images

Аялагч Ц.Алтангэрэл: Хоёр сарын турш туулсан 28 мянган км замд хүний аль сайнтай учирлаа

Б.Бадамзул

Сайн хүн явснаа

2023-10-23


Монгол, Орос, Казахстан, Киргизстан, Узбекистан, Гүрж, Туркээр ганцаараа мотоциклтой аялсан Ц.Алтангэрэлтэй ярилцлаа. Тэрбээр Монголтой хамгийн төстэй байгальтай гэж болох эдгээр орноор хоёр сарын турш явж 28 мянган км туулахдаа олон сонин юм үзжээ. Өгөдэй нэрт хүүтэй таарснаас авхуулаад Орос, Украины дайны бүсийн хажуугаар өнгөрсөн гэх мэт алсын замд туулсан барагдашгүй олон адал явдлынх нь тухай яриаг “Сайн хүн явснаа” булангаараа хүргэж байна.

Ц.Алтангэрэл гэж хэн бэ?

   Би Увс аймгийн Өлгий суманд төрж өссөн, малчин айлын хүүхэд. Таван хүүхэдтэй айлын дөрөв дэх нь болж мэндэлсэн. Багадаа адуу малтай ноцолдож бусдан адил энгийн өслөө. Тухайн үед аялал гэж мэдэхгүй ч гэрээсээ гараад урагшаа явсан бол буцаж ирэхдээ хойноосоо орж ирдэг хүүхэд байсан юм. Гараад явсан бол нэг уул тойроод эргэж ирэхийг боддог, тийм жигтэй сонирхолтой хүүхэд байв. Гэрийн бараа харагдахаас илүүтэй гэрээ далд ортол явах нь сайхан санагдана. Тэгээд л уулын цаана юу байдаг бол, энэ уулыг давбал яах бол, тэнгэрийн мухарт тулж очих сон гэж их бодно оо. Хүүхдийн л бодол шүү дээ. Би ийм л хүүхэд байлаа. Хүүхэд насны тэр шинж одоо ингээд аялж яваад минь нөлөөлсөн болов уу гэж боддог. Миний аав мөн нутаг орондоо алдуул малын араас сайн явдгаараа алдартай хүн байж. Аавыг минь хүний очиж үзээгүй өвөрмөц сонин газарт очиж явсан гэж нутгийн хөгшид ярьдаг. Тухайн үед хөдөөний хүмүүс аялал гэж мэдэхгүй шүү дээ. Гэхдээ аав минь байгаль их сонирхдог хүн байж. Би аавынхаа энэ занг мөн дуурайсан бололтой.

Аяллын маршрутыг товчхон өгүүлбэл

   Би долоодугаар сарын 1-нд Улаанбаатараас хөдөлсөн юм. Хэдэн найз маань намайг Хархорин сум хүртэл гаргаж өгсөн. Тэндээс цааш би Тэрхийн цагаан нуураар дайрч Улаангом ороод тэндээсээ Баян-Өлгий хүрч Цагааннуурын боомтоор Орос руу гарав. Тэгээд Оросын Барнаул хотод очиж хоноод тэндээс урагшаа эргээд Казахстаны хилд хүрч тус улсын Семей хотод очив. Товчхон ярьвал, би Орос, Казахстан, Киргизстан, Узбекистан орсон юм. Тэндээсээ Узбекистаны урд орших Тажикистан орж Памирын нурууг үзэх мөрөөдөлтэй байсан ч Узбекистан, Казахстаны хил маргаантай байсан учраас нэвтэрч чадаагүй. Ийм учраас Узбекистаны Самарканд хотоор дамжин хойш буцаж Казахстан руу орсон. Учир нь, надад Каспийн тэнгисийн урд талын Туркменистан, Ираны виз байгаагүй. Тэр улсууд цар тахлаас хойш хилээ нээгээгүй байгаа. Тиймээс Каспийн тэнгисийн араар тойрч Казахстанд ирээд буцаж Орос руу орж Астрахань хотоор дамжиж урагшилсаар Чечень орсон. Тэндээсээ Гүрж, Турк хүрэв. Харин Турк улсыг нар зөв бүтэн тойрч аялсан. Энэ аяллынхаа хамгийн урт хугацаа, хамгийн урт замыг Туркэд өнгөрөөсөн юм. Истанбулд Элчин сайдын яамныхаа хашаанд монгол гэр байхыг үзээд барьц алдсан шүү. Тэндээсээ Гүрж ороод Чечениэр дайрч Москва хүрлээ. Тэнд миний үеэлийнх байдаг юм. Үеэлийндээ очиж хэд хоног амраад Сибирийн замаар 6300 км давхиад Монголдоо Ханхаар орж ирсэн. Тэндээс намайг мотоциклтой найзууд маань угтан авч, бид Завханы Их Уулаар дайран Солонготын даваагаар давж нааш явсаар хотдоо ирлээ. Нийтдээ 63 хоног явсан байна лээ. Би есдүгээр сарын 3-нд буцаж ирсэн юм. Харин явсан замын маань урт 28 мянган км.

Аяллын маршрутыг газрын зураг дээр тэмдэглэсэн нь.

Сайн эмчийн үг урам зориг хайрлав

   2006 онд Английн жүжигчин Эван МакГрегор, Чарли Бурмэн нар “Long Way Round” гэдэг төсөл хэрэгжүүлж дэлхийг мотоциклтой тойрон аялсан юм. Би тэдний бичлэгийг анх үзээд “Хөөх, ийм байдаг юм байна” хэмээн гайхаж, тэдэн шиг аялах сан гэж мөрөөддөг болсон. Гэвч долоо, найман жил онош тодорхойгүй өвдөж байсан бие минь 2016 онд муудаж удаан хугацаагаар эмнэлэгт хэвтэв. Тэгэхэд би “Яагаад эрүүл байхдаа мөрөөдлөө биелүүлж байгаагүй юм бол?” гэж их бодсон. Гэтэл эмч маань “Дуртай юмаа л хий л дээ. Чамд стресс хэрэггүй шүү дээ” гэсэн юм. Хариуд нь би “Эмч ээ, миний дуртай зүйл мотоцикл унах шүү дээ” гэхэд эмч “Тэгээд чи тэрийгээ ахиухан унаж болдоггүй юм уу?” гэсэн. Үнэхээр гоё. Энэ аялалд гарах зориг тэндээс л эхэлсэн. Түүнээс өмнө мотоцикл амаргүй эд болохоор ийм сонирхлоо эмчдээ хэлж зүрхэлдэггүй, эрүүл мэндэд муу байх гэж боддог байлаа. Харин тэр эргэлзээг эмч минь ингэж бүрэн дүүрэн тайлсан юм даа. Тиймээс би “Интермед” эмнэлгийн Г.Сарантуяа эмчид маш их баярлаж явдаг. Сая аяллаасаа ирээд эмчдээ талархаж явдгаа ч илэрхийлсэн.

   Тэгээд эдгэрэнгүүтээ мотоцикл худалдаж авав. Гэхдээ шууд замд гараагүй л дээ. 2016 онд хүмүүстэй хамт Зүүн Өмнөд Азиар үүргэвчтэй аялсан юм. Тэгэхэд л би өөрийгөө өндөр байшин, хурдны замтай газарт дургүй гэдгийг мэдсэн. Тэр аяллаас ирэхэд надад аялсан юм шиг санагдаагүй. Тэгэхээр нь ээлжийн амралтын хугацаа ч дуусах болоогүй тул, худалдаж авсан шинэхэн мотоциклио унаад баруун аймгууд руу гарсан. Тэр аяллаас ирсний дараа л үнэхээр сайхан амрах шиг болсон доо. Ингэж л би мотоциклтой аялж чадах юм гэдгээ мэдэж, мэдэрч энэ аяллыг төлөвлөж, эргэж буцалтгүйгээр мотоцикл сонирхож, энэ л миний жинхэнэ сонирхол юм байна гэдгийг ойлгосон юм.

Дөрвөн жил хийсэн аяллын бэлтгэл ханав

   Миний энэ аяллын бэлтгэл цар тахал гарахын өмнөхөн эхэлсэн. Хэрвээ цар тахал дэгдээгүй бол тэр үеэр аялалдаа гарах байлаа. Аяллын хамгийн чухал юм нь миний тээврийн хэрэгсэл буюу мотоцикл учраас тэрийг судлахад маш их цаг зарцуулав. Ямар мотоциклтой явах вэ гэдгээс л бүх бэлтгэл эхэлнэ. Манай Монголд өмнө нь ийм аялал хийсэн хүн байхгүй учраас би өөрөө бүгдийг нь туршиж үзэхээс өөр аргагүй. Тухайлбал, сонгосон мотоциклын маань сэлбэг хэрэгсэл миний явах замд байгаа юу, үгүй юу гэдгийг судлах хэрэгтэй. Дээрээс нь мотоциклоо худалдаж авахын тулд овоо мөнгө цуглуулах шаардлага гарсан. Ингээд 2022 оны гуравдугаар сард “Honda Africa Twin” гэдэг аяллын алдартай мотоцикл худалдаж авлаа. Энэ мотоцикл маш олон жил үйлдвэрлэгдсэн, тэр хэрээрээ удаан хугацаанд өндөр борлуулалттай байгаа, аялагчдын сонгодог унаа. Мотоциклоо авсны дараа, аялж чадах юм байна гэдэг итгэл улам нэмэгдсэн. Мөн аяллын нэг том бэлтгэл нь бусад мотоциклтой аялагчдын бичлэгийг үзэх. Учир нь, мотоциклтой аяллын зам буюу олон улсын аялагчдын явдаг тогтсон маршрут байдаг. Тэр нь Европоос Монгол руу, буцаад Монголоос Европ руу нар зөв тойрдог. Энэ замыг л туулах нь мотоцикл унадаг, аялдаг улсуудын мөрөөдөл. Уг аяллыг хийж чадсанаараа тэр мотоцикл унадгийнхаа эсвэл аялагчынхаа хувьд сэтгэл нь ханадаг юм. Учир нь, ингэж явахдаа дэлхийн томоохон нуруудын нэг Памирыг үзээд Казахстаны цөлийг туулж Монголын баруун талаас орж ирээд говиор тойрдог. Би энэ замаар аялсан хүмүүсийн бичлэгээс бараг нэгийг ч алгасаагүй үзсэн. Заримыг нь бүр хэд давтаж үзсэн шүү. Мөн тэр аялагчид хэрэглэсэн зүйлсээ тохиромжтой, тохиромжгүйг нь хэлж танилцуулдаг болохоор тэднээс ихийг сурч, судалж, хэрэгцээтэй зүйлээ хоёр жилийн хугацаанд бэлджээ. Тиймээс ч миний аяллын бэлтгэл сайн ханасан. Бэлтгэл ханасан учраас аялж явахад бэлтгэлээс шалтгаалах саад учраагүй.

   Манай орон сэрүүхэн учраас би нэлээн зузаан хувцастай явсан юм. Гэтэл ачаа хүнддээд Улаангомд талыг нь үлдээв. Явж явж ирэхдээ бэлдсэн зүйлээсээ нэг л юмыг огт хэрэглээгүй авчирсан. Тэр нь бохир ус шүүдэг шүүлтүүр. Түүнээс бусад бүгдийг нь хэрэглэсэн гэхээр би яг хэрэгцээтэй бүх юмаа авч явсан байна. Шүүлтүүр хэрэглээгүй шалтгаан нь энгийн гол, горхитой бараг таараагүй. Дандаа цэвэр ус уусан. Зөвхөн Киргизстанд л энгийн гол харсан. Узбекистанд цементэн хашлагатай цэв цэнхэр ус хараад цэвэр эсэхэд эргэлзсэн. Нөгөө талаас би ганцаараа аялж яваа учраас төв замаа бараадаж явсан болохоор зэрлэг байгальд их ойртоогүй байж болох юм.

   Харин байршил тогтооч (GPS)-оос гадна хоёр ухаалаг гар утас авч явлаа. Нэг нь “Samsung”, нөгөөх нь “iPhone”. Нэг нь эвдэрвэл нөгөөхийг нь ашиглана гэж тооцсон юм. Тавин хэмийн халуунд “iPhone” цүнхэн дотор байхдаа л унтарчихаж байна лээ. Харин “Samsung” ил байхдаа унтарч байгаа юм. Тэгэхээр надад зам зааж байгаа ганц юм нь аяллын зориулалттай мотоциклийн луужин. Би “Garmin” брэндийн дэлхийн хаанаас ч мессэж бичдэг GPS-тэй явсан юм. Тэр бол ерөөсөө унтраагүй. Гэхдээ хэрэглэхдээ мөнгө төлдөг учраас гар утаснууд унтарч арга мухардсан үед л хэрэглэв. Тэгээд газын плитка, гал тогооны хэрэгсэл, солих нимгэн нэг, зузаан нэг мотоциклийн зориулалтын хувцас, оо, сойз, оймс, бээлийтэй явлаа. Харин мотоциклийн каскаа сайн судалж авсан нь оносон байна лээ. 63 хоног тасралтгүй касктай байсан гэхэд надад хүнд санагдаагүй. Каск маань маш хөнгөхөн байснаас гадна их халуунд намайг халууцуулаагүй. Энэ хамгаалалтын малгай чинь миний амь насны даатгал шүү дээ. Олон хоног явахад каск хүнд байвал их ядрах шинжтэй юм билээ. Зарим үед жолоо барихаар гар чилээд хоёр гараа солбиж амрааж явсан юм. Мөн мотоциклынхоо урд гарт ойрхон нэг цүнхтэй явсан. Тэр дотор мотоциклын зориулалтын сэлбэг байна. Тэр их чухал. Би аяллын замдаа дөрвөн удаа тос, гурван удаа дугуй сольж, нэг удаа бүтэн үйлчилгээнд орж наклад, гинж гээд шаардлагатай бүх юмаа сольсон.

   Мөн паспорт, мөнгөө хийсэн нэг цүнхээ урдаа тавьчхаад тэрийгээ буухдаа биедээ аваад явчихаж байлаа. Мотоциклоо орхих үе байн байн гардаг болохоор энэ нь амар юм билээ. Бас борооны хамгаалалттай мотоциклын хувцас их чухал. Хурдны зам дээр давхиж явахад бороо орвол зогсох боломжгүй. Бас их халуун нар хэцүү юм. Би баруун зүгт явсан болохоор өдөржин нар ээдэг зүүн талын хөл хэцүүдсэн. Бүр хавагнаад гуталдаа багтахаа больж нухлаад холгож, холгосон нь цэврүүтэж, цэврүү нь идээлсэн дээ. Уг нь мотоциклын гутлыг хөлдөө хоёр см том байхаар сонгодог. Гэтэл тавин хэмийн халуунд хөл хөөгөөд гутал барьж байна. Харин баруун хөл сүүдэрт болохоор яагаа ч үгүй. Тэгэхээр нар хэр хүчтэй халж байсан нь мэдэгдэж байгаа биз. Тэр үед найзын маань надад бэлдэж бэлэглэсэн эмийн сангийн багц аминд орсон. Үнэхээр сайн бэлдсэн байсан болохоор идээгээ цэвэрлэсэн. Замдаа ханиад хүрээд түүгээр өөрийгөө эмчлэв. Харин надад дутсан ганц зүйл бол гар утасны симны оролтыг онгойлгох зүү. Гэхдээ тэрийгээ тухайн үед нь аргалаад л явсан. Би ганцхан Оросоос сим худалдаж авсан юм. Бусад газарт WiFi-тай болохоор хоолны газраа сонгохдоо ч WiFi-тайг нь сонгож ороод байлаа. Зарим үед тааралдсан хүмүүс Hotspot цацаж өгнө. Нэг айхтар юмыг сайтар ойлгосон маань суудал дээрээ тавих хамгаалалт чухал гэдгийг ойлгосон явдал. Тэр байхгүйгээс миний өгзөг хэцүүдсэн. Энийг би хүмүүст зориуд захиж хэлье гэж санасан юм. Өдөрт 1000 км явах амаргүй учраас мотоциклын суудал дээр тавих хамгаалалт, бээлий, зориулалтын хувцас их чухал шүү. Аялах гэж байгаа хүмүүс тухайн аялах газрынхаа цаг уурт тохируулж хэрэгслээ бэлдээрэй. Миний хувьд саяын туулсан газраас Монголд, тэгээд Уралын нуруунд л сэрүүн байлаа. Тийм болохоор Монголдоо эргэж ирээд л мотоциклын зузаан хувцсаа өмсөв.

Аялагч Ц.Алтангэрэлийн "Honda Africa Twin" аяллын мотоцикль.

Догдолж долдолсоор аялалд гарахын өмнөх өдөр л эргэлздэг

   Анх тавдугаар сарын сүүлээр замд гарья гэж төлөвлөсөн юм. Тэгээд дөрөвдүгээр сард Италийн Элчин сайдын яаманд Шенгений виз мэдүүлсэн ч тавдугаар сарын сүүлч болоход виз гараагүй. Судлаад үзтэл Итали угаасаа виз өгдөггүй юм байна. Тэгэхээр нь Германы Элчин сайдын яамнаас цаг авах гэсэн чинь долоодугаар сар хүртэл дуусчихсан байв. Иймд Европ руу аялах бүх төлөвлөгөөгөө бичээд Элчин сайдын яам руу нь и-мэйл бичтэл надад цагаа цуцалсан хүний оронд цаг өгсөн. “Та маргааш хүрч ирж чадах уу?” гээд надад бэлдэх нэг л өдрийн хугацаа өгөв. Тэр хугацаанд багтаагаад бүх бичиг баримтаа бэлдээд очсон ч виз гараагүй. Уг нь та ингэвэл яасан юм гэж дараа нь над руу хэд хэд холбоо барьсан л даа. Ингэж визний араас хөөцөлдсөөр долоодугаар сар болж, нөхдүүд маань ч намайг гаргаж өгөхөөр болоод л замдаа гарчихсан. Түүнээс биш тэр өдөр билигт сайн өдөр байсан уу, сайхан цаг агаартай байсан уу гэдгийг би мэдэхгүй. Монгол хүний хувьд хагас сайн өдөр гарахгүйг л бодсон. Тэр үед ээж эмнэлэгт хэвтээд гарах арай болоогүй байсан ч хэдийнэ бие нь тэнхэрсэн байлаа. Ээж минь надтай хамт аяллын бичлэг үздэг, миний мөрөөдлийг сайн мэддэг хүн болохоор би аян замдаа сайн яваад ирнэ гэдгээ хэлж ойлгуулаад хөдөлсөн дөө. Энэ аялалд гарах гэж гурав, дөрвөн жил бэлтгэл хийж байгааг хажуунаас минь харсан, мэддэг болохоор итгэсэн ч байх. Ээж минь намайг сүү өргөөд гаргаж өгч чадаагүй учраас би нутагтаа очиж сүү өргүүлээд гарсан. Энгийн нэг аялалд гарах гэж байгаа юм шиг, маргааш гэртээ ороод ирэх юм шиг л гараад ирсэн. Ер нь тэгж замд гарах их зүгээр санагдлаа.

Улаанбаатараас Хархорин хүртэл гаргаж өгсөн найзууд.

Оросын хилээр нэвтрэхэд хамгийн их удав

   Нутгаасаа гарч Монголын хил давах үнэхээр гоё байсан. Учир нь, Цагааннуурын боомтын шалганы хүн гялс тамгаа дарж өгөөд “Чи хурдан явахгүй бол болохгүй юм байна. Сайн яваарай” гээд амжилт хүсээд үдэж өгөв. Гэтэл Оросын хил дээр очиж казах хүний тусламжтай баахан бөглөх материалыг нь бөглөөд оочирлож зогссоор ажил тарахын өмнөхөн шалган дээр очтол хүн нь “Нэгдүгээрт, та анх удаа Орос руу гарч байгаа юм байна. Хоёрдугаарт, та анх удаа тээврийн хэрэгсэл унаад явж байна. Гуравдугаарт, чиний тээврийн хэрэгсэл шинэ байна. Би таныг гаргаж чадахгүй” гэсэн. Миний нэг алдсан юм нь тээврийн хэрэгслийнхээ гүйсэн км-ыг аваад ир гэхээр нь үнэнээр нь хорин хэдэн мянган км гээд хэлчихгүй юу. Тэгэнгүүт “Өө, та ийм залуу тээврийн хэрэгслийг манай руу оруулаад зарах магадлалтай” гэж байгаа юм. “Одоо яах юм бэ?” гэхээр “Манай дарга шийднэ. Дарга ажлаа тараад явчихсан. Маргааш ирнэ” гэсэн дээ. Автомашинтай хүмүүс бол тэндээ хонож болоод байдаг. Хилийн бүсэд майхан барьж болохгүй болохоор мотоциклтой би яахаа мэдэхээ байв аа. Тэгсэн “Та хилийн баталгаатай хэсэгт мотоциклоо үлдээгээд ойролцоох тосгонд хоночхоод хүрээд ир” гэж байна. Би хэлсэн ёсоор нь дэн буудалд хоноод өглөө нь иртэл дарга нь ажилдаа ирээгүй, дээрээс нь бөөн дараалалтай байв. Гэтэл намайг нэг буриад эр “Нааш ир” гээд дуудаж байна. Яваад очтол “Би чамайг гаргаад өгье. Чи гялс явчих” гэсэн. Тэр хүн намайг хараад л, ажиглаад л байсан юм. Би ерөөсөө хилийн шалганы хүн гэж бодоогүй шүү. Ингэж би өглөө 11 цагт очоод маргаашийнх нь 11 цагт хил нэвтэрсэн дээ. Тэр буриад надад тусалсан байх. Аравхан минутын дотор бүх тамгыг дарж өгөөд явуулсан. Тухайн үед хилийн завсар 24 цаг болохдоо “Буцдаг ч юм бил үү, эсвэл Алтанбулагийн боомтоор гарах уу, ер нь энэ аялалд намайг явуулахгүй гээд цаанаас ингэж байгаа юм болов уу” гээд их шантарсан даа.

Чингис хааны зурагтай паспорттой бол хилийн шалган дээр удахгүй

   Миний аяллын замд таарсан хүмүүс “Би монгол хүн” гэхээр үнэхээр их хүндэтгэлтэй хандаж байсан. Би Оросын хил дээр л ингэж удсанаас биш бусад дээр нь ер тэгээгүй. Манай шинэ гадаад паспорт урдаа Чингис хааны зурагтай болчихсон. Тэрийг үзсэн хилийн шалганы ажилтан намайг шалгахгүй хилээр гаргасан нь олон. Мотоциклтой аялагчийн хувьд хил дээр гацахгүй шууд нэвтэрнэ гэдэг агуу тансаглал. Мэдээж орон нутгийн чанартай хил дээр оччихоор Монгол улс гэж ч мэдэхгүй хүмүүстэй таарч гацах тохиолдол байлгүй яах вэ. Намайг визтэй байсаар байтал төвөөсөө асууж л байсан. Гэхдээ тэгж гурван цаг гацах бол үнэхээр асуудал биш. Харин ч хилийнх нь байшинд амраад авч байгаа юм. Урьд нь 24 цаг гацсан хүнд тэр зэргийн хугацаа үнэхээр юу ч биш болно доо. Мөн мотоциклтой явах нь хил дээр давуу талтай юм байна. Автомашинтай хүмүүс маш урт дараалалд зогсож байхад би хажуугаар нь явсаар урд нь гарчхаж байгаа юм. Автомашинтай зарим хүмүүс гурван өдөр хил дээр хүлээлээ гэхтэй ч таарлаа. Гүржээс Орос руу орох замд 25 км урт дараалалтай ч таарав.

   Казахстан, Киргизстан, Узбекистан, Турк улсын хүмүүс бол монгол хүн гэхээр л гэртээ аваачна, зураг татуулна гээд л би нэг тийм од ч юм шиг хандана. Бензин колонк дээр “Энэ хүн монгол гэнэ ээ” гээд хоорондоо яриад, “Монгол хүнтэй зургаа хамт авхуулья” гээд оочирлож байгаа юм. Үнэхээр гоё санагдсан. Хил дээр нь хүртэл паспорт дэлгээд Чингис хааны зураг гарч ирэхээр надаас “Энэ хэн бэ?” гээд асууна. “Чингис хаан” гэхээр бүгдээрээ дамжуулж үзээд “Мотоциклоо аваад ир” гээд бусдаас түрүүнд миний бичиг баримтыг шалгаад хил гаргаж, хамт сельфидсэн удаа ч байна. Тэр бүрт бидний өвөг дээдэс үр хойчоо нүүр бардам явуулах түүхийг бүтээсэн байна гэж маш их бахархлаа. Бас тэр их хол газрыг морьтойгоо туулсан гээд бодохоор унасан морь нь ямар хүчирхэг байгаа вэ гэдгийг тэр замыг мотоциклтой туулахдаа л мэдэрлээ. Яагаад гэвэл, замд тавин хэм хүрч халах үе таарсан. Узбекистаны Самарканд маш гоё хот байсан ч тэр элсэн цөлд 50 хэм зааж байгаа юм. Намайг тэр халуунд шантарч байхад орон нутгийн хүмүүс “Бас болоогүй ээ, найз минь. 62 хэм хүрдэг шүү дээ. Одоо сайхан байна” гэсэн. Хүн 35 хэмийн халуунд мотоциклтой давхихад бол сэрүүхэн. Аа, тэрнээс дээшээ бол үнэхээр хэцүү. Давхиж байгаа мөртлөө салхи татуулна, салхилна гэж байхгүй. Монголд л ийм сайхан сэнгэнэсэн салхитай байх гэж бодож байна. Тэр халуунд 10 км яваад л амрахаас өөр аргагүй болж байсан. Замын гуанзных нь сүүдрэвчинд амраад явна. Самаркандад очиход мотоциклын суудал халснаас болоод миний өгзөг битүү цэврүүтчихсэн. Тэгж л би мотоциклынхоо суудал дээр бээлий тавьдгийг мэдэв. Би өмнө нь Узбекистаны баруун талын Нүкүз хотод халуунд засмал зам нь хайлж байсан тухай хүнээс сонссон юм. Гэтэл тэр нь үнэн, замаа хуулаад цементэн зам тавьж байхтай нь таарсан. Бас хүн халуунд бараг морь хардаггүй юм билээ. Хөлрөөд шингэнээ алдаад байсныгаа бүр сүүлд анзаарсан.

Уртын аялалд яваа танихгүй хүмүүс нэг бүл болчихсон байдаг

   Самаркандад маш их ядарч хүрээд хямдхан guest house-д хоноглов. Аяллын турш зочид буудалд хонох боломжгүй шүү дээ. Тийм болохоор хямдхан зочид буудал, майхан барих зөвшөөрөлтэй газар, guest house-уудад хоноглож тэндээ усанд орж, хоолоо хийж иддэг. Guest house бол урт замын аялагчидтайгаа уулзах газар. Ер нь урт замын аялалд гарсан хүмүүс бүгд нэг гэр бүл болчихдог. Тэгээд л “Надад тэнд явж байхад тийм юм тохиолдлоо. Чи тэрийг анхаараарай” гээд Инстаграмм, Фэйсбүүк, “WhatsApp”-аар нэгэн рүүгээ мсж бичээд явдаг. Би ч бас тэнд тийм, Монголд ийм гээд тэдэндээ хэлнэ. Манай улс руу аялж байгаа хүнтэй ч таарлаа. Тэр хүн Европоос ирж байгаа болохоор надад бас тэнд хоноглох аятай газар байсан гэх мэтээр зааж өгнө. Дээрээс нь тэр хүний найз бас миний тухай мэддэг болоод надад мэдээлэл өгч байгаа юм. “Би чамайг тэнд явж байгааг тэрнээс сонслоо. Чамд хэрэгтэй байх гээд би чамд энийг хэлж байна” гээд мессэж бичээд үлдээсэн байхыг харах их сайхан байдаг юм билээ. Энэ нэг зуны хугацаанд аялагчдын гэр бүл дунд ороод явах маш сайхан байлаа. Тэдний хүчинд л харьцангуй аюулгүй явж, яг жуулчдын буудаг газруудад буудаллаж явав. Тийм болохоор аялах гэж байгаа хүмүүст аялалдаа гараарай, замд чинь өчнөөн сайхан найзууд таарна гэдгийг хэлье. Та маш том, шинэ гэр бүлтэй болно шүү. Би Киргизстанд зөрсөн нөхөртэйгөө Монголд ирээд Хөвсгөлийн Хатгалд таарсан. Намайг тэнд хоол идэж байхад түүгээр өнгөрч явахдаа миний мотоциклыг таниад орж ирээд надтай уулзаж байгаа юм. Үнэхээр гайхалтай. Одоо би тэр нөхрийн Оросоор явах замыг нь зааварчилж байгаа.

Аяллын эхний зорилго биелсэн нь

   Би энэ аяллаар хоёр хүнтэй уулзах зорилготой байсан юм. Нэг нь Германд амьдардаг найзтайгаа уулзах, нөгөө нь Москвад амьдардаг үеэлийндээ очих. Гэвч Германы виз гараагүй болохоор тэнд уулзах найзтайгаа Узбекистаны Ташкентад золгов. Тэгэхэд найз маань цаанаасаа аяллын хөтөлбөрт хамрагдаад Ташкентад ирсэн юм. Хоёр өөрөөр аялж байгаа хоёр уулзаж суугаад аяллаа ярихад бидний хэн хэнийх нь мэдэрсэн зүйл тэс ондоо. Жуулчны маршрутаар явж байгаа хүмүүс төлөвлөгөөт, зохиомол газраар явж тэр газрын хамгийн сайхныг нь үздэг болохоор орон нутгийн сайхан аальтай улстай таарах боломж тэдэнд олддоггүй юм байна. Тэгэхэд би зам дээр, колонк дээр таарсан хүмүүсийнхээ ямар найрсаг сайхан зантайг гайхан ярьж байх жишээтэй. Энэнээс л миний аялж байгаагийн учир утга маш тодоор харагдаж байгаа юм. Хүмүүсийн ямар ч хачиргүй амьд харилцаа, нутгийн иргэд гэдэг аяллын хамгийн үнэ цэнтэй юм нь.

“Туул” рестораныг мэддэг өвгөнтэй таарав

   Самаркандаас цаашаа Нүкүз хот руу явах замд маш халуун болсон учраас би нэг зоогийн газрын гадаа түр буудалласан юм. Энэ хоёр хот хоорондоо 350 км зайтай. Тэгсэн эзэн өвгөн намайг Монголоос ирсэн гэдгийг дуулаад хаалттай зоогийн газраа нээж надад үйлчлэв. Хамгийн гоё нь өвөөгийн ач хүү англи хэлтэй болохоор бид гурав сайн ойлголцож сайхан хөөрөлдсөн дөө. Гэтэл тэр өвөө 1985 онд Монголд ирж байсан болж таарав. Цэргийн хүн байсан юм билээ. Бүр надаас “Туул” ресторан байгаа эсэхийг асуусан. Тэр үед манайд ирэхэд Улаанбаатар хот маш хөгжилтэй хот шиг санагдсан гэсэн. Надаас “Танай Улаанбаатар одоо бүр ч гоё хот болсон уу?” гэж асуусан. “Тийм ээ” л гэж хэллээ. Гэхдээ тэдний Самарканд хот одоо манайхаас илүү хөгжилтэй байгаа. Надад лав хот нь таалагдсан. Тэр өвөө надад сайхан дурсамж үлдээсэн дээ. Улаанбаатарыг мэддэг хүнтэй таарахаар хамаатантайгаа таарч байгаа юм шиг гоё юм билээ.

1985 онд Улаанбаатарт ирсэн узбек өвөөтэй хамт.

Өгэдэй нэрт хүүтэй учирсан нь

   Станы орнууд болон Туркэд манай улсыг түүхээр нь их сайн мэддэг юм байна. Хүмүүс надтай эхлээд танилцахад мэнд мэдэж гар барьчхаад Монголоос ирсэн гэдгийг мэдэхээрээ дахиад гар барьдаг юм. Тэгээд “Манайд очоорой” гэж урина. Намайг Туркийн Сивас хотод явж байхад таарсан эр гэртээ урихаар нь дагаад очлоо. Гэтэл намайг урьсан шалтгаан нь хүүгийнх нь нэр. Хүү нь Өгэдэй гэдэг нэртэй. Тэднийх намайг гэртээ удаах сонирхолтой. “Өнөөдөр манайд хоноод маргааш манай гэр бүлтэй хамт хотоор аялаач” гэхээр нь би төлөвлөгөөгөө хэлээд татгалзсан юм. Хүүхэд нь хөх толботой төрсөн учраас тэр хүн Өгэдэй гэдэг нэр өгсөн гэсэн. Орчин үед Туркэд хүүхдүүддээ монгол баатрын нэр их өгдөг болсон гэнэ. Учир нь, Их Монголын үед Турк улс хамгийн амгалан тайван байсан учраас Монголын хаадад их дуртай гэж байна лээ. Торгоны зам тэр үед маш сайн хөгжсөн болохоор Чингис хаанд их өөриймсдөг юм байна. Бүр Чеченьд хүртэл Чингис хааныг өөрийнх гэх хүнтэй таарсан.

Швед найзтай болов

   Би Чеченийн наана явахдаа Шведийн мотоциклтой аялагч залуутай таарсан юм. Бүтэн жил аялж байгаа, ахиад нэг жил аялна гэсэн. Ганцаараа байхыг хүсдэг тэр залуу 25 настай, бид нарын хэлдгээр мопедтой л явж байгаа юм. Бид Оросын хилээр цуг орж ирээд Астрахань хотод миний буухаар төлөвлөсөн зочид буудлын захиалга хаагдчихсан байсан учраас тэрний захиалсан буудалд буугаад хамт хоттой танилцсан. Миний мотоциклын дугуй хагарахад тэр маань намайг хүлээж хамт байж байтал түүний унаа эвдрээд тэрийг засуулах гэж би Чеченьд хамт долоо хоносон. Чечень рүү ороход хилийн шалгантай юм байна лээ. Би тэгэхэд түүнд “Би Чингис хааны зурагтай паспорттой болохоор намайг шалгахгүй оруулдаг” гэхэд итгэхгүй байв. Харин шалган дээр миний ярьсан батлагдсан юм. Юу гэвэл швед нөхөр маань яг тэр Чеченийн пост руу миний өмнө орсон. Хорин минут болоход гарч ирдэггүй. Араас нь ортол шалгагч миний паспортыг дэлгээд “Энэ бол миний аав шүү” гэсэн. Би “Миний ч аав, чиний ч аав” гэлээ. “Үгүй ээ, минийх” гэхээр нь би тоглоод “За, ав аа ав” гээд орхилоо. Ажлаа бүтээхийн тулд тэгж хэлж байгаа болохоос дотроо бол тиймгүй шүү дээ. Тэгээд би швед найзтайгаа хоёр минутын дотор хил нэвтэрсэн. Тэр залуу гарч ирээд “Чи үнэхээр үнэн хэлсэн байна. Танай түүх үнэхээр агуу юм” гэж хэлсэн нь үнэхээр сайхан. Энийг мэдэрч явах аяллын нэг сайхан нь байлаа. Чечень надад хөгжин цэцэглэсэн улс шиг санагдсан. Казахстанаас Чеченийн пост хүртэл 300 км байдаг. Тэр нь Халимагийн газар нутаг. Гэтэл тэнд зам нь нарийхан байсан бол Чечень руу зам нь өргөсөж хурдны замтай болоод дэд бүтэц нь хөгжөөд айлуудын байшин томорч байна лээ.

Чечений мотоцикл засварын газрын ажилчидтай хамт. Зүүн гар талаас гурав дахь нь швед аялагч.

Чеченьд өнгөрүүлсэн адал явдал

   Бид хоёр юмаа засуулах гэж тэнд гурав хоног засварчин хайв. Тэгж яваад засварчны гэрт очлоо, гудамжинд нь зөндөө зогслоо. Хүмүүс нь айдас төрүүлэм их сахалтай, ширүүн төрхтэй ч найрсаг зантай. Бид хоёрыг мотоциклоо засуулахад Макар гэж нөхөр тусалсан юм. Тэр залуу хотын нэлээн нөлөө бүхий бизнесмэн байж магадгүй санагдаж байтал Новосибирсикт ирээд түүнийг нөлөө бүхий олигарх юм уу, мафийн гишүүн байх магадлалтай гэдгийг мэдсэн. Яагаад гэхээр тэр нөхрийг надтай ярилцаж байхад хавь ойрын бүх хүн ирж түүнтэй гар бариад л байсан. Макар найзын минь мотоциклыг өөр хотод аваачиж засуулаад, бидэнд маш их сэтгэл гаргаж гараашиндаа хонуулж аюулгүй байдлыг хангасан. Тэр хүний нөмөрт орсон учраас тэр хавиар аюулгүй зорчсон байх гэж бодож байгаа.

   Макар швед бид хоёрыг цуг аялаагүй, саяхан танилцсан гэдгийг мэдээд надаас “Чиний мотоцикл яагаа ч үгүй байхад энэ хүнтэй яагаад хамт яваад байгаа юм бэ?” гэж асуусан. Нэгдүгээрт, тэр швед нөхөр ямар ч техникийн мэдлэггүй. Би монгол хүн болохоор нэг боолт тайлаад үзчихтэйгээ. Нөгөө талаас бид замын ханиа орхиж явдаггүй шүү дээ. Тэрийг чечень хүн “Танай Чингис хаан нэгнийгээ орхиж болохгүй гэж заасан уу?” гэж байна лээ. Тэгэхээр нь би “Манай ёсонд нэгнийгээ зам дээр орхидоггүй” гэж хэлсэн. Тэрийг сонсоод “Чамаар бахархаж байна” гэсэн. Тиймээс ч тэр үү бид хоёрт маш их тус хүргэсэн. Холын замд нэгнийгээ орхидоггүй энэ соёлоороо тэнд гайхагдсандаа баяртай байна. Манай швед нөхөр хүртэл “Чи яагаад намайг орхиод явахгүй байна вэ?” гэж асуусан шүү. Бид хоёр мотоциклоо засуулсныхаа дараа хамт Гүрж явсан. Би очих өдрөө тооцоолоод Гүржийн цахим виз мэдүүлсэн ч хил дээр нь очиход хоёр хоногийн дараа орох зөвшөөрөл мэйлээр ирсэн болохоор швед нөхөр маань явж би үлдсэн. Угаасаа шведийн мотоцикл удаан, бидний явдал нийлэхэд хэцүү. Магадгүй тэрний мотоцикл муудсанд миний нөлөө ч бий байх. Учир нь, миний мотоцикл өдөрт 700-800 км туулах чадалтай бол тэрнийх 300 км. Бид одоо ч холбоотой байгаа, тэр Монголд ирэхийг хүсдэг.

Аяны нөхөд

   Замд аялагч олон таарна. Тус бүрийн зам, тус бүрийн мөрөөдөлтэй хүмүүс болохоор нэгээс олон өдөр зам нийлэх нь ховор. Ганцхан тэр шведтэй л долоо хоног хамт явж үзлээ. Бусадтай нь нэг хоногоос хэтэрсэнгүй. Аялалд гарснаас хойш хамгийн эхний аялагч хостой Монголын хил дээр таарсан. Дэлхийг тойрон аялж яваа тэр хоёр намайг хил дээр 24 цаг гацах хооронд яваад өгсөн, түүнээс хойш дахиж таараагүй. Дараа нь Казахстаны Шарыны хавцалд япон залуутай таарлаа. Тэр залуу мотоцикль түрээслээд тэр хавцлыг үзэхээр ирсэн шалтгаан нь минийхтэй ижил “Long Way Round” нэвтрүүлэг. Тэнд бид цуг хоносон. Ер нь холын замд яваа аялагчид тааралдах юм бол танихгүй, мэдэхгүй гээд зөрөөд өнгөрнө гэж байдаггүй. Мотоциклтой, дугуйтай явж л байгаа бол зогсож танилцаад зөндөө мэдээлэл хуваалцана. Таньдаг хүнтэйгээ таарч байгаа юм шиг л байдаг. Хэтэрхий хурдан давхиж яваа, эсвэл тойрог дээр таарсан үед л уулзаж амждаггүй юм.

Хүүхдүүдтэй наадсан минь

   Буцах замдаа Хар тэнгисийн хөвөөн дээр зоогийн газарт хоол идсэн юм. Тэгэхэд хоёр настай хүүхэд надтай ирж тоглоод байв. Монголчууд угаасаа хүүхдүүдтэй тоглодог шүү дээ. Тэгтэл тооцоогоо хийгээд гарахдаа хоноглох газар асуутал эзэн нь намайг хаанаас явааг мэдчихээд “Манай хүүхэд хэзээ ч ингэж хүнтэй тоглодоггүй. Чамтай тоглоод байсан нь ийм учиртай байж” гэж байгаа юм. Тэгээд зогсохгүй “Та Монголоос явж байгаагаа эрт хэлэхгүй яасан юм бэ” гээд миний төлбөрийг буцааж өгсөн. Гэхдээ би Монголд жаахан хүүхэдтэй айл олон байдаг болохоор хүүхэдтэй айл олон таарах байх гэж бодсон тийм биш юм байна. Нэг удаа Узбекистанд явж байгаад ус авах гээд дэлгүүрт ортол гурван хүүхэд байсан юм. Тэгсэн ээж, ааваасаа асуухгүйгээр надад 1.5 литрийн ус бэлэглэж байна. Дээд тал нь 11 настай юм уу даа, жаахан баньд нар байж, мөнгөө төлье гээд байхад авахгүй “Зүгээр зургаа хамт даруулья” гэсэн. Самаркандад зочид буудалд буусан чинь хоёрдугаар ангийн хүүхэд аав, ээждээ англи хэлний орчуулагч хийлээ. Ер нь Станы орнууд хөвгүүд ихтэй санагдав.

Цэвэр ус бэлэглэсэн узбек хүүхдүүд.

Монголдоо орж ирээд мотоцикл дээрээ унтав

   Мотоциклтой явахад хамгийн хэцүү зам Монголд байдаг юм байна. Оросоос Ханхаар орж ирээд Хөвсгөл нуурын зүүн талын 180 км замыг хоёр хоног явж барсан. Тэнд элс, шавар, даваа, мод, хад гээд байгалийн бүх өнгө төрх байсан. Явсан бүх замаа хураангуйлаад харж байгаа юм шиг л гайхалтай. Тэгэхэд би цаанаас их ядарч орж ирсэн ч найзуудаа хараад шууд л ядаргаа тайлагдсан. Ядарснаа мартаад тэднийхээ дэмэнд бартаатай замыг туулж, тэгж явахдаа мотоцикл дээрээ унтсан даа. “Яагаад тэгээд унтчихсан юм бэ?” гэж найзууд асууж байв. Ийм сайхан тайван эх оронд өөр яах юм бэ.

   Мөн Казахстан, Киргизстаны өндөр уулсын бүсэд 3500 метр өндөр даваагаар давахад миний биед даралт мэдрэгдээгүй ч мотоциклд мэдрэгдсэн. Даралтнаас үүдээд мотоцикл асахгүй уддаг юм. Казахстаны уулс Уралын нуруу шиг биш юм байна. Уралын нуруу олон даваа нугачаатайгаас биш тийм ч өндөр биш. Мэдээж Монголтой харьцуулахад өндөр ч гэлээ Казахстан, Киргизстаны өндөр уулын бүстэй харьцуулахад юу ч биш. Алтай Таван Богдын Хүйтний оргил 4374 метр өндөр. Тэгэхэд Казахстаны нэг даваа л 3500 метр байна.

Бензин ба хурд

  Туулсан замдаа бензинд хэр их мөнгө зарцуулснаа тооцох бараг боломжгүй юм байна. Харин хэмжээ, литрийг нь гаргаж болж байгаа юм. Миний унаа 100 км-т хэдэн литр бензин зарцуулж байгааг заадаг. Харин улс бүрийн мөнгөн дэвсгэрт ондоо болохоор үнийн тооцоог нь гаргаж чадахгүй юм билээ. Миний мотоцикл 100 км-т таван литр бензин идэж байсан гэхээр 28 мянган км-т 1400 литр бензин орсон байна. Хурдны хувьд би тухайн улсынхаа хуулинд тааруулаад, өөрийнхөө аюулгүй байдлыг хангаад явдаг. Зам сайтай газар хурдны хязгаар өндөр байна. Туркэд гэхэд хурдны доод хязгаар нь 160 км/цаг байсан. 600 км замыг гуравхан цагт туулж байгаа юм.

Хамгийн сайхан хоолтой нь Гүрж, хамгийн муу хоолтой нь Орос

   Аяны замд би очсон улсынхаа үндэсний хоолыг идэхийг хичээлээ. Хамгийн гоё хоолтой газар бол Гүрж. Хоол нь хаанаа ч амттай. Тэдний пловыг идэж үзчихээд Монголд зүгээр л будаатай хуурга иддэг байснаа мэдэв. Мөн хоол нь маш их порцтой. Харин Турк улс хоолоороо Гүржийн дараа орно. Шавар зуухандаа хийсэн хуушуур шиг хоолоо их өгдөг ч тэр нь жаахан гашуун юм. Мөн Узбекистан маш бага хоол өгдөг хэрнээ түүгээр бүтэн өдрийн өл дааж байсан. Тэгэхээр хоолны чанар, илчлэгт учир байсан байх. Тэндхийн хүмүүс өглөөний цай уучхаад өдөр нь өлсдөггүй юм байна. Би Монголд гэртээ хоёр аяга хоол иддэг бол Узбекистанд нэг аяга хоол идээд цадахгүй ч өлсөхгүй. Гүржид бол жигтэйхэн өлсөж яваад захиалсан хоол ирэхэд бараагүй. Явж явж Орос хоол муутай газар байна лээ. Мөн би Монголоосоо борцтой явсан болохоор сүүдэр таарвал хоолоо пур хийлгэчхээд яваад байлаа. Нэг удаа guest house-д борцтой хоол хийсэн чинь “Үнэр нь аймар байна, наадах чинь юу вэ?” гээд тэнд байсан бүх хүмүүс хүрч ирээд амсаж үзсэн. Гэхдээ амт нь тэдэнд таалагдахгүй байх шиг байна лээ.

Могойтой хоносон нь

   Би аяллын хугацаанд долоон удаа майханд, есөн удаа кэмптаунд, хоёр удаа зочид буудалд, гурван удаа айлд хонож үлдсэнд нь дан guest house-д хоноглосон байна. Айлд гэвэд Москвад үеэлийндээ, Истанбулд Элчин сайдын яаманд ажилладаг монгол залуугийнд, тэгээд нэг турк айлд хоносон. Би цааш явах замдаа Казахстаны Ушарал хотод өнжсөн хоёр дахь өдрөө майханд хоноглохоор шийдсэн юм. Эхний өдөр нь би тэр хотод шөнийн нэг цаг өнгөрсөн хойно хэдэн согтуу залуусаар буудал олуулж хоноглов. Харин маргааш нь майханд хонохоор болоход тэр хавьд могой дуугараад байсан юм. Тэгсэн өглөө майхандаа могойтой хамт сэрдэг юм байна. Гэхдээ бид хоёр хэн хэндээ гай бололгүй босож ирсэн л дээ. Харин сандрахдаа могойныхоо бичлэг, зургийг аваагүй байна лээ. Өөрөөр би ер амьтантай таараагүй дээ. Бас Монголоос өөр газарт майхан барих сайхан тал олдохгүй. Олдвол ялаа ихтэй гэх мэт тохиромжгүй газар таарна. Харин Киргизстанд хоёр удаа майхан барьсан. Би Монголд ирчхээд Ханхад намагтай газар сонгож майхан барьчхаад найзууддаа зэмлүүллээ. Тэгэхээр нь би “Зүгээр энд хоно. Цаана чинь майхан барих газаргүй ч улс байна” гээд хошигносон юм. Майхан барих газраа чөлөөтэй сонгоно гэдэг тансаглал шүү.

Дайны хажуугаар өнгөрч хоёр дахь зорилгоо биелүүлэв

   Буцах замдаа Гүржээс Орос руу оочирлож оочирлож орж иртэл хил дээр бөглүүлдэг хуудас нь нэмэгдчихсэн байх юм. Цагааннуураар хил нэвтрэхдээ бөглөсөн хуудсаа хувилж аваад хуулаад бичсэн чинь дахиад нэг хуудас буюу дайны тухай асуумж нэмэгджээ. Тэнд нь “Та цэрэгт явж байсан уу, Украин, Оросыг юу гэж бодож байна, Москвад ямар зорилгоор очих гэж байна” гэх мэтийн маш хэцүү асуултууд байв. Азаар орос, англи хэлтэй аялагчтай таарч түүгээр орчуулуулснаар гайгүй өнгөрсөн юм. Тэгээгүй бол хилийн шалганы ажилтан орос дуудлагатай муухан англиар асууна. “Ойлгохгүй байна” гэхээр орхиж яваад 30 минутын дараа орж ирдэг. Тэгж залхаан цээрлүүлж байгаа юм. Тэгж нэг юм хилээ даваад Владикавказаас Элстэй хот руу явах замд Грозный хотод Эрика гэдэг халимаг бүсгүйтэй таарч түүнээс дайны тухай зөндөө мэдээлэл авсан ч яриаг нь бүрэн ойлгож чадаагүй. Цааш явах замдаа Чеченийн зүүн талаар явчихсан болохоор эргэж ирэхдээ замаа давтахгүйг хичээж яваад болохгүй газраар нь явчихаж. Тэгтэл хориотой бүсэд намайг цагдаа зогсоогоод 2500 рубль гээд цаасан дээр бичээд өгөхөөр нь авлига нэхэж байгааг нь мэдсэн ч “Я не знаю” гэж гүрийтэл хорин минутын дараа 1000 рубль гэхээр нь тэрийг нь өгөөд явсан. Гэхдээ тэр цагдаа намайг Украинд дөхүү зам руу оруулчихсан байна лээ. Эсвэл би өөрөө буруу ойлгосон байх, яасныг мэдэхгүй юм. Ставрополь хот руу дөхөхөөр цэргийн техник их байв. Уг нь Станы орон, Туркийн хил дээр хуягт танкуудтай олон таарсан болохоор цочроо гарчихсан байсан ч Орост л ууртай цэрэг, цагдаатай таарсан даа. Өөр оронд бол хэзээ ч над дээр буу барьсан хүн гүйж ирж байгаагүй болохоор сонин байлаа. Гэхдээ би тайван байсан болохоор хамгаалалтад 50 км яваад төв зөв замд нь орсон. Уг нь хамгаалалттай төв зам ойрхон байсан байна лээ. Харин Москва руу дөхөхөөр юу ч байхгүй юм. Ингээд Москвад очиж үеэлтэйгээ уулзах зорилгоо биелүүлсэн. Багаасаа физикийн гавал байсан Д.Сумхүү маань Дубнад доктор хамгаалж байгаа юм. Тэднийд би дөрөв хонож Москвагаар зөндөө аяллаа. Би тэр үеэлдээ 2017 онд “Нэг нартай өдөр ганцаараа мотоциклтой аялал хийхээрээ чам дээр очно” гэж хэлж байсан юм.

Мөрөөдөж очсон газар хамгийн сайхан

   Мөрөөдөж очсон газар их сайхан байдаг юм байна. Казахстаны Шарыны хавцалд мөрөөдөж очсон болохоор маш гоё байсан. Тэр хавцал дунд амьдрал үнэхээр буцалж байна. Мөн Киргизстаны хил дээр байдаг Ош хот гоё. Бүх аялагч нар тэр хотоор дайрдаг. Манайхаар сумын төв шиг гэж би буруу бодож явсан байна. Очоод үзтэл том хот байсан. Мөн би Туркийн Каппадокиад очиж агаарын бөмбөлгөөр аялна гэж мөрөөддөг байлаа. Одоогоос яг дөрвөн жилийн өмнөд тэрийг Инстаграммдаа шэйрлэж ч байж. Очиж хоёр хоноход тэндээ байгаад л баймаар санагдсан.

Туркийн Каппадокиад.

Алсын аяны олз

   Би энэ аяллаас юугаар ч сольшгүй туршлагатай боллоо. Дахиад боломж гарвал илүү хол аялахыг хүсч байна. Хил дээр яах вэ, яаж аялах вэ гээд бүгдийг нь үзэж мэдээд өмнөхөөсөө өөрөөр боддог болсон болохоор дараагийн аялалдаа санаа зовох юмгүй болов. Би энэ аяллаас “Эд хөрөнгө бүү хураа, дурсамж хураа” гэдэг үгийн учрыг ойлгосон. Дурсамж ихийг бүтээлээ, дахиад дурсамж бүтээх туршлагатай ч боллоо. Ер нь ганцаараа аялна гэдэг чинь бүх юм өөрийн толгой дээр гэсэн үг. Орой унтахдаа хаанаас бензин авч, хэдэн км явах, хаана хоол идэх гээд бүх юмаа бодно. WiFi-гүй газар хонох бол бензин түгээгүүр дээр бүх төлөвлөгөөгөө гаргана. Тухайн улсынхаа мөнгөн тэмдэгтийг яаж бага авч үлдэх вэ гэдгийг бас тооцно. Тэгээд тэр улсад нэг доллар тэд бол бензиний үнэ нь тэд орчим гэж тооцоолоод мөнгөө авах хэрэгтэй. Зарим газарт карт уншихгүй асуудал тулгарна. Орост бол карт уншихгүйн дээр доллар солиулах хүнд байлаа. Орост явж байхад үеэлээсээ авсан мөнгө маань дуусаад, замд таарсан аялагч оросоос мөнгө зээлэв. Тэгээд тэрэнтэйгээ хамт явж бензин хийсээр Новосибирискт ирэхдээ тэнд амьдардаг найзаасаа мөнгө зээлж өрөө дарлаа. Энэ чинь бас л адал явдал.

Сайн хүмүүс олон

   Дэлхий дээр муугаасаа илүү сайн хүн олон байдгийг мэдэх, мэдрэх нь миний энэ аяллын гол утга учир байсан юм. Шөнө Узбекистаны хилээр гарч явахдаа замын хажууд ус зарж байсан хүнээс нэг ус авсан чинь намайг монгол гэж сонсоод дахиад нэг ус бэлэглэсэн. Тэр хүн надад ус үнэгүй өгөхөөр амьдралын боломжтой юу гэвэл тийм биш шиг. Гэтэл намайг “Манайд хоноод яв, хоол хийж өгье” гэж байсан. Намайг хэн гэдгийг, хаашаа, юу хийж явааг мэдэхгүй ч намайг ойлгохыг хичээсэн хүн их гоё. Хил гааль дээр, өөр хаа нэгтээ намайг ойлгохыг хичээж байгаа хүн өөр. Орост явж байхад асуудал гарвал эх орон руугаа эргээд давхичихна. Харин цаашаа Казахстан гээд гурав, дөрөв дэх улсууд руу ороод ирэхээр буцах замгүй санагддаг юм байна. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу. Тэр үед англиар ярихгүй ч ойлгохыг хичээж байгаа хүмүүс их сайхан. Ойлгож байгаа ч ойлгохыг хүсэхгүй байгаа нь хэцүү. Муу хүн Монголд л таарсан уу гэхээс гадаадад таараагүй. Зам дээр буруу явж байхад араас дохиогоо хангинуулсан хүн байхгүй. Бас guest house, майхан барих газар олдохгүй байхад “Манай хашаанд майхнаа барь, манай гэрт усанд ор” гэж байгаа хүн сайхан. Ханиад хүрчихсэн ядраад уулын замд явж байхад таарсан хүн “Та зүгээр үү, хамт явья” гээд намайг орхиж чадахгүй байгаа юм. Тэгээд ойрхон цайны газар байгаа гэж дагуулж очоод надад авч өгөх юмаа олж ядаад л. “Цай уух уу, кофе уух уу, печень идэх үү?” гээд л нэг аяга цай уугаад дуусахад дараагийн аяга цайг бариад ирж байгаа юм. Хөвсгөлд нэг завьчин залуугаас “Утсаа өгөөч” гээд гуйхад “Үгүй” гэсэн. Тэгэхэд замдаа хэл нэвтрэлцэхгүй залуугийн утсыг шууд аваад датаг нь ашиглаж л явлаа. Хамгийн анх Казахстанд явж байгаад бензингүй колонктой таартал Алматад амьдардаг Бовар гэдэг залуу таарч, дараагийн түгээгүүр дээр очоод бензин байгаа эсэхийг мэдээд хэлж өгч байгаа юм. Тэр хавьд WiFi байгаагүй болохоор бензингүй колонкийн түгээгчийн утасны дугаарт тэр тухай мессэж илгээж би бензинтэй колонк дээр очсон удаатай. Тэр хүн өөрийгөө их монголжуу гэж боддог юм билээ. Бүр намайг Алматад очоод манайхаар заавал ирээрэй гэж урьсан. Анхны урилга тэр байсан болохоор би нэг их тоогоогүй. Гэтэл намайг Алматагаас гараад явж байхад “Би Чингис хааны ёс заншлыг дагадаг улсыг гэртээ урихыг их хүсдэг байсан юм. Чамайг ирнэ гэж хоёр хоног бэлдсэн боловч чи ирсэнгүй” гэж чат бичсэн. Надад их гомдсон байна лээ. Бид хоёр одоо харилцаатай байгаа. Дараа нь тэднийд заавал очно гээд амлачихсан. Тэгэхээр замд таарсан хүнд хэлэх үгээ бодмоор юм билээ. Бид нар их “За” гэж хэлдэг шүү дээ. Тийм болохоор төлөвлөгөөгөө ойлгуулж хэлэх хэрэгтэй.

Бидний гаргасан жимээр зам гартал аялаарай

   Энэ ярилцлагыг уншаад хүмүүс ганцаараа хол аялахыг амархан гэж бодож магадгүй. Гэхдээ зарим газар буудал олдохгүй үе ч таарсан. Узбекистанд анх сонгосон guest house нь хаалттай, захиалсан зочид буудал хэдийнэ зарагдаад гар утасны дэлгүүр орчихсон байх жишээтэй. Тэгж явахдаа хажууд нь амьдардаг муухан англитай залуу англи хэлтэй найзаа дуудаж авчраад надад тусалж хямд үнэтэй зочид буудал олж өгсөн. Зарим хүнд надад тохиосон шиг ийм аз тохиохгүй байж болно. Маш нягт судалгаатай байх хэрэгтэй. Би бэрхшээлгүй аялсан ч бүгд надад итгээд бэлтгэлгүй гараад явчихвал баларна шүү дээ. Бэлтгэл судалгаа маш чухал шүү. Гэр бүлээрээ аялдаг Ш.Түвшинжаргал маань “Бид жим гаргагч” гэж хэлдэг юм. Тэр жимээр та нар минь зам гартал нь аялаарай. Монголоос Турк хүртэл аялахад ямар ч асуудалгүй шүү. Түгжрэлд үрдэг цаг, мөнгөө ухаалгаар хэмнээд аялаарай. Зөв төлөвлөвөл зардал бага гардаг юм шүү.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    Ih surtei bichdeg nuhur bn

    Sur sur bichdegiin be. Omno 2 udaa yavaad euro tour hiicheed chimeegui l omnoh ajlaa hiij bgaa zaluu bj l bn.

    2023-10-23

    Хариулах (21)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    images

    Иргэн

    Зөв мэдээлэл, эерэг давтамж өгч байгаа нь чимээгүй мундгуудаас хамаагүй илүү

    2023-10-25

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    Таалагдлаа

    Баяр хүргье! Сайхан байна. Гадаад оронд яваад Монгол хүн болж төрсөндөө бахархах хамгийн сайхан. Өмнөөс чинь бүр их талархлаа.

    2023-10-24

    Хариулах (23)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.