images

Эрдэмтэн С.Дашцэвэл: Вьетнамын зуун сая уншигчид “Монголын нууц товчоо”-г хүргэж, Чингис хааныг таниулна

Б.Бадамзул

Хэлтэй бол хөлтэй

2022-10-21


Одоогоос 60 шахам жилийн өмнө Вьетнам улсад оюутан болж эх хэлийг нь эзэмшсэн эрдэмтэн судлаач С.Дашцэвэл гуай вьетнам хэл, энэ хэлтэй холбоотой өөрийн бүтээл туурвил, гадаад хэл сурахуйн талаар манай “Хэлтэй бол хөлтэй” буланд ийн хүүрнэв.

Багшийн дээдээс Вьетнамын дээдэд

     Миний бие Баянхонгорын арван жил төгсөөд Улсын багшийн дээд сургуульд (Одоогийн Боловсролын их сургууль) орос хэл, утга зохиолын ангид хуваарилагдав. 10 дугаар анги төгсөхдөө орос хэлний хичээлийн шалгалтыг ямар нэг сэдэв авч бичгийн ажил хийж дүн авахаар шийдсэн бөгөөд орос хэлний нөхцөл үйл үг (деепричастие)-ийг монгол хэлэнд орчуулах тухай сэдвийг хэрээ мэдэхгүй сонгон авч ноцолдож ноцолдож нэг юм багшдаа барьтал бараг л муу авах дөхсөн тул орос хэлний нөхцөл үйл үг гэдэг хатуу самрыг яаж шүү сайн ойлгоё доо гэсэн бодол толгойд эргэлдсээр байсан тул хичээлдээ их л мэрийж байв. Гэтэл түүнийгээ бүрэн ойлгоогүй байтал нэгэн өглөө сургуулийн орлогч захирлын өрөөнд дуудагдаж “Гадаад явдлын яамны боловсон хүчний өрөөнд оч” гэсэн тушаал авав. Учрыг асуувал ГЯЯ-ны  нэр дээр гадаадад явах хүүхдүүдийг сонгон шалгаруулж авахаар их, дээд сургуулийн 1, 2 дугаар курсийн хэд хэдэн оюутныг дуудсан нь тэр ажээ. Бидэнд ЗХУ-ын "Правда" сонины хэсгээс таслан өгч монгол болгох даалгавар өгсөн нь гадаад хэлний мэдлэг хэр байгааг үзэх гэсэн хэрэг байв. Түүнийг хагас дутуу орчуулсан санагдана. Хэд хоногийн дараа өнөө газраа дахин дуудагдан очоод Вьетнам улсын их сургуульд сурах хоёр хүүхдийн нэг гэдгээ мэдэв. Нөгөө нь МУИС-ийн Франц хэлний ангийн оюутан С.Галсандож гэдэг хүүхэд ажээ. Ийнхүү мөнх ногоон Вьетнам орон, түүний энгийн номхон, хөдөлмөрч хичээнгүй ард түмэнтэй танил болох завшаан анх олдсон юм.

Монгол хэлэнд байдаггүй авиа хэд хэд бий

     Би вьетнам хэлийг нутагт нь очиж 1963 оноос сурч эхэлсэн. Тэр үед манай хоёр улсын хооронд боловсрол соёлын харилцаа дөнгөж хөгжиж эхэлж байв. Анхны хоёр гурван оюутан солилцож байсан цаг. Тэр үед аз таарч тэнд очиж суралцах болсон хүн. Халуун орны нөхцөлд амаргүй байсны дээр Америк-Вьетнамын дайн эхэлж, нөхцөл байдал амаргүй байсан боловч эр хүн зорьсондоо эмээлт морь харайсандаа хэмээн мэрийсээр Вьетнам улсын их сургуулийг амжилттай дүүргэсэн. Вьетнам хэлийг сурахад хамгийн зовлонтой нэг зүйл нь монгол хэлэнд байдаггүй хэд хэдэн авиа байх бөгөөд түүнийг зөв дуудахад амаргүй. Тийм учраас өглөө бүр тухайн хэлээр чанга уншиж байж хэвшүүлэхгүй бол ялимгүй өөрөөр дуудваас огт өөр утгат үг болох аюултай байв. Иймд сонсгол болон хэлний уян хатан байдалд дасах гэж нэлээд цаг зарсан. Гэхдээ л гурван сарын дараа хэлний гол үндсэн дүрэмтэй танилцаж ойр зуурын ярианы хэлтэй болсон доо.

     Вьетнам хэлэнд цөөн тооны монгол үг бий. Өртөө замын, цэрэг цуухын  гэх мэт ганц нэг үг хэллэг байдаг. Энэ нь Их Юань улсын үед хоёр улс нэлээд харилцаатай байсантай холбоотой. Вьетнам зарим зүйр цэцэн үгс, хэлц хэллэгээс сонирхуулбал “Атга будаанд аяга хөлс”, “Ганцаар амьдрахаар олуул үх”, “Гарын хуруу урттай богинотой ч ганц алганд нэгддэг”, “Далайд давс үйх”, “Зааныг утсаар тогтоохгүй”, “Нэг өдөр загас бариад бүтэн сар тороо хатаах”, “Тосгоны заншлыг эвдсэнээс хааны татвар төлөөгүй нь дээр”, “Ухаант хүн бодож ядрах тэнэг хүн идэж ядрах” гэх мэт байна.

     Вьетнамын Дундад эртний үеийн түүхийн сурвалж бичгүүдэд Монголын түүхэнд холбогдох баримт материал цөөн бус. Тэдгээр сурвалж бичгийн дотор “Аннамын товч тэмдэглэл” хэмээх 19 дэвтэр сурвалж бичигт XIII зууны Монгол-Вьетнамын харилцаанд холбогдох  нэн арвин баримт бий. XIY зууны “Их Вьет гүрний бүрэн тэмдэглэл” хэмээх 9 дэвтэр сурвалжид мөн үлэмж материал бий. Өнөөдөр монгол хэлтэй вьетнамчууд зуу гаруй байна. Вьетнам хэлтэй монголчууд 70 орчим болж нэмэгдсээр буй. Хэлийг байнга хэрэглэхгүй бол оргүй мартагдах тул амьдралдаа хэрэглэж буй нь хэд болохыг мэдэхгүй юм.

Вьетнамчууд хэл соёлоо асар их хүндэлдэг

     Вьетнам хэл шинжлэлийн эрдэмтдийн нотолж буйгаар энэ хэл эртний Өмнөд далайн хэл буюу австронез гаралтай боловч хятад хэлний нөлөө ихэд тусч залгамал хэл байснаа үет хэл болон хувирчээ. Вьетнамын бичгийн хэл X-IХ зуунаас эхлэлтэй. Тэр үед голдуу Бурханы шашны сургаал номлолыг хятад хэлээр бичиж үлдээжээ. Харин XIII зуунаас эхлэн өөрийн гэсэн үсэг бичиг хэрэглэж үндэсний хэлээрээ ном зохиол туурвих болсон. Тэр бичиг нь хятад дүрс бичгийг ашиглаж өөрийн хэлэнд тохируулж зохиосон үсэг байв. Тэр нь монголчууд эрт үед хятан үсэг хэрэглэж байсантай  агаар нэгэн юм.

     Вьетнам уран зохиол нэн арвин баялаг түүх уламжлалтай. Хамгийн эртний яруу найргийн дурсгал XI дүгээр зуунаас эхлэлтэй. Тэр үеийн зохиол бүтээл эртний ханз үсгээр бичигдсэн байх бөгөөд Бурханы болон бомбын шашин хүчээ авч байсан тул голдуу тэр талын мэргэд тойн, арш нарын бүтээл зонхилох аж. Гэвч XIII, XIV зуунд Өмнөд Сүн, Юань гүрний довтолгооноос эх нутагаа хамгаалах зорилго тулгарч, иргэний уянга хөгжих түүхэн нөхцөл бүрдэж эхэлсэн байдаг. Вьетнамчууд XVIII дугаар зуунаас латин үсэг хэрэглэж эхэлсэн. Барууны католик шашны зүтгэлтэн нар вьетнам латин үсгийг санаачлан зохиосон бөгөөд эдүгээ вьетнам даяар латин үсэг хэрэглэж байна. Латин үсгийн уран бичлэг их хөгжсөн. Бийрээр түүнийг бичдэг тусгай урлаг бий. Вьетнамчууд хэл соёлоо асар их хүндэлдэг. Латин үсгээ эрхэмлэсээр байна. Монголчууд түүхэндээ Хүннүгийн үеийн буган бичгээс эхлээд хорь гаруй төрлийн үсэг хэрэглэж байсан бол вьетнамчууд ханз, ноом, латин гэх гурван төрлийн үсэг хэрэглэсэн түүхтэй.

“Монголын нууц товчоо”-г вьетнам хэл рүү орчуулав

     МНТ-ны зарим үг хэллэгийн утга санаа өнөөг хүртэл нууцаа тайлаагүй хэвээр байгаа билээ. Миний бие Зүүн өмнөд Азийн томоохон хэлний нэг вьетнам хэлнээ орчуулах ажлыг эхлэх үед азаар маш олон эрдэмт нөхдийн утга зүйн судалгаа, тайлбар сэлт гарсаар бөгөөд түүний ачаар вьетнам хэл рүү хийж буй орчуулгын утга санаа улам тодлон тунгалагшиж авай. Энэхүү орчуулгыг биечлэн өөрөө хийх санаа эхлээд ер төрсөнгүй. Учир нь миний мэдлэг чадвараас давсан ажил мэт бодогдож байв. Тийм учраас өөрийн вьетнам танил бөгөөд орос хэлний нэрт орчуулагч Тхүй Тоан абугайд Зөвлөлтийн эрдэмтэн С.Козины “Сокровенное сказание” хэмээх орос орчуулгыг илгээж, МНТ-г Вьетнамын уншигчидад танилцуулж өгнө үү хэмээн хүсэв. Угаасаа монгол утга зохиолыг сонирхож хэд хэдэн монгол зохиолчийн бүтээлийг оросоос орчуулан Вьетнамын уншигчидад танилцуулсан энэ эрхэм анд минь үзээд алдъя гэсэн сэтгэлтэй байсан ч барьж авч зүрхэлсэнгүй хэдэн жилийг өнгөрөөв.

     “Нууц товчоо”-г үзээд байхад ер нь энэ хөлгөн судрыг монгол хүн л гүнзгий ойлгож утгыг зөв буулгах юм байна. Монголын эрт эдүгээгийн  түүх, соёл уламжлалыг сайн мэдэхгүй, судлаагүй хүн яавч утгыг гүнзгий ойлгож орчуулж барахгүй юм байна гэдэгт итгэх болов. Тэгтэл “Монголын нууц товчоог 365 хоногт” хэмээх эртний 2000 гаруй үг хэллэгийн тайлбартай, өдөр бүр унших хуваарьтай Ш.Чоймаа тэргүүтний сонирхолтой сайхан ном хэвлэгдэн гарлаа. Энэ номыг хараад ер нь өдөрт ийнхүү бага багаар орчуулсаар байвал нэг өдөр уг ажлын ард гарч чадах бус уу хэмээн гэнэт бодогдов. Ингээд л өөрөө барьж авч орчуулахаар шийдсэн юм. Шийдвэр гаргасан тэр өдрөө явж байтал гадаа гудамжны номын лангуун дээр Ц.Дамдинсүрэн абугайн МНТ-ны хуучин улаан номтой таарав. Түүнийг бэлэгшээн авч харилаа. Ингээд л МНТ-той холбоотой ном бүтээл болгоныг  цуглуулах хоббитой болов. Юуны өмнө хятад, англи, орос, монгол хэд хэдэн “Нууц товчоо”-г тулган тэдний орчуулсан үг хэллэгүүдийг харьцуулан үзэхийн хамт монгол, хятад, англи орос, вьетнам орчуулгын толиудыг дэлгэж том ширээнд багтахгүй учир заримыг өвөр дээрээ дэлгэн тавьж дэлгэсэн бүхэндээ дарагдах шахам суусаар, орчуулсаар нэгэн жил хагасыг бараглав. Зарим үед бие засах ч яршигтай мэт бөгөөд хоол идэхээ ч мартах шахна. Чухамдаа “Нууц товчоо”-ны амтанд орчих нь тэр. Тулсан үед сайн толь бичгүүд аминд орно. Үг нь дутагдаад байдаг толь бичгийг бол хол хаячихмаар бодогдоно. Чухамдаа толь бичгийн хүчээр л орчуулгын ажил минь амжилттай болов.

     Энэ орчуулгыг хийхэд Урианхайн чоно овгийн Очирбатын Нямдаваа гэгч судлаачийн “Монголын Нууц Товчианы урианхай шинэ тайлбари” хэмээх 800 гаруй нүүр хуудастай нягт чамбай судалгаа, утгазүйн тайлбар бүхий бүтээл нэн их тус болсныг онцгойлон дурдсу. Энэ судалгааны ачаар МНТ-ны утга агуулга улам гэрэлтэн тодорсныг өгүүлэх юун. О.Нямдаваа судлаач МНТ-г маш нарийн нягт судалж урьдах олон судлаачийн алдсан эндсэн олон үг ба утгын алдааг залруулж гавьяатай сайхан үйлс бүтээжээ. Тэрбээр урьдах олон нэртэй эрдэмтдийн үг хэллэгийн тайлбарт ул суурьтай няцаалт хийсэн байна. Ц.Дамдинсүрэн авгайн орчуулгыг магтах газар нь магтаж, шүүмжлэх газар нь хатуухан шүүмжлээд авчээ. Үүнийгээ дараах байдлаар цайруулжээ. Юу гэвэл тэр үед МНТ-г орчуулахдаа Орос ба Барууны судлаачдын судалсан бүтээлийг харгалзахаас өөр аргагүйд хүрсэн. “Нууц товчоо”-ны судлалд судлаачдын шинэ үе ялангуяа өвөрлөгч хийгээд Хятадын шинэ судлаачид орж ирээгүй байсантай холбоотой гэжээ.

     О.Нямдаваа гуайн бүтээл гарч таарсан нь миний хувьд маш их аз, хувь тохиол байлаа. МНТ-ны утга агуулга, үг хэллэгийг чухам үнэнч буулгах гэсэн сэтгэлийг минь бурхад дэмжсэн мэт бөлгөө. Үүний зэрэгцээ Ш.Чоймаа тэргүүтний дээр өгүүлсэн дэлгэрэнгүй тайлбарт ном, англи, хятад, орос орчуулгууд, мөн англи-вьетнам, орос-вьетнам, хятад-монгол гэх мэт сүүлийн үеийн дэлгэрэнгүй гайхамшигт сайн толь бичгүүд гарт минь орж ирсэн нь энэхүү ажлыг бүтээхэд шууд дэмжих мэт санагдсаныг нуух юун. Аливаа ажил үйлс цаг нь ирэхээр аяндаа нөхцөл нь бүрдэж аандаа бүтдэгийн нэгэн нотолгоо энэ буюу хэмээн бодном. Гэвч МНТ бол нууцалж оньсолж бичсэн агуу судар тул түүний орчуулга, тайлбар сэлтэд алдсан эндсэн зүйл их байх нь тодорхой. Гагцхүү ийм агуу бүтээлийг монголчууд аль XIII зуунд туурвиж үлдээсэн юм гэдгийг Зүүн Өмнөд Азийн уншигчидад танилцуулах анхны оролдлого хийсэндээ бахархах сэтгэл төрж буй.

     Вьетнамын зуун сая уншигчид болон түүгээр дамжуулан Зүүн Өмнөд Азийн олон сая уншигчид “Монголын нууц товчоо”-г уншсанаар Чингис хааныг үнэн мөнөөр нь таних боломж нээгдэнэ. Түүний үзэл бодол, түүний сэтгэл зүрх, мөн чанарыг үнэн мөнөөр нь ойлгох болно. Энэ нь Чингисийн тухай эндүү зөрүүтэй олон ойлголтыг зөв тийш залж, Чингис хаан гэгч гайхамшигтай удирдагчийн мөн чанарыг, түүний дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмрийг үнэн зөв танихад маш чухал түлхүүр болох буйзаа.

Гадаад хэл сурахад дөхөмтэй сайн арга

     Гадаад хэлийг сайн сурах үйл бол эх хэлээ бүрэн дүүрэн эзэмших үйлтэй нэгэн адил насан туршийн үйл билээ. Аливаа хэлийг их бага, сайхан муухай гэж ялгах аргагүй. Ямар ч гадаад хэлийг эзэмшсэн шиг эзэмшиж чадвал тэр хэлээр хэлэлцдэг түм буман хүний оюун ухаан, мэдлэг соёлын их далай руу хөл тавьж орох бөгөөд гүүр нь тэр л хэл. Ингээд бодоход гадаад хэл сурах сайхан.

     Гадаад хэл сурахад, хамгийн өргөн хэрэглэгдэх үгсийн санг богино хугацаанд эзэмших нэг сайн арга бий. Вьетнам хэл сурч байхдаа хэрэглэж байсан арга маань юм. Энэ бол карт (шошго) хөтлөх арга байлаа. Сурагчийн дэвтрийн нэг хуудсыг дөрөв нугалж зүсээд түүнийгээ голоор нь дахин нугалж жижиг нуруу цаас болгоно. Түүний нүүрэн талд, сурч буй хэлнийхээ хэцүү үг хэллэгийг (болж өгвөл саланги үг биш хам утгат хэсэг буюу бүтэн өгүүлбэр байвал бүр сайн) бичнэ. Дотор талд нь галиг үсгээр дуудлагыг тэмдэглэнэ. (Тогтсон галигтай англи, франц, хятад хэл сурахад энэ нь бүр ч чухал)  Шошгын хамгийн ар талд монгол орчуулгыг бичнэ. Ийнхүү сурч буй хэлнийхээ үг, хэллэг бүрийг нэг нэг шошгонд бичиж аваад түүнийгээ цээжлээд явна. Карт ашиглахад хэд хэдэн давуу тал бий. Үүнд: Далбагар том дэвтэр байнга дэлгээд хараад байх шаардлагагүй. Алган дотор багтах жижиг картнуудаа сөхөөд үг, өгүүлбэрээ цээжилж явахад тун авсаархан. Цээжилж өөрийн болгосон картаа нэг тийш хийж, хэцүү үг хэллэгтэй картаа нөгөө тийш ялгаж халаасандаа хийгээд, дуртай цагтаа түүнийгээ харж цээжилж явж болно. Автобус хүлээх, дараалалд зогсох, бие засч суухдаа хүртэл харчихаж болно. Бас нүүрэн талд бичсэн гадаад үгээ хараад  дуудлага болон утгыг мэдэж буй эсэхээ шалгаж, санахгүй бол эргүүлээд харчихна. Чингээд хэд орчим үг хэллэгийг өөрийн болгож мэдэж авснаа багцаалж цааш хэдийг ямар хугацаанд цээжилж өөрийн болгохоо товлоход ч амар. Энэ мэтээр түм орчим үг хэллэг цээжилбэл барагтай юмыг торохгүй ойлгоод байх болчихно. Баттай өөрийн болгосон үг хэллэгийн карт чинь өдөр хоног өнгөрөх тусам зузаарч байгааг та ажиглана. Өөрийн болгож чадаагүй буюу “сайн номхорч өгөхгүй” мартагнаад байгаа үг хэллэгүүдийг ялгаад нөгөө халаасандаа хийж зав чөлөөтэй үедээ харж цээжил. Тэгвэл мэддэг үгийн чинь тоо нэг нэгээр нэмэгдээд, уншиж байгаа зүйлийн чинь утга улам улам тодорч, гадаад хэл сурах урам чинь улам нэмэгдэх болно. Хэл сурахад заавал ширээ сандал хэрэггүй. Өдөр хоног алгасал үгүй явдал дундаа л сурчих боломжтой зүйл юм. Өгүүлбэрийг цээжлэхдээ үг үсгийг биш үйл явдлыг ой тойндоо төсөөлөн бодож, өгүүлбэр үйл явдал хоёрын амьд холбоос бий болговол тэр үгсийг амьдралд хэрэглэхэд ойр дөхөм байдаг. Зарим үгийг сайн мэддэг атал яг хэрэглэх гэхлээр алга болчихдогийн учир гэвэл үгийг цээжлэхдээ амьдаралтай холбож “аргамжиж “ өгөөгүйн гэм. Ер нь үг хэллэгийг үзэж эхэлмэгцээ ядаж нэг удаа  хэрэглээд үзэхийг хичээх нь чухал. Нэг удаа хэрэглээд үзчихсэн үг мартагдах нь бага.

     Аливаа хэлний анхны мэдэгдэхүүнтэй болмогц тэр хэлээрээ байнга юм унших, ойлгохгүй байсан ч уншаад байх нь чухал. Тэгтэл нэг мэдэхэд ойлгодог болчихсон байх нь бий. Учир нь унших тусам олон үг танил болж, хам утгаас нь уул үгний утга санаа аяндаа тодорч, ерөнхий утгыг таамгаар ойлгоод байдаг болчихдог. Яг энэ үед олон үг танил болчихсон хэрнээ оносон дүйсэн утгыг нь мэдмээр санагдана. Энэ үед нь толиноосоо нэг хараад авбал дараа мартагдана гэж үгүй. Хүний танин мэдэхүйн түгээмэл нэг арга бол харьцуулан жиших арга. Эх хэлний мэдлэг ялангуяа хэлзүйн нарийн мэдлэг бол сурч буй гадаад хэлний дүрэм, зүй тогтолыг ойлгоход нэн тустай. Эх хэлээ хайрлаж түүний баян тансагийг мэдэрдэг, эх хэлээ аль болох зөв сайхан хэрэглэхийг хичээдэг хүн гадаад хэлэнд мөн л тэгж хандана. Соёлтой сайхан ярьж бичиж сурахыг хичээнэ. Иймд эх хэлний мэдлэг соёл гадаад хэл сурахад шууд нөлөөлнө.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    Л.Бадам

    Баярлалаа, эрүүл энхийг хүсье

    2022-10-21

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.