images

Ж.Отгонцагаан: Надад бурхнаас заяасан авьяас бол хэл сурах

Б.Бадамзул

Хэлтэй бол хөлтэй

2024-02-28


Полиглот буюу гурваас дээш гадаад хэлээр чөлөөтэй ярьдаг, Монголын Олимпын хорооны зөвлөх Ж.Отгонцагаан сурч судалсан хэлнүүдийнхээ талаар манай сайтад ярилаа. Тэрбээр хятад, испани, орос, англи хэлээр чөлөөтэй ярьдгаас гадна солонгос, итали, герман, франц, польш, чех, болгар, эсперанто хэлийг тодорхой түвшинд мэддэг, бичсэн, ярьсныг ойлгодог ажээ.

     Байгаль дэлхий эсвэл бурхан тэнгэрээс хүнд нэг авьяас заавал заяадаг. Тэр нь юу ч байж болно. Уран дархан, сайхан барилддаг, үйл үртэс сайн хийдэг хүн байна. Харин надад хэл сурах өчүүхэн авьяас заяасанд баярлаж явдаг юм. Би багаасаа л гадаад хэл сурах дуртай, оролдлого сайтай хүүхэд байлаа. Үүнд хэд хэдэн юм нөлөөлсөн. Миний ах нар бүгд Орост төгссөн офицерүүд байв. Тэд “Орбит” сувгаар хоккейн тэмцээн үзэж орилдохоос гадна гэрээр дүүрэн орос сонин хөглөрөөстэй байдаг байлаа. Гурав, дөрөвдүгээр ангийн хэл мэдэхгүй хүүхэд би яваандаа хоккейн спортыг ойлгож эхэлж байгаа юм. Тэгээд орос сониныг нь аваад энд юу гэж бичээ бол гээд толь бичиг бариад суудаг болсон. Их сониуч хүүхэд байсан болохоор орос хэлэндээ хурдан сайжирсан юм. Нөгөө талаас тэр үед орос багш, мэргэжилтнүүдийн хүүхдүүдтэй их найзалдаг байсан нь ч нөлөөлжээ. Манай сургуулийн хоёр орос багш маш сайн багш нар байсан. Тиймээс наймдугаар ангид байхдаа орос хэлийг чөлөөтэй эзэмшсэн гэж болно доо. Багш нар ч намайг орос хэлний хичээлд суух шаардлагагүй гэдэг байлаа. Тэгэхээр миний сурсан бүх хэлний анхдагч, цаашаа ондоо хэл сурах суурь, дэлхийн мэдлэгийг эзэмших оньсон түлхүүр нь орос хэл байв.

Дөрвөн хэлтэй хүүхэд арван жилээ төгсөв

    Түүний дараа их сонин тохиолдлоор би Г.Лувсан гэж хүний “Герман хэл өөрөө сурах бичиг” гэдэг ном худалдаж авсан. Одоогоор бол Их дэлгүүрийн зүүн талд байсан номын дэлгүүрээс авсан юм. Ингээд зургадугаар ангиасаа герман хэл үзэж эхлэв. Харин наймдугаар ангид байхдаа 10б ангийн Баясах гэдэг хүүхдийн гэрт ортол испани хэлний ном байхтай таарлаа. Тэр хүүхдийн аав нь дипломатч хүн байжээ. Түүний дараа англи хэл сурч эхлээд аравдугаар ангиа төгсөхдөө дөрвөн хэлтэй болсон байв.

     Манай аав гуталчин, ээж оёдолчин. Манайх Зурагтын Тасганы овоонд гэр хороололд амьдардаг байлаа. Өглөө таван цагт босно. Өвлийн хүйтэнд аав босож гал түлж өгдөг. Хүжийн галд гэдэг шиг л үстэй дээлээ нөмөрч суугаад өөрийн дур сонирхлоороо л хэлээ үзээд суудаг байсан даа. Намайг хэл сур гэж хэн ч албадсангүй. Тэгээд ч тэр үед англи хэлний сургалт гэж байгаагүй. Зөвхөн орос хэл л үз гэдэг байв. Хожим сонсохнээ англи хэлийг Гадаад явдлын яамны гэх мэт онцгой шаардлагатай тусгай хүмүүст зөвшөөрөлтэй заадаг байсан юм билээ.

Их сургуулийн оюутан болов, мэддэг хэл нэмэгдэв

      Харин 1980 онд МУИС-д элсэж, Хэл бичгийн факультетийн хятад хэлний ангийг 1985 онд таван жил сураад төгссөн юм. Миний үндсэн мэргэжил тэр. Оюутан байх хугацаандаа хэлээ сайжруулж, яваандаа польш, чех, франц, итали гэх зэрэг хэл сурсан. Нэг гадаад хэл сурчхаар дараагийн хэл нь 50 хувийн хөнгөлөлттэй үнээр гэдэг шиг, сурахад хялбар дөхөм болчихдог. Ингэж явахдаа эсперанто хэл бас үзэж байсан. Сурснаа хэрэглээд сүйд болоогүй ээ, зүгээр үзсэн л юм. Оюутан байсан, хэнтэй харилцахаа сайн мэдэхгүй болохоор олигтой сурч чадаагүй. Энэ хэл бол Польшийн эрдэмтэн Л.Заменхоф гэдэг хүний 1887 онд зохиосон хэл юм гэнэ лээ. Дэлхийн хүмүүс ганц хэлээр хоорондоо харилцвал амар гэсэн санаагаар зохиожээ. Тийм ч болохоор янз янзын хэлнээс авчихсан, сурахад хамгийн хялбар хэл. Жишээ нь, ката гэвэл эр муур, като гэвэл эм муур, кэтино гэхэд муурын зулзага болно. Хэдийгээр дэлхий дахинд тийм их түгээгүй ч хэл шинжээчид эсперанто хэлийг судалж, олон улсын холбоо ч байгуулж байсан. Монголд ч бас энэ холбоонд нь элссэн, суралцсан, олон улсын хуралд нь явдаг хүмүүс байдаг юм билээ. Эсперанто гэдэг нь эсперанса буюу найдлага гэсэн утгатай үгнээс гаралтай. Надад бас толь бичиг нь олдож л энэ хэлийг судалсан. Тэгэхэд англи, испани, хятад хэлтэй байсан болохоор эсперанто үг цээжлэх, сурахад их хялбар байсан шүү. Даанч ярилцах, бичгээр харилцах и-мэйл гэдэг юм байгаагүй болохоор харилцаж чадалгүй арга мухардсан л даа. Харин хамгийн сүүлд 1996 онд Өмнөд Солонгосын “Ёнсэй” их сургуульд хэлний мэргэжлээр Солонгосын Үндэсний Олимпын хорооны урилгаар суралцсан юм. Түүнээс хойш ахиж хэл үзээгүй ээ, хангалттай. Ерөнхийдөө, би 11-18 насны хооронд гурав, дөрвөн хэл үзсэн байна. Харин 18-33 насандаа үлдсэн хэдийг нь үзжээ. Гэхдээ тэр бүх хэлээр баруун зүүнгүй ярьдаг гэж хэлж чадахгүй. Хэл хэлнийх нь түвшин ондоо. Ерөнхийдөө гадарладаг, уншдаг юм. Чөлөөтэй ярьдаг, ойлгодог нь хятад испани, орос, англи хэл. Бусдыг нь бол ерөнхийдөө ойлгоно. Хоёр хэлтэй бол хос морьтой гэдэг шүү дээ. Бүх хэл хүнд хэрэгтэй. Манайхан Өмнөд Солонгост их ажиллаж байна. Тэнд худалдаа, наймаа эрхэлж байгаа монголчууд надаас сайн ярих юм билээ. Харин чех, польш, болгар хэлүүд хаана ч очсон хэрэг болдог.

     Хятад хэл маань Олимпын хорооны уулзалтууд дээр Хятад, Тайвань, Хонконг, Макаогийн Олимпын хорооныхонтой харилцахад хэрэг болж байна. Ер нь хэл бүр өөр өөрийн гэсэн онцлог, давуу тал, хүндрэл, түүх, соёлыг агуулдаг. Тухайн орны хүнтэй ярихдаа маш сайн зохицуулж ярих хэрэгтэй. Хятадууд бол дээр үед “Хоолоо идсэн үү?” Гэж мэндэлдэг байсан гэж байгаа юм. Монголчууд бол “Сайн хүн явснаа, муу хүн идсэнээ” гэдэг шүү дээ. Харин англичууд дандаа цаг агаар ярьдаг. Испаничууд дарррр гээд хурдан яриад эхлэх юм бол ойлгохын аргагүй. Сэтгэлийн хөдөлгөөн ихтэй. Ярьж байхдаа дуулна, бүжиглэнэ, гараа савчина.

Аялгуу сайхан испани хэл мину зээ

     Орос хэл хошин аястай, хөгжилтэй. Харин англи хэл мэдээж дэлхийн нийтийн, бүх хүнтэй ойлголцох, танилцах, хамтран ажиллахад чухал нь. Гэхдээ би испани хэлэндээ их хайртай. Уянгалаг, тун сайхан хэл. Залуу зандан, сурагч ахуй насандаа сурсан учраас надад маш их таалагддаг. Гэхдээ нэг хэцүү нь Монголд испани хэлний орчин маш бага. Хятадын радиогийн испани хэл дээрх нэвтрүүлгийг сонсож баясна. “Московские новости” сониныг испани хэл дээр захиалж их үзнэ. Ер нь испани хэлийг мартахгүй амьд байлгахын төлөө бүхий л аргыг сэдэж, яриа, бичгийн хэлээ харилцан шүтэлцээтэй хөгжүүлэхийн төлөө их үздэг байсан. Тиймээс ч оюутан байхдаа Кубын Элчин сайдын яамны хүнтэй ярьж хэлний дадлага хийдэг байлаа. Элчин сайдын яамных нь гадаа манаад зогсчихно шүү дээ. Тэгээд хүн гараад ирвэл л гүйж очоод мэнд мэдэж, өөрийгөө танилцуулаад, “Улаанбаатарт испаниар ярих өөр хүн олдохгүй байна” гэдэг байлаа. Харин нөгөөдүүл маань жаахан өөр аялгаар ярьдаг байсан юм билээ. Сүүлд сонсохнээ, испани хэлээр хамгийн гоё, уянгалаг ярьдаг нь мексикчүүд гэсэн. Энд тэнд Олимпын наадам гээд явахад ч кубчуудын аялга ондоо гэдэг нь анзаарагдаж байдаг. Жишээ нь, автобусыг бүүс гэхэд кубууд гуагуа гэж байгаа юм. Гэхдээ л испани хэл бол Латин Америкийн ихэнх, Азийн зарим орны үндсэн хэл шүү дээ. Америкийн баруун эрэгт бас түгээмэл. Тийм учраас маш том, нөлөө бүхий, дэлхийн том хэлнүүдийн нэг шүү.

     Би 1992 онд анх удаа Барселонагийн зуны Олимпод Монголын багийн бүрэлдэхүүнд орж, тухайн үеийн МҮОХ-ны дарга С.Болд даргын дагалдах зочноор очсон юм. Испаниар ярих гэж байж ядаад л, энд тэнд очиж буруу зөрүү яриад л. Тэгсэн Мадридад очоод овоо яриаг нь ойлгоод байснаа Барселонад буугаад таг болдог юм. Гэтэл тэндхийнхэн каталан гэж ондоо аялгатай юм байж. Харин Мадридын испаниуд кастиль аялгатай. Жишээ нь, манай нэг найзыг Пүик гэдэг байсан юм. Нэрээр нь дуудахад хэн ч ойлгохгүй байгаа юм. Тэгсэн каталан аялгаараа Пүүч гэж уншдаг юм билээ. Би бол энд испани хэлийг үндсэн аялгаар нь ярьж сурч байсан юм. Ер нь аливаа хэлийг сурахдаа тэгэх л хэрэгтэй. Тэгэхэд залуу байсан тулдаа л учрыг нь олж, каталан аялгаар жаал жуул ярьж сурсан даа. Уг нь тэдний гол хэл нь англи хэдий ч гадуур гарахаар испаничууд чинь төрөлх хэлээрээ л ярьж таарна. Англиар ярихад дургүй маягтай, аашлаад байх юм билээ.

     Нэг удаа би Кубын Элчин сайдын яамнаас зохион байгуулсан “Кубыг хэн сайн мэдэх вэ?” Асуулт хариултын уралдаанд дүүгээ сойсон юм. Дүү маань испани хэл үзэж байсан хэрэг. Хамаг материал юман дээр нь хамтарч ажиллаад, дүү ч түрүүлж, Гавана явж байлаа. Одоо би испани хэлтэй хүмүүстэй ойрхон байдаг. Манай Олимпын хорооны дарга орлогч байсан Б.Оюунчимэг Орост испани хэлний анги төгссөн гэх зэргээр испани хэлтэй хэд хэдэн мундаг хүн Монголд бий. Нөгөөтээгүүр энэ хэлийг сурч судалж байгаа монголчууд ч олон болжээ. Мөн Мексикээс ч жуулчид их ирдэг болсон гэсэн. Манай “Liverpool”-ийн дэмжигч Б.Нямдорж жуулчин авдаг юм. Испани хэлнээс арав шахам ном, дандаа сонгодгоос нь түүж орчуулсан мундаг залуу бий.

МҮОХ-ны зөвлөх Ж.Отгонцагааны номын сан дахь олон хэлний толь бичгүүд

 

Философийн ангиас хятад хэлний ангид

     Хятад бол миний үндсэн хэл. Намайг их сургуульд сурж байх үед Монгол-Хятадын харилцаа төдий сайн байгаагүй. Хэвийн болоогүй, сөргөлдөх талтай, хятадуудаас болгоомжилдог, хятад хэлний улсуудыг хянадаг, ажигладаг байсан үе. Тиймээс ч намайг хятад хэлний ангид сурах болоход миний бичиг баримтыг НАХЯ, МАХН-ын үзэл суртлын хэлтэс бараг сар гаруйн хугацаанд маш сайн шалгасан. Тэгээд ч би Нийслэлийн 28 дугаар сургуулийг төгссөнийг хэлэх үү. Манай сургуулийн баруун талд дандаа хятадын эрлийзүүд суудаг байсан юм. Нарангийн энгэр, 500 айлаар хятадын эрлийз олон, манай сургууль, ангид ч хүүхдүүд нь сурдаг байлаа. Тиймээс намайг эрлийз биш байгаа гэж болгоомжилсон маягтай тэгж сайн судалсан нь ч зөв.

     Дээр үед манай гадаад болон бусад харилцаан дахь хятад хэлний гол үүргийг өвөр монголчууд биелүүлдэг байсан юм билээ. Яваандаа тэр үүргийг монголчуудад хариуцуулахаар шилдэг хүүхдүүдийг сонгож хятад хэлний ангид сургасан юм. Уг нь би 1980 онд философийн ангид элссэн хүн, тэгээд дараа нь хятад хэлний анги руу шилжиж орсон нь тэр. Сургуулиас онц сурсан оюутнуудыг сонгож уулзаад хятад хэлний ангид элсүүлсэн юм. Тэр ажлыг Чой.Лувсанжав багш гардаж хийсэн юм. Ингэж зургаан хүүхэдтэй нэг анги бий болгосон. Манай ангийн Эрдэнэбаяр түүх, Ганболд монгол хэл, Шүрхүү орос хэл, Гонгор хуулийн ангиас орж ирсэн. Тэгээд эхний хичээл ороход “Монгол-Зөвлөлтийн найрамдал бадартугай” гэсэн өгүүлбэр самбарт бичээд, дагаад унш гэж байв. Хэлэхийг ч яах вэ, сонсголоороо хэллээ. Харин юу ч мэдэхгүй бидэнд тэр зургаан үгтэй өгүүлбэрийн ханзыг цээжилж ирэх хүнд байсан шүү. Ман гэдэг ханз л гэхэд 13 зурлагатай. Дуурайгаад зур л гэж байгаа юм. Сарайлгаж өгнө шүү дээ. Юу ч мэдэхгүй хэдэн нөхрийг маргааш цээжээр бичүүлнэ, цээжилж ир гээд явуулсан. Манай хичээл хүнд. Бид ч сүүлдээ өдөрт 100, 200, 300 ханз үздэг болсон. Анхандаа ханзаа тоолж байгаад, архаг оюутан болоод ирэхээрээ тоолохоо больчихсон юм. Ханзаа цээжлэх гээд л агаарт бичээд, биен дээрээ зураад, энд тэнд бичээд л явна. Ойролцоогоор хоёр мянган ханз сурчихвал багахан харилцан ярилцаад байдаг болдог. Хятад хэлний том тольд бол 40-50 мянган ханз байдаг гэж байгаа. Тэр бүрийг заавал сурах шаардлагагүй. Ер нь хятад хамгийн хэцүү хэл, дүрс үсэгтэй, цагаан толгой гэж байхгүй. Нэг үг, нэг дүрс үсэг гээд явчхаар тоймгүй олон дан дан үгтэй болно. Бас эртний хятад хэл маш хэцүү. Цэг байгаагүй болохоор нэлийсэн урт юм байдаг. Ийм хэлийг залуудаа сурсан тулдаа л одоо болтол мартахгүй яваад байгаа юм. Манай Дорнынхон “Залуу насанд сурсан эрдэм гантиган дээр сийлсэн мэт, Өтөл насанд сурсан эрдэм элсэн дээр зурсан мэт” гэдэг шүү дээ. Хэл сурахад ой тогтоолт их сайн байх хэрэгтэй. Харин франц, испани, итали чинь цагаан толгой, өөрийн галигтай болохоор хамаагүй хялбар. Дуудлага, аялгын тал дээр бол монголчууд тэр орны хүн шиг цэвэр ярьдгийг амьдралаараа батална шүү.

Галт тэрэгний хятад үйлчлэгчид хөтөч хийгээд толь олж авав

     Манай 28 дугаар сургуульд луухаанууд их байсан болохоор тэдэнтэй албан бусаар анх хятадаар ярьж байлаа. Ангийнхаа хүүхдийн аав ээжийнд очоод мантуутай, ногоотой гоё гоё хоол идээд баярладаг л байсан. Манай сургууль бас үлээвэр хөгжим сайтай. Би сургуулийн үлээвэр хөгжмийн хамтлагийн гишүүн байсан юм. Манай хамтлагийнхан энд тэнд их уригдаж тоглоно. Биднийг Гомбо багш удирддаг байлаа. Тэгсэн нэг өдөр биднийг “Нэг тийш очиж тоглоно” гээд хятад хүний оршуулгад авч явсан юм. Бид ч гашуудлын ая тоглоод, цаас шидлээд л явсан даа. Сургуулийн ойр орчмын хятадууд түхуа буюу нутгийн аялгатай ярьдаг хүмүүс байв. Мөн манай аав Уртцагаанд гутлын мастер хийж байсан. Тэгэхэд дор нь хятадууд ажилладаг байсан юм. Тэдний ярилцахыг сонсож л байв.

     Манайх Тасганы овоонд байхад уул даваад МУИС руу алхаж явахдаа ганцаараа чанга чанга яриад явдаг байлаа. Хятад хэлийг чанга чанга ярьж зүгшрүүлэхгүй бол дөрөв таван янзын хөгийг нь сурах амаргүй. Тэр нь өөдөө өгсөх, буух, жигд гээд нэг үгийг олон янзаар хэлж тухай бүрд нь утга илэрхийлнэ. Жишээ нь, ма гэдэг үгийг яаж дуудахаас ээж, морь, хараах, гэзэг гэсэн дөрвөн утга гарна. Хятадыг бол эхлээд пүтунхуа буюу төв аялгыг нь сурах хэрэгтэй.

     Харин яг албан ёсоор хийсэн ярианы дадлага гэвэл манайд Хятадын нэг профессор хичээл зааж байсан юм. Бүр нарийссан гэвэл оюутан байхдаа төмөр замаар Улаанбаатар-Бээжин, Бээжин-Улаанбаатар чиглэлд явдаг проводникуудтай ярилцаж хэлээ сайжруулсан. Сургуулиас намайг тэнд томилсон юм. Тэдэнд хоёр гурван хоног хөтөч хийж, хааяа хотын төвөөр явахад нь тагнуулдчих вий гэж болгоомжилдог байв. Төмөр замын цагдаагаас ч намайг байнга хянана. “Яаж байна, тэд юу ярьж байна?” гээд л. Тэгэхэд анх удаа гоймон гэдэг юмыг идэж үзэж байлаа. Дотроо бол хортой юм байдаг болов уу, яадаг бол гэсэн бодолтой. Тухайн үед бүгд л тэгж боддог байж дээ. Бас тэдний нэгэнд хятад-орос хэлний толь бичиг захиж авч байлаа. Ээлж солигдоод ирэхдээ надад үнэгүй авчирч өгсөн юм. Номын арын хавтсан дээр 5, 6 ремэмбигийн үнэтэй гэж байсан байх шүү. Өвөр Монголын кинон дээр ардын зоос гээд гардаг чинь ремэмби буюу тухайн Хятадын мөнгөний албан ёсны нэр юм. Өөрөөр хэлбэл 5, 6 юанийн үнэтэй толь бичиг байсан юм. Харин тэр үед би юанийн ханш зэрэг том юм боддог ч үгүй, мэддэг ч үгүй байж дээ. Тэр толь бичиг Монголд бараг олддоггүй байлаа. Ер нь тэр үед толь бичиг ховор ч байж дээ. Толь бичиг бол хэл сурах хүний хамгийн эрхэм зүйл. Хэрэв байхгүй бол шатахуунгүй машинтай л адил.

Хэл сурах гэж яваад хэрэгт орох шахав

     Хамгийн анх вокзал дээр англи жуулчинтай таартал “Good day” гэнэ. Би ойлгодоггүй. Тухайн үед надад багш гэж байсангүй. Гэхдээ би бүтэн сайнд Москва-Улаанбаатар-Бээжингийн олон улсын вагон төв вокзал дээр ирж 15-30 минут зогсдгийг мэдээд авчихсан, тэнд нь очоод жуулчидтай ярилцах гэж хүлээдэг болсон юм. Жуулчид тэгж зогсохын завсар зураг хөргөө дарж байхад нь гүйгээд очно. 1970-аад он юм чинь вокзалын цагдаа нар хөрөнгөтөн орны жуулчидтай ойртуулахгүй гээд хүрээлээд зогсчихно оо. Би тэнд нь чихэж ороод амьд яриаг нь сонсоод мөн ч их баярлаж байв. Даанч хоёр удаа түүгээр эргэлдсэний дараа гурав дахь дээр нь цагдаа нарт баригдсан. Намайг барьж аваад “Чи муу бацаан энүүгээр юу хийгээд яваад байна. Хөрөнгөтөн орны хүмүүстэй зөвшөөрөлгүй юу яриад байгаа юм!” гэж байгаа юм. Хэл сурах санаатайгаа хэлэхэд “Тэр хамаагүй, ахиж ингэж явбал саатуулна шүү!” гэхээр нь айгаад дахиж вокзал ороогүй. Тийм л хатуу үе байлаа. Хятад хэлээр гэхэд МУИС-д байхад “Жэнминь Жибао” сонин ирнэ. Тэр зөвхөн номын санд л байна. Гадагш нь авч явж болохгүй. Л.Брежнев гэх мэтийн хүмүүсийг шоглосон зураг их гардаг байсан юм. Тэрийг тарааж, үзэж болохгүй. Тэр үеийн захиргаадалт, одоогоор бол дарамтан дор ном эрдэм сурсан даа. Харамсаж байгаа юм биш, хичээж байгаад л сурсан. Одоо бол бүх юм чөлөөтэй. Тэр үед тийм байсангүй. Хятадын радио сонсож сонсголоо сайжруулдаг, тэндээс жаахан юм бичиж аваад орчуулдаг л байсан. 1990-ээд оноос хүмүүсийн хэл сурах эрх чөлөөтэй болж, олон хэл үзэх болсонд нь баяртай байна.

Орос хэл, анхны аялал

   1983 билүү 1984 онд Монголын долоон их сургуулийн дунд болдог байсан орос хэлний олимпиадад түрүүлээд тэр үеийн Ленинград, Москва, Латвийн нийслэл Ригад аялах эрхээр шагнуулж байсан. Тэгэхэд хоёрдугаар байранд УИХ-ын гишүүн асан А.Бакей, гуравдугаар байрт манай ангийн Шүрхүү орж, МУИС-ийн орос хэлний багш Цэвэгмидтэй хамт Эвлэлийн төв хорооны шугамаар үнэгүй аялах эрхээр шагнуулж байсан. Бидэнтэй хамт Говь-Алтай аймгийн сайн малчид, Дархан хотын нийтийн хоолны салбарын сайчууд явсан тул тэр хэддээ бид гурав орчуулга хийгээд таарсан даа. Харин анхны аялал гэвэл 1976 онд “Хувьсгалын өлгий нутаг” гэсэн аялалд ороод Хиагтад очиж байв. Ингэж анх удаа хилийн дээс алхсан хүн өнөөг хүртэлх хугацаанд Олимпын хорооны хурал, уулзалт, наадам гэж явсаар 66 орноор аялжээ.

МҮОХ-ны зөвлөх Ж.Отгонцагааны номын сан дахь олон хэлний толь бичгүүд.

Хятад хэлээр анх намын программ уншив

     Би спорт, хэл, хошин шог гурвыг их сонирхдог. Нэг багш маань надад “Англи хүний төрөлх хэлээрээ хэлсэн онигоог ойлгож байвал чи тэр хэлийг сайн сурчээ гэсэн үг” гэж хэлсэн юм. Тиймээс хошин шогийн ном их уншдаг. Харин орос хэлээр анх уншсан ном бол “Сонгино хүүгийн түүх”, “Үлмэдэх Нарны оронд”. Харамсалтай нь хятад хэл дээр анх “МАХН-ын программ” гэдэг юм уншсан. Нэг өгүүлбэр нь бараг зуун үгтэй, таслал тавиад л яваад байдаг. Зохиол гэвэл “Битүү шугуй, цасан тал” гэдэг ном эхлүүлээд дуусгаагүй. Их хүнд ч ном, тэгээд ч алга болгосон. Англи хэлээр бол хөлбөмбөг, спорт, “Liverpool”-ийн тухай их уншсан. Испаниар анх Кубын зохиолчдын жижиг жижиг номуудыг уншиж байлаа. Би ер нь нэлгэр том юм унших дургүй. Товч юм амар байдаг. Кубын спортын тухай ном ч уншиж байсан. Би ном уншихдаа мэдэхгүй үгээ харандаагаар бичээд уншдаг. Дараа дахиж уншихдаа баллуурдаж уншина. Тэгээд мэдэхгүй бол дахиад нэг уншдаг. Энэ аргыг  багш маань хэлж байсан. Гурав уншихад хүн мэдэхгүй үггүй болдог. Ер нь би тэр номд мэдэхгүй үг нэгийг ч үлдээж болохгүй гэсэн зарчим баримталдаг байсан. Одоо ч энэ зарчмаа л барьдаг. Мөн гадаадад явахдаа Итали, Испанийн спортын сонин их авч уншдаг юм. Болгар хэлээр бол “Народни спорт” сонин, польшоор “Панорама” сэтгүүл, чехээр Чехийн спортын сонин, унгар хэлээр бас сэтгүүл, сонин, онигооны ном их захиалж уншдаг байлаа. Энэ славян хэлүүд ерөнхийдөө төстэй. Добрый день, добор день, дабар день гээд л явчихна. Орос хэлтэй хүн славян хэл сурахад их дөхөм. Надад унгар, болгар найзууд байсан. Гэхдээ унгар маш хэцүү хэл. Би ч сурч гавиагүй. Унгар, эстони, финланд, швед, норвеги хэл чинь европ хэлнээсээ тэс ондоо, хэцүү юм билээ. Харин орос хэл мэддэг байхад болгар хэл хялбар. Гэхдээ тусдаа хэл учраас хэцүү л байж таарна. Хэл бүрийн онцлогийг л сурч, тохируулж харьцаж, тусгаж авах хэрэгтэй.

     Хятадаас монгол руу гудамж, гуанз, гамбанз, ганжин, бууз гээд олон үг орж ирсэн. Бас унгар хэлэнд монгол хэлтэй төстэй сабон (саван), өрслан (арслан) гэх мэт олон үг бий. АНУ-д байдаг Олимпын хорооны унгар найз маань Көрслан гэдэг нэртэй байлаа. “Чиний нэр арслан гэсэн үг биз дээ?” гэхэд “Яаж мэдээ вэ?” гэж гайхаж байлаа. Арслан гэдэг үг олон хэлэнд ижил төстэй байдаг. Мөн солонгос хэлэнд хятад хэлний ханз байдгаас гадна дуудлага нь монголоор ярьж байгаа шиг шууд шууд явчихна, өгүүлбэрийн бүтэц нь хүртэл ижил болохоор сурахад харьцангуй гайгүй байсан. Гэхдээ тэр хэл амархан гэж болохгүй. Солонгос хэлний ж, ч, т, д, о, у нь хэлэхэд хэцүү. Өөрсдөө ч маргадаг юм билээ. Пусан хотыг Бусан болгож байв. Тэрнээс нь болоод 2002 оны Азийн наадмын үеэр нэг жуулчин төөрөх шахаж, тасалбар захиалгаа цуцлуулсан гэдэг.

Багшийн алдрыг магтъя

     Хэл сурч байхдаа хэл шинжээчдийн номыг их уншдаг байлаа. Тиймээс оройн дээд очир эрдэнэ болсон Чой.Лувсанжав багшийгаа би шүтдэг. Манай сургуулийн гадаад хэлний факультетийн багш байсан. Арваад хэлтэй байсан гэдэг. Өөрөө математикийн мэргэжилтэй хэрнээ Бээжинд хятад хэл сурсан юм билээ. Нэг сайхан өлзий буянтай өдөр багшийнхаа шавь нь болоод л орсон доо. Чой.Лувсанжав багш бидэнд хятад хэлний дүрэм, ярианы дадлагыг хааяа хааяа заана. Маш завгүй хүн учраас хаа нэг хичээл ороход нь бид тал талаас нь шалгааж гарна. Өөрийнхөө жишээн дээр маш сонирхолтой хичээл ордог байлаа. Би гэхдээ нэг юмтай огт санал нийлдэггүй. Биднийг “Ганцхан номоо л үз. Гоё ганган хувцас, урлаг, спорт дэмий” гэнэ. Тэгээд “Их сургуульд хоёр муухай гэж бий. Нэг нь би, нөгөө нь орос хэлний Пэлжид” гэдэг байсан. Би бол спортод дуртай болохоор дотроо “Спортоо хаяхгүй дээ” л гэж боддог байлаа. Тэднийх Чингэлтэйд “Ардын элч” дээр гардаг шиг өндөр гэрт суудаг байсан юм. Бид нар очиж толь бичиг хийхэд нь тусалж л байлаа. Тэгэхэд биднийг “За одоо гарч биеэ хөдөлгө” гээд үртэс чихүүлнэ. Саванд хийж байгаад дээрээс нь гишгэдэг. Би хар ажилд муу болохоор жаахан ядарна аа. Энэ их хүнээр ном заалгаж явснаа нэр төрийн хэрэг гэж боддог юм. Одоо Дармаа гэдэг хүү нь АНУ-д амьдардаг, аавынхаа шийрийг хатаасан эрдэмтэн болсон гэнэ лээ. Мөн би Б.Ринчен гуайг шүтдэг юм. Нэг удаа алсаас барааг нь харж байлаа. Дээл, костюм, суран бүстэй, цав цагаан толгойтой хүн байсан. Мөн Ц.Базаррагчаа багш байна. Хэл найруулга, үгсийн сангийн хичээл ордог байсан. Ч.Таамаа багш байна. Авиазүйн хичээл заана. Харин ангийн багш маань Гунгаа гэдэг, цэргийн хэлтэст ажилладаг байсан, хошууч цолтой, шулуун шударга зантай, амьдрал дээрх хятад хэлийг заах нь зүйтэй гэсэн үзэлтэй хүн байлаа. Биднийг арай төгсөөгүй байхад Ленинградын их сургуулийн хятад судлалын ангийг төгсөж ирсэн Ж.Баясах багш байсан. Сүүлд өөрөө гадаад хэлний дээд сургууль байгуулсан. Мөн МУИС-ийн англи хэлний Урнаа, Хонгорзул, уйгаржин бичгийн Шархүү, орос хэлний Цэвэгмид багш нар байна. Бид бусад суурь хичээлээ монгол хэлний ангийнхантайгаа хамт үздэг байлаа. Биеийн тамирын хичээлийг волейболын мастер Сэлэнгэ багш орж байсан. Зарим багш нар минь тэнгэрийн оронд дэвшжээ. Эрдэмтэн багш нарынхаа ачаар өдий дайтай, багш нарынхаа талын талыг гүйцэхгүй ч энэ замаар явж байгаадаа баяртай байдаг аа.

Хэл, харилцаа хоёр салшгүй холбоотой

     Багаасаа спортод дуртай байгаад, томроод хэл үзээд ирэхээр ажиллах газар нь спортын байгууллага байж таарна. 1990 онд Монголын радиогийн хятад хэлний редакцид ажилладаг байлаа. Тэгсэн нэг өдөр “Монголын спорт” сонинд ажилладаг байсан МУИС-ийн найз Одонтуяа маань залгаад “Хятадын спорт” сониныхон ирэх гэж байна. Чи орчуулга хийгээд явчхаач” гэсэн юм. Дуртай нь аргагүй чөлөө аваад очлоо. Хоёр сонин хамтран ажиллах гэрээ байгуулж, тэр явдлаас хоёр сарын дараа Бээжин хотод болох Азийн наадамд биднийг урьсан юм. Тэгсэн “Монголын спорт” сонины эрхлэгч С.Түвдэнням намайг дуудаад “Чи манай сонинд ажиллах уу?” гэв ээ. Би сонсоод чихэндээ итгэсэнгүй. Миний мөрөөдөл юм чинь. Ингээд радиогоосоо гараад сонинд орж хоёр долоо хоног ажиллаад, эрхлэгчтэй хамт Азийн наадмын сурвалжлагчаар явсан даа. Тэр миний хамгийн дурсамжтай, хамгийн анх үзсэн том наадам байлаа. Азийн спортын томчуудыг харахаас гадна Монголынхоо томчуултай ч тэгж л анх уулзаж байгаа юм. Боксын Н.Энхбат, чөлөөтийн А.Сүхбат, В.Батбаяр багш, Отгонбаяр ах гээд бүгд л явсан. Тэгэхэд МҮОХ-ны дарга С.Болд, ерөнхий нарийн бичгийн дарга С.Магсар нартай танилцсан. С.Болд дарга намайг ажиглаад, дараа нь Барселонагийн Олимпод дагуулж явж ирээд Гадаад харилцааны хэлтэст ажиллахыг санал болгосон. Түүнээс хойш өдий болтол тэндээ ажиллаж, 2004-2017 онд нарийн бичгийн дарга хийж байгаад одоо зөвлөх хийж байна даа. Анх босгыг нь алхсанаас хойш 33 жил болжээ. ОУОХ-д 206 орон байдаг. 1990 оноос МҮОХ-ын гадаад харилцаа, олон нийтийн харилцааг хариуцаж ийш тийш томилолтоор их явж. Барселонагийн Олимпоос хойш зун, өвөл, залуучуудын гээд нийт 15 Олимпод явжээ. Мөн дэлхийн олон оронд зохион байгуулсан хорооны бүх хуралд оролцсон. Азийн орнуудтай бүгдтэй нь найз, ахан дүүс. Хувийн харилцаа ч байдаг. Тэр улсуудтай харилцахад “Чи надад нэг ийм ном олоод өгөөч” гэх мэтээр хүн хоорондын юм бий шүү дээ. Энэ бол мэдлэгээ дээшлүүлэх нэг хэлбэр. Би хөгжиж буй орны хүн учраас хямсаганаад байх шаардлагагүй. Бүгдтэй нь харилцаж, ярилцах хэрэгтэй. Тэгж найрамдал нөхөрлөлийг өөрөө үүсгэж санаачилж байгуулбал хувь хүндээ ч, байгууллагадаа ч, эх орондоо ч хэрэгтэй. Ингэж би найз нөхдийн суурин дээр улс хоорондын болон ОУОХ, олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааг бэхжүүлж чадсан. Тийм учраас хэл, харилцаа хоёр салшгүй л байх ёстой.

Редакциас: Мэдлэг, оюунд чиглэсэн энэ мэт эерэг мэдээ, нийтлэлийг бид тасралтгүй түгээхийг чармайдаг. Тэр бүгдийг хоцрохгүй үзье гэвэл доор буй follow товчийг дарж, бидэнтэй хөл нийлүүлнэ үү хэмээн уншигч таныг урья аа.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.