images

Араб хэлний багш Ё.Алтан: 1981 онд Иракт нууц дадлага хийж, Саддам Хусейний гарыг атгаж явлаа

Б.Бадамзул

Хэлтэй бол хөлтэй

2023-04-10


МУИС-ийн Ази судлалын тэнхимийн Турк судлалын салбарын араб хэлний багш Ё.Алтан манай “Хэлтэй бол хөлтэй” булангийн ээлжит зочноор уригдан ярилцлаа. Тэрбээр Монголын араб хэлний цөөхөн мэргэжилтний нэг бөгөөд энэ хэлийг одоогоос дөчөөд жилийн өмнө Узбекистаны Ташкентийн их сургуульд судалсан хүн юм.

Хуваариа булаалгасан нь

   Би 1978 онд одоогийн Орос III сургуулийг төгссөн юм. Тэр үед  Зөвлөлтийн гурав гэж ярьдаг байж. Төгсөөд уралдаант шалгалтад орж нэлээн дээгүүр оноо авлаа. Уул нь ром, герман талын хэлийг илүүтэй сонирхож, тийш зүглэе гэж бодож байсан юм. Гэтэл яг миний дээгүүр улаан шугам татаж хоншоороороо таслуулав. Тэгтэл цаана үлдсэн олон янзын хэл дотор араб хэл гэж байна аа. Би яах вэ, “Мянга нэгэн шөнийн үлгэр”-ийг уншиж, киног нь үзэж байсан болохоор араб хэлийг үг дуугүй сонгов. Тэгтэл намайг шууд л Үйлдвэрчний төв зөвлөл буюу одоо талбайн баруун хажууд байдаг Төв зөвлөл нэр дээрээ авчихдаг юм байна. Тэр үед албан газрууд хүмүүсийг хуваарилаад авчихдаг байсан байхгүй юу. Тухайн үеийн Үйлдвэрчний төв зөвлөл бол олон нийтийн байгууллагууд дундаа хамгийн баян нь байлаа. Хүн бүр ажилтай учраас Үйлдвэрчний эвлэлийн гишүүн болж татвар төлдөг байсан учраас тэр. Ингээд би энэ зөвлөлийн нэр дээр Москвагийн Патрис Лумумбагийн их сургуулийн Ази, Африк судлалын тэнхимийн араб хэлний ангид явахаар боллоо. Гэтэл тэр хуваариа алдчихав. Яасан гэхээр тухайн үед Югослав улс гэж байсан юм. Одоо бол Серби, Хорват, Македон гээд бутарчихсан байгаа шүү дээ. Тэгтэл би Патрис Лумумбагийн их сургуулийн араб хэлний ангийн хуваариа Югославын элчин сайдад алджээ. Есдүгээр сарын нэгэн болж их сургуулиудын хичээл эхэлчихээд байхад би хуваарь байхгүй, Монголдоо үлдчихэж. Ингээд арваад хонож байтал Ташкентад нэг хуваарь гарч ирлээ. Тэр хуваарийг улсаас нэлээн хайж байж олсон юм уу даа, нарийн учрыг нь би сайн мэддэггүй юм. Социализмын үе юм чинь манай улсаас бас шаардсан байх л даа.

Ташкентад очив

     Ингээд Ташкентад явж хүрлээ. 1978 оны 10 дугаар сарын 15-нд очиж байгаа юм. Хичээл эхлээд сар гаруй болчихсон байхад ангидаа яваад оров. Анги даасан багш намайг хараад гайхаж байгаа юм. “Юун амьтан ороод ирэв” гэж бодож байгаа шүү дээ бараг. Тэр ангид яг 11 хүүхэд байсан. Тухайн үеийн ангийн зохион байгуулалт ч их сонин. Нэг ангид 12 хүүхэд байх ёстой. Тэгж байж бүрэн анги гэж тооцогддог. Би 12 дахь нь болоод орж байгаа юм. Мэддэг юм гэж ёстой юу ч байхгүй. Юу яриад байгааг нь ойлгохгүй юм. Дөнгөж арван жилээ төгсөөд очиж байгаа хүүхэд шүү дээ. Би хэдий орос хэлтэй ч тэд нар бүтэн сарын дотор маш их хичээл үзчихсэн байсан. Канон, принтер ч гэж байсан биш, багшийн самбар дээр бичсэнийг дэвтэр дээр хуулж тогтоодог үе. Гэтэл би самбар дээр юу бичиж байгааг нь ч ойлгодоггүй.

     Тэгэхэд манай оюутнууд ургац хураалтад явдаг байсан даа, түүн шиг Узбекистанд хөвөнд явдаг юм байна. Би 10 дугаар сарын 15-нд очоод хоёр долоо хонож байтал бүх оюутан алга болчихлоо. Хөвөн хураалтад явчихаж. Би тэрийг нь мэдсэнгүй, байрандаа гадаад оюутнуудтай үлдсэн байв. Тэгэхэд орос хэлний хичээл бас ордог байсан. Би хоёр хичээлд л суусан. Учир нь бүх багш намайг орос хэлтэй болохоор “Та хэрэггүй ээ” гээд хөөгөөд явуулсан. Оросын еврей багш “Та надаас ч илүү байж магадгүй юм” гэж хэлсэн шүү. Эхэндээ ойлгохгүй байсан ч энэ мөчөөс эхлэн таван жил буюу 1983 он хүртэл би Ташкентийн их сургуульд сураад төгссөн хүн дээ.

Иракт нууцаар

     Манай ангийн 12 хүүхдийн хоёр нь гадаадаас ирсэн байв. Нэг нь би, нөгөөх нь Ардчилсан Германаас ирсэн Питер гэдэг залуу. Узбекистанд араб хэлийг хоёр янзаар заана. Нэг нь үндсэн узбек хэл дээрээ, нөгөө нь европ буюу орос хэл дээр тулгуурлаж хичээлээ ордог. Би ямар узбекээр ярих биш европ хэлнийхэд нь сурна. Тэгж байтал 1980 онд Москвад Зуны Олимп болсны дараа жил бид хоёрыг нууцаар хоёр улс руу явуулахаар боллоо. Социализмын үед Монгол улс иргэнээ гуравдагч орон руу явахыг хориглодог байсан юм. Герман ч ялгаагүй тийм байлаа. Тэгсэн бид хоёрыг амьд хэлний дадлага хийлгэхээр явуулж байгаа нь тэр юм байжээ. Уг нь Монгол, Германаас тухайн улсууд руу манай иргэнийг авч явж болохгүй гэсэн бичиг ирсэн л дээ. Тэгсэн чинь сургуулиас өөрсдөө бие дааж шийдвэр гаргасан хэрэг. Тэгээд манай анги зургаа, зургаагаараа хоёр улсад хуваагдлаа. Мань германыг Ливи рүү, намайг Ирак руу явуулсан. Зургаан сараар шүү. Монголд ёстой намайг тэгж яваа тухай огт юу ч мэдээгүй. Герман ч германаа мэдээгүй. Тэр үед Ташкентад Монголын консул гэж байсан. Консулын газар ч мэдээгүй юмдаг. Бодоод үз дээ, тийм айхтар нууц хийжээ. Тэгээд зургаан сар Иракт дадлага хийхдээ би Саддам Хусейнтэй уулзаж байлаа. Гадаад оюутнуудыг хүлээж авдаг юм байна л даа. Албан ёсны ярилцлага энэ тэр гээд уулзахад мань эр хүн бүртэй гар бариад явсан. Тэгж би Саддам Хусейний гарыг атгасан юм. Тэгэхэд Ирак үнэхээр гоё улс байсан шүү. Улаанбаатар шиг нам тайван, дулаахан. Ирак бол Месопотами, Евфратын сав газарт оршиж ирсэн өчнөөн мянган жилийн түүхтэй улс шүү дээ. Одоо ямар болсныг мэдэхгүй юм.

     Нэг их сонирхолтой юм бий нь бид тухайн үед Багдадын төв музей рүү орж байв. Тэгэхэд биеийн тамирын заал шиг том танхимд XII-XV зууны судар бичгүүд овоолоостой, хүний гар хүрээгүй, бараг л нэг хуруу тоосонд дарагдсан байсан. Дөрвөн ханаар нь зайгүй хураачихсан. Тэнд Монголын түүхэд хамаарах юм өчнөөн байгаа нь зайлшгүй. Арван дөрөв, тавдугаар зуун гэхээр тэнд монголчууд ноёрхож байсан үе шүү дээ. Одоо бол дайн самуунаас болоод юм үлдсэн эсэхийг мэдэхгүй юм. Бид ингэж ийш тийш экскурсээр явдаг байсан ч дадлагын гол цөм нь Багдадын их сургууль байсан. Мөн Иракийн орон нутгуудаар явж байхдаа Кербела хотод очсон юм. Кербела их сонин түүхтэй газар. Иракийн исламын шашинтнууд шийт, суннит гэж хуваагдсан нь тэндээс эхтэй. Зөнч мэргэн Мухамедийн Алиг тэнд цаазлахад цаазлуулсан талынх нь шийтүүд, цаазалсан нь суннитууд болсон гэдэг. Одоо манай казахуудын ихэнх нь суннитууд. Шийтүүд бол голдуу Иран, Иракт бий. Монголд ч цөөн хэдэн шийт байдаг юм.

Багш нараа дурсахуй

     Манай араб хэлний ангийн анги даасан багш Гулям Мусаевна Ташмухамедова гэж эмэгтэй байлаа. Зөвлөлтийн хамаг пянзыг гаргаж байсан “Мелодия” пүүсийн Ташкент дахь салбар М.Ташмухамедов гэж хүний нэрэмжит байсан, тэр хүн нь манай багшийн өвөө нь юм билээ. Узбекистаны алдартай зохиолч, яруу найрагч хүн, тийм хүний охин миний багш болсон гэсэн үг. Тэр үнэхээр мундаг багш л даа. Мөн унаган араб хэлтэй багш нар ч байв. Иракийн курд багш байсан юм, ярианы хичээл ордог. Нэр нь их сонин. Монголоор багш гэж байгаа юм шиг Бакши гэдэг нэртэй. Энэ нэрийг дуудахад Бакхайши гэж хүүхэн хэлээ оролцуулж “кхай” гэсэн авиагаар их хатуу дуудна л даа. Тэр багш хичээлийн тав хоногийн хоёр өдөр нь ярианы хичээл орно. Өнөө нууц дадлагаар явахад Ливи рүү явсан. Бидэнтэй хамт Ирак руу Г.Ташмухамедова багш явж байв.

Дэлхийн хамгийн хэцүү хэл

     Бид Арабын уран зохиол, шашин, уран бичлэг гээд хамаарч болох бүх л хичээлийг үздэг байлаа. Би хэдийгээр ангийнхнаасаа нэг сараар хоцорсон ч аяндаа гүйцээд ирсэн юм. Монголчууд хэл сурахдаа авьяастай, түргэн юм байна гэдгийг тэгэхэд л ойлгосон доо. Дэлхийн аль ч хэлээр аялгагүй ярих чадвар монгол хүнд бий. Нэг вьетнам эмэгтэй араб хэл сурч байсан юм. Та нар вьетнам хэлийг гадарлаж байгаа биз дээ. Гэтэл араб хэл маш хатуу хэллэгтэй. Араб үгийн ихэнхийг төвөнх, хүүхэн хэлээ оролцуулж хэлдэг болохоор вьетнамчууд хэлж чаддаггүй юм билээ. Ер нь аливаа хэлийг гүйцэд сурна гэж байдаггүй юм. Монгол хэлний толь бичиг доторх бүх үгийг бид мэдэхгүй нь үнэн биз дээ. Тэрэнтэй л ижил. Араб хэл дэлхийн хэцүү хэлний тоонд ордог. Зарим улс бол Хятадын мандарин хэлний дараа хоёрдугаарт гээд байгаа юм. Марксизм-ленинизмын онолын үндэслэгч К.Маркс, Ф.Энгельс, В.Ленин гэж бий дээ? Бүгд олон гадаад хэлтэй. Тэднээс Ф.Энгельс нь зохиолдоо “Хамгийн хэцүү хэл бол араб хэл” гэж бичсэн байдаг юм. Үнэхээр хүнд хэл. Араб хэлийг суръя гэвэл орчинд нь очиж сурахаас нааш бүтэхгүй.

     Араб хэлээр анх Персийн яруу найрагч Омар Хайямын шүлгүүд, мөн Абу али Ибн Синагийн зохиолыг уншиж байлаа. Ибн Сина бол эмч, одон оронч хүн. Араб биш узбек гаралтай хүн боловч бүх бүтээлээ араб хэлээр бичсэн. XIX, XX зуун хүртэл бүх дэлхийн эмч нар түүний бичсэн номыг гарын авлага болгож хэрэглэдэг байсан юм. Европт бол түүний нэрийг Авицэнна гэдэг. Яг энэ мэтийн юмнаас болж л араб хэлийг үзье, мэдье гэсэн бодол суусан юм. Оросын кинонууд ч нэмэр болсон, юу гэвэл ЗХУ-д араб маягийн үлгэрээр кино хийдэг байв. Миний араб хэл дээр анх сурсан үг бол “Ана бахебак”. Би чамд хайртай гэж байгаа юм.

Зохиолч Д.Маам юу гэж хэлэв?

     Их сургуулиа төгсөөд Монголд ирсэн чинь араб хэл ямар ч хэрэгцээгүй болж таарлаа. Социалист орон болохоор гуравдагч орны хэл хэрэггүй гэж байгаа юм. Гэхдээ намайг нэр дээрээ явуулсан Үйлдвэрчний төв зөвлөлийн дарга Г.Очирбат гуай холын бодолтой хүн байжээ. Одоо ингээд бодож байхад тэр хүн олон улсын үйлдвэрчний хөдөлгөөнийг өргөжүүлье гэж санадаг байж. Намайг конкурс өгч хуваариа аваад Төв зөвлөл дээр очиход араб, япон, испани гээд хэл хэлэнд хоёр хоёр хүүхэд авч байсан юм. Өөрсдөө зардлыг нь даана гэсэн маягтай. Тэгээд гуравдугаар курс төгсөх үед гадаадад сурч байсан оюутан бүрт 1000 төгрөг өгч байлаа. Гурваа төгсөөд дөрөвт орно гэдэг чинь энэ оюутан их сургуулиа баараггүй төгсөх нь гэсэн үг. Тиймээс улс ингэж урамшуулдаг байв. Тэр мөнгөөр чинь бид дуртай юмаа авна аа. Харин надтай хамт араб хэл сонгосон нөгөө оюутан Азербайжаны Бакугийн их сургуульд явсан ч хэлээ бүрмөсөн хаясан юм. Сургуулиа төгсөөд ирэхэд Г.Очирбат гуай ч байхгүй, ондоо даргатай болсон байв.

     Төгсөж ирээд би Үйлдвэрчний төв зөвлөлөөс ШУА-ийн Үйлдвэрчний хорооны ажилтнаар очсон юм. Төв зөвлөлийн нэр дээр сургуульд явж, бүх төлбөр зардлаа даалгуулсан учраас хуваариараа тийшээ явсан хэрэг. Гэхдээ миний ажил араб хэлтэй ямар ч хамаагүй. Тэнд очоод эрдэм шинжилгээний ажил ч хийгээгүй. Гэхдээ академид “Газар шороо” романыг бичсэн зохиолч Д.Маам гуайтай танилцсан. Д.Маам гуай мөн л албан ёсны араб хэлний мэргэжилтэн хүн шүү дээ. Тэгэхэд надад “Энэ хэл хэрэг болно” гэж байж билээ. Бид найзын харилцаатай, тааралдвал хэд гурван үг арабаар сольдог байв.

     Ингээд би ШУА энэ тэрүүгээр ажиллаж байгаад 2002 оноос МУИС-д араб хэл заадаг боллоо. Учир нь Ардчилсан хувьсгал гараад манай улс төрийн үзэл баримтлал ондоо болоод ирэхээр араб хэл хэрэгцээтэй болж эхэлсэн юм. Би чинь Монголын араб хэлний бараг анхны мэргэжилтэн шүү дээ. Ташкентийн их сургуулийг төгссөнөөс гадна Египетийн Каирын их сургуульд нэг жил дадлага хийсэн хүн. Дараа нь хар тамхитай тэмцэх ажлын орчуулга хийж тийшээ 45 хоног явж байлаа. Ирак, АНЭ, Египетэд байсан хугацаагаа нийлүүлбэл  гурван жил болно. МУИС-д араб хэл анх заасан хүн нь би ухаантай юм. Одоо намайг орлох шавь маань байна, Б.Аръяажав гэж. Энэ Турк судлалын тэнхмийн төгсөгч. Мэдээж түрэг хэлтэй. Гэхдээ миний дараа Египет явж мэргэжил дээшлүүлэх курст сураад араб хэл заах эрх авсан. Би Оросоос багшлах эрхээ авсан бол тэр охин Каирын их сургуулиас багшлах эрх авсан юм. Энийг би өөрийнхөө ажлын үр дүн гэж ойлгодог. Одоо би тэтгэвэртээ гарсан ч энд багшлаад байгаа нь намайг орлох хүн байхгүйнх. Манай Аръяа багш одоогоор Туркэд байна. Жилийн дараа ирнэ гэсэн. Ирэхээр нь би чөлөөндөө гарна байх. Мөн миний өөр нэг шавь З.Даваажав Кувейтэд атташэ буюу элчин зөвлөх хийж байгаа.

     МУИС 2002 оноос араб хэлний хичээл заадаг болоод 2010 онд араб хэлний үндсэн ангитай болсон юм. Би 2010-2014 онд хорин оюутан төгсгөсөн. Тэр хорь бол үнэхээр сайн хүүхдүүд. Тэдний 16 нь өөрсдийн зардлаар Египет рүү дадлагаар явж байлаа. Тэгэхэд Египетэд суугаа Монголын Элчин сайд Д.Баярхүү их тус болсон шүү. Мөн тэднийг суралцаж байхад Сирийн иргэн Мухаммед Амиин ал-Кутаини ярианы хичээл орж байв. Тэр хүн одоо ч Монголд бий байх. М.Кутаини жаахан аялгатай ч гэсэн монголоор ярьж, ойлгож чадна. Мөн манай Монголд Марокко, Кувейт, Арабын Нэгдсэн Эмиратад төгссөн араб хэлтэй хүмүүс байна.

МУИС-ийн Түрэг судлалын тэнхмийн багш нар. 2013 он. Зүүн гар талаас араб хэлний багш Ё.Алтан.

Араб хэлний адармаа

     Бидний одоо үзэж байгаа орчин үеийн сонгодог араб хэлийг манай эриний VII зуун буюу 662 оны долоодугаар сарын 22-ноос авахуулаад хижра гэдэг арабын сарны тоолол эхэлсэнтэй зэрэгцэн албан ёсоор хэрэглэж эхэлжээ. Коран судрыг тэр сонгодог араб хэлээр бичсэн юм. Манай эриний 662 он гэхээр зөнч Мухамедээс эхэлж байна гэсэн үг. Хуучны араб хэл нь орчин үеийнхээс ондоо. Манай эртний монгол хэл одоогийнхоос ондоо шүү дээ, тэрэнтэй л ижил. Одоо ч гэсэн Мароккогийн араб, Иракийн араб нэг нэгнээ ойлгодоггүй. Энд хуучин, шинэ хэлний ялгаа гэхээсээ илүү өөр олон юм нөлөөлсөн байна. Тухайлбал, ямар улсын колони байсан нь нөлөөлсөн бөгөөд Марокко, Тунис Францын, Ирак нь Английн колони байсан. Мөн Африкийн Марокко, Тунис, Суданы иргэд нь берберүүд буюу нүүдэлчин ард түмэн. Өөрөөр хэлбэл, берберийн араб хэл гэж бий. Бичлэг нь ижил ч аялга нь өөр өөр. Энэ нь монгол хэл халх, буриад, ойрад гээд ондоо ондоо аялгатай байдагтай адил юм.

     Нөгөөтээгүүр Египетийг сонгодог араб хэлний орон гэдэг. Гэхдээ араб хэл сонгодог болон гудамжны гэсэн хоёр янз байна. Гудамжны араб хэлийг нь ойлгоход хэцүү. Би гэхэд л хэчнээн ч сурсан тэр хэлийг ойлгохгүй. Тийм болохоор энэ хэл хэцүү хэлний тоонд орж байгаа юм. Одоо жишээ нь, гадил жимсийг сонгодог араб хэлээр мауз гэдэг. Тэгэхэд гудамжны хэллэгээр мүүз гэдэг байхгүй юу. Гийгүүлэгч нь хэвээрээ хэрнээ эгшгүүд нь тэс ондоо болоод дуудлага нь өөр болчихдог.

     Араб хэлний өгүүлбэрүүд үйл үгээр эхэлдэг болохоор орос, англи хэл шиг хойноос нь эхэлж орчуулахад хялбар байдаг. Учир нь, энэ хэлэнд төлөөний нэр нь үйл үг дотроо багтчихдаг. Энэ нь “Би уншиж байна. Би уншсан. Би уншина” гэсэн гурван цаг дээрх өгүүлбэрийн би гэдэг төлөөний нэрийг тэд эсвэл бид болгож хувиргая гэвэл үйл үгээ л өөрчилнө гэсэн үг. Өөрөөр хэлбэл, англи хэлээр I, you, he, she, we, they гэж хэлдэг би, чи, та, тэд, бид гэсэн төлөөний нэрүүд араб хэлэнд байхгүй. Мөн дээрээс нь эр, эм хүйсээр нь ялгаж хэлнэ. Тийм учраас үйл үг өгүүлбэрийн эхэнд ордог. Нөгөө талаас үйл үг нь ингэж олон янзаар хувирдаг учраас араб хэлний хамгийн хэцүү зүйл нь энэ болж таарна. Албан ёсоор нэг араб үйл үг 15 төрөлтэй гэдэг. Түүнээс түгээмэл хэрэглэдэг нь арав. Мөн зөв хэлбэрийн гурван үсэгт үйл үг, дөрвөн үсэгт үйл үг гэж бий. Дүрэм бус үйл үг гэж ч байна. Ингээд л толгой эргээд явчихдаг болохоор эхлээд гудамжны хэллэгийг нь сурчихвал жаахан юм ойлгодог болно. Мөн хамгийн түгээмэл хэрэглэдэг үйл үгүүдээ цээжлэхээс биш бүгдийг нь мэддэг болно гэж байхгүй. Үйл үгийн түгээмэл хэрэглэдэг арван төрлөөс нэг, тав, долоо, аравдугаар төрөл дээр хэрэглэдэг үйл үгүүдийг сайн мэддэг байх хэрэгтэй. Жишээлбэл, бичих гэхийг нэгдүгээр төрөл дээр нь ка-табэ гэнэ. Хоёрдугаар төрөл нь кэт-табэ буюу хоорондоо харилцан бичилцэх болно. Тэгээд ка-таба болохоороо чи түүнд илгээж бич гэсэн утгатай болчихно. Төрөл бүр дээрээ хувилгагч нь ондоо байна. Ахиад жишээ авья. Уух гэхийг шариба гэнэ. Би уусан гэвэл шарибту гэнэ. Би одоо ууж байна гэвэл ташрабу гэдэг.

     Араб хэл маш олон аялгуутай. Хойд Африкийн, Египетийн, Персийн булангийн, Бага Азийн, Дунд Азийнх гэх мэт янз янзын аялгуу байна. Жишээ нь англиар “How are you?” гэвэл “Oh, well” гэж хариулна аа даа. Тэгвэл үүнийг араб хэлэнд өөр өөр газар ондоо ондоогоор хэлдэг. Нэг газарт таийб гэж байна, нөгөө газарт жаийд, өөр газарт хасанан гэж байна. Иракт бол заийндэ гэдэг.

     Орос хэл зургаан тийн ялгалтай. Финланд хэл 13 билүү 16 тийн ялгалтай. Тэгвэл араб хэл гурван тийн ялгалтай. Амьд хэл буюу харилцан яриандаа тийн ялгалаа огт хэрэглэдэггүй. Төгсгөлийг нь залгичихдаг гэсэн үг. Бид нар Шинжлэх ухааны академийн гэхийн оронд Шинжлэх ухааны академи гээд хэлээд орхичихтой ижил. Өөр нэг хэцүү юм нь олон ба ганц тоо. Араб хэлэнд зөв хэлбэрийн, хугархай хэлбэрийн олон тоо гэж бий. Хугархай хэлбэрийн олон тоо нь 16 янз байна. Ийм учраас л ямар ч улсын араб хэлний толь бичиг олон тоо, ганц тоон дээр бичээстэй байдаг. Жишээлбэл бид хоёр ном, хоёр үзэг байна гэж хэлдэг бол арабаар тухайн эд материалынхаа араас хоёр гэсэн утгатай төгсгөл залгадаг. Китаб буюу ном гэдэг үгийг хоёр ном гэсэн утгатай болгоё гэвэл китабани гэж бичнэ. Ани гэсэн төгсгөл нь хоёр гэсэн утгатай. Гэтэл хоёроос дээш тооны юм хэлэхээр болбол тоогоор нь хэлдэг. Ямар нэг төгсгөл залгахгүй тусад нь тоогоо хэлнэ гэсэн үг. Ийм хэлийг оюутнууддаа ойлгуулж заахын тулд өөрөө ямар ном ашиглаж байсан тэрийгээ л ашиглаж байна. Жишээлбэл, Б.Халидовын ном гэж бий. Мөн Каирын их сургуулийн “al-Kitab al-asasi” сурах бичиг, онлайн хичээлүүдийг ашиглана. Оросын сургуулиуд бол Б.Халидовын номыг барьдаг юм билээ.

    Арабтай хамгийн төстэй хэл бол турк, перс. Турк хэлний үгийн сангийн 10-15 хувь, перс хэлний үгийн сангийн гучаад хувьд араб үг байдаг. 1924 оноос өмнө манай хасагууд араб цагаан толгойгоор бичдэг байсан юм шүү дээ.

Анхны толь бичиг удахгүй

     Араб хэл 28 үсэгтэй, дөрвөн бичлэгтэй. Бичлэг нь үгийн эхэн, дунд, адаг, салаанд гэж байдаг. Тэгээд дандаа гийгүүлэгчээр бичнэ. Хатуу болон зөөлөн гийгүүлэгчтэй. Лав 28 үсэгнээс гурав нь хүүхэн хэлнийх буюу хоолойн угаар дуудагддаг. Бусад нь зөөлөн. Мөн гурван урт, гурван богино эгшигтэй. А, И, У бол үндсэн гурван эгшиг нь. Мөн хос эгшиг гэж байна. Ай, гуав гэж байдаг. Мөн монгол хэлний дэвтэр гэдэг үг араб хэлэнд дабтэр гээд хэвээрээ бий. Тамга гэдэг үг ч бий. Аав, ах, болор чулуу, даам, амбаар гэдэг үгс яг энэ хэлбэр, утгаараа араб хэлэнд байдаг. Одоогоор монгол-араб хэлний толь бичиг гэж алга. Ийм толь бичиг хийхээр нэг оюутантайгаа хамтраад ажиллаж байна. Одоо нэг л толгой үсэг дутуу байгаа. Хорин найм дахь үсэг дээрээ явж байна гэсэн үг. Энэ толь ирэх жил гэхэд гарчих байх аа. Янз бүрийн үгтэй, жишээтэй гоё толь бичиг гарна.

Монгол хүнд араб хэл ямар хэрэгтэй вэ?

     Өнөөдөр дэлхийн 24 улс араб хэлээр ярьж байна. Мөн арваад улсын хоёрдогч хэл нь араб хэл юм. Жишээлбэл, Мали, Израиль, Коморын арлууд гэх мэт орнуудын албан ёсны хоёр дахь хэл болно. Иймээс би монголчууд араб хэлийг сурах хэрэгтэй гэж боддог юм. Яагаад гэхээр дэлхийн зургаан хүн тутмын нэг нь гэвэл лалын шашинтай нэг тэрбум 600 сая хүн байна. Тэд бүгд Коран судар уншдаг. Тэгэхээр тэд зохих хэмжээгээр араб хэлний мэдлэгтэй байна гэсэн үг. Тиймээс монголчууд энэ хэлийг байг гэхэд арабуудын соёл, ёс заншил, юунд дуртай, юунд дургүйг нь мэддэг байвал хэрэгтэй. Зарим улс төрчдөд хэлэхэд Европыг дөч, тавин жилийн дараа исламын Европ болно гэж байна шүү цаана чинь.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    Зураач Лондон

    Маш сонирхолтой ярилцлага, ховор ч хүн юм!

    2023-04-12

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    Сонирхолтой

    Мэдлэг өгөхөөр ярилцлага юм бн

    2023-08-02

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.