images

10 баримт: Дэвид Камерон

Д.Бизьяа

10 баримт

2024-04-25


   Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Их Британийн Ерөнхий сайд асан, Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай оронд айлчилж байна. Түүний талаарх 10 баримтыг уншигчдадаа толилуулья.

1. Дэвид Уильям Дональд Камерон нь Их Британийн Консерватив намын дарга, парламентын гишүүн, Ерөнхий сайдын албыг хашиж байсан улс төрч юм.

2. Бусад Ерөнхий сайд нараас ялгаатай нь Засгийн газрын сайд зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж үзэлгүй шууд Ерөнхий сайд болсон анхны улс төрч ажээ. 2010 онд бүх нийтийн сонгуулиар Консерватив намаа амжилттай удирдан ялалт байгуулж цэл залуухан 43 насандаа тус улсын Ерөнхий сайд болжээ.

3. Тэрбээр II Элизабэтийн холын хамаатан, хааны удмын хүн. 

4. Оксфордын их сургуульд философи, улс төр, эдийн засгийн чиглэлээр суралцаж, төгсөхдөө сургуулийнхаа шилдэг оюутнаар шалгарч байв.

5. Засгийн эрх барьж байхдаа Засгийн газрын зардлыг хязгаарлах замаар төсвийн алдагдлыг бууруулах, улмаар төсвийн тогтвортой байдлыг сэргээх бодлого барьж байсан ч ихээхэн эсэргүүцэлтэй тулгарсан байна. Гэвч тэрбээр энэ бодлогоо тууштай баримталсан бөгөөд "Өр дээр суурилсан халамж ирээдүйгүй” хэмээн үздэг байсан аж.

6. Д.Камерон өөрийгөө "Шинэ үеийн эелдэг консерватив үзэлтэн" хэмээн тодотгодог бөгөөд улс төрийн бодлоготныхоо хувьд зөвшилцөл, яриа хэлэлцээрийг илүүд үздэг. Сөрөг хүчний намын даргаар ажиллаж байхдаа “Эрх баригч Хөдөлмөрийн намын бодлогыг учир утгагүй эсэргүүцэх биш, харин харилцан зөвшилцөж, зөв зүйтэй бодлогыг нь дэмжих ёстой” хэмээн мэдэгдэж байжээ.

7. Д.Камерон Ерөнхий сайд асан Маргарет Тэтчерийн үнэнч шүтэн бишрэгч хэдий ч яг тэтчеризмыг ёсчлон дагадаггүй гэдгээ илэрхийлж байсан. Мөн либерал консерватизмыг дэмждэг ч үзэл сурталд нь хэт автаж болохгүй гэдэг.

8. 2016 оны зургаадугаар сарын 23-ны өдөр Их Британи улс Европын холбооноос гарах эсэх асуудлаар ард нийтийн санал асуулга явуулжээ. Санал асуулгын хариу нь Д.Камероны хүсч байснаас өөрөөр гарч тус улс Европын холбооноос гарах болсон тул тэрбээр удалгүй өөрийн хүсэлтээр Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцорсон байна.

9. Д.Камерон “The Smiths” инди рок хамтлагийн үнэнч шүтэн бишрэгч юм. Түүнд тус хамтлагийн бүх цомог, хуурцагны цуглуулга байдаг ажээ.

10. Британийн загвар өмсөгч Эрин О' Коннор Д.Камеронтой биечлэн уулзсаныхаа дараа түүнийг маш царайлаг, цэгцтэй сайхан ярьдаг уран илтгэгч хэмээн үнэлж байжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.