images

Монголд элэгтэй Америкийн банкирыг "Алтан гадас" одонгоор шагналаа

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-05-07


   АНУ-ын иргэн, буяны үйлстэн Тони Эттингэрт "Алтан гадас" одон хүртээжээ. Шагналыг АНУ-д суугаа Монгол улсын Элчин сайд Ө.Батбаяр Элчин сайдын яаманд гардуулан өгсөн байна. Т.Эттингэр бол “C-BASS”, “Sherman Financial” хэмээх санхүүгийн хоёр том компанийн үүсгэн байгуулагч, “Fortress Investment Group” компанийн менежмэнт хариуцсан захирал байсан банкир хүн юм. Тэрбээр 1990-ээд оны эхэн үеэс Монголын хүүхэд, залуус, малчдад хандив тусламж илгээн, Америкт монгол соёлыг сурталчлах үйл ажиллагааг санхүүгээр дэмжиж ирсэн билээ. Тухайлбал, Америкийн монголчуудын соёлын холбоо байгуулахыг дэмжиж санхүүжүүлсэн бөгөөд одоо Удирдах зөвлөлийн гишүүнээр нь ажиллаж байна. Мөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Жэймс Бэйкерийн хамт Монгол хүүхдийн хөгжил, тусламжийн санг үүсгэн байгуулж одоог хүртэл тэргүүнээр нь ажилладаг. Т.Эттингэр анх Монголын асрамжийн газрын хүүхдүүдэд хандив илгээж байсан бол 2000 оны зуднаар Монголоос НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газартай хамтран малчдад 50 мянган долларын хандив цуглуулж байв. Түүнчлэн АНУ-ын Тафтын их сургуульд Монголын түүхийн хичээл заахад тусалж, хөрөнгийг нь гаргажээ. Улмаар Гадаад харилцааны яаманд 999 чухал ном хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулахад голлох үүрэг гүйцэтгэсэн байна. Т.Эттингэр дээр дурдсан байгууллагаас гадна "Монгол" нийгэмлэг, Америкийн монгол судлалын төвийг бий болсон цагаас нь хойш өнөөг хүртэл санхүүгээр дэмжсээр байгаа аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.