images

Эрүүл мэндийн салбарын 21 мянган ажилтан цахим эрүүл мэндийн сургалтад сууна

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-05-06


   ЭМЯ, ЦХХХЯ-наас 21 аймгийн бүх сум, есөн дүүргийн бүх хорооны эмнэлгийн нийт 21 мянга гаруй ажилтанд заах “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалтыг өнгөрөгч баасан гарагт Төрийн ордонд эхлүүлэв. Эхний ээлжийн 800 гаруй хүнд эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн шинэчлэл, мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, иргэдэд учрах чирэгдлийг бууруулах талаар төрөөс баримталж буй бодлого, чиглэлийг танилцуулсан байна. Ялангуяа төрийн нэгдсэн үйлчилгээний E-Mongolia системд Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй бүх эмнэлэг буюу 4500 гаруй эмнэлэг шинжилгээний хариу оруулах боломжтой болсон тул энэ үйлдлийг хэрхэн хийхийг заажээ. Үүний үр дүнд, эмнэлгээр үйлчлүүлж буй хүмүүс нэг эмнэлгээс нөгөө рүү шинжилгээний хариу авахаар явах, дахин шинжилгээ хийлгэх шаардлагагүй болж эмнэлгүүд өвчтөний шинжилгээний хариу, өвчний түүхийн мэдээллийг чөлөөтэй хоорондоо солилцон иргэдэд түргэн шуурхай үйлчлэх боломж бүрдэж байгаа юм. Ялангуяа дуу, дүрсний шинжилгээний мэдээлэл цахимд орсноор орон зай, цаг хугацаанд баригдах, хүлээх шаардлагагүй болж байна. Монголын эмнэлгүүд нэг жилд 20 сая үзлэг, шинжилгээ хийж, нэг сая хүний хэвтэн эмчлүүлсэн түүхийг бүртгэдэг бөгөөд эмийн жор, жирэмсний хяналт, дархлаажуулалтын мэдээлэл гэрчлэн эмнэлгээс авсан бүх үйлчилгээний хариу E-Mongolia системд ордог болсон билээ.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.