images

Автобусны жолоочийн хүү Лондон хотыг үргэлжлүүлэн удирдана

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-05-06


   Английн нийслэл Лондон хотын захирагч Садик Аман Хан албан тушаалдаа гурав дахь удаагаа улиран сонгогджээ. Их Британийн хэвлэлүүд энэ талаар мэдээлэхдээ “Автобусны жолоочийн хүү нийслэлийг дахин удирдана” хэмээн тодотгосон байна. Эдүгээ 53 настай Садик Хан Пакистанаас цагаачилж ирсэн айлын хүү ажээ. Түүний аав Лондонд нийтийн тээврийн автобусны жолооч, харин ээж нь оёдолчноор ажилладаг байсан аж. Тэрбээр 2016 онд Хөдөлмөрийн намаас Лондон хотын даргын сонгуульд нэр дэвшиж, Консерватив намаас нэр дэвшигч, тэрбумтан Жэк Голдсмитийг ялж байв. Энэ удаагийн хотын захирагчийн сонгуульд тэрбээр 43.7 хувийн санал авч, Консерватив намаас нэр дэвшигч Сюзан Холлыг 11 хувийн саналаар ялжээ. Сонгуулиар Садик Хан Лондоны улсын бага сургуулийн сурагчдын үдийн цайг үнэ төлбөргүй олгох, нийтийн тээврийн үнийг 2025 он хүртэл нэмэхгүй байх, 40 мянган айлын орон сууц шинээр барих зэрэг амлалтуудыг өгсөн юм. Одоо 2028 он хүртэл хотын даргаар ажиллах тэрбээр лалын шашинтан, Рамадан сард мацаг барьдаг ажээ. Газын зурваст дайн дэгдэхэд тэрбээр гал зогсоохыг анхнаас нь идэвхтэй уриалсаар ирсэн байна. Найман хүүхэдтэй айлын тав дахь хүүхэд болж төрсөн Садик Хан нийслэлийн захын хороололд өсчээ. Улмаар Лондоны их сургуулийг хуулийн чиглэлээр төгсөн хүний эрхийн хуульчаар ажиллаж байгаад 1994 онд Хөдөлмөрийн намд элсэж, Лондон хотын Иргэдийн хурлын гишүүн, 2005 онд парламентын доод танхимын гишүүн, Тээврийн яамны дэд сайд зэрэг албан тушаал хашиж байв. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.