М.Чимэдцэеэ: Гадаад хэл сурах сайхан ч эхлээд эх хэлээ сайн сурах хэрэгтэй
Хэлтэй бол хөлтэй
2023-01-31
Хятад хэлний гарамгай орчуулагч М.Чимэдцэеэ манай өнөөдрийн “Хэлтэй бол хөлтэй” буланд уригдаж энэ хэлийг сурах болсон, хятад хэлний онцлог, орчуулах эрдэм гэх мэтийн олон сэдвээр хүүрнэлээ. Тэрбээр хуучны Ховдын урианхайн долоон хошууны нутаг, цаст Цамбагарав хайрханы хормойд төрсөн, одоогийн Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын уугуул, урианхай хүн юм.
Орост явж араб хэл үзэх байсан Баруун Алтайн хүү Монголдоо хятад хэл үзэх болов
Миний амьдралд тохиолдсон олон содон явдлын нэг бол мэргэжлээ сонгосон маань юм. Үүнийг би төөрөг тавилан ч юм уу, тэнгэрийн бошиг зарлиг ч юм уу гэж их сайхнаар боддог. Би анх 1974 онд хөдөө 10 жилийн сургуулиа төгсөөд МУИС-ийн монгол хэл, уран зохиолын ангид элсэж орсон хүн. Ингээд нэгдүгээр курсээ төгсөх хавар намайг Гадаад харилцааны яамнаас Москвагийн Олон улсын харилцааны сургуульд явуулахаар болов. Тэр хаврын шалгалтанд маш сайн дүн авах ёстой гэнэ. Өвлийн улирлын шалгалтыг би давгүй сайн өгсөн тул энэ тал дээр нэг их санаа зовсонгүй. Тэр үед Ю.Цэдэнбал даргын захирамж гарсан юм билээ. Москвагийн Олон улсын харилцааны сургуульд дандаа дарга нарын хүүхдүүд явж байна. Тиймээс энэ сургуульд малчин ардын хүүхдийг явуулах шаардлагатай гэсэн утгатай захирамж байсан юм. Тэр дагуу сурлагын дүнгээрээ би сонгогдсон юм байж. Гэвч тэр хаврын шалгалтанд “тэнцсэнгүй”. Энэ нь миний муугаас биш, өөр учир шалтгаантайгаар, ар өврийн хаалга орж намайг шалгалтанд унагаасан юм. Уг нь намайг тус сургуулийн араб хэлний ангид явуулна гэж байсан юм. Тэгээд тэр том сургуульд явах маань талаар боллоо. Үүнд би нэг их харамссан ч үгүй, заавал явах гэж нэг их хүчилсэнгүй орхилоо.
Ингээд хоёрдугаар курсээ төгсөөд хөдөө харьж амарчихаад намар нь онгоц, унааны асуудлаас болоод хичээлээсээ жаахан хоцроод ирлээ. Тэр жилээс манай монгол хэл, уран зохиолын ангийг үндсэн анги, монгол бичгийн групп, хятад хэлний групп, япон хэлний групп гэж дөрөв хуваасан юм байж. Намайг ирэхэд бүх анги хуваарилаад дууссан байв. Уг нь би монгол бичгийн ангид орох сонирхолтой байсан юм. Тэгээд декан байсан Чой.Лувсанжав багштай очиж уулзаад, хоцорч ирсэн учир байдлаа тоочиж монгол бичгийн ангид орох сонирхолтойгоо хэллээ. Тэгтэл юун монгол бичгийн анги, бүх хуваарь хийгдээд дууссан гэнэ. Тэгснээ ширээн дээр байсан дүнгийн хуудас авч харснаа “Чи ерөөсөө хятад хэлний ангид ор” гэв. Хажууд нь суусан нэг танихгүй багш босож ирээд миний дүнг харснаа “Энэ нөхрийг хятад хэлний ангид авна” гэж байна. Ингээд ганцхан хормын дотор миний хувь заяа шийдэгдэж, би хятад хэлтэй холбогдсон юм. Тэр танихгүй багш бол надад хятад хэлний А үсэг, бас орчуулгын ухааныг заасан миний багш Цэдэвдоржийн Базаррагчаа багштан байв. Ингээд хятад хэлний ангид оров оо.
Миний хятад хэл үзсэн үе бол Монгол-Хятадын харилцааны ид хүйтрэлийн үе юм. 70-аад он, хоёр улсын хооронд шувуу нисэхээс өөр харилцаа байхгүй. Хятад улс бол Монголын эн тэргүүний дайсан гэж үздэг байсан цаг л даа. Ном сурах бичиг ховор, хятад хэлний орчин байхгүй, багш дутагдалтай ийм л нөхцөлд үзсэн. Ангидаа ороод хичээл эхлэхэд манай группт гуравхан оюутан байв. ЗХУ-д хэвлэгдсэн хятад-орос хэлний ганц сурах бичгээр хичээлээ явуулна. Дундаа ганцхан толь бичигтэй. Анхны хичээл дээр Ц.Базаррагчаа багш маань Монгол гэдэг үгийг хятад ханзаар бичээд хичээлээ эхлүүлж байсан нь санаанд тодхон үлджээ.
Дөрвөн хөгтэй хэл
Хятад хэл бол их онцгой хэл. Сурахад амар гадаад хэл гэж байдаггүй л дээ. Гэхдээ хятад бол бусад хэлнээс үнэхээр онцгой, сурахад тун амаргүй хэл. Учир нь хятад хэл сурахын тулд бусад хэлийг бодвол олон юмыг оролдож сурах хэрэг гардаг. Хятад хэл бол дүрсээр тэмдэглэдэг утга бичиг юм. Ингэхээр нэгдүгээрт, маш олон дүрс үсгийг цээжлэх хэрэгтэй болно. Хоёрдугаар, хятад хэлний хөгийг сурах хэрэгтэй байдаг. Энэ хэл дөрвөн хөгтэй. Ийм олон хөгтэй учраас хятад хэлийг бас хөгжимлөг хэл ч гэж ярьдаг. Энэ хөгийг нь сайн сурахгүй бол ярьж чадахгүй. Жишээлбэл “Ма” гэсэн ганц үе дөрвөн өөрөөр дуудагдаж, дөрвөн янзаар бичигдэж, дөрвөн өөр утга илэрхийлнэ. Өгүүлбэрийн зохион байгуулалтын хувьд монгол хэлнээс тэс өөр. Харин дүрс үсэг, утга бичиг учраас хэлзүйн дүрэм харьцангуй бага. Ханзны утгыг зөв ойлгож, зөв хэрэглэх ёстой. Гэхдээ энэ мэтийг бэрхшээл гэж үзэлгүй чармайн сурсаар хятад хэлний орчуулагч, хятад судлаач гэсэн мэргэжлээр төгссөн дөө.
Хятад хэлийг уйгагүй хүн л сурна
Хятад хэлийг сурахад уйгагүй хичээл зүтгэл, оролдлого шаардана. Ялангуяа орчин байхгүй нөхцөлд хөгийг зөв дуудаж сурна гэдэг тун амаргүй. Олон дахин бичнэ, бас хараагаар цээжилнэ. Сүүлийн үед гадаад хэл сурахад бараг цээжлэх шаардлагагүй гэдэг болж. Гэхдээ хятад хэлийг цээжлэхгүйгээр огт сурахгүй. Тэгэхээр эхлээд ханзыг хараад таньж сурах, дараа нь тэрхүү ханзны утгыг тогтоох, гуравдугаарт хөгийг нь зөв дуудаж сурах юм. Миний хятад хэлийг сурсан арга гэвэл уйгагүй цээжлэх, ханзыг олон дахин бичих байлаа. Өдөр бүр 10 ханз цээжлэхэд маргааш нь тавыг нь мартлаа гэхэд тав нь үлдэнэ шүү дээ. Хятадын ханз үсэг бол тоо томшгүй олон. Тэр бүү хэл Хятадын том зохиолчдод хүртэл мэдэхгүй ханз байдаг. Тэд дэргэдээ “Үгийн далай” гэх мэт толь бичиг тавьж байгаад тэндээсээ харж зохиолоо бичдэг гэдэг юм. Тэр бүх ханзыг бид нэг бүрчлэн цээжилж тогтоох боломжгүй. Харин амьдралд өдөр тутам хэрэглэгддэг 800-1000 ханз сайн эзэмшихэд, улмаар 2000 орчим ханзтай байхад сонин хэвлэлийг чөлөөтэй уншаад байна. Түгээмэл хэрэглэгддэг 800 ханзны толь бичиг гэж байдаг. Эдгээрийг сайн сураад, түүний олон хувирлыг ойлгоод авчихад ер нь гайгүй түвшинд оччихно.
Миний хувьд хичээлээс гадуур хэлээ сайжруулахын тулд сурах бичигтэйгээ яс нөхөрлөнө. Мөн тэр үед МОНЦАМЭ агентлагаас “Монголын мэдээ” нэртэй сонин хятад хэлээр гардаг байлаа, одоо ч гардаг. Тэр сониныг их уншина. Яг Монголын амьдралыг бичдэг учраас бидэнд их дөхөм. Бас тэр үед МАХН-ын программыг хятад хэлээр орчуулж гаргадаг байв. Үүнийг монгол эхтэй нь нэг бүрчлэн тулгаж үзээд, ийм хэллэгийг хятадаар ингэж хэлдэг юм байна гэх мэт ойлголт авдаг байв. Намын программд тухайн үеийн улс нийгмийн бүхий л салбарын тухай ойлголт багтдаг. Тийм болохоор миний хувьд тэр программыг монгол, хятадаар тулгаж үзэх нь их өгөөжтэй байсан.
Радиогийн хүн болов
Их сургуулийн төгсөх курсийн дадлагаа Монголын радио, МОНЦАМЭ-д хийлээ. МОНЦАМЭ-гийн Хятад хэлний редакцид очиж байгаа юм. Монголыг сурталчлах нэвтрүүлэг хятад хэлээр явуулдаг редакци. Саяын ярьсан “Монголын мэдээ” сонин мөн тэндээс хятад хэлээр гардаг байв. Дадлага хийж байхад тус байгууллага намайг сургуулиа төгсөхөөр авна гэдгээ хэлдэг байлаа. Ингээд төгсөх үед тэр газраас хүсэлт ирээд Монголын радиогийн Гадаад нэвтрүүлгийн ерөнхий редакцид очиж ажиллахаар болж билээ. Очоод монголоос хятад руу юм орчуулах ажил хийж эхлэв. Эхний ээлжинд ойр зуурын юм хийж байгаад хэдэн сарын дараа гэхэд ажилдаа овоо гаршаад, мэдээ зэргийг орчуулж эхэллээ. Миний орчуулсан мэдээг ахмад сэхээтнүүд засаж хянаад эцсийн байдлаар гаргана. Мундаг том сэхээтнүүдийн дэргэд хамгийн багаас нь эхлээд үндсэн мэргэжлээрээ ажиллаад эхлэхээр хэлний чадвар эрс сайжирч байгаа юм. Би боддог юм, их сургуульд багш нар маань хятад хэлний маш сайн суурь тавьж өгч дээ гэж. Ажлын талбарт очоод тэр суурь дээрээ үндэслэн ажиллаж, маш их зүйлийг сурсан даа.
“Дайсан” Хятадад хөл тавьсан минь
1979 онд Монголын радиод ажилд ороод 1984 онд буюу их сургуулиа төгссөнөөс хойш 5 жилийн дараа Хятад руу мэргэжил дээшлүүлэх сургуульд явуулах тухай яриа гарлаа. Наяад оны дунд үеэс Монгол-Хятадын харилцаа уярч эхэлсэн юм. Ийм яриа гарч эхэлснээс хойш хоёр жил орчим болов. Удам судраас эхлээд олон зүйлийг шалгаж хянаж үзэж байсан нь тэр. Би ганцаараа биш МУИС-ийн хятад хэлний багш Ж.Баясах бид хоёр явахаар болсон юм. Ингэж байгаад гэнэт нэг өдөр Гадаад яаманд дээр дуудагдан зөвлөгөөнөөр ороод эцэслэн шийдэгдлээ.
Ингээд 1986 оны 10 дугаар сарын дундуур Хятад улсыг зорив. Хоёр улсын хооронд соёлын солилцоо тасраад 26 жилийн дараа дахин харилцаж эхлэхэд бид хоёр анхдагч болон явж байгаа нь тэр. Явах зам нэлээд адармаатай. Шууд галт тэрэг байхгүй. Эндээс Замын-Үүд ороод, тэндээсээ Эрээн ороод, Эрээнээс өртөө болгоныг дамжиж явж Бээжин хотын бараа харлаа. Бээжинд очиход нэг ч монгол оюутан байхгүй, Элчин сайдын яамны хэдэн монгол айл л байв. Бид хоёр Бээжингийн хэлний их сургуульд нэг жилийн хугацаатай очиж буй нь тэр. Монголдоо хятад бичгийн хэл овоо сурсан ч бид хоёрын ярианы хэл нэлээд гологдож байна. Манай сургуулийн хятад багш нар бид хоёрт их анхаарч байлаа. Африк оюутан олон, тэдэнтэй мөр зэрэгцэн хичээллэж эхэлсэн. Яг орчинд нь оччихож байгаа тул нөгөө ярианы хөг аялгыг жинхэнэ ном ёсоор нь сурч байгаа юм. Тэнд сурч байхдаа Хятадын хэвлэл дээр гарсан зарим сонирхолтой, хэрэгтэй материалыг орчуулж элчингийнхэндээ өгнө. Яг тэр үед Тайванийн зохиолчийн “Муухай хятад хүн” гэж ном гараад Хятадад бэстселлэр болж байж билээ. Би сонирхлоороо тэр номын хэсгээс орчуулж элчингийнхэндээ сонирхуулж байлаа. Ер нь сурахаас гадна элчингийнхэнтэйгээ их дотно байдаг байсан.
Нутаг буцаж ирсэн хойноо ерээд оны үед Хятадын нэг том төлөөлөгч Монголд ирэхэд нь орчуулагч хийв. Тэр төлөөлөгчтэй хөдөө Хархорин, Хужиртаар явж байхдаа хамт явсан “Залуучуудын үнэн" сонины эрхлэгч С.Батмөнхөд өнөө номын тухай ярихад ихэд сонирхож, лавлаж байсан юм. Дараахан нь С.Батмөнх маань “Муухай монгол хүн” гэж ном бичсэн дээ. Номынхоо өмнөтгөлд ч миний нэрийг дурдсан байдаг.
Күнзийн сургаалыг монголчуудад
Эргэж ирээд Монголын радиодоо буцаад ажиллаж байтал 1990 он гарч, ардчилсан хөдөлгөөн өрнөв. Ингээд 1991 онд тэндээс өөрийн хүсэлтээр гарч Монголын Энх тайван найрамдлын байгууллагуудын холбоо гэдэг газар ажиллахаар боллоо. Тус байгууллагын дотор Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэг гэж байсан юм. Холбоог бол бага Гадаад яам гэж нэрлэдэг байлаа. Би 1979 оны долоодугаар дугаар сарын нэгэнд Монголын радиод ажилд орж байсан бол үүнээс яг 12 жилийн дараа буюу 1991 оны долоодугаар сарын нэгэнд энэ нийгэмлэгт ажилд орж байгаа юм. Ийм сонин мөчлөг таарч билээ.
Үндсэн ажил маань бичгийн орчуулгын ажил байв. Цаг өөр болж хоёр улсын харилцаа сайжирч ирсэн тул 90-ээд оны сүүл үеэс номын орчуулгын ажилд нэлээд шаргуу орсон. Тус нийгэмлэгт орсноор ажлын шугамаар Хятад улс руу олон удаа явлаа. Хятадын Шинжаан, Төвдөөс бусад газраар бараг явж үзлээ. Ингэж явахад миний сонирхол татсан нэг зүйл бол хятад хүмүүсийн амьдралын хэв маяг, Хятадын соёл байсан юм. Хятад хүмүүсийн өдөр тутмын амьдралын хэв маяг Күнзийн сургаалтай салшгүй холбоотой байдаг. Ертөнцийг үзэх үзэл нь ч мөн адил. Тэгээд энэ сургаалыг монголчууддаа танилцуулах юмсан гэдэг бодол төрж эхэлсэн. Хуучин нийгмийн үзлээр бол Күнзийн сургаалыг маш хортой үзэл гэдэг байсан юм. Хятадаар явахдаа ном их цуглуулав. Күнзийн суртлын дөрвөн бичиг “Шүүмжлэл өгүүлэл”, “Их суртахуй”, “Хэв дундын ёсон”, “Мэнз бичиг” гэж алдартай ном байдаг бөгөөд энэ дөрвөн бичгийг Өрнө дахинд бүр 1700-гаад оны үед орчуулаад гаргачихсан байдаг. Гэтэл монголчууд энэ талаар ямар ч ойлголтгүй байдаг. Ингээд 90-ээд оны сүүлээс Күнзийн “Шүүмжлэл өгүүлэл” номыг орчуулж эхлээд 2004 онд хэвлэж гаргав. Орчуулж эхэлсэн хойноо жаахан няцаад бүр хойш тавиад, би ер нь үүнийг орчуулах хүн мөн үү, биш үү гэх мэт бодол төрж хүртэл байлаа. Ингээд дахин барьж аваад бараг дөрөв таван жил орчуулсан байх. Хүмүүс яаж хүлээж авах бол гэдэг дээр жаахан болгоомжлол байсан боловч орчуулаад гаргатал хүмүүс их сайхан хүлээж авсан. 2004-2005 онд орчуулж гаргасан ном маань хамгийн их эрэлттэй, борлуулалттай номын тоонд орсон нь их урам хайрлаж байгаа юм. Уг ном бичлэгийн хувьд эртний гүн ухааны, хэцүү бичлэгтэй, хүнээс нэлээд чадвар, ажиллагаа шаардсан ном байсан даа. Дээрх дөрвөн номыг орчуулахад нийтдээ 19 жил зарцуулж, сүүлийнхийг нь 2019 онд дуусгасан. “Шүүмжлэл өгүүлэл”-ийн дараа Сүнзийн “Дайтах ухаан” номыг орчуулав. Энэ ном дайн байлдааны тухай биш аливаа тэмцэл, өрсөлдөөнд хэрхэн тэсч үлдэх, хэрхэн давж гарах, хэрхэн ялалт байгуулах тухай юм. 2500 жилийн тэртээ зохиогдсон бүтээл л дээ. Өрнө дахинд их алдартай. Энэ номыг дэлхий даяар бизнесийн болон спортын салбарынхан их уншдаг юм. Японы “Sony” компани хүртэл энэ номыг дагуу бизнесийн үйл ажиллагаагаа явуулдаг гэдэг. Энэ номын орчуулгаараа 2005 оны “Алтан өд” наадмын шилдэг орчуулгын шагнал авч байлаа.
Хятадын том сайдын нэрийг Шар хятад гэж орчуулсан явдал бий
Гадаад хэл сурахад хамгийн чухал зүйл бол эх хэлээ сайн эзэмшсэн байх явдал. Гадаад хэл гэдэг бол сураад эцэст нь хүрчихдэг, дуусчихдаг зүйл биш л дээ. Насан туршдаа л сурна. Одоо хүртэл би өөрийгөө голдог. Манай нэрт эрдэмтэн, академич Б.Ринчен гуайн хэлсэн үг байдаг. “Эх хэл, гадаад хэл хоёрыг эн тэнцүү сурах ёстой. Эн тэнцүү эс сурваас элэг доог болохын зовлон буй” гэсэн байдаг. Мөн гадаад хэл сурахад хоёр чухал зүйл бий. Нэгдүгээрт ойлгох, хоёрдугаарт илэрхийлэх чадвар бөгөөд аль нэг нь доголдвол учир дутагдалтай. Ойлгоод байгаа мөртлөө илэрхийлж чадахгүй байгаа нь эх хэлээ сайн сураагүйтэй холбоотой. Энэ нь орчин үеийн залууст их ажиглагддаг юм. Би МУИС-д нэлээд хэдэн жил орчуулгын хичээл заасан. Оюутнууд “Багш аа, би үүнийг ойлгоод байна. Харин хэлж чадахгүй байна” гэх нь түгээмэл. Зарим нь ойлгоод илэрхийлсэн нь огт монгол хэл биш байдаг.
Сүүлийн үед янз бүрийн хэлнээс орчуулсан бүтээлүүд их гарч байна. Орчуулга сайн болсон бүтээлүүдийг уншихад ямар ч төвөггүй, огт торохгүй уншигдаад байдаг. Харин зарим нь огт уншигдаж өгдөггүй, үгийн сүлжээ шиг юм байдаг. Тэр нь эх хэлний чадвар муу, илэрхийлэх тал нь дутагдалтай байна гэсэн үг. Өөр нэг чухал зүйл бол зөвхөн хэлийг нь сурахаас гадна тухайн үндэстний сэтгэлгээг сайн ойлгох ёстой. Аливаа үндэстний сэтгэлгээ нь хэлээрээ дамжин илрээд соёл болж бүрэлддэг. Тиймээс хэл бол соёлыг тээгч гэж ярьдаг. Тухайн үндэстний сэтгэлгээ хийгээд соёлыг нь сайн ойлгохгүй бол хэлийг нь мянга сайн сураад нэг л юм дутуу үлддэг. Тиймээс сэтгэлгээ, соёл, хэл гурвыг салгаж үл болох гурвалжин гэж үздэг. Энэ гурвалжингийн аль нэг талыг орхигдуулж болохгүй. Орчуулга гэдэг бол агуулга, хэлбэр, уянга гурвын зохирол юм гэдэг. Энэ гурав тэнцүү зохиж байж сайн орчуулга болно. Чойжилын Чимид гэж том зохиолч, орчуулагч байлаа. Чимид гуайгаас хүмүүс “Та орос хэлийг маш сайн эзэмшсэн, орос хэлнээс маш сайн орчуулга хийх юм. Үүний нууц нь юунд байна?” гэж асуухад “Ямар ч нууц байхгүй. Миний дайны, надаас илүү орос хэл эзэмшсэн хүмүүс Монголоор дүүрэн бий. Харин би тэднээс нэг л юмаар илүү. Тэр нь бол би эх хэлээ тэднээс сайн эзэмшсэн юм” гэж хариулсан байдаг
Орчуулгатай холбоотой сонин тохиолдлууд байдаг. Хятадын Гадаад хэргийн сайд Хуан Хуа гэж хүн байсан. Хуан гэдэг нь “шар”, Хуа гэдэг нь “хятад” гэсэн үг л дээ. Түүнийг манай нэг хүн орчуулахдаа Хятадын Гадаад хэргийн сайд “Шар хятад” гэж орчуулсан хөгжилтэй явдал байдаг. Хэтэрхий орчуулаад хүний нэрийг хүртэл хадаж буулгасан байгаа юм.
Дундад улсын төрөөс шагнал хүртэв
Хятад улсын Засгийн газрын гадаадын орчуулагч, зохиолч, хэвлэн нийтлэгч хүнд олгодог шагнал байдаг юм байна. Хятадын тухай ном бичиг туурвисан, орчуулсан хүмүүст олгодог. Бид ч мэддэггүй байсан. Хятадын ном соёлыг түгээхэд онцгой хувь нэмэр оруулсан хүнд олгодог шагнал гэж нэртэй юм. Энэ шагналын онцлог нь хувь хүн өөрөө нэрээ дэвшүүлдэггүй. Тухайн улсад суугаа Хятадын Элчин сайдын яам, Хятадын Зохиолчдын эвлэл, Хятадын Соёлын яам гэсэн ийм хоёр гурван субьект нэр дэвшүүлдэг байна. Өнгөрсөн хугацаанд миний орчуулсан номуудыг тэнд мэддэг болжээ. Манайд суугаа Хятадын Элчин сайдын яам болон Хятадын Зохиолчдын эвлэл намайг нэр дэвшүүлсэн юм билээ. Намайг хийсэн бүтээлээ биетээр нь өгөхийг хүссэнд би номуудаа Элчин сайдын яаманд аваачиж өгсөн. Дараа нь надад урилга, онгоцны тийз ирээд би өөрийн биеэр Бээжинд очиж Засгийн ордонд нь орж шагналаа авсан юм. Гучин хэдэн орны 177 хүн өрсөлдсөн байсан. Урд өмнө нь Монголоос энэ шагналыг нэг ч хүн аваагүй байжээ. Ерөнхий сайдын орлогч ирж өөрийн биеэр гардуулсан даа.
Багшийн ач их
Хятад хэлний хүн болсон тухайд миний хамгийн онцгойлж хэлэх хүн бол миний номын багш Ц.Базаррагчаа юм. Манай багш бас МОНЦАМЭ-д ажиллаж байсан. Надад хятад хэлний анхны суурийг заах төдийгүй дараа нь орчуулгын үндэс зааж, орчуулга хийх дөртэй болгосон ачтан юм. Багш маань хятад хэлнээс олон ном орчуулсан даа. Багшийнхаа ачаар орчуулгад дур сонирхолтой болсон. Бүр миний орчуулсан хоёр, гурван номыг ариутган шүүж өгсөн юм даа, багш минь. Чой.Лувсанжав багш минь байна. Надад мөн л хятад хэлний А үсэг заасан ачтан билээ.
Одоо ч орчуулсаар...
Манай МУИС-ийн дэргэд Күнзийн институт гэж 2007 онд байгуулагдсан юм. Анх байгуулагдахад нь Монгол талын захирлаар ажиллаж эхлээд одоогоос хоёр жилийн өмнө тэр ажлаа өөрийн хүсэлтээр ондоо хүмүүст хүлээлгэж өгөөд одоо энэ институтдээ зөвлөх хийж байна. Сүүлийн үед бичиг цаасны ажил ихтэй болоод МУИС-ийн багшийн ажлаасаа бас татгалзаад, орчуулга голдуу ажил хийж сууна. Хятадын хэд хэдэн хэвлэлийн газартай хамтарч ажиллаж байна. Тэр газрууд над руу хандаад тэдэнтэй хамтран ажиллах болсон. Хятадын гадаад хэлээр гардаг бүх хэвлэлийг хариуцдаг Гадаад хэвлэлийн газар гэж бий. Тэр газраас санал ирээд, одоогийн БНХАУ-ын дарга Ши Жинпиний “Төр улсыг засах тухай” гэж номыг орчуулж байна. Энэ нь дэлхийн 32 хэлээр орчуулагдаж гарсан дөрвөн боть ном юм. Монгол орчуулгыг багийнхантайгаа хариуцаж аваад хийж байна. Багийн гишүүдийн ихэнх нь миний шавь нар. Эхний гурван ботийг орчуулж дуусаад I боть нь хэвлэгдээд гарсан байгаа. Энэ номын орчуулга амаргүй, маш хатуу хяналт, шаардлагатай явагддаг. Уг эхээс хасах, нэмэх болон өөрийн санаа нэмэрлэх эрс хориотой бөгөөд Хятадад энэ номын орчуулгыг хянадаг том баг ажилладаг. Мөн үүнээс гадна саяхан манай баг “Хятадын соёлын мэдлэгийн толь” орчуулж гаргалаа. Энэ толь бичиг бол тэндээ 100 эрдэмтний баг гурван жил хийж гаргасан бүтээл юм.
Утгачлах уу, үгчлэх үү?
Орчуулгын тухай дахин өгүүлэхэд, энэ бол шинжлэх ухаан, бас урлаг юм. Тийм болохоор орчуулгын онол, бас жаяг, зарчмыг мэдэж байх хэрэгтэй. Хийсэн орчуулгаа өөрөө уншаад үзэх хэрэгтэй. Хүмүүст яаж сонсогдох бол гэдгийг бодох ёстой. 1740-өөд онд гарсан “Мэргэд гарахын орон” гэж лут бүтээл байна даа. Энэ бүтээлд орчуулга хийх үндсэн гурван зарчмын талаар утга төгс байх, мэдэхүйеэ хялбар байх, яруу сайхан байх гэж тодорхойлсон байдаг. Утга төгс байх гэдэг нь эх зохиолд үнэнч хандах гэсэн санаа, мэдэхүйеэ хялбар гэдэг нь орчуулж гаргасан бүтээл уншигчдад ойлгомжтой байх ёстой, мөн уншихад яруу сайхан байх ёстой гэсэн санааг илэрхийлж буй юм. Тийм болохоор орчуулга хийж буй залуус энэ гурван зарчмыг сайн барих ёстой гэж хэлмээр байна.
Орчуулгын арга зарчмын хувьд утгачлах, үгчлэх гэж хоёр арга бий л дээ. Манайхны одоог хүртэл баримталж, суралцаж ирсэн зарчим бол утгачлахыг илүү барьж ирсэн. Харин би арай өөр юм боддог. Юу гэхээр тухайн эх зохиолыг уншигч руу хандуулах уу, уншигчийг эх зохиол руу хандуулах уу гэсэн асуулт гарч ирнэ. Өөрөөр хэлбэл тухайн соёлыг гол цөм болгох уу, уншигчийг гол цөм болгох уу гэсэн үг л дээ. Ингэхээр асуудал их өөр болж ирнэ. Уншигч чухал нь чухал. Гэхдээ түүнээс чухал зүйл бол тухайн эх зохиол буюу тухайн соёл юм. Дандаа утгачлаад байвал орчуулга биш зохиол болж хувирах гээд байдаг гэмтэй. Үүнтэй холбоотой өнгөрсөн зууны 80-аад оноос соёлын орчуулга гэдэг ойлголт гарч ирсэн. Маш энгийн жишээ авъя. Бидний сайн мэддэг Тэнгэрийн заадас, Тэнгэрийн оёдол гэж ойлголт байдаг. Өрнө дахинд үүнийг Сүүн зам гэж нэрлэдэг. Оросоор Млечный путь, хятадаар Мөнгөн гол, Тэнгэрийн гол гэнэ. Эдгээр нь бүгд өөр өөрийн домогтой. Домог гэдэг бол тухайн үндэстэн угсаатны сэтгэлгээний хамгийн анхны хэв шинж гэдэг. Гэтэл Өрнө дахинд Сүүн зам гэснийг бид өөрийнхөө нэрлэснээр Тэнгэрийн заадас гэж орчуулбал Өрнө дөхинд яагаад сүүн зам гэж нэрлэсэн тэр соёлыг орхигдуулж байна гэсэн үг. Тиймээс дандаа утгачлах, үгчлэхийн аль аль нь учир дутагдалтай. Өөр нэг жишээ. Манай “Тунгалаг Тамир” романыг 1970-аад онд хятад хэлээр орчуулсан. “Тунгалаг Тамир” романд гардаг нэг онцгой дүр бол шил хээр газраар явдаг шилийн сайн эр гэдэг ойлголт юм. Хятадад бас иймэрхүү хүмүүс бий. Гэхдээ тэд бол ой шугуйд явдаг тул ой шугуйн эрс гэж нэрлэдэг. Тэгтэл “Тунгалаг Тамир” романыг орчуулахдаа Цахиур Төмөрийг ой шугуйн эр болгож орчуулсан байдаг юм. Тэгэхээр Монголын шилийн сайн эрийн тухай соёл орхигдчихож байгаа юм. Хятад хүнд бол Монголын сайн эрчүүд бас ой шугуйд байдаг юм байна гэж ойлгогдоно. Зүйр цэцэн үгэнд мөн ялгаагүй. Өрнө дахинд “Төмрийг халуун дээр нь давт” гэсэн үг байдаг. Үүнийг манайд “Ямааны мах халуун дээрээ” гээд утгачлаад буулгачихдаг. Гэтэл Өрнө дахинд ямааны махыг халуун дээр нь идэх тухай соёл байхгүй шүү дээ. Тэгэхээр шууд юм болгоныг утгачлаад байх нь бас учир дутагдалтай. Хятадад “Зайсан хүний цээжинд завь онгоц багтдаг” гэж ярьдгийг монголчлохдоо “Эр хүний дотор эмээл хазаартай морь багтана” гэж буулгадаг. Хятад бол завь онгоцтойн дээр далай тэнгис их чухал. Харин монгол хүний хамгийн сайн нөхөр бол морь мөн. Гэтэл Хятадад морь шүтдэг соёл байхгүй. Завь онгоцыг бол шүтнэ. Тэгэхээр “Тэргүүн сайдын цээжинд тэнгис далайг гатлах ухаан бий” гээд буулгавал болж байгаа юм. За энэ бол их том сэдэв. Яриад байвал их юм яригдана. Соёлын орчуулгын хүрээнд яригдах сэдэв дээ.
Монгол хүн хэл сурах авьяастай гэж хятад багш маань хэлж байсан
Манайд хятад хэл сурах сонирхол буураагүй, харин ч илүү их болж байгаа. Хятад өөрөө их гүрэн болсон байна. Энэ ч бас нөлөөлдөг байх. Ерөөсөө дэлхий даяар хятад хэл сурах сонирхол улам өсөн нэмэгдэж байна. Гэхдээ хятад хэл, гадаад хэл сурах сайхан ч эхлээд эх хэлээ сайн сураарай гэж би шавь нартаа, бас эцэг эхчүүдэд нь захидаг. Намайг анх хятад хэл сурч эхэлж байхад манайхны хандлага арай өөр байсан. Хятад хэл гэхээр нэлээд харь сонсогддог байсан байх. “Ямар сонин хэл сурдаг юм бэ” гэж гайхаж асуудаг байсан юм шүү. Одоо миний шавь нар дотор хятад хэл гаргууд эзэмшсэн хүүхдүүд олон байна. Ер нь монгол оюутнууд гадаад хэл сурах авьяастай гэж манай хятад багш ч надад хэлж байсан. Авьяас хийгээд чадвар бол бидэнд үнэхээр бий. Үүнийгээ усалж тордох л хамгаас чухал юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.