images

Дуучин Мадоннагийн үнэгүй тоглолтод 1.6 сая үзэгч цугларчээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-05-06


   Америкийн поп дуучин Мадонна Бразилийн Рио-де-Жанейро хотын наран шарлагын газар томоохон тоглолт хийв. “Reuters” агентлагийн мэдээлснээр, тоглолтыг үзэхээр 1.6 сая үзэгч цугларч, тэрхүү далайн эрэг тухайн өдрөө дэлхийн хамгийн том шөнийн цэнгээний газар болж хувирсан байна. Урлагийн тайзнаа гарсныхаа 40 жилийн ойг тохиолдуулан өнгөрсөн оны аравдугаар сард эхэлсэн “Celebration” аялан тоглолтынхоо сүүлчийн энэ үзүүлбэрийг Мадонна үнэ төлбөргүй зохион байгуулжээ. Тоглолтын талбай үзэгчдээр дүүрч, зарим хүн завь хөлсөлж концертыг далайгаас үзсэн байна. Маш халуун байсан тул гал сөнөөгчид ус цацан үзэгчдийг сэрүүцүүлж, ундны ус үнэгүй олгосон аж. Өдрийн цагаар агаарын температур 30 хэмээс дээш халж, тоглолт болсон шөнө 27 хэмтэй байжээ. Мадонна “Like a Virgin”, “Holiday”, “Like a Prayer”, “Vogue”, “Express Yourself” зэрэг алдартай дуунуудаа дуулсан байна. Эдүгээ 65 настай тэрбээр өнгөрсөн оны долдугаар сард Канадад аялан тоглолт хийхээр төлөвлөж байсан ч нянгийн халдвар авч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж бүрэн эдгэрээд өнгөрсөн оны аравдугаар сард Их Британиас аялан тоглолтоо эхлүүлсэн юм. Рио-де-Жанейрогийн захиргаа энэхүү тоглолт хотод нь 300 сая реалийн эдийн засгийн үр ашиг авчирсан гэж үзэж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.