images

Европын холбооны ихэнх орон В.Путины тангараг өргөх ёслолд оролцохгүй гэдгээ мэдэгдэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-05-07


   АНУ болон Европын холбооны ихэнх гишүүн орнууд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины тангараг өргөх ёслолд оролцохгүй гэдгээ мэдэгджээ. АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Мэттью Миллер "Оросын ерөнхийлөгчийн сонгууль чөлөөтэй, шударга болсон гэдэгт бид итгэхгүй байна" гээд, өнөөдөр болох тангараг өргөх ёслолд АНУ төлөөлөгчөө оролцуулахгүй хэмээн мэдэгдсэн байна. Европын холбооны хэвлэлийн төлөөлөгч мөн ёслолд ОХУ-д суугаа Элчин сайдаа оролцуулахгүй гэсэн бол Их Британи, Герман, Канад улс ижил утга бүхий мэдэгдэл хийв. Харин Франц, Унгар, Словак зэрэг долоон улсын төлөөлөгч уг ёслолд оролцох төлөвтэй байна. Энэ талаар “Reuters” агентлаг “Франц улс сүүлийн үед Украинд үзүүлэх дэмжлэгээ бэхжүүлж, Оростой зөрчилдөөн үүсгэсээр байсан хэдий ч В.Путины тангараг өргөх ёслолд оролцохоор болсон нь анхаарал татаж байна” гэжээ. Ерөнхийлөгч Эммануэль Макрон мөн өнгөрсөн долоо хоногт Украины Засгийн газар хүсэлт гаргавал цэргээ илгээх талаар бодож үзнэ хэмээн мэдэгдсэн юм. Өрнөдийн орнууд тангараг өргөх ёслолд оролцох эсэх тал дээр санал нэгдэж чадахгүй байгаа нь В.Путинтэй харилцах тал дээр санал зөрөлдөөнтэй байдгийг харуулж байна хэмээн тус агентлаг үзжээ. Украины Гадаад хэргийн яам улс орнуудыг тангараг өргөх ёслолд оролцохгүй байхыг уриалж, В.Путиныг ардчилсан замаар сонгогдсон ерөнхийлөгч гэж хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэл байхгүй гэж мэдэгдсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.