МУИС-ийн багш Д.Анхбаяр: Перс хэл бол яруу найргийн хэл
Хэлтэй бол хөлтэй
2023-12-28
Эртний түүхт перс хэлийг эзэмшсэн цөөхөн монгол хүний нэг, МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор Дануугийн Анхбаяр манай буланд уригдан, перс хэл сурсан түүх, энэ хэлний онцлог сониноос хүүрнэснийг толилуулж байна.
Перс хэл сурахаар Турк улсад очив
Оюутан байхад багш нар маань “Монголын эзэнт гүрний судалгаанд перс, араб хэл маш чухал” гэж ярьдаг байлаа. “Монголд энэ чиглэлээр бэлтгэсэн мэргэжилтэн бараг байхгүй. Хэлийг нь сурчихвал эх сурвалжид нэвтрэх үүд хаалга нээгдэнэ” гэдэг байв. Сургуулиа төгсөөд удалгүй ШУА-ийн Түүхийн хүрээлэнд ажилд орохоор очив. Хүрээлэнгийн захирал Дашдаваа сонгон шалгаруулалт ахалж, ажлын ярилцлага авч байна. “Ил хаант улсын судалгаагаар мэргэжилтэн бэлтгэж байгаа, энэ чиглэлээр хүн ажилд авах сонирхолтой” гэнэ. Би өөрөө ч сонирхож байсан учраас, бэлтгэгдэж чадах хүн гэдгээ харуулахын тулд их л хичээлээ.
Хэд хоногийн дараа намайг ажилд авснаа дуулгаж, перс хэл судлах үүрэг өгөв. Маш их догдлохын зэрэгцээ айж байлаа. Номын санд сууж, сурах бичиг ашиглаж хувиараа хэдэн сар бэлдсэн ч нэг л болдоггүй. Англи, орос хэлтэй адил бусдаас тусламж хүсээд, заалгах зам үгүй. Яах учраа олохгүй байж байтал, Засгийн газрын тэтгэлгээр Туркийн их сургуульд оюутан суралцуулна гэсэн зар үзэв. Тэгтэл захирал намайг дуудаад “Чи яв. Перс хэл Ил хаадын үеийн судалгааны гол эх сурвалжийн хэл. Чиний судалгааны ажилтай ч таарч байна. Харин сайн сурна шүү” гээд хэлээд гаргалаа. Захирлын өрөөнөөс гарав уу үгүй юу нисэх шахам явж, гэрийнхэндээ баярт мэдээгээ дуулгасан юм.
Ингээд 2008 онд Анкарагийн их сургуульд Дундад зууны үеийн судалгаагаар докторантаар сурч эхэллээ. Тэнд Ираны соёлын төв гэж бий. Перс хэлээ дамжаанд нь хоёр жил, их сургуульд хоёр жил заалгасан. Перс хэл, араб хэлийг бодвол харьцангуй амар, авиа үсэгтэй болохоор англи хэл сурахад цаг, энерги зарцуулах хэмжээнд байлаа. Их сургуульд нь мэргэжил эзэмшиж байгаа хүмүүс бол зайлшгүй нүдэж сурах арга барилаар явдаг. Ярианы хэлийг хүн нэгээс хоёр жилийн хугацаанд сураад ойлгодог болдог бол, бичгийн хэлийг маш нухацтай судлах хэрэгтэй. Гол нь перс үсгээ сурах хэцүү. Монгол бичигтэй адил, үгийн эхэн, дунд, адаг дахь бичлэг өөр өөр. 32 үсэгтэй мөртлөө эгшиг үсэг байдаггүй. Үгээ сайн мэдэж байж уншина, эгшиггүй үгийг цээжиндээ амилуулж, утга оруулж уншина. Үгээ яаж бичих, уншихдаа юу гэж дуудах гэдгийг нь хүртэл таньж авах хэрэгтэй. Яруу найргийн хэл учраас дүрэм нь чөлөөтэй. Өгүүлбэрийг угсрах гэх ойлголт байхгүй. Үгүүдээ байрлалыг нь солиод хэлсэн ч ойлгодог. Өгүүлбэрийн бүтэц тодорхой. Тухайн ярианы өнгөний өргөлтөөс шалтгаалаад, үгээ хаана хэлэх нь чөлөөтэй хэл.
Перс хэлийг хэзээнээсээ араб үсгээр бичиж ирсэн. Одоо хүртэл өөрчлөгдөөгүй. Арабын байлдан дагуулалтын үед исламын шашнаар дамжин перс хэлэнд маш олон араб үг оржээ. Олон зуун жилийн өмнө араб соёл түрэн орж ирэхэд алдарт найрагч Фирдоуси эх хэлээрээ хэдэн мянган шад найраглал бичсэн нь “Шахнамэ” юм. Эх хэлээ байгаа чигээр нь авч үлдэхийн тулд нэг ч араб үг оруулаагүй гэдэг. Манайхаар бол “Гэсэр”, “Жангар”. Энэ нь монголчуудын соёл нэвтрэхээс хоёр гурван зуугаад жилийн өмнөх үе. Монголчуудын үед уг туулийг уран зургаар маш гоёмсог чимэглэж хэвлэсэн. Эх хувилбар нь Ираны нэгэн том музейд байдаг.
Туркэд хэлний дадлага хийхэд амаргүй. Перс хүнтэй таараад, харилцаад байх боломж хомс. Ойлгохгүй зүйл гарвал, хэл шинжлэлийн хичээлд багш гуйж суудаг байлаа. Анкарад бол гаднын оюутанд шууд эх хэл дээр нь сурах толь бичиг өгдөггүй. Харин турк хэл дээрх перс хэлний сурах бичиг элбэг. Перс хэлнээс монгол руу орчуулга хийлээ гэж бодоход эхлээд турк хэл санаанд буудаг. Тийм ч учраас турк хэлийг перс хэлнээс өмнө сурах шаардлагатай болсон. Хоёр улс хоорондоо исламын шашны холбогдолтой, байнга биентэйгээ аваа өгөөтэй байдаг учраас дундын хэрэглээний үг 6000 гаруй байдаг гэдэг.
Турк нь перс, араб хэлний түүх, уламжлалтай газар ч гэсэн өөрийн гэсэн онцлог бий. Тухайлбал, перс хэлний doram (байна) гэдэг үгийг туркууд dorem гэж дууддаг. Энэ дуудлагаар Иранд очоод хүмүүстэй харьцахад сайн ойлгохгүй. Миний таарч байсан перс хэлтэй турк хүмүүс ч ингэж хэлдэг. Персээр сайн ярьдаг байсан ч аялга дээр нь хэлний ялгаа гарч ирнэ. Аливаа зүйлийг зааж нэрлэдэг “тийм юм” гэж үгийг персээр hast гэж дууддаг бол, Туркэд hest гэж хэлнэ. Би ч анхандаа турк багш нарын заасан хэллэгийг өөрөө өөртөө засаж эхэлсэн. Перс хэлээр кино, телевизийн суваг үзэж, интернетээр мэдээлэл уншдаг байсан болохоор ялгаатай хэллэг нь тийм ч их хоногшоогүй.
Иранд хөл тавьсан минь
2009 онд сургуулиасаа чөлөө авч, Ираны Тегераны их сургуулийн хэлний бэлтгэлд явахаар боллоо. Турк, Иран улс хил залгаа. Анкарагаас Тегеран хүртэл зорчигч тээврийн автобус явна. 58 цаг явдаг. Анкарагаас Тегеран хүртэлх хотууд бүгд Ил хаадын түүхэнд нэр гардаг. Тэдгээрээр дамжин аялахад, түүхэн үйл явдал болж өнгөрсөн орон зайг мэдрээд маш сайхан байдаг байв. Эхлээд улс хоорондын автобусаар явдаг байсан бол дараа нь нэг хотоос нөгөөд очих замдаа саатаж, хотыг нь үздэг болов. Ираны хил хүрээд автобуснаас бууж хил гараад, цаашаа Тегеранд очиж хоёр гурав хонох маягаар явна. Онгоцоор явах хэрэг байсангүй. Газраар явах нь хавьгүй дурсамжтай. Хамгийн анх 2009 оны шинэ жилээр Ираныг зорьж байв. Гэхдээ Иранд шинэ жил тэмдэглэдэггүй л дээ. Автобусанд нэг иран эр суудал зэрэгцсэн юм. Хол замд бараг гурван хоног хамт явах хүмүүс чинь танилцаж, элдвийг л ярилцаж явлаа. Намайг Монголын түүхээ судлахын тулд эх оронд нь очиж перс хэл сурах гэж байгааг сонсоод “Их үйл хэрэг амжуулах гэж байгаа юм байна. 13 сая хүнтэй хотод очоод ядарна шүү. Хотын наахна манай гэр байгаа, хэд хоног амраад яваач” гэж байлаа. Тэр нь надад маш сайхан санагдсан ч очоод амжуулах ажил ихтэй байснаас эелдэгээр татгалзсан. Иран хүн найрсаг, зочломтгой гэдгийн жишээ энэ мэт олон. Наад зах нь зам асуухад мэдэгдэнэ. Очих газрын чигийг гаргахын тулд дагуулж яваад л хэлээд өгнө, бүр болохгүй бол автобусанд суулгаж өгөөд буух буудлыг нь тоолж өгдөг.
Тегераны их сургуулийн монгол судлаач Фархан Жиханбашийн хамт
Ер нь бол перс буюу иран хүнтэй анх нүүр учирсан маань Монголдоо юм. Засгийн газрын тэтгэлгээр хэлний бэлтгэлд сурсан монгол судлаач хүн байв. Анх уулзаад танилцаж байхад “Монгол хэл сурахад их бэрх юм, гэхдээ заавал сураад танай улсын түүхийг сайтар судална аа” гэж байж билээ. Тэр надад 2009 онд Иранд олон жил амьдарсан монгол хүнтэй уулзсан тухайгаа дурссан юм. Тэр монгол залуу Христийн шашны шугамаар Иранд очиж гурван жил амьдарчээ. Тэнд шашны үйл ажиллагааг эрхэлж, номлогч хийдэг байсан гэнэ. Иран нь исламын шашинтай ч гэсэн хуульдаа бусад шашны үйл ажиллагааг хүлээн зөвшөөрдөг. Христийн шашныхан, еврей хүмүүс ч байсан ирээд энэ чиглэлээрээ үйл ажиллагаа явуулж болдог байна. Тэр залуу хэлний дамжаанд нэг жил яваад, хүмүүстэй чөлөөтэй ярилцах хэмжээнд хүрсэн гэнэ лээ.
Перс хэлний орчинд ингэж анх удаа орж байлаа. Номын сан, Үндэсний музей, шинжлэх ухааны хүрээлэнгүүдээр явна. Хайсан номоо өөрөө нэрээр нь хайгаад, саадгүй олоод уншчихна гээд давуу талууд их л байлаа. Ахисан түвшний түүх, хэлний мэдлэгээ сайжруулна, нарийвчилна гэж явсаар нэг мэдэхэд Иранд гурван жил шахам ирж очсон байв. 2016 он хүртэл жилдээ нэгээс хоёр сарыг Иранд өнгөрүүлсэн байна.
Ираны Тегеран их сургуулийн номын сангийн өмнө
Монголын дурсгал Иранд их
Хамгийн сүүлд Иранд зургаан сар амьдрахдаа музейн ном сэтгүүл үзэж байгаад, Үндэсний музейд монгол бичигтэй хоёр ч зарлиг бичиг байгааг олж мэдэв. Хоёул зэс гэрэгэ пайз. Хэлээ сураад, овоо ч дөртэй болоод ирсэн хүн бичгийн дурсгалууд эхнээс нь хайж эхэллээ. Тэгэхэд тавь гаруй зарлиг бичиг Ираны үндэсний архивд хадгалагдаж байв. Хятадын нийгмийн шинжлэх ухааны академид ажилладаг өвөрмонгол эрдэмтэн Хошууд Цэнгэл тавиас ч илүү бичгийн дурсгал байгааг нүдээр үзсэнээ надад ярьсан юм. Архив, номын сангуудад Ил хаант улсын үед бичсэн ном гар бичмэлээрээ 2000 гаруй хадгалагдан үлдсэн байна. Тухайн үеийн сири хэлтэй түүхч эрдэмтэн номын санд 300-гаад мянган номтой байсан гэж бичиж үлдээсэн зэрэг нь долоон зуугаад жилийн өмнө монголчууд тэнд маш том соёл бүтээж байсныг илтгэнэ. Цаашилбал Ил хаант улсын үед бичсэн түүхийг тоолбол хэдэн зуугаар тоологдоно. “Судрын чуулган”, “Ертөнцийг байлдан дагуулагчийн түүх” тэргүүтэн бол тэр их өвийн л нэг хэсэг шүү дээ.
Миний перс найзууд
Перс хэл сурсан хүн чинь перс хүнтэй нөхөрлөх нь зүй. Долоогоос найман жилийн хугацаанд хот болгонд перс найзтай болжээ. Анх оюутан болж очиход танилцсан хөл бөмбөг сонирхдог Мортеза Шахи нэртэй найзаа ярья. Тегераны их сургуулийн олон улсын харилцааны ангийн оюутан байлаа. Перс хэл сурахад минь их тусалсан. Долоо хоногийн эцэс болгонд намайг тоглолт үзэхээр дагуулж явна. Нэг хөгжөөн дэмждэг багтай. 2010 оны бүх лигийн тоглолтыг алгасаагүй, өөр хотод зохиогдсон ч хоёулаа очоод л үзчихнэ. Улмаар Марагай хотод зочилж, гэрт нь ирж очиж явсаар хуриманд нь очих хэмжээний сайн найзууд болсон доо. Одоо хүртэл очихдоо бэлэг аваачиж өгдөг. Нөгөө нэг найз маань түүхч хүн. Фарханг Жаханбахши гэдэг. Номын дэлгүүртэй, түүхийн ном зардаг. Өөрийгөө хэр барагтаа номын худалдаачин гэхгүй. “Би тархиа зарж амьдардаг аа” л гэдэг. Ном асууж ирсэн ямар ч хүнд аль чадахаараа тусалдаг. Бие даалтаа хийх гэж байгаа их сургуулийн оюутан, түүхийн судалгаандаа эх сурвалж эрэлхийлж байгаа судлаач гээд хайж орж ирсэн болгонд хэрэгтэй номыг нь асууж мэдээд, олж өгдөг. Би болохоор Ил хаадын үеийн сурвалж дөч, тавиад ном хайж яваад түүн дээр очсон юм. Учраа хэлээд, хаанаас олж болохыг асуутал их уриалгахан хүлээж авсан. Яг юу хийх яах гэж байгааг минь шалгаагаад л. Дараа нь “За би чамд тусална” гээд жагсаалтыг минь аваад эхнээс нь хэлж байна. “Зарим ном чинь олдоц нь ховордсон ном байна. Энэ нэг ном гэхэд л надад ганц хоёр байгаа ч чамд зарахгүй. Би наймаачин учраас энэ номоо үнэтэй зарна. Харин чамд хямдхан олох арга зааж өгье” гээд “Ираны нэг үйлдвэрт зургаан жилийн өмнө хэвлээд, зарагдаад дуусчихсан байгаа. Харин чи тэр хэвлэх үйлдвэрт очоод менежертэй нь уулзчих. Танилцаад, хамт цай уугаад яриад үз. Номын агуулахад нь лавтай 100-гаад ширхэг бий” гэсэн юм. Би ч хэлснийх нь дагуу явж очоод хайсан номоо олсон. Дэлгүүрт 40 мянгын үнэтэй байсан номыг таван мянгаар авсан даа. Ийм худалдаачин ховор.
Одоо нутагтаа буй иран найзуудтайгаа байнга утсаар ярина. WhatsApp апликейшн их ашигладаг. Учир нь Иранд Facebook, Youtube, Twitter хориотой гэдэг. Гэхдээ улсынх нь ерөнхийлөгч хүртэл Twitter хаягтайг үзэхэд, айхтар чанд хориглосон юм гайгүй ч юм болов уу.
Монголоос перс, персээс монгол
Монгол хэлний “ах” гэдэг үгийг перс хэлэнд “аqa” буюу агаа гэж дууддаг. Хэрвээ миний нэрийг дуудахаар бол “Aqaya Анхбаяр” гэж дууддаг. Энэ нь нэр дуудахдаа хүйсийг нь давхар тодотгож байна гэсэн үг. Эмэгтэй хүнийг hanum гээд нэрийг нь залгана. Монгол хэлний “түмэн” гэдэг үгийг “toman” (мөнгөн тэмдэгт), хайчийг “qaichi”, даргыг “darugha” гэж дууддаг. Хуучин хорьдугаар зууны дунд хүртэл цагдаад ажилладаг хүмүүсийг “darugha” гэж хэлдэг байсан. Эсрэгээрээ перс хэлнээс монгол хэлэнд орсон үг гэвэл “Ахурамазда” (бурханы нэр)-“Хурмаст тэнгэр” байна. Бидний сайн мэдэх “болд” гэдэг үг перс хэлэнд фолат гэх жишээний. Шууд орж ирсэн нарийн процессийг нь мэдэхгүй ч, чемодан гэдэг үгийг бид орос үг гэж андуурдаг. Гэвч энэ ч мөн адил перс хэлний jamedan гэх үгний монголжсон хувилбар юм. Одоо хүртэл хэрэглэгдэнэ. Германы нэг эрдэмтэн перс хэлэнд орсон монгол үгийн толь хэвлүүлсэн байдаг. Хорьдугаар зууны эхэн үед гарсан “Шинэ цагийн перс хэлэнд орсон монгол, түрэг үгс” нэртэй дөрвөн боть бий. Хоёр боть нь дан монгол хэлнээс перс хэлэнд орсон үгсийн эмхэтгэл.
Иранд Goshoichay гэж газар бий. Энэ монголоор хошуу гол буюу хоёр гол гэсэн утгатай. Нэг нь Chagatu, нөгөөх нь Tatavu гэж хоёулаа монгол үг. Chagatu нь цаад эсвэл Цагаадай гэж ч байж мэднэ. Сурвалжид хоёр голын нэрийг Nagatu, Chagatu гэж ч тэмдэглэсэн. Иранд Цагаадай нэртэй хот бий. Аман домгийг нь асуухад Чингис хааны ургийн хүн тэр газрыг захирч байгаад нас нөгчсөн байдаг. Ойр орчимд нь Цагаадайн хүүгийнх нь, бас гүнжийнх нь булш байгаа гэж гэдэг юм. Би зөвхөн Ираны газар усны нэрийн лавлахаас шүүхэд Чингис нэртэй 40 гаруй газар гарч ирсэн. Чингис хааны худаг хүртэл байдаг. Яагаад ингэж газар усны нэр монголжсон байгаа нь маш тодорхой. Ил хаадын үеийн улс маш хүчирхэг оршин тогтносон нөлөө нь одоо хүртэл уламжлагдсан байгаа юм. “Судрын чуулган”-ыг уншихад Dalan navur, Chаgan navur гэдэг үгнүүд харагдах нь Далан нуур, Цагаан нуурыг илэрхийлж буй аж. Хүлэгү хааны зуны ордныг олсон газар хүртэл Абагагийн тал байсан. Туркийн нутаг, Ираны хилээс хорин километр зайтай. Ордон олдсон газар Khan нэртэй тосгон байсан.
Иранд Чингис гэдэг нэртэй хүн олон. Хүлэгү хааны нэртэй маш төстэй нэр бүхий мэс заслын алдартай эмчийн талаар сонсож байв. Нэр гэснээс перс хүмүүсийн дунд хамгийн түгээмэл нэр бол Али, Ибрахим, Махмуд, Хасан, Хусейн гэх мэтчилэн байна. Перс нэрийн ихэнх нь дээр нэр гарсан алдарт яруу найрагч Фирдоусийн “Шахнамэ” найраглалаас эхтэй юм.
Перс хэлтэй нь би ганцаараа биш
Монголд перс хэл сайн эзэмшсэн хүн гэвэл нэртэй дипломатч, элчин сайд О.Дамбийням гуай байна. Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэмтэн М.Хурметхан байна. Энэ хоёр эрхэм Афганистаны Кабулын их сургууль төгссөн. Мөн Түүхийн хүрээлэнд Батсүх гэж судлаач перс хэл судалдаг байв. Миний дараагаас гэвэл Анхбаяр, Билгүүн гэдэг хоёр залуу Тегераны их сургуульд олон улсын харилцаагаар сурсан. Одоо энэ мэргэжлээрээ ажиллаж байгаа болов уу, 30 нас ч хүрээгүй залуучууд бий. Тэд “Монголын эзэнт гүрний үеийн Иран дахь эмэгтэйчүүдийн байдал” нэртэй ном орчуулж гаргасан байсан. Иранд одоо монгол хүн сурч байгаа эсэхийг мэдэхгүй байна. Яг миний судалгааны чиглэлээр Туркэд бол оюутан явсан. Анкарагийн их сургуульд Сувд-Эрдэнэ гэдэг оюутан Ил хаадын улсын түүх судлах юм.
Ер нь ном соёлын зорилгоор гадаад хэл сурсан хүн тэр хэлнээсээ ном орчуулахыг хүсэх нь зүй. Миний хувьд 2018 онд перс хэлнээс “Монголчуудын элдэв сонин” нэртэй номыг орчуулсан юм. Персээс орчуулсан анхны маань ном. Энэ онд таван ном орчуулаад, хэвлүүлэх ажил минь шувтарч байна. Одоо бол “Судрын чуулган”-ыг зав зайгаараа сэргээн уншиж, орчуулахыг бодож байна. Рашид ад-Дины “Судрын чуулган” бол Ил хаадын үеийн түүхийн сурвалжуудаас анхных нь гэж хэлж болно. Тэрнээс хойш ч олон түүхийн сурвалж бичгүүд гарч ирсэн. Англи, орос, хятад, япон хэл дээр орчуулагдсан нь түгээмэл. Эх хэлэнд нь нэвтэрсэн хүн чинь урамшиж уншсаар орчуулах бодол тээчихсэн явна. Гэхдээ хоёр гурван жилдээ багтахгүй л болов уу.
Яруу найргийн яруу хэл
Перс хэлийг би түүх гэдэг өргөн цэлгэр цонхоор дэлхийг харах хэрэгслээ болгосон учраас надад их сайхан байдаг. Хамгийн анх бичиг үсэг тайлагдаад “Судрын чуулган”-ыг персээр нь уншихад монгол үг маш олон тааралдсан нь сайхан санагдаж байлаа. Чингис хаан, хуралдай, ноён гээд л явж өгнө, урамтай. Перс хэлэнд өөрөөр хэлдэг тамга гэдэг үгийг яг монгол үгээр нь бичсэн байх жишээтэй. Перс хэлний дуудлага нь их гоё. “Франц хэл шиг, эсвэл яруу найраг шиг байдаг” гэж найзууд маань хэлдэг юм. Сонсоход зөөлөн, найрсаг өнгө аясын илрэл харагддаг. Перс хэлээрх яруу найргаас гэвэл Омар Хайямын дөрвөн мөртүүд их алдартай.
“Дуулим энэ орчлонд хүн болж төрснөөс хойш
Дурлал дарс хоёргүйгээр насыг элээвэл нүгэлтэй
Газар дэлхий сөнөнө гэж байхгүй бүү гуних
Гараг одод бөхнө гэж үгүй бүү гунихар
Чандраар чинь хийсэн тоосго бүхэн
Чам шиг хүмүүст сууц болно бүү гунихар” гэдэг энэ мөртүүдийг тэрбээр мянган жилийн өмнө бичжээ.
Нэг гоё түүх ярихад, 2019 онд Иранаар Торгоны замын судалгаа хийж хэдэн монгол хүн явсан юм. Тэр багт яруу найрагч Г.Аюурзана гуай байлаа. Тэгж яваад Омар Хайямын бунхан дээр очиход Аюурзана гуай шүлгийг нь уншиж өгсөн юм. Тэр хэлэхдээ “Би дэлхийн олон яруу найрагчийн бунхан дээр очиж байснаас энэ хамгийн сайхан, хамгийн дотно санагдлаа” гэж билээ. Ираны өмнөд нутагт байдаг Шираз гэж хотын хавар Персийн яруу найрагт их алдартай. Хавар бүх төрлийн цэцэг дэлгэрнэ. 2000 жилийн түүхтэй цэцэрлэгт хүрээлэн хүртэл байдаг. Тэнд байгаа гурван яруу найрагчийн бунханд хүмүүс их очдог. Тэр олон жилийн өмнө бичсэн шүлгүүдийг нь ном гаргаж ирээд л уншина. Бунхан нь маш гоё тохижуулсан уран барилгын том цогцолбор. Гоё уншиж байгаа хүний хажууд хүмүүс цуглаад л алга ташина. Тэгсэн хүн улам л сэтгэл нь хөөрөөд, транс байдалд орж байсныг хүртэл харж байлаа. Аялгуулан уншиж байснаа гэнэт уйлаад л, эсвэл чанга гэгч нь инээнэ. Цээл дуугаар унших шүлэгчийн ард бүхэл бүтэн оркестр тоглох нь ч бий. Хөгжмийн аянд жижиг шүлгийг хүртэл уртын дуу аятай, тууль хайлж байгаа мэт, хонон өнжин уншина. Яруу найраг гэснээс бас нэгэн дөрвөн мөрт санаанд буулаа. Утгыг нь махчилбал “Чи санаж байна уу. Чамайг энэ ертөнцөд ирэхэд чи уйлж, чамаас бусад нь бүгд инээж байсан. Амьдрал гэдэг их сонин. Чи буцахдаа бусдыг уйлуулж, чи өөрөө харин инээмсэглэнэ” гэдэг.
Персээс өөр гадаад хэл гэвэл би турк, араб хэл гадарлана. Турк хэлийг перс хэл сурахаас өмнө их сургуульд нь сурчихсан. Зарим хичээлээ ойлгож үзэхийн тулд зайлшгүй шаардлагаар хослуулж үзсэн. Араб хэлийг сурахын тулд Кувейтийн их сургуулийн хэлний дамжаанд жил хичээллэж байлаа. Одоо бол ойр зуурын ном уншаад ойлгох хэмжээнд л байна. Маш хэцүү хэл, хятад хэлний дараа ордог, математикийн томьёо шиг. Сайн нэвтэрхийг хүсвэл тухайн улсын аль нэг оронд нь таваас зургаан жил амьдарч байж л бүрэн сурна. Перс хэл сонсоход зөөлөн, найрсаг өнгө аястай байдаг бол араб хэл их хатуу дуудлагатай.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.