь татдаг байх ёстой. Орчноо сольчихоор хүний сэтгэл тогтдоггүй. Өөрөөр нь л байлгах хэрэгтэй. Тэрийгээ дагаад эмчилгээ үр дүнгээ өгнө” гэв. Эргээд тэр эмч надаас “Монголчуудын дундаж наслалт хэд вэ?” гэж асуухаар нь “70” гэтэл “Манайд дундаж наслалт 80-аас дээш. Хорт хавдар, гэнэтийн ослын шалтгаанаар өнгөрч байгаа хүмүүсийг эс тооцох юм бол хүн хамгийн доод тал нь 90 насалдаг” гэж хариулав. Би ч мөчөөгөө өгөхгүй “Адилхан эрс тэс уур амьсгалтай байж яагаад ийм ялгаатай байна?” гэж асуулаа. Тэгтэл “Хоолноосоо их шалтгаалдаг” гэж байна шүү. “Монголчууд мах их иддэг. Биеэ цэвэрлэж чаддаггүй. Улам бохирдсоор байгаад дуусчихдаг. Харин бид хоолондоо ногоо түлхүү хэрэглэдэг. Биеийг цэвэршүүлэх, тэнцвэрийг хадгалах хамгийн гол хүнс бол ногоо гэв. Тэгэхээр нь “Монголчууд улиралдаа тааруулж хооллох дээрээ та нараас дутахааргүй” гэж өмөөрөөд “Тэгээд та монголчуудад юу гэж хэлмээр байгаа юм?” гэтэл “Биеэ чийрэгжүүлээд, гэдсээ эрүүлжүүлэх хэрэгтэй л гэж боддог” гэлээ. Өвөр монгол эмч бид нарт дараа нь Хөххотыг ярив. Би “Танайх яагаад ийм утаагүй, түгжрэлгүй байна вэ?” гэж хачирхав. Тэгтэл “Манай хотод 15 сая хүн амьдарч байна. Хотын эрчим хүчний эх үүсвэр нь сэргээгдэх эрчим хүч. Нүүрсээр галладаг дулааны станц байхгүй. Хотоо хэсэг хэсгээр бүсчилж хуваасан. Аль бүсэд ямар хугацаагаар яаж машинаар зорчихыг нь журмаар зохицуулсан. Маш өндөр татвар төлж машин унадаг. Таксинд суугаад хөдлөх юм бол 5 юаниас эхэлж бодогдоно. Төлбөрийн систем нь хот даяараа бүгд цахимжсан. WeChat-тай бол бүх харилцаагаа утаснаасаа зохицуулчихна” гэв. Бид бас хөтөлбөрийнхөө хүрээнд тэндхийн музейг үзсэн. Монголын нэг хэсэг ахуй соёл тэнд байгаа нь сайхан л санагдаж байлаа. Ер нь гаднынхан Хөххотод музей үзэх, эмнэлэгт үзүүлэх гэж л ирдэг гэнэ.

Хөдөө очоод хэрэгжүүлэх Хөххотын туршлага

   Би тэнд үзсэн зүйлээсээ нэлээдийг хөдөө очоод хэрэгжүүлэх боломжтой юм гэж бодлоо. Тухайлбал, тан, рашаан заслыг эмчилгээнд хэрэглэж, идэвхтэй алхахыг бусаддаа уриалах. Өглөө таван цагт босоод буудлын цонхоор харахад хөлбөмбөгийн талбай дээр тойрж алхсан хүмүүс дүүрэн. Өдөр бүр тийм байдаг учраас цасан дээр жим гарчихсан байна. Талбай нь Хятадын Хөдөө аж ахуйн их сургуулийнх нь ч гэлээ үүд хаалга нь олон нийтэд нээлттэй. Би ч хэсэг харж зогсож байгаад гарч алхдаг юм уу гэж бодсоноо “Больё, унтья” гээд л эргээд унтаад өгсөн. Өвөр монголчууд алхалтыг дотор өөх шатаах хамгийн зөв арга гэж үздэг юм байна. Хөххотын гудамжинд над шиг ийм гүзээгээ унжуулсан хүн алга.  Гүзээтэй хүн байх нь байна, гэхдээ минийхээс бага байна уу гэхээс их хүн алга. Монголдоо бол би бусад эрчүүдийн дэргэд гүзээ багатайдаа орно шүү дээ. Манайхан ер нь хүнээс гуйлгахгүй өөрсдийнхөө эрүүл мэндийн төлөө алхаад сурчих хэрэгтэй юм байна. Манай малчид орчин цагт хөдөлгөөн хийх нь хомс болсон. Гэрийнхээ үүдэнд мотоциклио авчирч тавьчихаад, ороод зурагт үзээд суучихна. Сууж байгаад нэг гарч хонио дурандчихаад эргээд орчихно. Хонь нь далд орвол мотоцикльтойгоо давхиж очоод л эргүүлчихнэ. Адаглаад зуны цагт морио унахаа больсон байна. Өвөл хаврын цагт малчин хүн л хамгийн их хөдөлгөөн хийж байгаа гэх боловч яг үнэндээ тэр бол идэвхтэй хөдөлгөөн биш. Идэвхтэй хөдөлгөөн гэдэг нь маш тууштай урт хугацаагаар хөдөлж хөлсөө гадагшлуулах процесс юм. Монгол хүмүүсийн дунд чихрийн шижингийн судалгаа явуулахад Улаанбаатар хотоос орон нутагт илүү, бүр хамгийн их байна гэж гарсан. Чихрийн шижинг хөдөлгөөний дутагдлаас үүдэлтэй өвчин гэж үздэг. Өвөр Монголд эрүүл мэндийн боловсрол, сургалт сурталчилгааг маш сайн хийдэг юм билээ. Тэрийг нь нийгмийн эрүүл мэндийн арга зүйч хийдэг. Манай улсад ч гэсэн хөдөөгийн сум, багуудад ийм орон тоо зайлшгүй шаардлагатай. Ганцхан эмч нийгмийн эрүүл мэндийг хариуцаж, сургалт сурталчилгаа хийгээд явбал үр дүнгүй, хүч хүрэхгүй. Завхан аймгийн хэмжээнд 24 сумын 7-8-д нь л эрүүл мэндийн арга зүйч бий.

Цагаан будаанд дуртай болов

   Явж ирээд миний хамгийн дуртай хоол цагаан будаа болсон. Би эх орноосоо гарч үзээгүй хүн. Зөвхөн монгол хоолоо идэж өссөн. Пицца, тахиа гэх мэт янз бүрийн хоол идэх дургүй. Тэнд очсон эхний өдрөө юу ч идэж чадаагүй. Нэг өндөг идээд л унтсан. Маргааш өглөө нь бас л нэг аяга сүү, өдрийн хоолондоо аяга будаа идээд өнжив. Хятадуудын хоол иддэг бичлэг Фэйсбүүкт их явж харагддаг даа. Тийм бичлэгийг бидэнтэй хамт явсан сумын заан цолтой эмч их сонирхон үздэг гэж байв. Нэг удаа хоол идээд сууж байснаа өнөө залуу “Энэ хятад хоолыг ер нь барах шинжгүй ээ. Би ерөөсөө тэр бичлэгийг ахиж хэзээ ч үзэхгүй” гээд суучихав. Манайхан ч дөрөв дэх хоног дээрээ өлсөхийн эрхэнд хятад хоол амсаж эхэллээ. Наашаа гарахынхаа урьд өдрийн орой бид дахиад хоолонд орцгоосон юм. Тэгсэн эхний хоёр хоног хоолны ширээгээ дүүрэн орхиод явдаг байсан хүмүүс хамгийн ширээн дээрх юу ч үлдээлгүй идчихэв. Монгол хүн дасан зохицох чадвар сайтай юм л гэж бодогдсон. Одоо миний хамгийн дуртай хоол будаа л болсон доо.

Галт тэрэгний буудал дээр.

Нэг хүнийг хоёр гээсэн нь

   Би нэг хэдэн хүнийг ахалж явсан ухаантай юм. Наашаа гарах өдөр “Хятадад ганцхан юм үнэтэй. Тэр бол цаг. Хөххотоос Эрээн орох галт тэрэг оройн 20:40 цагт хөдөлнө. Хоцорч болохгүй учир бэлтгэлээ сайн базаана шүү” гэж багийнхандаа сануулж байлаа. Бүгд л хоцрохгүйгээ хэлж ам өчгөө өгцгөөж байв. Цаг ч болж бүгд товлосон газраа цугларч, хүмүүсээ суулгаад би галт тэрэгтэй хөдлөхтэй зэрэгцэн гүйхээрээ суулаа. Тэгээд хүмүүсээ бүртгээд явж байтал нэг хүн дутаад хэрэг мандсан. Нэрээр нь хөөсөн чинь нэг эмэгтэй эмч маань зохион байгуулагчаасаа паспортоо аваагүй үлдсэн байв. Биднийг зохион байгуулж явсан Бямбасүрэн гэдэг хүн бид хоёр хамгийн сүүлд хүмүүсээ бөөгнүүлээд цагдаад загнуулан барин орж ирсэн юм. Галт тэрэг ч хөдөлж, бид бүгд хачин царайлаад суучихав. “Тэр хүнийг одоо яах вэ, газар мэдэхгүй, бид нар очоод мэдэхгүй. Хэдэн сая хүний хаанаас нь гэж хайх вэ?” гээд сандарлаа. Хэрэв тэр хүн өөр зам дээрээс суусан бол Хайлаар, Манжуур луу явсан болж таарав. Харин суулгүй үлдэх юм бол биднээс цагийн дараа хөдлөх нэг галт тэргэнд амжих боломжтой байсан юм билээ. Тэр хүнтэй хэн хамгийн сүүлд, хаана байсныг байцаалаа. Зарим нь “Мөнгөтэй л үлдсэн байгаасай. Тэгвэл ядаж өөр галт тэргэнд суугаад Хайлаар, Манжуур луу явсан бол Оросоор дамжаад Монгол руу ирэх юм даа” гэсэн хувилбар ярьж байв. Бямбасүрэн ахлагч ч Хөххотын Монгол эмнэлгийн гадаад харилцааны Гоёноо дарга руу утсаар ярилаа, нэмэргүй. Сүүлдээ “Би ерөөсөө Жининь дээр буугаад буцаад  явья. Хөххотод очоод камер шүүлгээд өөр тийшээ явсан бол араас нь хөөж яваад олж авчирья” гэж байв. Тэгсэн Жининь хүрэхийн өмнө Гоёноогоос дуудлага ирж “Энэ хавийнхаа бүх монголчуудаар хайлгаад нөгөө хүнээ оллоо. Эндээс хэдэн монгол Эрээн явах гэж байна. Нэг вагонд цуг суулгаж өгөөд яг одоо та нарын араас явууллаа” гэж яриад асуудал шийдэгдэв. Бид Эрээнд 5:40-д, хоцорсон тэр хүн маань араас ирээд 6:40-д буух болжээ.

   Ингээд замын турш сэтгэл амарч, багийнхан маань нөгөө хүнээ вагоноос бууж ирэхээр нь бөөнөөрөө зогсож байгаад алгаа ташиж угтья гээд л хөгжилдөж явав. Тэгээд нөгөө хүн маань ирээд биднийг харангуутаа асгартал уйлчихсан. Би “Юундаа гомддог юм, та өөрөө л хариуцлагагүй байхгүй юу” гээд загналаа. Сүүлд нь надад “Эгч нь яг чам шиг том болчихсон хүүхдээ зуурдаар алдаад удаагүй. Сэтгэл санаа тогтож өгөхгүй байхаар нь олон гоё хүмүүс дунд оръё гэж шийдээд даргаасаа гуйгаад наашаа ирсэн” гэж учирласан. Тэгээд хэдүүлээ Улаанбаатар руу ирэх болсон чинь өнөө эмч маань дахиад Эрээн дээр үлдчихдэг юм. Бид эхэндээ цугтаа явж байгаад гаалиар хүмүүсийнхээ ачаа бараанаас зөөлцөөд урд хойноо орох хооронд л замын баримжаа алдсан байх. Зарим эмэгтэй эмч нар маань том, том чемоданаар юм авчихсан, өнөөхөө даахгүй болохоор нь нааш цааш нь болгож зохицуулах гээд баахан бужигнасан юм. Тэгээд вагон хөдлөөд нөгөө хүнээ байхгүй байхаар “Яагаад үлдчихэв ээ?” гээд залгасан чинь “Харин хоцорчихлоо. Санаа зоволтгүй, маргааш араас чинь очьё” гээд тоохгүй байна. Тэгсэн тэр хүн Хөххотод болохоор хамгийн түрүүнд шалганаар гараад төөрөөд явчихсан байжээ. Чигээрээ яваад доошоо бууж галт тэрэгний зам руугаа орох ёстой байтал чигээрээ явсаар баруун гар тийшээгээ эргэчихсэн. Явж байгаад нэг эргээд харсан чинь ард нь явж байсан хүмүүс байхгүй болохоор нь буцаж гүйгээд л олохоо байчихсан байгаа юм. Харин Эрээн дээр “Битгий салаарай. Ойрхон хамт яваарай” гэж захьсан хоёр хүнийг хүлээж байгаад бүр гурвын гурвуулаа хоцорсон. Тэгээд Улаанбаатарт маргааш нь ирээд Эрүүл мэндийн яамны уулзалтанд хамтдаа оролцсон доо.

   Энэ аялал хөдөөгийн эмч бидэнд олон сайхан хүнтэй нөхөрлөх, туршлага солилцох, мэдсэн сурснаа хуваалцах боломжийг олголоо. Тиймээс бид бүхнийг бага ч болтугай мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд нэмэр болж ийм арга хэмжээг зохион байгуулсан яам, албаны хүмүүст талархаж байна. Хүний нутагт нэг гэр бүл шиг яваад ирсэн багийнхаа 42 эмчдээ ч мөн талархлын үг дамжуулъя.

Багийн эмчийн жаргал, зовлон их

   Хүмүүс эрүүл мэндийн салбарт ажиллах хүч байхгүй байна л гэдэг. Эсрэгээрээ харин ч хангалттай боловсон хүчин манай салбарт байна. Говь-Алтай аймаг бага эмч, сувилагч мэргэжлээр жилд 600 хүн төгсгөдөг. Улаанбаатар хотод гэхэд анагаахын хэчнээн сургууль байгаа билээ. Тэдгээр хүмүүс ихэвчлэн Улаанбаатар хотод ирж өрхийн эмнэлгүүдээр л ажиллаж байгаа. Манай суманд сувилагч, уламжлалт анагаах ухааны чиглэлээр төгссөн хоёр залуу ажилгүй байна. Гэвч суманд орон тоо байхгүй гэж ярьдаг. Эмнэлгийн мэргэжлээр төгссөн хүмүүс уурын зуухны галч хийж байна. Би багт дуудлага ямар их байгаа талаар жил болгон тайлан гаргаж өгдөг юм. 2023 онд би 117 дуудлагад явсан байна лээ. Ихэнх нь морь, мотоциклиосоо унасан, үхэрт мөргүүлсэн, автомашины осол. Аваар осол гэхэд л 60 хувийг эзэлж байсан. Багийн эмч байхын нэг хэцүү нь утсаа унтрааж болдоггүй. Шөнө хэдэн цагт ч байсан, ямар ч баяр ёслолын үе бай, утас дуугарвал заавал явна. Хөххот яваад ирсэн хэд мааньУнтах эрхгүй, уух эрхгүй, явах эрхгүй хүмүүс чинь бид шүү дээ” гэж ярилцаж байхыг сонсож байлаа. Бидний багаж гэвэл аппарат, чагнуур хоёр л байна. Тэгээд халууны шилээ өвөртлөөд айлаа хэсээд явж өгнө. Миний гол унаа бол морь, мотоцикль, машин. Машин хээр эвдэрвэл цүнхээ үүрээд л явган гүйнэ. Өвөл бол нэг морьтой. Айлуудын өвөлжөө хооронд ихэвчлэн гурван км байна. Өнгөрсөн жил манай суманд зуд болсон юм. Хоёр багийн 90-ээд өрх байснаас хоёрхон айл малтайгаа сумандаа үлдсэн. Бусад нь Төв аймгийн Заамар сум хүртэл отроор нэг талдаа 1000 гаруй км нүүгээд явсан. Нэг удаа 7-8 хоногоор багийн айлуудаар явган явна гээд гэрээсээ гарав. Өөрийн унаагүй болохоор нэг айлд очиход “Унаагүй яваа юм уу? Алив Лхагваа эмчийгээ хүргээд өгнө өө” л гэнэ. Ингэсээр ямар ч байсан явган явахгүйгээр айлуудаа бүгдийг эргэчихлээ. Тэгсэн манай гэрийнхэн хойноос зовоод онцгойгийнхныг дуудчихсан, хаагуур хэрхэн хайх вэ гээд төлөвлөгөө гаргачихсан сууж байсан даа.

Авсан ээж болсон минь

  Орчин үед эмэгтэйчүүд суманд амаржихаа больсон. Тиймээс би хөдөө хүүхэд эх барьж бараг үзсэнгүй. Зайлшгүй шаардлагаар ганцаараа эх барьж төрүүлэх тохиолдол нэг л таарсан, 2018 онд байна уу даа. Хойд бүсийн таван сумын эмч, эмнэлгийн ажилтнуудын чуулга уулзалт болоод эмч нар маань Тэс сум руу явсан юм. Тэр үед өмнө нь ерөөсөө эмнэлэг хариуцаж байгаагүй гээд надад сумын эмнэлгийг хариуцуулж үлдээв. Эмч, сувилагч, үйлчлэгч гээд ганцаараа бүгдийг нь хийх болж таарлаа. Эхний өдөр тайван өнжөөд дараа өдөр нь өглөө эрт цонхоор хараад зогсож байтал гадаа хот хоорондын автобус хүрч ирээд зогсов. Манай сумын хажуугаар Увс аймаг руу явдаг хэвтээ тэнхлэгийн засмал зам тавигдсан юм л даа. Тэгтэл өнөө автобусан дотроос хоёр хүн том бүтээлэгтэй юм дамжлаад гараад ирдэг юм. Эмнэлгийн хаалгаар орж ирэнгүүтээ л “Хүн байна уу?” гэж ориллоо. “Яав, ийв?” гэтэл “Манай автобусанд яваа хүн төрөх гээд байна аа” гэнэ. Араас нь бас нэг эмэгтэй гүйгээд ороод ирэв. Бүтээлэгтэйг өнгийгөөд харсан чинь яг төрөх гэж байгаа хүн байна. Шалавхан төрөхийн өрөө рүү оруулаад “Хувцсаа тайлж байгаарай” гэж хэлээд гараад гүйв. Туслуулах хүн хайгаад цонхоороо харсан чинь хүн байдаггүй. Утсаар ийш тийш залгахаар манайхан бүгд өөр газар явж байгаа. Бүр сандарч орхив. Буцаад гүйгээд орсон чинь өнөө эмэгтэй өндөр орон дээр гарчихсан, хүүхдийнх нь толгой цухуйж байна. Тэгээд л гүйж очоод толгойноос нь бариад авсан. Хөлс урсаад л, амьдралдаа тэвдэж байгаагүйгээрээ тэвдлээ. Арай гэж хүүхдийг эх барьж аваад ороогоод зогсож байсан чинь цонхоор тэтгэвэртээ гарсан манай гавьяат эмч дэлгүүр лүүгээ явж байгаа харагдав. Ориллоо доо. “Гүйгээрэй эмч ээ, би ганцаараа болохоо байлаа шүү!” гэсэн чинь гүйгээд л ороод ирлээ. Тэгээд юуны түрүүнд “За миний хүү, эхлээд тайвшир. Чи тэвдээд байх юм бол наад хүн чинь тайвшрахгүй. Эхнээс нь цэгцтэй явна” гээд, яах ёстой дарааллыг нэг нэгээр нь хэлж өгөв. Эмчийгээ ороод ирэхээр би чинь хамаагүй тайвшраад, хийх ёстой үйлдлүүдээ дэс дараатай санаад хийж эхэлж байгаа юм. Эмнэлэг сахиж үлдсэн хүн ингээд жижүүрээ хийхийн хажуугаар, шинэ төрсөн эхээ харж хандах ажилтай болов. Төрсөн эмэгтэйг чинь автобусанд нь суулгаад явуулалтай биш аваад үлдсэн. Таних хүн байхгүй, харсаар байж хоосон байлгаад байж болохгүй учир гал тогоондоо гүйж ороод хоол хийлээ. Эхийн хөхөнд сүү орохгүй, хүүхэд уйлахаар сумынхаа хөхүүл эмэгтэйг гуйж авчирч хүүхдийг цатгав. Тэр өдрөө жаахан зүдэрч хонолоо. Маргааш нь эмнэлгийнхэн маань ч ирлээ, бүсгүйн нөхөр ч ирлээ. Амаржсан эх манай эмнэлэгт гурав хоноод явсан. Тэр явдлыг мартчихсан байж байтал 2022 онд нөхөр, хүүхдээ дагуулчихсан намайг сураглаад ирдэг юм. “Хот явах далимдаа тантай уулзах гээд хүрээд ирлээ. Та байгаагүй бол би хүний газар хэцүүдэх байлаа, баярлалаа” гэж бөөн хөөр баяртай хүмүүс уулзсан. Багт 13 жил эмч хийхдээ тэгж нэг айлын эмэгтэй хүүхдийн авсан ээж болж үзсэн дээ.   

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    Ба

    Гоё ярилцжээ

    2024-01-16

    Хариулах (1)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.