images

Б.Баяр: АНУ-ын Конгрессын номын санд миний цомог байгааг сонсоод гайхсан

Н.Ариунсайхан

Сайн хүн явснаа

2023-12-08


   Байгалийн гэрэл зурагчин Б.Баярын 120-иод гэрэл зурагтай цомог 2014 оноос хойш АНУ-ын Конгрессын номын санд албан ёсоор бүртгэлтэй байгаа ажээ. Энэ талаар номын эзэн Б.Баяр саяхан тус номын санд зочлох үеэрээ мэдсэнээ Фэйсбүүктээ бичсэн юм. Тэгвэл одоо Канадад байгаа түүнтэй холбоо барьж товч ярилцсанаа хүргэе.

- Сайн байна уу? Та ямар хэргээр Конгрессын номын санд очив оо. Бүтээлээ байж байхыг нүдээр үзээд ямар санагдав?

- Би 2013 онд “Bayar's Photography Impressions” нэртэй 120 орчим зурагтай цомог англи, монгол хэл дээр гаргасан юм. Хатуу хавтастай нийт 50 хуудас юм. Яаж яваад тэр номын санд очсоныг сайн мэдэхгүй. Нэг удаа зурагчин Г.Ган-Өлзий  маань “Баяраа ах аа, таны цомог АНУ-ын Конгрессын номын санд байж байна” гэхэд нь нүд орой дээрээ гарсан. Ямартай ч байдгийг нь дуулаад очиж үзэх юмсан гэж бодож явсан ухаантай. Ингээд сая Монголын байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэгтэйгээ АНУ-д үзэсгэлэн гаргахын сацуу нийт таван номыг Конгрессын номын санд шинээр хандивлахаар очсон юм. Тухайн үед Азийн орнуудыг хариуцсан Сюзан хэмээх настай эмэгтэй угтаж, миний номыг надад харууллаа. Зохиогчтой нь уулзсандаа баяртай байна гээд л хамт зургаа даруулаад, сайхан ярилцсан. Ер нь гэрэл зургийн цомог хуучрахгүй, үнэ цэн, ач холбогдлоо алдахгүй учраас тийм номнуудыг дуртай хүлээж авдаг юм байна лээ.  Шинээр хандивласан цомгуудын тухайд, гэрэл зурагчин Г.Ган-Өлзийн нэг, Д.Октябрийн хоёр, Монголын байгалийн гэрэл зурагчдын 2022, 2023 оны 100 шилдэг бүтээлийн эмхэтгэл юм. Д.Октябрь маань Монголдоо хамгийн олон цомог гаргасан гэрэл зурагчин. Нийт 15 цомогтой. 

   Конгрессын номын сан төсөв мөнгө гаргаж Монголоос тодорхой хэмжээний ном худалдаж авах журамтай юм билээ. Түүнтэй холбоотойгоор монгол ном зуучилж өгдөг хүмүүс тэд нарт олж өгсөн байх. Миний бүтээлийг номын сандаа албан ёсоор бүртгэлжүүлээд, Монголоос төлөөлөгчид очихоор гаргаж үзүүлдэг гэж байна лээ.

АНУ-ын Калифорниа мужийн Йосемитийн үндэсний байгалийн цогцолбор газар.

- Байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэг АНУ-д ямар үзэсгэлэн гаргав?

- АНУ-д байгаа Монголын ЭСЯ, сайд Ө.Батбаяр, Монголын байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэг болон АНУ-ын “Давид Маккей” гэрэл зургийн академитэй хамтран анх удаа Вашингтон хотноо "Монгол орон бидний дуранд" нэртэй үзэсгэлэнг энэ оны 11 дүгээр сарын 26-31-ний өдрүүдэд гаргалаа. Үүнд Монгол болон Америкийн нийт 13 гэрэл зурагчдын шилдэг 45 бүтээл тавигдсан. Монголын байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэг бол одоогоос гурван жилийн өмнө байгуулагдсан юм. Би энэ байгууллагын Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар хоёр жил ажиллаж байсан.

- Та гэрэл зураг авах болсон түүхээсээ хуваалцаач. Яагаад байгалийн гэрэл зураг гэж?

- Би нийслэлийн унаган хүүхэд. Гэхдээ багаасаа үүргэвч үүрээд аялалд гарах, хээр гадаа явах дуртай хүүхэд байсан нь үүнд нөлөөлсөн болов уу. Би гэрэл зургийн сургуульд сураагүй ээ. Харин сонирхлоороо хоёр жил гаруй цахимаас хичээл үзсэн. 2000-аад онд гэрэл зургийн мастер Э.Цацрал, аялагч Г.Бадамсамбуу бид хэд хөдөө зурганд  явсан юм. Тэр үед манай хоёр хальсны аппаратаар зураг  авдаг байлаа. Ер нь газар ч үзнэ, тэр үзэсгэлэнт мөчийг мөнхөлнө гэдэг сайхан ажил. Тухайн үед хальсны аппаратаар зураг дараад, тэрийгээ угааж гаргах гэж их ажил ордог байсан юм. Тийм болохоор 2006 онд Монголд дижитал гэрэл зураг үүсэж байхтай зэрэгцээд “Nikon” аппарат авч байлаа. Түүнийгээ өдий болтол хэрэглэж явна даа.

  Гадаад орнуудаар явж, байгалийг нь гэрэл зургийн дуранд буулгаад гэртээ ирээд үзэхэд сайхан байдаг. Гэхдээ Монголынхоо байгалийг яагаад гэрэл зурагт мөнхөлж болохгүй гэж. Монгол хүмүүст ч тэр, дэлхийд тэр баялаг сайхан орон гэдгээ таниулах хэрэгтэй шүү дээ.

   Намайг гэрэл зураг дарж эхэлж байхад цахим платформ цөөхөн байсан. Харин нэг вэб сайтад өөрийн нэрийн дор гэрэл зургаа тавих боломж гараад тэндээс ижил сонирхолтой монгол залуустай танилцаж, найз нөхөд болцгоосон. Хамт зурганд явцгаадаг болж, тэндээс л миний зургийн ажил өрнөж эхэлсэн дээ. Яагаад байгаль вэ гэж асуусан даа. Монгол орон маань одоохондоо хот суурин газрууд нь сайн хөгжөөгүй байна. Хэдэн зуун жил болчихсон хот суурин газар бол байхгүй шүү дээ. Тиймээс хотжиж байгаа үйл явц сонин биш. Бас би хүний зураг дардаггүй. Харин хөдөө монгол ахуй дээрээ байгаа хүний зургийг авахад татгалзах юмгүй. Ер нь миний нийт зураг авалтын 90 хувь нь хөдөө өрнөдөг. Монгол орноо зургаан удаа тойрсон. Зарим газраар нь хорь, гуч явсан ч байгаа.

АНУ-ын Grand Canyon хавцал. 

- Олон улсад үзэсгэлэн гаргаж байсан туршлагаасаа ярьж өгөөч.

- Би дарсан зургуудаа өөрийнхөө цахим хуудсанд тогтмол оруулдаг. Тэрийг үзсэн хүмүүс над руу үзэсгэлэнд оролцох боломжтой юу гэж их ханддаг юм. Би нөхцөл байдал, төлбөр мөнгөний бололцоогоо харж байгаад боломж нь бүрдвэл үзэсгэлэндээ өөрөө явж оролцохыг хичээнэ. Одоогоор дэлхийн 12 улсад гарсан үзэсгэлэнд зургаа тавьсан байна. Заримдаа би өөрөө тэр улсад очихгүйгээр үзэсгэлэнд оролцдог. Тодорхой нэг сэдвийн дагуу 8МВ-ээс том нягтралтай, фокус сайтай гэрэл зургаа илгээхэд, нөгөө тал хүлээн авч үзэсгэлэнд дэлгээд надад батламж болон видео бичлэг хийж явуулдаг. Мөн зарим тохиолдолд хамгийн их хүмүүсийн анхаарал татсан зургийг онцолж батламж явуулдаг.

- Та АНУ-аар нэлээд явж байгалийн зураг авсан юм байна. Ийм аяллыг хэрхэн төлөвлөдөг вэ, алдартай гэсэн газруудыг шууд зорьж очдог үү, зардал хэр гардаг вэ?

- Америкийн үзэсгэлэнт байгальтай паркуудын ихэнх нь дандаа баруун талаараа байдаг. Би тэр талаар нь 3-4 удаа явж үзсэн. Вашингтонд сая үзэсгэлэнгээ гаргахаар очоод би залуустайгаа хэд хэдэн газраар зурганд явлаа. Төлөвлөхийн тухайд эхлээд тэр гадаад орондоо ямар зураг авч болох талаар цахим судалгаа сайн хийж, газруудаа товлоно. Маршрутаа гаргахдаа тэнд амьдардаг залуучуудтай холбоо бариад ерөнхий мэдээллээ авчихдаг. Зарим нь хамт явья гэдэг. Зардлаа бол оролцож байгаа хүмүүс аль болох хамтраад хуваах замаар шийддэг. Тэгвэл нэг хүнд ноогдох зардал нь их хямд гардаг юм.

- Ярилцсанд баярлалаа.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    Сүрэн

    Амжилт хүсье.

    2024-04-03

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.