images

Орчуулагч Б.Нямдорж: Перу хүнээр анх испани хэл заалгаж, венесуэл охинтой захидлаар харилцдаг байлаа

Б.Бадамзул

Хэлтэй бол хөлтэй

2023-07-10


Габриэль Гарсиа Маркэсийн “Гунигт янхнуудаа дурсахуй”, “Тахлын үеийн дурлал”, “Хэсүүлчин арван хоёр өгүүллэг” тэргүүтэй испани хэлээрх дэлхийн шилдэг зохиолуудыг монгол хэлнээ орчуулсан Б.Нямдоржтой ярилцлаа.

   Кубын хувьсгалч, соён гэгээрүүлэгч, үндэсний баатар Хосе Мартийн нэрэмжит 52 дугаар сургуулийг төгссөн би дунд сургуулийн есдүгээр ангид байхаасаа испани хэлийг сонирхон судалсан. Гэхдээ би испани хэлний юунд тэгтлээ татагдаж, сонирхсоноо бодоод олдоггүй юм. Сурагч хүүд гоё л санагдсан юм байлгүй. Мексик кино үзэж испаниар ярилцахыг сонссон нь таалагдаж ганц нэг үгийг нь сонирхон сурч эхэлсэн байх. Тэр үед хүмүүс дөнгөж л гадаад хэл үзэж эхэлж байлаа. Тэр дундаас англи хэл хэрэгтэй гээд сурч эхэлж байсан цаг. Гэхдээ л хүүхдүүд тэр бүр англи хэл сурах гэж оролдоогүй байхад испани хэл гоё юм гэж тэр үеийн хүмүүсийн сайн мэдэх зургаан хэлний ярианы саарал дэвтрийг үзэх болов. Тэр дэвтэр орос, хятад, франц, герман, англи хэлнийх. Би оросыг нь монгол руу орчуулаад ард нь испанийг нь хуулж дэвтэрт бичдэг байлаа. Өөрөө өөртөө л монгол, испани ярианы дэвтэр хийж байгаа нь тэр. Ингэж л испани хэлд шимтэж гэрээрээ судалж эхэлсэн.

Анхны багш перу

   Испани хэлийг гэрээрээ сурч байхдаа Фернандо гэдэг перу хүн хэлний дамжаа хичээллүүлж байгааг олж мэдсэн юм. Тэгээд аравдугаар ангийн сурагч байхдаа тэр дамжаанд суралцсанаар испани хэлний анхны багш минь тэр хүн болсон. Манай багш монгол эхнэртэй, одоо жар гаруй настай хүн бий. Монголд амьдардаг учраас одоо ч багштайгаа холбоотой байдаг юм. Багш Орост сурч байхдаа эхнэртэйгээ танилцаж Монголд ирсэн юм билээ. Ер нь перу, куба эхнэртэй монголчууд олон байдаг. Монголд аялал жуулчлалын компанитай, ресторантай нь ч бий. Уул, уурхай хөрөнгө оруулалтын компанид ажилладаг латинууд ч олон. Испани хэлээр ярьдаг хүмүүсийг латиниус буюу латинууд гэдэг юм. Манай Монголд одоо Венесуэл, Колумби, Испани, Аргентин гээд бүх л улсын латинууд байдаг болжээ.

Сургуульд орохыг хүлээж ажил хийв

   Би аравдугаар ангиа төгсөөд шууд конкурс өгөлгүй нэг жил ажил хийсэн юм. Дотроо испани хэлний сургуульд оръё гэсэн бодолтой байсан ч тэр үеийн Гадаад хэлний дээд сургуульд испани хэлний анги байгаагүй. “Яая даа” гэж бодож явсаар нэг жил өнгөрөхтэй зэрэгцээд Улаанбаатарт испани хэлний хувийн сургууль нээгдэв. Орост сурч байсан, Кубад шүдний эмч, архитекторч мэргэжил эзэмшсэн испани хэлтэй цөөн хэдэн монгол нийлж тэр сургуулийг байгуулсан юм. Тэгэхэд над шиг испани хэлний ангид орох хүсэл сонирхолтой хүүхдүүд ч цөөнгүй байжээ. Ингээд 1993 онд хориод хүүхэд нэг анги болж ороод 1997 онд 15, 16-уулаа сургуулиа төгссөн дөө.

   Тэр сургуульд Кубад сурч байсан Чулуун багш хичээл заадаг байлаа. Олон ном орчуулсан хүн дээ. Дээхэн үеийн испани хэлний ганц орчуулагч гэвэл яах аргагүй Чулуун багш мөн. Социализмын үед Кубатай сайн харилцаатай байхад Хосе Мартийн зохиол, шүлэг гээд олон ном орчуулсан юм билээ. Одоо манай улсын испани хэлний №1 синхрон орчуулагч Эрдэнэчимэг гэж Кубын Элчин сайдын яаманд олон жил ажилласан багш мөн байв. Фидель Кастрод орчуулга хийж байсан үеийнх нь зургийг би харж байлаа. Мөн Ю.Цэдэнбал зэрэг тухайн үеийн Монголын удирдагчдад бүгдэд нь орчуулга хийж явсан хүн. Эрдэнэчимэг багш анхны хичээлээ заахаар орж ирэхдээ шууд л испаниар яриад эхлэхэд үнэхээр сайхан байж билээ. Манай ангийнхан ч хоорондоо “Испаниар яриад орж ирэхэд нь бид өөрсдөө испаниар яриад сурчихсан юм шиг ямар гоё санагдав аа” гэж ярилцдаг байсан. Одоо ч энийг ярьцгаадаг хэвээр. Тэгээд Орост сурч байсан Оюунбилэг, Хоролсүрэн зэрэг мундаг багш нар байлаа. Ярианы хичээлийг Эрдэнэчимэг, Хоролсүрэн багш нар орохоос гадна монгол эхнэртэй, испани хэлтэй куба, перу хүмүүс ирж цагийн багш хийдэг байлаа. Харин орчуулгын онолыг Чулуун багш болон гадаадад Элчин сайд, НАХЯ-нд ажиллаж байсан Чи.Рэгзэн гуай орж байлаа.

Англи, итали, франц, германаар бүгдээр нь зэрэг ярья гэвэл испаниар ярь

   Испани хэлний цагаан толгой англи хэлнийхтэй яг адил. Тэр тусмаа испаниар унших их амархан. Учир нь, үгийг яг бичсэнээр нь уншдаг болохоор дуудлага нь маш амархан. Англи, франц шиг хэцүү дуудлагатай биш. Үгийг зөв унших цөөхөн хэдхэн дүрэмтэй, ер нь л үсгийг байгаа чигээр нь хэлнэ. А бол а, р бол р. Цөөн тохиолдолд а, э, и, о, у эгшгүүд ямар гийгүүлэгчийн ард орсноос шалтгаалж өөрөөр дуудна. Мөн өгүүлбэрийн бүтэц нь угсармал буюу хойноос нь орчуулдаг. Орос хэлтэй илүү төстэй. Учир нь, үйл үг нь би, чи, тэр, бид, тэд, та нар гэсэн зургаан биеэр хувирна. Харин үйл үгийн цагийн хувилгагч 18 бий. Түүн дээр уран зохиолынхыг нэмбэл 21 болдог ч тэр гурван цагийн хувирал эрт үеийн уран зохиолд гардаг. Орчин үед үйл үг нь одоо, өнгөрсөн, ирээдүй, ирээдүйд өнгөрсөн, өнгөрсөнд өнгөрсөн цаг гэхчлэн 18 янзаар хувирна. Үйл үгс нь их цэгцтэй, тэрийг нь ойлгоод тогтоогоод авчихвал их гоё хэл дээ. Миний анх сурч байсан испани үгс бол “Сайн байна уу”, “баяртай”, “хайртай”. Тэгээд хайрлах гэдэг үгийг “Би түүнд хайртай”, “Тэр надад хайртай” гээд л зургаан биеэр нь хувилгаж сурсан даа.

   Испани хэл өнөөдөр дэлхийн 21 орны албан ёсны хэл. Латин Америкт Бразилаас бусад нь испаниар ярьж байна. Мексик, Хондурас, Никарагуа, Сальвадор, Куба гээд төв Америкийн орнууд энэ хэлээр ярьдаг. Африкт бас Эквадорын Гвиней испани хэлтэй. Ер нь түгээмэл хэл. Америкт бол бараг хоёр дахь хэл нь. Тэнд испани хэлтэй цагаачид олон учраас хаяг, самбарын тайлбар тэр хэлээр байх нь элбэг. Мөн испани хэлтэй бүх оронд Мигель дэ Сервантесийн институт бий. Тэр институт зөвхөн испани гэлтгүй бусад оронд байх бөгөөд бүх дүрэм, зарчмаа баримтлан хичээл зааж, хэлнийхээ зөв, бүрэн бүтэн байдлыг хариуцдаг. Хэдий тийм ч нутгийн аялгууны үгс бий. Жишээ нь, Мексикт найз гэхийг куватэ, Испанид амиго, Перуд фато гэдэг. Аялгын ялгаа ч бий. Кубууд өөр аялгатай, үгийн төгсгөлийг хэлдэггүй. Аргентинууд бүр өөрөөр ярьдаг. Тэдний аялга итали хэлтэй адилхан сонсогдоод байдаг юм. Манай Эрдэнэчимэг багш “Бизнес ярья гэвэл англиар, дуулья гэвэл италиар, хайр ярья гэвэл франц, хатуу ширүүн ярья гэвэл герман, бүгдээр нь зэрэг ярья гэвэл испаниар ярь” гэж байв. Монгол хэлэнд эгшиг, гийгүүлэгч байдаг болохоор монголчууд гадаад хэлээр сайн ярьдаг. Жуулчид намайг “Мадридын хүүхэд шиг ярьж байна” гэдэг л юм. Ер нь ямар ч монгол испаниар ярихад тэдэнд монгол хүн ярьж байна гэж мэдэгдэхгүй дээ.

   Испани хэл роман бүлгийн хэл. Роман бүлэгт испани, итали, португал, франц, румын зэрэг олон хэл ордгоос энэ тав бол тус бүлгийн хэлний гол цөм нь. Хоорондоо төстэй, тэр дундаа испани, португал маш төстэй. Португал хэлний 90 хувь нь испанитай адилхан гэж байгаа юм. Дуудлага нь арай өөр юм билээ. Ярьж байгааг нь сонсоход франц хэлтэй төстэй сонсогдож байсан. Харин бичгийн хэлийг нь испани хэлтэй хүн бүрэн ойлгоно. Итали хэл ч испанитай маш ойрхон. Тавин хувь нь ижил гэдэг. Франц хэлний 35 хувь нь испанитай адилхан. Итали, испани хэлтэй хүмүүс өөр өөрийнхөө хэлээр яриад л ойлголцчихно.

   Мөн испани хэлэнд Монголынхтой төстэй зүйр цэцэн үгс байдаг юм билээ. Бид “Өглөөний хоолыг өөртөө, өдрийн хоолыг найздаа, оройн хоолыг дайсандаа” гэдэг. Тэд “Хаан шиг өглөөний цай барь, хунтайж шиг өдрийн хоолоо зоогло, гуйлгачин шиг оройн хоолоо ид” гэж ярина. Мөн “Хамгийн шилдэг нь сайны дайсан” гэдэг үг бий. Энэ үнэн үг. Учир нь, шилдэг нь байх гэж улайрсаар сайн байж ч чадахаа больдог гэсэн утгатай.

Б.Нямдоржийн орчуулсан номууд.

Хэлтэй бол тасалбартай

   Би хөлбөмбөгийн хорхойтой хүн. 2010 онд “C1” телевизийн Э.Амарсайхантай хамт “Реал Мадрид”, “Барселона” багийн сонгодог тулааныг үзэхээр Испанийг зорилоо. Хөлбөмбөг сонирхдог хүн болгон тэр тоглолтыг үзэхийг хүсдэг юм. Хөгжилтэй нь, бид хоёрыг онгоцны буудал дээрээс өөр өөр хүн тосож аваад Испанид огт уулзацгаалгүй ирсэн. Намайг Монголд аяллаар ирэхэд нь “Хөвсгөл” баазад танилцсан миний үеийн Анабелла гэдэг эмэгтэй тосож аваад гэртээ байлгасан. Тэр эмэгтэй Монголд нөхөртэйгөө ирсэн юм. Тэд өөр орчуулагчтай, би өөр жуулчдад хөтөч хийж явсан ч уулзаж юм ярилцсаар найзууд болцгоосон. Анабелла хэвлэлийн компанийн менежер, нөхөр нь хайрга олборлодог компанид ажилладаг. Тэд ч манайхаар ирдэг. “Одоо очихдоо тийм тийм газраар явна, чи хамт яваарай” л гэдэг юм. Намайг очиход тэд сайхан хүлээж авч ёстой л хөл газар хүргээгүй дээ. Би жуулчид хүлээн авч, орчуулагч хийдэг болохоор олон ч найзтай болж. Заримтай нь муудалцах ч заримтай сайхан нөхөрлөж, хойшдоо ч харилцаатай хэвээр үлддэг. Тэр үед би өөр испани найзуудтайгаа холбоо барьж хөлбөмбөгийн тасалбар үнэгүй олж авч байв. Тэр тасалбар нь амархан ч олддоггүй эд. Олдвол шагийн үнэ нь гэхэд 300-400 евро байсан. Одоогоор бол мянга орчим евро болно. Харин би “Барселона” багийг дэмжигчдийн бүлгэмийн гишүүний түншийн үнэмлэхээр тоглолтоо үнэгүй үзлээ. Түншийн үнэмлэх гэдэг нь тухайн хүн стадионы аравдугаар эгнээний 10 дугаарын суудал минийх гээд жилээр нь худалдаж аваад эзэмшихийг хэлдэг. Би тийм үнэмлэхтэй хүнтэй танилцчихсан байсан юм. Тэр залуу эхнэртэйгээ хоёулаа стадионд өөрийн гэсэн суудалтай. Тэгсэн миний аз гийж Каталаны парламентад ажилладаг эхнэр нь завгүй болж таараад “Чи миний үнэмлэхээр үз” гээд би нөхөртэй нь хамт тоглолт үнэгүй үзэв. Манай Амараа дамын тасалбар авч үзсэн гэсэн. Тэгээд би Мадридад очиж өөр нэг найзындаа хонож дайлуулаад явсан даа. Манайхан их махсаг л гэдэг, испаниуд бас мах их иднэ. Том том махны чиглэлийн үхэр үржүүлдэг. Үхрийн том том гол махыг шүүрхийгээр нь иддэг. Хоолоороо алдартай, сайхан хоол идээд юм ярьж суух маш дуртай улс. Тэгээд “Оройн хоол маш гоё боллоо” гэж ярьдаг. Тэр нь хоол тансаг, амттай, яриа хөөрөө сайхан байлаа гэсэн үг. Испани дарс ч гоё. Талх, багет нь мөн маш сайхан амттай. Би өөр газар тийм сайхан амттай багет амсаж үзээгүй л явна.

Венесуэл охиноос ирсэн шүлэг

   Амбасын үед испани хэл дөнгөж үзэж байхдаа бас л солио, галзуу өвчин туссан байжээ. Хятадын радиогийн испани хэлээрх нэвтрүүлгийг яаж яваад ч юм олж сонсоод монгол зан заншил, хуримын талаар захидал бичиж илгээсэн юм. Гэтэл дараа нь "Монголоос энэ нөхөр ийм захидал илгээжээ" гээд уншиж байхыг нь өөрөө олоод сонсчихдог юм даа. Бас Москвагийн радиогийн испани хэл дээрх нэг нэвтрүүлгийг сонсоод захидал бичтэл хоорондоо захидлаар танилцах хүсэлтэй дэлхийн есөн шидийн хүмүүсийн хаяг над ирэв ээ. Бараг 200 хүний хаяг шүү. Тэр үед интернэт, и-мэйл сураг ч үгүй байсан. Би тэр олон хаягаас куба, испани, венесуэл зэрэг зургаа, долоон хүний хаягийг сонгож байгаад захидал бичиж дугтуйлаад нисгэлээ дээ. Тэгтэл ганцхан Элена гэдэг венесуэл охиноос хариу ирсэн юм. Элена маш гоё захиа бичиж, цээж зургаа, таван боливартай явуулсан байв. Миний сэтгэл ихэд хөдөлж Их дэлгүүрээс монгол дээл, хувцастай хосын жижиг сувенир хариу явууллаа. Венесуэл найз охин минь тэрийг хүлээж аваад их баярласан даа. Эленагийн захиа гэрт хаа нэгтээ байгаа. Надад зориулж шүлэг бичиж илгээснийг орчуулбаас,

“Цезарь Клеопатраг санасан болов уу?

Ромео Жульеттаг санасан болов уу?

Наполеон Жозефинаг санасан гэж үү?       

Мэдэхгүй ээ.. харин би чамайг санасан гэдгээ л мэдэж байна” гэсэн байж билээ.

Танихгүй хүнээс ирсэн гурван ном

   Би ганц нэг ном орчуулсан боловч нэг их ном уншдаггүй хүн. Анх испани хэл дээр Йоханна Линдсей гэдэг зохиолчийн “Ялгуусан сахиусан тэнгэр” зохиолыг уншсан. Яаж яваад ч билээ интернэтээс испаничуудын “Уншигчдын клуб” олсон юм. Тэр нь уншсан номоо хямд өгдөг, зардаг, бэлэглэдэг клуб. Тийшээ захиа бичтэл намайг урамшуулж гурван ном Испаниас явуулсны нэг нь “Ялгуусан сахиусан тэнгэр” байв. Нөгөө нь манайд одоо хүртэл бий нэвтэрхий толь. Гуравдах нь Чилийн зохиолч Антонио Скарметагийн “Нерудагийн шууданч” гэдэг ном байсан. Чилийн алдартай зохиолч Пабло Неруда арал дээр цөлөгдөөд байхад түүнд маш их захиа ирдэг байж л дээ. Сүүлдээ түүний захиаг зөөж өгөх хүн олдохоо больж байтал нэг залуу захиаг нь зөөж өгөх болдог. Залуу П.Нерудатай сайн танилцаад найз болж. Тэгээд залуу хүү нэгэн бүсгүйд дурлахад нь П.Неруда эмэгтэй хүнийг яаж хайрлах, эмэгтэйчүүдийг хэрхэн өөртөө татах тухай тэр залууд зааж өгч байгаа тухай тэр номд гардаг юм. Энэ түүх нь үнэн юм билээ. Гэхдээ би тэр номыг бүрэн уншиж дуусгаагүй, бас монгол хэл рүү орчуулъя гэж бодож байснаа больсон.

“Гунигт янхнуудаа дурсахуй”

   Монголоос испани руу, испаниас монгол руу ганц нэг шүлэг, өгүүллэг, гэрээ орчуулж байсан. Яруу найргийн хэл их төвөгтэй. Тэгээд ч яруу найргийг орчуулж болдоггүй гэх нь ч бий. Манайд сууж байсан Германы элчин сайдын эхнэр Элена Алонсо Фрайле гэдэг Испанийн зохиолч байсан юм. Тэр энд байхдаа “Монсудар” хэвлэлийн газартай хамтран испани өгүүллэг, туужийн ном гаргасан. Элена Испанийн хамгийн шилдэг өгүүллэг туужуудыг сонгож МУИС-ийн испани хэлний багш, манай ангийн Б.Пүрэвсүрэн бид хоёр түүнийг хуваан орчуулж байлаа. Тэр 30-40 өгүүллэг туужтай гоё ном болсон.

   Би хамгийн анх орчуулсан “Гунигт янхнуудаа дурсахуй” номдоо дуртай. Харин хамгийн том нь гэвэл “Тахлын үеийн дурлал” болдог. “Болор судар” хэвлэлийн газраас гаргасан “Хэсүүлчин 12 өгүүллэг” ч гоё. Урт ном унших дургүй хүн өгүүллэгүүдийг нь нэг нэгээр нь уншаад явахад таатай байдаг. Габриель Гарсиа Маркесийн “Гунигт янхнуудаа дурсахуй” ном үгчилбэл “Миний гунигт янхнуудын тухай дурсамж” гэсэн нэртэй юм. Гарчгийг нь энэ чигээр нь өгчихье гэтэл хэтэрхий урт болохоор яаж оновчтой нэр өгье дөө гэж их бодсон. “Миний гунигт янхнуудын дурсамж” гэчихээр янхнуудын өөрсдийнх нь тухай дурсамж ч юм шиг болчих гээд нэг л болдоггүй. Тэгэхээр нь Г.Аким гуайгаас зөвлөгөө авахаар явж очлоо. Г.Аким гуай мөн яг энийг ярьж байсан. Тэгээд бодож бодож “Гунигт янхнуудаа дурсахуй” нэрийг олсон доо. Учирч явсан амрагуудаа дурсаж байгаа учраас дурсахуй гэсэн нь оновчтой санагдсан юм.

Испани хэлээ мартахгүй

   Испани хэлтэй хүн одоо ч манайд цөөхөн байдаг. Манай сургуулийг төгссөн хэдээс гадна Кубад сурсан хүмүүс бий. Манайд испани хэлний ажил гэхээр жуулчдын хөтөч хийхээс өөр ажил алга. Гэхдээ зундаа Монголд хангалттай олон латин жуулчид ирдэг. Испани хэлтэй хөтөч олдохоо байдаг юм. Би үүнээс гадна испани хэлийг элдэв янзын мэдээлэл авахдаа өдөр бүр ашиглаж байна. “ABC”, “El País”, “El Mundo” зэрэг Испанийн том том өдөр тутмын сонины цахим сайтаас мэдээлэл хардаг. Мэдээллүүд нь их гоё, даанч сүүлийн үед төлбөртэй болчхож. Мөн спорт, хөлбөмбөг сонирхдог болохоор тэр талын мэдээллээ олж уншина. Испани телевиз, радио, дуу ч их сонсдог. Би Энрикэ Иглесиасийн “Bailamos” дуунд дуртай. Ер нь испани дуу маш гоё. Анна Габриэль гэдэг мексик дуучин байна. Мэрайэ Кэритэй сууж байсан Луис Мигель, Хосе Луис Пералэс гээд өөрсдөө дууныхаа үгийг бичдэг гоё дуучид олон. Хосе Луис Пералэсийн “El Amor” гэдэг дуу бий. Үг нь их гоё. Орчуулбал,

“Хайр бол цонх даган урсах усны нэг дусал

Хайр бол ярихгүй удаан алхах, хоёр хүнд зориулсан жимс

Хайрлахаас өөр зүйл багтахгүй орон зай

Бид хоёрын дундах ямар нэг зүйл

Баяртай гэж хэлэхдээ уйлж байгаа бол тэр хайр

Хайрын дуу сонсоод мөрөөдөж байгаа бол тэр хайр

Бугуйн цаг дээр чинь цаг хугацаа сонсогдвол тэр хайр

Би чамайг уучлах, чи намайг ойлгох хайр” гэх мэт мөрүүдтэй. “Univision”-ий 209 дээр Испанийн үндэсний телевиз гардаг. Түүгээр уралдаант, тааварт нэвтрүүлэг, олон ангит кинонууд нэлээд үзнэ. Өмнө нь “TV5” телевизээр гарч байсан “Амьдралын зам” кино одоо болтол гарч байгаа. Уг нэр нь “Юу болсныг надад яриач” гэдэг нэртэй энэ кино одоо бүр хорин хэд дэх цуврал дээрээ явж байна. Жил бүр нэг цуврал хийдэг. Испанийн бүх үеийн амьдралыг харуулдаг энэ киноны шинэ ангиуд жил бүрийн 11 дүгээр сард гарч эхлээд дараа жилийнх нь дөрөвдүгээр сард дуусдаг юм. Долоо хоногт нэг л анги гаргадаг. Энэ жил 1997 оны үеийн испаничуудын амьдралыг гаргаж байгаа. Мөн сүүлийн үед нэг ном орчуулахаар сууж байна. Энэ мэтээр испани хэлийг мартахгүй үзээд л яваад байна даа.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.