images

“Ажлын дараа” зураг хэрхэн бүтэв?


Ардын зураач Г.Одон гуайАжлын дараа” (1958) бүтээлийхээ тухай сонирхолтой дурсамж нийтлэл Дүрслэх урлаг сэтгүүлийн 1979 оны дугаарт бичиж байжээ.

   “Би зуныхаа амралтаар нутагтаа очиж ээждээ хадлан хадаж, өвөлжөө бууцаа засаж өгөөд сургуульдаа буцдаг заншилтай байв. Тэгэхэд дүү нар маань бага байсан болохоор надаас өөр гэр орныхоо ажилд туслах хүнгүй, ээж минь ганцаараа, дүү нарыг тэжээж, өсгөхийн хамт, гэр зуур мал аж ахуй, болон хол ойрын бүх ажлыг хийдэг байлаа. Тэр үед манай оронд хөдөө аж ахуйг хоршооллох хөдөлгөөн дөнгөж эхэлж байсан боловч бараг бүхэлдээ хувийн малтай учраас хүн бүл муутай айлд хэцүү байсан цаг билээ.
   Би 1942 онд ХАА-н текникум төгсөж, усан техникийн мэргэжилтэн болж, мал тариалангийн яаманд хоёрхон жил ажиллаад уран зургийн хойноос хөөцөлдөн Зураг урлалын газарт шилжин, улмаар Москва хот дахь зургийн дээд сургуульд суралцахаар явсан хэрэг. 1947 онд юмсан. Тэр жил манайх Улзын голд цутгадаг Жараахайн голын адагт зусаж байв. Бухын өндрийн өвөр Улзын хойд хаялгаар өндөр бургасан дотор байдаг өвөлжөөндөө хадланд гарч, шургааг модоор шургалан, өвсөн овоохой барьж ажил эхлэв. Саахалтынхантайгаа хэлэлцэн томхон талбайг морин хадуураар хадаж, бургасны цоорхой, бартаатай хэсгийг гар хадуураар өөрөө хадаж, бухалдана. Багаасаа аавыгаа дагаж явсаар хадлангийн ажилд мэдлэгтэй болсон минь тэр жилүүдэд их л тус болж билээ. Манайх цөөхөн хэдэн малдаа 200 гаруйхан бухал өвс авахад л элбэг хүрэлцэнэ. Хадланд дуртай болоод ч тэр үү, ээждээ туслахын хажуугаар маш сайхан амралт болж бие чийрэгжин эрүүлжиж буцдаг сан. Нэгэн орой ээж дүү нартайгаа сүүлчийн бухлуудыг хашаандаа татаж нуруулдаад, наран шингэхийн өмнөхөн отогтоо харьж явлаа. Өргөн дэлгэр Улзын үдэш, цэлмэг тэнгэрийн доор налайж, хадсан газрын чийглэг хөрснөөс ааглаг өвсний ариухан үнэр ханхалж, өвөлжөөнөөс урагш үргэлжлэн ургасан хулсан шугуйн хүрэн түрүүнүүд урьхан салхины аясаар долгиолон халиурах нь одоо хүртэл сэтгэлд хоногшин үлджээ. Өвсөн огтогтоо ойртон ирвэл түрүүлж ирсэн ээж минь газар зууханд тогоо тавьж, аргалын утаа уугиулан суусан байдал оройн шаравтар наранд хичнээн сайхан харагдсан гээч. Би овоохойдоо яаравчлан орж зургийн хайрцгаа шүүрэн, тэр эгшин үзэгдлийг цардмал картон дээр тосон будгаар дүрсэлсэн билээ. Хэдийгээр нартай уралдсан боловч, миний зурсан судалбар наран шингэсний дараахь байдал болон хувирлаа. Гэсэн ч судалбарт минь тэр мөчийн үзэсгэлэн байдлаас ямар нэг сэжүүр, өнгийн зохицол шингэсэн бололтой. Миний зүрхийг цохилдуулсан төрсөн нутгийн минь гоо үзэсгэлэн өчүүхэн судалбарт шингэж хоцорсныг дээд сургууль төгссөнөөс хойш ойлгож мэдэрсэн юм.

   1952 оны эхээр авдраа уудалж хуучин зургуудаа эргүүлж суутал өвсөн овоохойтой судалбар минь гарч ирдэг байгаа даа. Тэгтэл өнгөрсөн сэтгэгдэл минь амилан босч түүнийг амьдруулан зурмаар санагдаж, “Ажлын дараахэмээх зургийн ажил ийнхүү эхэлсэн билээ. Судалбарт дүрслэгдсэн талбай дээр янз бүрийн дүрсүүд татлан эрсээр нилээд удлаа. Олигтой юм болж өгөхгүй болохоор нь хаяж ч үзлээ. Нэгэн өдөр, гудамжинд, тампуутай юм үүрсэн ширвээ хар сахалтай өвгөнтэй тааралдсан. Тэгээд түүнтэй хашааны үүдний модон сандалд сууж хуучилбал, зуруулж болмоор ам гарсанд нь баярлан, цаг өдөр болзож харьсан юм. Бодоо байсан чинь тэр өвгөнийг зүгээр хөрөг зургаар хийхэд чамлалтай санагдаад, хадлан дээр ажиллаж баймаар бие бялдар, төрх царайгаараа гойд тохиромжтой байдал нь миний зохиомжийн гол дүр болох нь тодорч билээ. Тэгээд хатуу яхир зантай, хурц үгтэй тэр өвгөнийд очиж зурах хугацаагаа хойшлуулан, зохиомжин дээрээ эрэл хийж, түүний агуулга, үйл явдлыг тодосгон олоход бүх хүчээ дайчилсан билээУран бүтээлийн хүн орчин ахуйтайгаа ямагт хамт байж, түүнийг бүтээлдээ тусгах ёстой гэсэн мэргэн сургааль миний зургийн сэдвийг улам тодорхойлж, би ч хамтын хөдөлмөрийн эхлэл, түүний хүчирхэг нэгдлийн ач тусыг мэдэрч, зохиолын үйл явдлыг бүхэнд ойлгомжтой, танил дүрүүдээр амилуулах баримжаагаа олсон юм даа.
   Урьдын их зураачдын туршлагаас харахад зохиолын сэдэв санаа, түүхэн үйл явдлыг сайн мэдэж ойлгосон цагт дүрүүдээр амилуулан зохиомжлоход түвэг бaгатай гэдэг үнэн байв. Манай орны тухайн хөгжлийн нөхцөлд ХАА-г хоршоолоход нийгмийн доторхи жижиг зөрчил үлэмж байсан учир уг зурагт түүнийг зохих хэмжээгээр тусгаж, зохиолын баатруудын дүрийг тодосгох нь үйл явдлын уялдааг гаргахад хэрэг болсон.
Энэ санааг илэрхийлэхийн тулд нөгөө өвгөнийг тойруулан янз бүрийн насны хүмүүсийг суулган ярилцуулж зохиомжийн төв цэгт хойргошсон залууг авч, түүн дээрээ бүх хүний анхаарал, харцыг төвлөрүүлэн, тус бүрийн онцлог шинж, боловсрол, зан байдлыг гаргахыг эрхэмлэв. Натур ашиглаж хүмүүсийн ерөнхий байдал, төрхийг олсон гэж хэлж болно. Энэ бүхэн хялбархан бүтээгүй нь мэдээж. Ийнхүү нэг дэх төсөл зохиомжин дээрээ тогтож ажилласан билээ.

   Бараг нэг жил өнгөрсний дараа загвар (эскиз) маань батлагдаж, түүний дагуу судалбар хийж эхлэв. Нэг хэцүү асуудал байсан нь зохиомжинд орсон хүмүүс болон майхан бусад эдлэлийг, нөгөө судалбарынхаа цаг үеийн өнгөнд зохицуулж авцалдуулах явдал байв. Үүний тулд зурагт орох бүх дүрүүдийг наран шингэх үдшийн үед зурж цуглуулсан юм. Өөрөөр хэлбэл агуулга, хэлбэрийн уялдаа хичнээн сайн, өнгийн хоршил нь нэгэн уянгын бүхэл дуулал болгож чадвал зохиол болж чадна гэсэн үг мөн. Тийм хэмжээнд хүргэхэд тэсвэр хатуужил хэрэгтэй. Ажлын дараа гэж нэршсэн зургийнхаа бүх дүр, морин машин, хомууд, даруулга, цай хоолны зүйлийг ширхэгчлэн натураас зурж өөрийн мэдлэгийг баяжуулж бататгасан учраас жинхэнэ зургийг гүйцэтгэх явц улам ч ойлгомжтой амьдралтай болсныг онцлон тэмдэглүүштэй. Энэ зургийн зарим гол дүр, бригадын дарга Чойвоон өвгөн (голд нь хантаазтай) түүний зүүн гар талын дэмжигч улаан дээлтэй өвгөн Балдансамбуу, сонин уншиж байгаа дээд сургуулийн оюутан залуу зэрэг нилээд хүмүүсийн дүрийг судалбарын журмаар олсон материал дээр түшиглэн боловсруулсан юм. Зургийн нэгдэх хэсэгт сэтгэл зовнин суугаа хөх цамцтай охин (техникумын оюутан) түүний хажууд хагас хэвтсэн, цэргээс халагдаж ирсэн залуугийн дүр болон зэмлэгдэгч чийрэг залуу зэргийг натур ашиглан зурахдаа танигдуулахгүйн тулд зориуд адилгүй зурсан боловч, адил болсон.

   Энд ашигласан хадлангийн хүмүүсийн хэрэгцээнд зориулагдсан бүх тавилга, хэрэгсэл тус бүрдээ намтартай, өгүүлбэртэй бөгөөд улмаар зохиолын санааг баяжуулан драмын үйл холбоог тодруулахад онцгой үүрэг гүйцэтгүүлэх гэж санасан билээ.
Уран сайхны зөвлөлийн гишүүдийн саналаар өвсөн овоохойг яг байранд нь майхан болгож, алсад улз нутгийн тохилог өвөлжөө аргалын хашлага, дүүжин худаг зэрэг буриад нарын эдэлж заншсан хэвт ёс бүхнийг шингээхийг эрмэлзсэн, ягааран цэнхэртэх тэнгэрийн хязгаар, Улз голын хаялгыг өтгөн бургастай ая нийлүүлж, сүртэйеэ өнгийх бараан үүлс хүчээ зангидан, ширүүн аадар орох төлөвтэй ба үл мэдэгхэн гялс хийх цахилгаан, яхир зантай зөнч өвгөний сэтгэлийг зовоож, үлдсэн бухлуудаа хуруулдаж амжихсан гэж хойрго залууд учиртайхан хэдэн үг шидэж, тэр ээлжийнхнийг тэвдүүлжээ.
Үүгээр хүмүүсийн бодол санааг илчилж, хүн тус бүрийн холбоог ил далдаар гаргахыг, өөрийн эрхэм зорилт болгов. Нийт нь нэгнийхээ төлөө, нэг нь нийтийхээ төлөө гэдэг сургаалийг эдгээр дүрээр дамжуулан хэлэхийг оролдсон юм. Баруун гар талын алсад өвс нуруулдаж буй хэсэг хүмүүс бол эдний нөгөө ээлжийнхэн шамдан хөдөлж байгаа нь тэр.
   Зохиомжийн үйл явдлын зүй холбоо ямар болсон тухай 1960-аад оны үеэр зохиолч Ч.Лодойдамба, Ж.Пүрэв нар уг зургийг найраг, өгүүллэг болгон бичсэнээр бол тун аятайхан дүгнэн, хадлангийн бригадынхан өвсөө ч нуруулдаж амжаад, тэнгэр ч цэлмэж, өвгөцүүлийн сэтгэл ч тэнийж, хос хоёр залуу азтай амьдралаа зохиосон гэж төгсдөг билээ. Энэ бол миний сайн зурсных биш, харин хүмүүс уран зургийн бүтээлийг сайн уншиж чаддаг байвал, түүний агуулга уран санааг орчин үетэй холбож баяжуулан сэтгэдгийн сайхан чанар байх
Хэн ч гэсэн үзсэн харсан үйл явдлаас сэдэж, уран сайхан санаа сэдвийг ургуулан бодож, сурах, түүнийгээ амьдралаар судлан бататгаж, гүнзгий танин мэдсэний үндсэнд тохирсон амьд дүрээр баяжуулах хэрэгтэй гэж ойлгосон билээ.
Тэгэхдээ зураачийн хөдөлмөр орчин нийгмийн үзэл санаа амьдрал үйлстэй ямагт холбоотой байх ёстой бөгөөд хүний сайхан чанарыг алдаршуулан, нийтлэг үзэл, үйл явдалтай дүрийг бүтээхэд өөрийгөө дайчилж санасандаа хүрдэг байх хэрэгтэй. "Ажлын дараа" хэмээх зурагтаа манай орны 1950-иад оны хөдөө нутгийн амьдрал, ХАА-г хоршоолох хөдөлгөөн, хамтын хөдөлмөрийн давуу тал зэргийг харуулахыг эрмэлзэхдээ ахмад үеийнхний хөдөлмөр үйлийн үлгэр жишээгээр залуучууд хүмүүжиж, амьдарч хөдөлмөрлөж байсан, мөн ямар зэргийн техниктэй (хөдөлмөрийн багаж) хөдөлмөрлөж, юу өмсөж байсныг хүртэл, хожим хойт үеийнхэн судлахад тус болоосой гэж нягт бодолцсон юм. Тэгэхээр зөвхөн уран сайхны дүрийг эрхэмлэх биш, танин мэдэх, хүмүүжлийн бүх талын ач холбогдлыг бүтээл бүр дээр анхаарах нь чухал гэж үздэгАжлын дараа хэмээх зургийг хийхэд онцын тус болсон тэр судалбар, Чойвоон өвгөн нар миний зургаар мөнхжиж, уг зургийг амьдруулах гол баатрууд нь болсон туршлагаа ийнхүү нэгэн зургийн дурсамжаар төгсгөв.

Дүрслэх урлаг сэтгүүл. 1979 он, дугаар 2.