images

Г.Ганхүү: Чех хүмүүстэй шар айраг их уусны ачаар хэлийг нь сайн сурсан

Б.Бадамзул

Хэлтэй бол хөлтэй

2023-06-07


“Шар айраг” хамтлагийн дуучин, “Яг түүн шиг” шоуны шүүгч Г.Ганхүү 1984 онд тэр үеийн Чехословак улсад суралцахаар очиж, хувцас загвар зохион бүтээгч мэргэжил эзэмшээд 1990 онд эх орондоо ирсэн юм. Түүнээс хойш 32 жил өнгөрөхөд чехүүдтэй байнга харилцаагүй ч сурсан хэлээ марталгүй өдий хүрсэнд нь дуу хөгжим их нөлөөлжээ. Хэл сайн сурахад шар айрагны гавьяа ч их байсан гэнэ. Ингээд орос, англи, польш, чех хэлтэй дуучнаар чех хэлнийх нь талаар яриулснаа хүргэж байна.

    Намайг залуу байхад манай улс социалист системтэй байсан учраас сургууль төгсөх, мэргэжлээ сонгох нь одоогийнхоос өөр байлаа. Тэр үед бид гадаад явбал л амьдралын баталгаа гэж үзнэ. Тэгэхээр гадагшаа сургуульд явахыг хүсдэг. Тиймээс би конкурс өгөөд авсан хуваарийнхаа дагуу Чех явсан юм. Тэр үед арын хаалга гэж байх биш оноолтоороо л тэгж таарсан. Конкурс өгөөд хамгийн түрүүнд аль улсын хуваарь ирснийг харахаас биш би эмч, нисгэгч больё гэх аргагүй. Герман, Чехийн хуваарь байна уу гэж л харна. Би уг нь Германы хуваарь авья гэж орсон хүн. Тэгтэл тэр хуваариудыг надаас дээгүүр оноотой хүүхдүүд аваад дууссан учраас Чехийн хуваарь үлдсэн байлаа. Гадаад л явж байвал хамаагүй юм чинь авья гэж бодоод ямар мэргэжил байгааг асуусанд “Хувцасны загвар зохион бүтээгч, интерьер дизайнер гэсэн хоёр мэргэжил байна” гэж байна. Интерьер дизайнер гэдгийг нь ойлгохгүй хүн чинь “За, загвар зохион бүтээгчийн хуваарийг нь авья” гээд л авсан даа. Нөгөө талаас орос сургууль төгссөн надад хэл нь дөхөм учраас энэ улсыг сонгосон юм. Тэр үед Зүүн Герман, Чех, Унгар, Польшийг бид Барууны орон гэдэг байлаа.

Гурван сарын дотор чехээр ус цас шиг ярьдаг болов

     Чехэд очсон оюутан бүр нэг жил сурахаар их сургууль байгаагаасаа өөр хотод хэлний бэлтгэлд сурдаг байсан юм. Би тухайн жилдээ загвар зохион бүтээгчийн мэргэжил сонгосон учраас Тэплицэ гэдэг хотод очлоо. Энэ мэргэжлийг охид их сонгодог болохоор дан охидуудтай хамт суусан. Тэдэнтэйгээ найзлах нь мэдээж боловч эрчүүдтэйгээ нийлэхийг их хүснэ ээ. Тэгээд чехүүдтэй шар айраг уудаг болов. Хэл сурахад энэ их нөлөөлсөн. Дээрээс нь унаган шахуу орос хэлтэй учраас бусдыгаа бодоход суурьтай байлаа. Тэнд жил бүр мянга гаруй гадаад оюутны дунд “Чех хэлээр хэн сайн ярих вэ?” гэдэг уралдаан болдог байв. Тэр үед Чех, Словак хоёр улс нийлсэн Чехословак гэдэг улс байлаа. Тэр уралдаанд би 1984 онд анх очсон жилээ түрүүлэв. Гуравхан сарын дотор яг чех хүн шиг ярьдаг болчихсон гэсэн үг. Намар есдүгээр сард очоод арван хоёрдугаар сард тэмцээн болоход тэрүүхэн хооронд хэлийг нь сурчихсан, тэмцээнд түрүүлж байгаа хэрэг. Тэгээд тухайн үеийн Ленинград, одоогийн Санкт-Петербург хотод 14 хоног амрах эрхийн бичгээр шагнуулсан юм. Гэхдээ би шагналынхаа эрхээ эдлээгүй. Урьд нь ЗХУ руу зөндөө явчихсан учраас яваагүй юм. Надад наймаа хийх нь чухал байсан болохоор тэгж цаг алдахыг хүсээгүй хэрэг.

Наймаа хийсэн минь

     Чехэд очсон оюутнуудад нэг давуу тал байдаг. Тэр нь юу вэ гэхээр, тэнд очсон оюутнууд паспорттойгоо үлддэг. Зүүн Герман, Польш, Унгар, Болгар, Югославт очсон хүүхдүүдийн паспортыг Элчин сайдын яам нь хураагаад авчихдаг байсан юм. Ганцхан Чехэд авахгүй. Тэгэхээр бидэнд ийш тийш аялах боломж нь их байна гэсэн үг. Аялна, явна гэдэг нь юм үзэж нүд тайлахаас гадна наймаа хийх бололцоо. Тухайн үед социалист лагерь дотроо хамгийн их наймаа хийдэг нь польшууд байлаа. Тиймээс Чехээс Польш руу тамхи, архи дарс зөөнө. Эргүүлээд жийнс, видео тоглоом, видео тоглуулагч, зургийн аппарат авна. Ингэж улс хооронд наймаа хийдэг байснаа одоо эргээд харахад Монголын одоогийн аль л том гэсэн бизнесмэнүүд бүгд Чехэд сурчээ. Германд төгссөн том бизнесмэн Монголд ховор, ганц Лу.Болд л байна уу даа. Тэгээд “Хас”-ын Ч.Ганхуяг Унгарт төгссөн. Бусад нь бүгд Чех. Жишээ нь, “Алтан тариа” компанийн П.Цэнгүүн, “Энержи Ресурс”-ын Г.Батцэнгэл, “Чоно” группийн ерөнхийлөгч Т.Энхболд, “Скайтел” компанийн Ж.Эрдэнэбат гээд нэрлэвэл олон хүн байна. Би паспортоо биедээ авч явдаг учраас илүү их явж, илүү их наймааны сэтгэхүйтэй болжээ. Тэр үе их сонин үе юм. 1989 онд социалист лагерь тарж, Берлины хана нурснаар наймааны том боломж гарсан. Тэгэхэд Чехэд сурсан оюутнууд рублийн наймаа хийж маш их ашиг олдог байлаа. Тухайлбал, “Шунхлай” группийн П.Батсайхан байна. Бид бүгд нэг үеийнхэн юм.

“Чиний онигор нүдийг харахгүй бол чи яг чех хүн шиг ярьж байна”

     Хэлний бэлтгэлд сууж байхад Ивана гэдэг мундаг багш манайд байлаа. Багшийн сайнаас гадна би өөрөө багаасаа нийтэч хүүхэд байсан болохоор олон чех найзтай болсон юм аа. Тэнд юу хямдхан гэхээр шар айраг хямдхан. Бараг уснаасаа хямд. Тийм сайхан хямдхан юмыг чинь найз нартайгаа орой бүр уугаад байхаар зориг ороод чехээр яриад эхэлж байгаа юм. Ер нь зоригтой байж л гадаад хэлээр ярина шүү дээ. Сургуулиас гадуур хэл сурахад шар айраг уудаг маань ингэж их тус дөхөм болсон. Ганцаараа монгол эрэгтэй болохоор чехүүдтэйгээ илүү нийлдэг байж.

     Орос, чех хэл аль аль нь слав язгуурын хэл учраас хоорондоо төстэй. Гэхдээ чехүүд оросыгоо, оросууд чехүүдийнхээ яриаг ойлгохгүй. Шинэ хэл сурж байгаагаас ялгаагүй. Анх Чехэд очоод позор гэдэг үгийг сонсоод их гайхаж байлаа. Энэ үг оросоор гутамшиг гэсэн утгатай. Гэтэл чехээр “Анхаар!” буюу болгоомжил гэсэн үг байхгүй юу. Ижилхэн үг хэрнээ ийм тэс ондоо утгатай. Мэдээж аль ч улсад очсон хүн хамгийн анх мэндчилгээ сурна. Ahoj буюу сайн уу гэж мэндэлдэг. Чех, орос хэлний цагаан толгой, өгүүлбэрийн бүтэц нь адилхан, дуудлага нь ондоо. Хэдий тийм ч  ижил язгуурын хэл учраас унаган орос хэлтэй надад энэ хэлийг сурахад бусад гадаад оюутнуудаас хялбар байлаа. Би ер нь хар багаасаа хэлэнд авьяастай байсан хүн.

     Тухайн үед Чехословак улс гурван мужтай байв. Тэр нь Чех, Словак, Морави. Энэ гурван мужийн хүмүүсийн аялга нь өөр өөр. Гэхдээ нэг нэгнийгээ ойлгоно. Би чех хэл сурч байгаа ч словакуудын яриаг сайн ойлгоно. Ер нь би чех хэл сурснаараа польшуудтай их наймаа хийсэн. Польш, чех хэл бас их төстэй. Тэдэнтэйгээ наймаа хийсээр хэлийг нь бас сурчихсан гэсэн үг. Ер нь орос хэл мэдээд чехийг бас мэддэг байх юм бол Словак, Морави, Словени, Югославт хэл нэвтрэлцчихнэ. Нэг ёсондоо ганц хэл сурч байгаа юм шиг боловч олон хэл сурч байна л гэсэн үг. Слав хэл сурах олон талын ашигтай. Энэ хэлүүдээр ус цас шиг ярихаа байг гэхэд хүний юу гэж байгааг өлхөн ойлгодог болно. Би польш хүний яриаг зуун хувь ойлгоно. Өмнөөс нь ганц нэг мэддэг польш үгээ оруулаад чехээр ярьвал тэд ч намайг ойлгоно.

     Миний чех найзууд “Чиний онигор нүдийг харахгүй бол чи яг чех хүн шиг ярьж байна” гэдэг байсан. Бүр Прагийн аялгуугаар ярьдаг байв. Манайтай адилхан хот, хөдөө, төвийн, захын гээд өөр өөр аялгуутай учраас тухайн үедээ Прагийн аялгуу төв халх, Ленинградын оросуудын аялга гэдэг шиг хамгийн төвийн, маягтай хэллэг, өргөлт интонацитай. Ер надад чех хэлний хэллэг нь их таалагддаг. Маш гоё зөөлөн, чихэнд сонсголонтой хэл. Хайр дурлалын хэл ч юм шиг.

Сурсан хэлээ мартдаггүй

     Миний нэг онцлог бий. 1990 онд сургуулиа төгсөж Монголдоо ирээд хувьсгалд оролцоод явсан. Түүнээс хойш 32 жил болоход өдөр тутам чехээр ярьсангүй, тэр улстай бизнес хийсэнгүй, чех хүнтэй найзалсангүй. Тэгсэн хэдий ч би хэлээ мартаагүй. Одоо Элчин сайдын яаман дээр очиж хүмүүстэй уулзахдаа чех хэлээрээ ярьдаг. Сая Чехийн сансрын нисгэгч ирээд УИХ-ын гишүүн асан С.Оюун, М.Зоригт бид гурав уулзлаа. Бид гурав гурвуулаа л Чехийнх. Тэгсэн нөгөө хоёр маань ярьж чаддаггүй. Бүр мартчихаж. Би орчуулагчийг нь хийж байгаа юм. Тэгэхээр хэлийг мартдаг хүмүүс гэж байна. Тухайн хэлээрээ ярьдаггүй ч гэсэн мартдаггүй хүмүүс гэж байна. Би мартдаггүй хүмүүсийнх нь тоонд ордог бололтой.

     Улс намайг гайхаад байдаг юм. Тэр нь дуу дуулдагтай холбоотой байж магадгүй. Учир нь, би арван жилд байхдаа хамтлагтай байсан юм. Тэгээд улс төрийн дууны уралдаанд их оролцдог байсан маань Чехэд очсон хойно надад их хэрэг болсон. Чехүүд дуу хөгжимд их муу юм билээ. Бүхэл бүтэн их сургуульд хэдхээн хүүхэд гитар тоглодгийн нэг нь би байв. Тэгээд тэр цөөхөн хэд маань нийлж хамтлаг байгуулаад энд тэнд тоглодог болсон. Гэхдээ их сонин. Хөгжимчид нь бүгд чех хэрнээ дуучин нь онигор монгол. Тэгээд бүр чехээр дуулдаг монгол гэхээр хүмүүс жигтэйхэн гайхна. Ингээд манай хамтлаг гадаад, гадаад гадааддаа бүр ази дуучинтай гээд их алдартай болж, энд тэнд урилгаар дуулдаг болсон нь хожим намайг чех хэлээ мартахгүй байхад тусалсан юм. Дуулдаг хүн чинь одоо “Youtube” ороод л чех дуу сонсчихно. Тэгэхээр олон жил болоход хэлээ мартахгүй байгаагийн үндэс нь хөгжим юм.

Монгол хамтлагийн нэр Чехэд

     Тэр хамтлагийг бид тав анх сонирхлоороо л байгуулсан юм. Гэтэл яваандаа энд тэнд уригдаж дуулаад мөнгө олдог болов. “Прогресс” гэдэг нэртэй хамтлаг л даа. Энэ нэрийн учир нь гэвэл би 23 дугаар сургуулийн сурагч байхдаа “Дэвшилт” гэдэг хамтлаг байгуулсантай холбоотой. Бидний оролцдог улс төрийн дууны тэмцээн чинь одоогийнхоор бол “Playtime” шүү дээ. Тэр үеийн хамгийн гоё наадам. Гэхдээ  шалгуур өндөртэй. Ийм дуу дуулж болно, ийм дуу болохгүй гээд л. 1982 онд бид ангиараа тэр тэмцээнд оров оо. Род Стюартын “I’am sailing” гэдэг англи дуу бэлдээд орохгүй юу. Би чинь жаахан англи хэлтэй, хэрэндээ л англиар дуулчихдаг байлаа. Гэтэл англиар дуулуулахгүй гэж хориглодог юм. Тэгмэгц газар дээр нь шууд өөр дуу дуулсан. “Зөвлөлт, Монголын залуусын суу, Зүрх сэтгэлийн яруухан дуу” гэдэг дуу. Тухайн үед хамтлагуудын нэр ч социалист байлаа. “Шар айраг” гээд орвол “Юу солиороод байгаа юм!” гээд л болиулна шүү дээ. Тэгээд Чехэд хамтлаг байгуулахдаа “Дэвшилт” гэдэг тэр нэрийг чех, англи руу шууд орчуулаад “Прогресс” гэж нэрлэсэн юм. Манай хамтлагийнхан Чехийн “Олимпик” хамтлагийн дууг их дуулдаг байлаа. Багаасаа л “Beatles”, “Rolling Stones” сонсож өссөн, рок хөгжимд дуртай намайг Чехэд очиход Монголынхоор бол “Соёл эрдэнэ” хамтлагтай дүйх алдартай хамтлаг нь энэ байв. Дуучныг нь Янда гэдэг. Чех дуу гэвэл  би тэр хамтлагийн дууг хамгийн түрүүнд сурсан юм.

Монгол хүүг чехүүд хүндэтгэсний учир

    Миний хувьд бичгийн хэлнээс ярианы хэлдээ хамаагүй дөнгүүр. Угийн л ярьдаг хүн одоо ч ярьдаг хэвээрээ. Бичгийн талдаа одоо ч муу, тухайн үедээ ч муу байсан байх. Гэхдээ оюутан л юм чинь бичнэ ээ. Одоогийнх шиг интернэт байсан биш захидлаар харьцдаг байсан нь бичгийн ур чадварыг их дээшлүүлдэг байжээ. Найз нөхөд, гэрийнхэн рүүгээ гээд хаашаа л бол хаашаа захидал илгээнэ. Утсаар ярих нь тоотой. Маш үнэтэй учраас тэр. Бидний үеийн оюутнууд ном их уншдаг болохоор хүссэн хүсээгүй аятайхан найруулаад биччихдэг. Чех хэл сурахын тулд тэр хэлээр заавал унших номууд гэж бас бий. “Эрэлхэг цэрэг Швейк”-ийг уншсанаа санаж байна. Тэгээд монгол хэлээр байдагтай адил “Шадар гурван цэрэг”, “Усан доогуур хорин мянган бээр аялсан нь” гэх зэрэг номууд чех хэлээр гарсныг оростой нь харьцуулж уншихад амар бөгөөд хэл сурахад дөхөм байлаа. Мөн биднийг байнга телевиз үзүүлдэг байсан нь ч их нөлөөлсөн. Тухайн үед манайд хоёрхон сувгаар цөөхөн нэвтрүүлэг гардаг, тэрийг нь олигтой үзэх ч боломж гардаггүй байлаа. Тэгвэл Чехэд таван сувагтай. “Хөөх, ийм олон суваг гардаг юм байх даа?” гэж гайхаж байв. Солиод үзэхээр гоё гоё юм их гарна. Цуврал кино гэдэг юмыг чинь анх тэнд л үзлээ шүү дээ. “Ийм олон ангитай кино байдаг юм уу?” гээд л ангайчихна. Анх Америкийн нэг алдартай цувралыг үзэж байсан санагдана. Тэрний дараа “Марко Поло” үзсэн. Нэлээн дээр үед хийсэн мөртлөө маш нарийн, сайн хийсэн, гоё кино. Монгол улс, Хубилай хаан гардаг, хорь гаруй ангитай кино шүү. Оюутны байрны өрөө бүрд зурагт байх биш. Нийтийн том танхимд нэг зурагттай. Тэр танхимдаа чех, гадаадгүй бүгд цуглаад киногоо үзнэ. Тэгэхэд хамгийн урд нэг суудал надад үлдээдэг байсан. Яагаад гэхээр би монгол хүн учраас “Марко Поло” кино гарахад намайг хүндэлж, тэр урд суулгаж байгаа юм. Дараа нь би наймаачин болоод нөгөө чехүүддээ том дэлгэц, видео тоглуулагчаараа гоё гоё кино гаргаж үзүүлдэг болсон доо.

Би дөрвөн хэлтэй, дөрвөн амьдралтай хүн

     Би одоо ч чех найзуудтайгаа холбоотой байдаг. Сая “Шар айраг” хамтлаг Европт аялан тоглолт хийгээд Прагад очиход манай ангийнхан хорин хэдүүлээ ирж үзлээ. Бүгд ирээд оройжингоо сайхан шар айраг уусан даа. Би ч найзуудаа хоёр гурван ч удаа Монголд урьж Хөвсгөл нуур энэ тэрээр аялуулсан. Чехэд монголч эрдэмтэн маш олон байдаг. Иржи Шима гуайгаас эхлээд дурдаж болно. Одоо тэд дундаас хамгийн алдартай нь Ивана Гроллова гэдэг хүүхэн бий. Чехийн ерөнхий сайд, ерөнхийлөгчийн хэлмэрчээр Монголд дандаа хамт ирдэг, гаргууд сайн монгол хэлтэй хүн. Сүүлд манайд суух Чехийн Элчин сайдаар хэдэн жил ажилласан. И.Гроллова анх Монголд ирэхдээ манай гэрт бүтэн сар амьдарч байлаа. Бид хоёр чинь бараг л авгай, нөхөр хоёр байв.

     Одоо би чех хэлээ яаж ашиглаж байна вэ гэвэл, цахим орчноос мэдээлэл хайхдаа ашиглаж байна. Заримдаа орос, англиас илүү чех хэлээр мэдээлэл хайх нь амар байдаг юм. Илүү дэлгэрэнгүй, олон мэдээлэл гарч ирдэг. Манай нэг чех багш надад “Хэчнээн хэл сурна, төдий чинээ амьдарна гэсэн үг шүү” гэж хэлснийг мартдаггүй юм. Бид зөвхөн монгол хэлтэй байвал монголоор нэг л удаа амьдрах нь. Чех хэлтэй учраас би хоёр удаа амьдарч байна. Орос хэлтэй учраас гурав, англи хэлтэй учраас дөрвөн удаа амьдарч байна. Нэг ёсондоо дөрвөн өөр амьдрал үзэж, дөрвөн төрлийн мэдээлэл авч байна. Тиймээс залуус хэл сайн сурах хэрэгтэй. Гадаад хэлийг голж болохгүй. “Шал дэмий уругвай, парагвай хэл сурчихлаа” гэдэг онигоо шиг байж болохгүй. Хэл бол хэл. Сурсан хэл хүнд заавал, бүр гарцаагүй хэрэг болдог.

Редакциас: Мэдлэг, оюунд чиглэсэн энэ мэт эерэг мэдээ, нийтлэлийг бид тасралтгүй түгээхийг чармайдаг. Тэр бүгдийг хоцрохгүй үзье гэвэл доор буй Follow товчийг дарж, бидэнтэй хөл нийлүүлнэ үү хэмээн уншигч таныг урья аа.   

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    зошин

    зүгээр ч нэг ярьдаггүй. кругузор маш сайтай. IQ нь өндөр байх шүү. амжилт

    2023-06-08

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.