Ш.Ганхуяг: Хянганы нурууны эдлэнд Ванчинбалын удмынхантай уулзав
Сайн хүн явснаа
2024-03-26
Ш.Ганхуяг: Хянганы нурууны эдлэнд Ванчинбалын удмынхантай уулзав
Сэтгүүлч, яруу найрагч, хурдан морь судлаач Шарын Ганхуяг сүүлийн 20 гаруй жил дэлхий дахинд монголчуудын тархан суусан нутаг орнуудаар явжээ. Энэ тухайгаа “Монголын зам” нэртэй ном бичсэн буй. Тэрбээр саяхан хийсэн ээлжит аяллынхаа талаар манай “Сайн хүн явснаа” буланд ийн өгүүлэв.
Хятадын хил нээгдээд нааш цааш нэвтрэхэд саадгүй сайхан болжээ. Улаанбаатараас гараад Эрээнд очиход Ар хорчины Мэндбаяр гэж найз маань угтаж авав. Тэгээд хоёул Эрээнээс гараад давхилаа. Эрээнээс Шилийн гол буюу Шилийн хот ороод, тэндээсээ урагшаа Баарин ороод, Баарингаас Мэндбаярын найз Ачин гэж багш залууг авч гурвуулаа болж аваад цаашаа явсан юм. Яаруухан ч явсан даа, энэ хоёр залуу маань машинаа ээлжилж бариад л явлаа. Баарин их сонин, Бодончарын хамгийн анхны хүүхэд Бааридай гэдгээс үүссэн овог. Сүүлдээ хошуу, засаг захиргааны нэгж болчихсон юм билээ. Баарингаас Жирэм, Жирэмээсээ Хянган орсон юм. Аяллын зорилго болохоор явсан газрынхаа монголчуудтай л уулзах явдал. Дайраад дайраад л явлаа.
Жирэмийн монголчуудын уясан морь Бээжин, Шанхайд түрүүлдэг
Жирэм аймаг бол газар тариалангийн нутаг. Жирэмийн чуулган гэж байсан даа. Тэр нь Жирэм аймаг болжээ. Өвөр Монголд хамгийн олон монголчуудтай газар нь Жирэм юм байна. Сая гаруй монгол байдаг гэнэ. Олон үндэстэн ястан холилдоод хэл яриа нь ондоошсон байлгүй яахав. Гэхдээ л ойлгогдоно. 2000-аад оны эхэн хүртэлх амьдрал тэнд бол ердөө л нэг нааран байшинд арван тав зургуулаа чихэлдэж амьдардаг. Унтахдаа ганц муу нааран дээрээ зулаад хэвтэцгээдэг. Тэгээд тэр олон дотроос нэг нь тусдаа гарвал хана руугаа шахасхийгээд наагуур нь нэг муу даавуу унжуулаад амьхандаа тусгаар болгодог. Гайгүйхэн айл нь болохоор хаалга хийж жижиг тасалгаа гаргана. Тийм амьдрал түгээмэл байсан юм билээ. Нэг айл жилдээ нэг гахай ч юм уу, эсвэл хонь ямаа ч юм уу газрын эзэндээ өгдөг. Бог өгч байгаа айл бол нэлээн чинээлэгтээ ордог байж. Одоо бол бас учиртай болсон байна. Хоол унд нь элбэг дэлбэг, хүмүүсийнх нь амьдрал боломжийн, ер нь л хангалуун маягтай. Морио уралдуулаад, бөхөө барилдуулаад, сураа харваад л байж байна. Цэнгэл гэж залуугийнд очлоо. Жирэм аймгийн Манхан сумын малчин айл юм. Жирэмд бэлчээрийн мал гэж ойлголт байхгүй. Ямар ч айл гаднаа хашаатай, тэжээлтэй. Их малтай байх аргагүй газар аж.
Цэнгэл бол хэрэгцээ гарвал хүнээс 500 үхэр худалдаад авчих хөрөнгөтэй хүн байна. Тэжээлийн үйлдвэртэй. Хэдэн сайхан хурдан морь цуглуулчихсан. Шанхай, Бээжингийн морин тойруулгад уралдуулаад үзчихсэн, бүр түрүүлгэчихсэн. Нутгийн адуунаас гадна Англиас морьд цуглуулсан байсан. Халтар халзан морь нь жишээлбэл Бээжин, Шанхайд түрүүлсэн гэнэ. Тэнд бэлчээрийн адуу маллах боломжгүй. Уралдуулах морио хашаандаа л хариулдаг шиг байгаа юм. Жирэм аймаг хэзээнээсээ хурдтай газар гэж яригддаг юм байна. Уяа сойлгоо өөрсдөө хийдэг. Хусуураа бүсэндээ хавчуулаад л явдаг, цусанд нь монгол юм байна аа, байна. Манайх шиг морь уралдах газар байхгүй учраас дандаа тойргоор л уралдуулдаг. Манхан сумын Их тал гэдэг газар очлоо. Найман хошууны залуучууд цуглаад найман ангиллаар морьдоо уралдуулж байна. Гэхдээ морь нь цөөхөн. Цэвэр, эрлийз, жороо гэх маягаар найман ангиллаар уралдууллаа. Өдөржингийн л ажил болдог юм байна. Ер нь Өвөр Монголдоо нэлээн цөстэй, зоригтой монголчууд нь Жирэмийнхэн байдаг гэж ярих юм. Чингисийн удам, Хасарын удам л гэнэ. Бид Цэнгэлийнд нэг хоноод цаашаа мордсон.
Энх Амгалан хааны эмээгийн төрсөн нутагт
Жирэмээс Хянган хүртэл их хол. Өглөө гараад шөнө орой очиж байна. Зам нь харин сайхан даа. Хянган аймаг уул нь Өвөр Монголын нийслэл болохоор анх байгуулагдсан, их цэвэрхэн том хот. Тэгээд яагаад ч юм, Хөх хотыг нийслэлээ болгосон юм байна. Хянганы нэг томоо уулан дээр Чингис хааны музей байгуулж. “Нууц товчоо”-ноос сэдэвлэжээ. Тойроод цэцэрлэгт хүрээлэнтэй, гурван метр өндөртэй алтадсан Чингис хааныг хоймортоо залсан байна. Хянган орох замд нэг шатахуун түгээгүүрийн газар Манжийн их хатан Хуан тайхугийн төрсөн нутаг гэсэн бичигтэй газар байсан. Тэр нь Энх-Амгалангийн эмэг эх. Хасарын удмын боржигин хүн юм байна. Тэндээс Манжийн хаанд хатан болж очсон гэнэ. Тэр эмэгтэй Хун тайж буюу Дээд эрдэмт хааны хатан болоод өөрийн хүүг Эеэр засагч хаан болгосон төдийгүй хүүгийнхээ хүү Энх-Амгаланг хаан болгоод Манжийн төрийг 30 гаран жил барьчихсан хүн юм байна. Хорчингууд болохоор Бумбатай хатан гэх юм билээ. Төрсөн газар нь Хянганы урдтайхан юм. Монгол хатад тодорхой эрх мэдэлтэй байх үедээ төрийг бас барилцаж л явсан юм билээ. Хатдын түүхэн гавьяа их байдаг юм байна. Бид ч Манжийн хааны их хатан л гээд байхаас биш тийм угсаа гарвалтай гэж мэддэггүй.
Хянган аймагт Чингис хааны тэр сайхан музейгээр оруулж байна. Тайлбарлаж байгаа хүмүүс нь маш сайн ярих юм. Хятад, монгол аль алинаар нь маш сайхан тайлбарлаж байна лээ. Гэтэл манай хөтөч тайлбарлагчид чинь гүүн зэл, айргаа тайлбарлах гэж тарж явчихдаг шүү дээ. Гэтэл тэдний тайлбарлагчид айхтар өөр. Хүлэгү хааны барьж байсан тамганы эх загварын хайрцгийг Ватиканаас авчруулаад хийлгэсэн байна. Тэр цэцэрлэгт хүрээлэн маш том юм аа. Сүхбаатарын талбайгаас бараг хоёр дахин том юм. Найман шарга, Алунгуа эхийн таван хүү гээд түүхэн үйл явдлуудаар лут лут хөшөө дурсгал хийжээ. Дөрвөн хүлэг баатрыг хүртэл хийчхэж. Мод цэцэг ургуулсан нь учир тоймгүй их. Хянганд хоёр хонохдоо бичгийн их хүн Ванчинбалын удмын хүнтэй уулзлаа. Манай монголчууд ч зовлонтой улс даа. Өөрсдөө мэдэхгүй, мэдсэн нэгнийгээ худлаа шаалаа гэнэ. Монголын их зохиолч Инжинашийн аав Ванчинбал дөрвөн хүүтэй, тийм үү? Тэгвэл тэр хөвгүүдийн гуравдугаар нь болох Сүнвэйданзангийн 11 дэх үеийн хүнтэй уулзлаа. Хүчит гэдэг залуу байна, дөч гаруй настай.
Хянганы нурууны эдлэнд шөнөөр ирсэн хүмүүсийн учир
Чингис хаанаас хойш эд чинь Толуй эзний удмынхан юм байна л даа. Ургийн бичиг нь өөрт нь байна. Хүчит бол өөрөө Бээжинд суурин байдаг, тэнд бизнес эрхэлдэг хүн ажээ. Хилийн цэрэгт байж байгаад тэтгэвэртээ гарч хувийн хэвшилд шилжсэн. Бээжингээс Хянган хүрэхэд 1500 гаруй км гэнэ. Энэ миний очсон газар бол Хянганы нурууныхаа яг өвөрт. Жуулчид хүлээж авдаг зуслан, хувийн эдлэн нь маягтай газар юм. Жараад шарга адуутай, тэрийгээ жуулчдад үзүүлдэг бололтой юм. Хурдан адуу олон, тэр хавийн уралдаанууддаа давхиулдаг, түрүүлгэдэг гэнэ. Гэрт нь ороход Монголын бүх хаадын хөргийг хоймортоо залчихсан байна. Том том хуяг дуулга хийлгээд тавьчихаж. Яг л тэр үед өмсөж байсан хэмжээгээр нь хийлгэсэн гэнэ. Одоо тэгээд тэр үеийн эрчүүд их дөмөг байж л дээ. Би мэт нь өмсөх юм бол сугарч унаад аль хэдийнэ толгойгоо цавчуулчихсан байгаа л даа.
Тэр залуутай уулзаад байж байсан чинь орой нь гурван залуу ороод ирлээ. Найз нөхөд юм байлгүй, ирж хонохоор ярьсан байж л гэж бодлоо. Тэгээд уулзаад ярьж суутал нэг нь Тэв тэнгэр бөөгийн удмын хүн. Нөгөө нь Баяр гүнгийн удмын хүн гэнэ. За ингээд сайхан яриа хөөрөө өрнөлөө дөө. Өглөө уулзаж бүгдээрээ сайхан бичлэг хийцгээе гэж тохирсон чинь хошуунаас нь дуудлага ирээд шөнө яваад өгсөн байна лээ. Тэд хоорондоо ийм холбоотой байдаг юм байна. Тэв тэнгэр бөөг нурууг нь хугалж алдаг шүү дээ. Отчигин ноёныг хойноосоо сөхрүүлж мөргүүлсэн хэргээр Чингис хаан ал гэдэггүй юу. Тэгсэн чинь тэдний үр хүүхэд нь тал нутгаасаа зугтаж, дайжиж бүр зүүн урагшаа яваад Юань улс, Хубилайгийн үед нэг арлаас наашаа нүүж гарч ирсэн юм байна. Зуу гаруй хүн. Наашаа нүүхэд хойноос нь хөөж ирж нэлээдийг нь алжээ. Замдаа хэдэн хөгшид, хүүхдийг Хар мөрөнд орхисон гэнэ. Замдаа алуулж талуулж юм юм үзэж явсаар хорин хэдэн хүн Хөлөнбуйрт ирж. Тэр хүмүүсийн үр удам нь гэнэ, тэр залуус. Овгийнхоо нэг залууд шүтээнээ хадгалуулсан байдаг гэнэ. Онго шүтээн л байх. Тэв тэнгэрийн үеэс ирсэн юм гэж ярьж байна лээ. Эд нар бүгд ургийн бичигтэй. Хүчит бол тэдэнтэй овог ургийн хамааралгүй, Сүнвэйданзангаас салбарласан удмынхны хүн. Баяр гүнгийн төрсөн дүү нь энэ Хүчит дээр ирж хоносон залуугийн өвөө нь юм байна. Үдшээр хөөрөлдсөн улсуудын нэг нь бас Хасарын удмын хүн гэж өөрийгөө хэлж байна лээ. Тэр Түрэмгий баатар Баяр гүнгийн дүү нь ахтайгаа яг адилхаан. Ер нь их түрэмгий байрын нөхөр. Эд нар нийлж бизнес хийдэг. Монгол руу юм оруулна, гэхдээ чанартай л юм оруулна гэж Барууны орнуудад хүртэл явдаг гэнэ. Хянганд “Тэмээн гол” гэж компани байна. Махны компани. Мал мах гадагш дотогш экспортолж, импортолдог юм билээ.
Морь, нохой, чоно, бүргэд...
Хүчитийн тэр эдлэн томоосоо гадна юм юмтай. Морь адгуулж уяна, зундаа жуулчин авч өвөг дээдсийнхээ нутгаар аялуулна. Бас нохой тэжээнэ, зуу гаруй юм байна. Чоно, тэр дундаа хар чоно гээд тэжээх юм. Шархадсан буга муга таарвал эмчилдэг гэнэ. Бүргэд, харцага гээд есөн жорын юм тэжээж байдаг юм байна. Манайхаар бол байгаль хамгаалах газар маягийн юм хийдэг бололтой юм. Гэтэл өнөөх Хасарын удмынх гээд байгаа хүү анчин юм байна. Арваад нохой аваад уул өөдөө яваад өгдөг юм билээ. Хянганы нуруу тэр чигтээ ой мод. Ан бол элбэг гэж байна. Гэхдээ буу дуугаргаж болохгүй. Тэгээд тэр нөхөр нохойгоор ан хийдэг юм байна. Ерөөсөө л ан ярина. Би зуу гаруй гахай агнасан л гэнэ. Чоно, нохойн эрлийзүүд их. Эрлийзүүд гялс хийгээд цочимхой, улих хуцахыг хослуулдаг гээд л ярив. Зуун хэдэн нохой тэжээнэ гэхээр жуулчид нэлээн л сайн авдаг байх. Тэр ууланд буга, хандгай гээд байхгүй юм байхгүй.
Хянганы баруун зүүгээр үзэмчин хошууд байна. Хянганаа давуут л манай Мэнэнгийн тал цэлийнэ дээ. Хянганы нуруу давлаа, мод ч дууслаа, тэгээд нэг ч модгүй. Уугуул нутгийнхан бол одоо болтол Мэнэнгийн Богд уулаа шүтдэг юм байна. Соёлз уулан дээр байсан овоог малчид очиж тахихад зориулаад Хүчит урагш нь км хүрэхгүй газар татаад өөр газар луу шилжүүлсэн байна лээ. Яг хил дээр учраас уул овоогоо тахиж болдоггүй, тийм учраас нүүлгэсэн байна. Соёлз уул бол яг хил дээр. Хүчит намайг дагуулж тэр ууланд ойрхон очоод буцсан. Хамаагүй явж болохгүй газар.
Нутаг буцах замдаа Хятадын шилдэг хүнтэй уулзав
Энэ удаагийн аянаар 3000 гаруй км явж Өвөр Монголын дөрвөн аймаг, 13 хошууг дайрчээ. Хянганд л хэд хоносноос биш замдаа бол шахуу явсан даа. Монголчууд тэгээд Хятадын аль ч газар зовхи нь өөдөө байх юм. Хамгийн сүүлд Лигдэн хааны байгуулсан Очирт цагаан хот гэж Ар хорчин хошуунаас 90 км орчим яваад туурин дээр нь очдог юм. Авга хошууныхаа Авгын хар уулын урд тал хуучин Цахарын нутаг. Баруун Сөнөдөөс эхлээд Хянганы нуруу хүрч байж Цахарын нутаг. Тийм өргөн. Лигдэн хаан тэр хотоо байгуулж, хаан ч нас барж хот балгас болсон. Ордонд хөгжимдөж байсан хаан хөгжим Ар хорчинд хадгалагдаад үлдсэн байдаг. Одоо ч тоглож байдаг юм билээ. Янз бүрийн л хөгжмүүд байдаг. Хамгийн сүүлчийн хааны ордонд байсан хөгжмүүд гэсэн үг.
Хянганаас буцаж явах замаараа хуучны сайн найзтайгаа уулзлаа. Өмнөд хөршид Бүх Хятадын шилдэг 10 хүн гэж жил тутам тодруулдаг. Тэр 10 хүний нэгээр хоёр ч удаа шалгарсан Бөхөө гэж эмч байдаг юм. Тэрэнтэйгээ уулзав. Монгол анагаах ухааныг шавь сургалтаар авч үлдсэн хүн. 2018 онд уулзахад, эмчилсэн хүн нь сая гаран болчихсон байсан. Бөхөө эмчид үзүүлнэ гээд оочир дараалал пиг. Тэр сургууль соёлд сураагүй хүн. Олон хүүхэдтэй ядуу айлын хүүхэд. Өвгөн ламд зарцлагдаж, эмийн ургамлыг нь түүж өгдөг, нүддэг, боож өгдөг. Тэгж явж юм сурсан юм гэдэг. Одоо бол тэрэн шиг баян хүн Өвөр Монголд байхгүй. Орон нутагтаа есөн давхар музей байгуулахад хөрөнгө оруулсан байх жишээтэй. Монголын уламжлалт анагаах ухааныг дэлхийд гаргаж байгаа хоёр их чухал хүн Хятадад байна. Нэг нь Бөхөө. Нөгөө нь Бээжинд байгаа. Хувьсгалт гэж эмч. Тэр эмчид үзүүлэх дараалал 2024 он хүртэл дуусчихсан байсан. За товчхон яривал нэг иймэрхүү л сонинтой явлаа даа, өмнөд нутгаар энэ удаа.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.