images

Г.Аким орчуулагчийн англи хэл сурсан авсаархан намтар

Б.Бадамзул

Хэлтэй бол хөлтэй

2023-07-13


Орчуулагч Г.Аким манай “Хэлтэй бол хөлтэй” буланд уригдаж, социализмын үед англи хэл яаж сурсан, анх орчуулсан англи номынхоо зохиогчийг Монголд урьж учран золгосон сонирхолтой түүхээ ярилаа.

   Миний үед англи хэл сурна гэвэл “Англи хэлээр чи яах нь вэ. Хөрөнгөтний үзэлтэн болох гээ юу?” гэдэг байлаа. Цаг үе нь тийм байж дээ. Тэгээд бүр сүүлд 1980-аад онд өнөө дулаарлын үе ирэхэд би МУИС-д Чой.Лувсанжав багшийн ажиллуулж байсан англи хэлний дамжаанд суусан юм. Тэнд сууж анхны мэдэгдэхүүнтэй болмогц англи-монгол зүйр цэцэн үгийн толь хийхээр нухаж байж л өгүүлбэрийн бүтэц, найруулгыг нь гадарлахтай болсон юм даа.

Орос явж англи хэл сурах хөг өнгөрөв

   Би ерөөсөө англи хэл сурах угийн сонирхолтой байлаа. Тиймээс ч Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн хоёр жилийн англи хэлний курст явах гэж байсан юм. Тэр нь дипломатын мэргэжил дээшлүүлдэг курс шүү дээ. Тийш явахаар өргөдөл өгтөл Гадаад яамныхан ч овоо зөвшөөрөв. Миний орчуулгыг мэддэг болохоор, өөрийн нэг орчуулагчтай болж англи хэлнээс юм орчуулуулах гэсэн юм байлгүй. Тэгсэн гай болж би халамцуу яваад Дэнжийн мянгын өнөө хэцүү нэртэд орчихдог юм. Тэр социализмын үед чинь эрүүлжүүлэхэд орсон хүнийг юу гэж гадаадад явуулах вэ дээ. Тэгэхэд би “Энхтайван, социализмын асуудал” сэтгүүлийн орчуулагч байлаа. Манай сэтгүүл “Намын амьдрал” сэтгүүлийн харьяа, нэг редакц, Намын төв хорооны нэг хэлтэс болно. Ерөнхий эрхлэгч нь Ч.Чимэд гуай байсан цаг. Тэгсэн редакцид Гадаад яамныхан ирээд “Танай энэ хүнийг авъя” гэж л дээ. Тэгэхээр нь Ч.Чимэд гуай “Үгүй энэ Аким уг нь сайн л даа. Даанч эрүүлжүүлэхэд орчихсон шүү дээ” гээтхэж. Ийм юм сонсохоор нөгөөдүүл нь айна биз дээ. Ингээд миний англи хэл сурах хөг дуусах нь тэр. Тэгж явсаар дулаарал залгаж англи хэлний сайн орчуулагч Дамдин багш нараараа хэл заалгасан даа.

Дамжааныхаа хичээлийг таслаагүй бол ч...

   Дээр хэлдэг тэр Чой.Лувсанжав багшийн англи хэлний дамжаанд би дөч гарсан хойноо суусан юм. Ангидаа арвуулаа, хамгийн настай нь би. Өнөөх A, B, C-гээсээ эхлээд хичээл үзлээ. Манайд Дамдин, Чой.Лувсанжав, Англиас урилгаар ирсэн нэг багш байсан юм. Би ч тэгээд гурван жил суусан нэртэй дамжааныхаа ихэнхийг тасалчихсан юм даа. Ажилтай болоод тэр. Орой үдшийн цагаар дуудагдаж Төв хорооны юмыг орчуулна. Улс төрийн товчооныхон дандаа юмаа оросоор хийдэг. Тэр нь сонинд гарах болохоор Чойжил, Олонтүмэн бид гурваар л орчуулуулдаг байсан юм. Ингээд шөнө орой дуудагдахаар юун дамжаа байхав, ёстой л нэг төгсмөр аядсан.

   Хөгширсөн хойноо гадаад хэл сурахаар чих рүү ордоггүй юм билээ. Би сонсож ер сураагүй. Болоогүй бас ихэнх хичээлээ тасалсныг ч хэлэх үү. Ядахдаа тэр үед над магнитофон, диктофон байсангүй. Сонсож чадахгүй юм чинь ярьж сураагүй ээ. Гадаадаас ирсэн багш уншуулаад яриулдаг байсан юм. Би нэг их юм сурч чадаагүй. Хичээлдээ тулаад оролцсон бол гайгүй болчих л байсан байх.

Англи-монгол толь хийсэн нь

   Англи хэлийг сурах гэж зүйр цэцэн үгийн толь хийж эхлэв. Тийм толь хайгаад олдоггүй, Чой.Лувсанжав багшаас асуутал “Б.Ванчиндоржид л бий дээ” гэж байна. Гадаад яамны ажилтан, том дипломатч байсан Б.Ванчиндорж гуай намайг таньж, хоёр ч толь бичиг өгөв. Би өнөөхийг нь хувилуулж аваад ноцолдож гарлаа. Тэр үед юм хувилуулах амаргүй. Гэхдээ миний нэг шавь МУИС-д хувилагч ажиллуулдаг байж таарсан юм. Ингээд толь бичгээ хийхдээ МОНЦАМЭ-д байдаг англи машиныг гуйж авчраад дэргэд нь өөрийнхөө “Robotron” гэж кирилл үсэгтэй герман машиныг тавиад англи, монгол бичгийн машин руугаа цаасаа ээлжлэн хийсээр шивж дуусгасан даа. Дур эзнээ голдоггүй, дунд чөмөг сүүжээ голдоггүй гэж тэр дээ. Харин англи-монгол өвөрмөц хэлцийн толь хийхдээ “Consul” гэдэг Чехийн жижиг машиныг хөгшнийхөө ажилладаг сургуулиас гуйж авч хийсэн юм. Анх бол буруу бичихээрээ тэрийгээ дардаг, наадаг зэргээр олон юм болдог байлаа. Сүүлдээ зориулалтын цагаан шохой гарч ирээд түүгээрээ дараад дахиж бичдэг болсон юм. “Зуун жилийн ганцаардал”-ыг орчуулж байхдаа тэгж л бичиж хэвлүүлсэн дээ. Би тэр анх хийсэн англи, монгол зүйр цэцэн үгийн толио 555 үгтэй хэвлүүлсэн. Би ер тооны бэлгэдэлд их дуртай. Хатагины овоо 13 гэж байдаг. Алтайн 13 оргилоос өгсүүлээд 13 бол монголчуудын хамгийн сайн тоо шүү дээ. Баруунд бол чөтгөрийн тоо биз. Нэг удаа Унгар руу нисэхэд надад 13 дугаар суудал таарч өчнөөн их баярлаж билээ. Одоо би өглөөд 13-ын тоогоор гимнастик хийж байна. Гимнастик ч юу байхав, сарвалздаг байхгүй юу.  

Англи ном анх удаа орчуулав

   Миний англи хэлнээс анх орчуулсан ном бол Робэрт А.Рупений “XX зууны монголчууд”. Өнөөх дамжаагаа дүүргэснээс тав зургаан жилийн дараа 1990-ээд оны эхээр болсон явдал. Тэр хугацаанд хэлээ олигтой зузаатгаагүй би ёстой бүдүүн зүрхээр л дайрсан байх. Хар ухаанаараа дайрсан ч юмуу бүү мэд. Гэхдээ Р.Рупенийг орчуулах хялбар байсан. Монголчуудын тухай юм шүү дээ. Түүхийг нь мэддэг болохоор тэгж байгаа юм. Энэ номыг орчуулахын өмнө би Б.Жаргалсайхан дипломатчийн тухайн үед НҮБ-д сууж байсан хүүтэй ярив. Түүнд “Би Р.Рупен гуайн хаягийг олж чаддаггүй. Чи надад олж өгөөч. Номыг нь орчуулах зөвшөөрөл авах гэсэн юм” гэлээ. Тэгтэл хаягийг нь даруй олоод над и-мэйлээр явуулжээ. Тэгэнгүүт Р.Рупен гуайд захиа бичлээ. “Би таны номыг орчуулах гэсэн юм. Та зөвшөөрөх үү. Гэхдээ та Монголын байдлыг мэднэ. Танд мөнгө төгрөг өгч чадахгүй” гэж шулуухан хэлэв. Нялуунаас шулуун нь дээр, тэгээд л аваад хаялаа. Тэгсэн “Болно” гэсэн хариу ирж, би тэр номыг нухаж эхлэв. Жил хэртэй нухаад орчуулж дуустал хэвлэхийг нь Ж.Соросын сан ивээн тэтгэлээ. Тэнд миний хуурай дүү, бурхан болооч Шагдарсүрэн байсан юм. Тэр минь л хэвлүүлэх төгрөгийг нь олж өгч байгаа хэрэг. Тэгээд “Интерном”-д “XX зууны монголчууд” номыг хэвлэсэн юм. Тэдэнд бас хөөрхөн хэдэн төгрөг олоод өгч байгаа юм.

Зохиогчийг урьсан нь

   Ном хэвлэлээс гаруут би Р.Рупендээ захиа бичлээ. “Таны номыг хэвлүүлсэн. Би таныг Монголд ирэхийг урьж байна” гэв. Тэгвэл өөдөөс “Би жуулчин маягаар очих уу, зочин маягаар очих уу?” гэдэг юм. Тэгэхээр нь зэрэг “Зочин маягаар ир ээ” гээд аваад хаялаа. Тэр үед гадаадын зочин урьж авчрахад Гадаад яамаар заавал дамждаг байсан юм. Тэгэхдээ 10 доллар төлдөг. Би ч урилгаа явуулахаар 10 доллар атгаад Гадаад яаманд яваад очлоо. Тэгсэн дандаа миний найз нар сууж байхгүй юу. Пунцаг, Төмөр, Чөдөр гээд өнөө хэд маань архи уугаад халамцчихсан сууцгааж байна аа. Өнөө 10 доллароо өгөх гэсэн чинь “Очиж очиж чамаас 10 доллар аваад байхдаа яадаг юм” гэж байна. Уг нь би тэгэхэд архи уухаа болиод хоёр сар гаруй болчихсон их сахилгатай явсан юм. Ингээд яах ч аргагүй болсон би нэгийг нь ганц шил юманд явуулж тэрийгээ хуваагаад хүртчихэж байгаа юм. Ажлаа амжуулсан хүнд алдаад байх юм юу байх вэ дээ.

“Акимын буянаар Монголдоо дахиж ирлээ”

   Ингээд Р.Рупенд “Таныг би зочноор авахаар боллоо” гэвэл “Хүү, эхнэр хоёроо дагуулж очьё” гэнэ. Тэгэхэд нь “Би танай хоёрыг зочноор авч чадахгүй” гэдгээ үнэнээр нь хэлж, Газрын тосны дарга Сэнгээ гэдэг хуурай дүү рүүгээ утасдлаа. Тэр хувийн зочид буудалтай байсан юм. Ингээд “Чи өөрийнхөө зочид буудалд өвгөнийг нь үнэгүй аваадах. Нөгөө хоёроос нь хамаагүй ээ, үнийг нь ав” гэлээ. Ингээд зочдоо Энхтайваны гүүрний урд зочид буудалд буулгаад авлаа. Тэр үед надад машин тэрэг юу ч байсангүй. Ер нь одоо ч надад машин байхгүй л дээ. Гэтэл нөгөө хүмүүсээ машинаар зөөх болно шүү дээ. Тэгээд танилуудаасаа гуйж таарна. “Тэр хүнийг тийш нь, ийш нь зөөгөөд аль” гэж нөхдөө гуйсаар, бүр П.Очирбаттай уулзуулж түүгээр хоол өгүүлээд авав. Ингэж аргалсаар Р.Рупенийг Монголд арваад хонууллаа. Тэр зуурт Хархорин орж Эрдэнэзуугаар явуулсан. Уг нь манайд Р.Рупен гуай анх 1961 онд ирсэн ч дахиад ирэхийг нь коммунистууд хориглочихсон юм. Манай нэг том эрдэмтэн Р.Рупенийд очиж гэрт нь арваад хонож ирээд матчихсан байхгүй юу. Тэрнээс болж Дотоод яам тэр хүний нааш ирэхийг хориглочихсон юм. Тэгээд ардчилал гарч 2000-аад онд миний урилгаар ирсэн нь тэр. Р.Рупен гуай “Акимын буянаар Монголдоо дахиж ирлээ” гээд бөөн баяр болсон доо. Би ч байдаг бүх найз нараа дайчилж, өндөр сэтгэгдэлтэй буцаасан. П.Очирбат ерөнхийлөгч биш байсан боловч Засгийн газрын ордонд хүлээж авсан юм. Түүнийг дагуулж явахдаа Дашдавааг орчуулагчаар авч явлаа. Миний чих таг юм чинь. Ганц нэг үг хэлбэл хэлнэ. Харин хөдөө явахдаа нэг хуурай дүүгийнхээ англи хэлтэй эхнэрийг авч явсан. Ёстой бусдын нүүрийн буянаар өөрөө нүүр улайлгүй буцаасан шүү.

   Хожим Р.Рупен “Тайваньд “Монголын өнөөгийн байдал” сэдвээр илтгэл тавих боллоо. Тэндээсээ Монголд очиж хасагуудтай уулзан, ардчилал хэр байгаа талаар сурвалжилга хиймээр байна” гээд дахиж ирсэн. Тэгэхэд мөн урилга өгч авчраад, уулзах гэсэн хүмүүстэй бүгдтэй нь уулзуулсан юм. Тэр нь 2004, 2005 оны үед болов уу. Би тэр Тайваньд тавьсан илтгэлийг олж авсан ч орчуулах гээд чадаагүй л явна. Харин “XX зууны монголчууд” ном нэг л хэвлэгдсэн. Тэр улаан хавтастай анхны хэвлэлээс нэлээд элэгдэж улаан будаг нь арилах шахсан ганц ном л над байна.

Жувэйний номыг орчуулж байна

   Орчуулагчийн мэдрэмжид найдан бүдүүн зүрхээр дайрч Р.Рупений номыг орчуулснаас хойш Эрнэст Хэмингуэйн “Өвгөн тэнгис”, Рашид ад-Диний “Шашдирын чуулган”-ыг англи хэлээс орчуулав. Харин одоо Жувэйний номыг орчуулж байна. Би өглөө дөрвөн цагт босдог юм. “Судрын чуулган”-ыг орчуулж байхад дөрөвт босоод 18 цаг болоход 6-7 хуудас орчуулчихдаг байж. Одоо дөрөвт босох нь хэвээрээ боловч 10 цаг болоход арай гэж гурван нүүр юм хийж байна даа. Хуруу сарвайж хөшөөд, 9 цаг өнгөрөөд ирэхээр тархи бадайрдаг болчихдог юм байна. Одоо надад нэгийг орчуулж дуусаад нөгөөг орчуулдаг нас алга учраас зэрэгцүүлээд л туугаад байгаа. “Зуун жилийн ганцаардал”-ыг “Цаазын тавцан”-тай зэрэг орчуулдаг шиг л юм болж байна. Хоёр өрөө умгар байрандаа олуулаа зулаад унтдаг юм. Би өглөө босоод гал тогооныхоо өрөөнд нөөтбүүкээ бариад орно. Тэгээд ажлаа хийгээд сууж байтал 6 цагт миний тэжээдэг хэдэн тагтаа ирээд цонх тогшино доо. Тэгэхээр нь жаахан талх үйрүүлж өгчхөөд юмаа хийгээд суудаг ийм л цагийн хуваарьтай амьдрах болов. Үдээс хойш болохоор юм хийж чадахгүй болжээ.

   Би нийт 90 гаруй ном гараас гаргаснаас 40 гаруйг нь өөрөө бичиж, мөн 40 гаруйг нь орчуулсан. Орчуулга хийхэд орос нь надад илүү боловч дам орчуулгын номын хувьд англи нь илүү юм билээ. “Тахал”-ыг орчуулж байхад орос орчуулагч нь дэндүү үгчилсэн учраас ойлгогдохгүй байсан юм. Гэтэл англи нь давгүй ойлгомжтой байв. Харин орчуулагч хүнд толь шиг хэрэгтэй юм байхгүй. Англи хэлний толь бичгүүдээс Оксфордын тайлбар толь сайн. Тэр толийг монголчилж хийхэд би ч оролцсон юм. Мөн Мюллерийн англи, орос толь их сайн. Одоо хуучныхад тооцогдох болохоор сүүлийн үеийн шинэ үг олдохгүй л дээ. Үүн дээр Вэбстэрийн толь бас дажгүй. Энэ хэдийг л ашиглах юм даа.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    Аюуш

    Англи хэл сурсан түүх нь сонирхолтой юм. Нөүтбүүк дээр удаан сууж шивэхэд их ядардаг санагддаг. Одоо ажилдаа хэрэглэдэг хулгана, гар 2-г авч өгмөөр санагдчихлаа...

    2023-07-15

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.