images

Долдугаар сарын зуд

Duuren.Life

Хөдөөгийн баясгалан

2023-02-01


Манай сайтын уншигч, Ховд аймгийн Мөнххайрхан сумын уугуул Сонинтөрийн Мөнхзориг “Хөдөөгийн баясгалан” буланд зориулан одоогоос 30 жилийн өмнө уул нутагт нь тохиолдсон ер бусын явдлын гэрч болсон тухайгаа бичиж ирүүлснийг нийтэллээ. Алтайн нурууны салбар Мөнххайрхан уулын баруун суганд болсон байгалийн гамшигт үзэгдлийг биеэр үзэж туулсан тэрбээр өдгөө “Мэдээлэл холбооны сүлжээ" ХХК-ийн Дотоод хяналт, аудитын албаны даргаар ажиллаж байна.     

     1992 оны зун, улсын наадмын өмнөхөн билээ. Би гэдэг хүн 10 дугаар ангиа төгсөөд хөдөө гарчихсан, хусуур бүсэндээ зүүж хурдан морь сойгоод, цэргийн зарлан дуудах хуудас өвөртөлчихсөн цовоо хөвүүн давхиж явлаа. Наадам өнөө маргаашгүй гэж байхад хэдэн өдөр дараалан бороо шиврэв. Алтайн өндөр ууланд олон хоногоор бороо орно гэдэг бол уран зохиол, дуу хууранд гардаг шиг намираа цэнхэр бороо хараахан биш билээ. Ууланд орсон бороо голд ортол жиндүүлнэ, хүн малыг ялгалгүй зутраана. Аргал түлээ норж гал алдах бол энүүхэнд. Өдөржин шөнөжин орсон бороо үүрээр зогсох аядсанаа дахин шивэрч эхлэв. Аав, ах хоёр хүүхдүүд дагуулан уяа морьдоо хөтөлсөөр морь сунгааны газар Бортын Тэмээ тэшдэгийг зорин хөдлөв. Бороотой өдөр багачуудыг хонинд явуулж болохгүй тул хонины хишиг надад тохиов. Хүмүүс морь сунгааны зүг хөдөлсний дараа би хашин хээрээ эмээллэн хониндоо мордлоо. Зундаа манайд багачууд их ирэх тул хашин, номхон морьд тэднийг хэзээ ирж ноолох бол гэсэн аятай уяан дээр үүрэглэн өнжицгөөнө. Гэтэл өнөөдрийн тэнгэр иймээс хөгшин хээр маань багачуудын зугаа болох биш надтай хамт хонины хишигт гарах нь энэ ээ.

     Үүл нэлээд хөллөж, бороо үргэлжлэн орох нь зайлшгүй байх тул хонио нөмөр бараадуулах санаатай Дөрөлжийг уруудан Шуурхайн эргийн нүүр тийш чиглэв. Их үүлс хэзээ ч замхарч арилахгүй болсон мэт зузаарч өдөржин бороо шиврэх нь тэр. Цэрэг ногоон цув давхарлаж өмссөн, хад чулууны нөмөр бараадан яваа хэдий ч нэвт норж орхив. Эрхбиш зуны дулаан цаг тул даарах нь бас ч учиртай. Бүрхэг тэнгэрт нар харагдахгүй, бугуйнд цаг байхгүй тул тэг тэгсээр цагийн баримжаа бараг алдагджээ. Нэг үзвэл хоньд гэр өөдөө зүглэх аястай болж байна. Тэгэхээр үд нэлээд хэвийж яваа хэрэг. Гэвч өөрийн баримжаагаар бодвол мал үдлэх хараахан болоогүй л юмсан. Хонь маань эргийн нүүр даган эгнэсээр Шуурхайн гоо тийш ороод дээш өгслөө. Жаахан тогтоох санаатай сөргөж үзтэл Цагаан онгорхойн эрэг рүү ороод ямаа нь шоогоод (мал борооноос нөмөрлөн хошууран зогсохыг шоох гэдэг) зогсчих юм. Өдөржин шивэрсэн бороонд залхсан бололтой хоньд ч хошууран бөөгнөрөөд зогсох маягтай болчихов. Ойр хавьд нийлэх айл амьтны мал байгаагүй учир энэ хооронд ойрхон айлд очиж бүлээцэж авья, цай ууя гэж бодон хонио орхиод Хатуу буйрт байх Баасанжав гуайнх руу хөгшин хээрээ давирсаар явж очив. Айлын самган Дэндэв гэж сайхан эмгэн “Энэ их усан бороог яана даа, одоо зогсоосой билээ. Хүү минь цуваа тайлж өлгө” гэсээр цай унд болов. Гэрийн эзэн хөгшинтэй ойр зуурыг хөөрөлдсөөр сайхан цайлж, дулаацаж аваад хонь руугаа мордлоо.

     Яваад иртэл өнөө хөдлөх шинжгүй шоогоод зогсчихсон хоньд байдаггүй! Ойр хавьд ил харагдах газар лав алга. Гэрийн зүг эргэсэн байх гэж бодон зүтгүүлсээр Дөрөлж дээр гарч ирвэл бараа сураг байдаггүй. Морьдоо сунгахаар явсан хүмүүс тэртээгээс ирж яваа харагдана. Дөрөлж дээрээ бүр цасан шамарга тавих янзтай болж ирлээ. Энд ингэж шамаргалж байхад хонь уруудсан байж таараа гэж бодон Шуурхай тал руу уруудлаа. Шуурхайн гол руу орчихоод дээрээсээ харагдахгүй байгаа юм болов уу гэж бодоод жаахан өгсөж үзсэн ч бараа алга. Анх орхисон Цагаан онгорхой чиглээд шогшуулж явтал өдөржин орсон бороонд норж зөөлөрсөн газраар малын мөр гарчээ. Гол уруудан явсан нь тодорхой боллоо. Энэ хавиар өнөөдөр мал яваагүйг сайн мэдэж байсан тул тэр мөрийг даган хатируулав. Шуурхайн амаар ороод Өргөн ширэг рүү өнгийж үзтэл, байдаггүй ээ. Цай уугаад ирэх энүүхэн хооронд, явлаа явлаа гэхэд бог мал эндээс их хэтрэх учиргүй дээ гэж бодох ч мянга шахам малын мөр улам тодрон байгаа тул өөрийг үл бодон араас нь нэхсээр явтал мөр Нарийн үзүүрийн хашаа руу одов. Бороо шивэрсэн хэвээр, цаг нэлээд орой болж байсан тул хонио олж хурдхан харихгүй бол болохгүй. Бороонд туугдан уруудсан мал хашаа бараадан тогтсон биз гэж бодсоор иртэл, Нарийн үзүүрийн хашааг өнгөрөөд явсан байх нь тэр.

Шуурхай хад

    Мөр улам тодорсоор, би ч нэхсээр. Хонь Нарийн үзүүрийн доод зоо даваад Худгийн хонхор гатлаад цааш уруудан явжээ. Мөр тийн явсаар Хортын амны Их өтгийн хаваржааны хашаа руу орчихлоо. Тэнд бас л тогтолгүй хашааны хажуугаар өнгөрөөд шууд доошоо урууджээ. Доохон талд нь манай өөрийн хаваржаа байгаа. Мал ухаантай, тэр тусмаа бог мал хотсог амьтан тул хаваржааныхаа хашаан дээр л очиж тогтох нь гарцаагүй гэж бодогдлоо.

     Муу хөгшин хээрээрээ сүрхий ширүүн давхиж явсан тул амьсгааг нь жаахан дарах санаатай амыг нь татав. Татах ч юу байхав, намайг албадахгүй болохоор зөнгөөрөө өөрөө л хурд нь саараад цогиж байгаа юм. Нэгэнт оройтсон тул хаваржааны хашаанд хотлуулж хоноод өглөө өгсүүлээд харих нь зөв юм гэж үзэв. Энэ хооронд бог малд бол нэг өдрийн нүүдлийн газар юм. Малтайгаа оройтоод алга болчихсон намайг гэрийнхэн хайж санаа нь зовох байх даа гэх мэтийг бодсоор хашаан дээрээ иртэл нөгөө “ухаант мал” чинь энд бас тогтсонгүй, араар нь өнгөрөөд оджээ.   

     Дахин мориндоо ташуур өгч Авдарын хөлөөр ороод уруудтал эхний Хүрэн толгойн оройд цайрч харагдана шүү. Шилийн замаар зүтгүүлэн гарч, хашгирч гуугачин байж буулгаж иртэл тал нь байдаггүй. Олсноо туугаад Хүрэн толгойн энгэрийн  Адууч гуайн хаваржааны хашаанд хашиж орхиод дахин Хүрэн толгойн шилээр хэдрээд гараад иртэл мал маань доод Хүрэн толгойгоос буугаад уруудаж байгаа нь харагдлаа. Юу юугүй харанхуй болох нь. Араас нь давхисаар Усны эхний хашаа өнгөрүүлэн Цагаан түнгийн дээхэн талаас арай чамай гүйцэж авлаа.  

     Бороо орсоор. Би ёстой л голдоо ортол норжээ. Юу юугүй харанхуй нөмрөөд ирлээ. Буцаагаад туусан чинь явж өгдөггүй. Тэнхээ мэдэн хашгирсаар, хөөцөлдсөөр байж хашаатай хонин дээрээ арай ядан тууж ирлээ. Хашааны гадаа тогтох болов уу гэтэл хашаа тойрон шуугилдаж цуваад тогтох шинжгүй ер алга. Хаалгы нь онгойлгоод оруулах гэтэл түрүүний хашсан хоньд өмнөөс нь дайраад бүгд гарлаа. Тэнгэр бүрхэг, тас харанхуй, бороо улам ширүүссээр. Дахиад таслаад алдчих вий гэж айсандаа тамираа тасартал гүйж, хөөцөлдөж байж хашаанд нэг юм хашиж авлаа. Бороо шивэрсээр байх нь ингээд өнө мөнхөд шиврэх юм шиг.

     Муу хөгшин хээр минь үнэхээр сульдсан бололтой чихээ унжуулан зогсоно. Оройхон гараад ширүүхэн дарна гэдэг л боллоо. Морь нэлээд хөлөрсөн тул эмээлийг нь хэсэг сэвж хөлсийг нь сэврээж орхиод хантайрч уяв. Төдийд мэдэхнээ өлссөн, ядарсан гэдэг тоймгүй. Бас малтайгаа сураггүй алга болсон миний араас санаа зовж суугаа гэрийнхнээ бодохоор цээж хөндүүрлэнэ. Тийм гээд яалтай ч билээ. Яаж ийгээд өглөө болгох арга бодохоос өөр замгүй. Зөөлөн зөөлөн шиврэн орох бороонд хашааны саравчнаас гоожих усны чимээ хүч нэмэн ус цутгаж байгаа мэт нүргэлнэ.  

     Хашааны нэг талд жижигхэн пүнз байна. Борооноос хоргодох санаатай дотор нь орж үзвэл дээвэр нь хариугүй муу тул задгайгаас ялгаагүй, бороон дусал шоржигнон гоожино. Саравчин доор орвол ялгаа алга. Арай гайгүй болов уу гэж таамаглан нэг буланд очиж, саравчны баганын шон түшин суулаа. Зуны шөнө богино, арай ч дундаа ороогүй болов уу. Өдөржин бороонд норж, орой нь малынхаа араас зогсоо зайгүй давхисан, харанхуй усан бороонд мал явж өгөхгүй хөөцөлдсөн зэрэгтээ ядарсан нь лав, өөрийн эрхгүй нам унтжээ. Хэсэг унтаад сэрж ирвэл дээврээс гоожих борооны чимээ арай намжиж, бороо татрах аядаж байна уу даа гэмээр. Хэдий хэр унтсанаа мэдэхгүй ч, удахгүй үүр цайх болов уу хэмээн горьдож жаал суув. Хажууд хэвтэх малын хивлэгнээс нам доор газрын шинэхэн ногооны үнэр хан хийнэ. Хоньтойгоо хамт хотолчихсон хүн дээ. Суудлаа засах гэж үе үе хөдлөхөд хонь тэрүүхэндээ үргэн босовч удалгүй тойрч ирээд бүчнэ. Бог мал шөнө хэвтэж амардаг ч тэр шалбайсан нойтон бууцан дээр их төлөв зогсоогоороо хонож байх ажээ.  

     Бороо зогслоо. Үүр тэмдэгрэх нь үү гэмээр жаахан гэгээ хаяж байна. Шон налаад овоо унтчихсан гэж бодсон, сэрснээс хойш үүр нэлээд удаж байж хаяарч байхыг үзвэл дугхийгээд л сэрсэн бололтой Хөгшин мориндоо санаа зовно. Чөдөрлөөд идүүлэх гэснээ бас яваад холдчих болуужин гэж цулбуураар нь аргамжаад жаахан идүүлж авав. Гэгээ сайн орохоор морио чөдөрлөж идүүлж аваад хонио гаргаж өгсүүлээд харина даа гэж бодон хүлээж суулаа.

     Ашгүй нэг гэгээ орох нь гэж байтал өтгөн манан битүү суугаад таван алхмын газраас цааш юм харагдахаа больчихлоо. Айх ч шиг болж байтал даарин дээр давс гэгчээр хонь  шуугилдаад явчихав. Манан будан суудаг ч, ийм доор газар ингэж өтгөн сууж байхыг үзээгүй юм. Галав юүлнэ гэдэг нь болж байгаа юм биш байгаа гэж бүр үнэнээсээ бодогдов. Хамрын үзүүр харагдахгүй шахуу энэ өтгөн манан дунд хонь тууж харих тухай саналтгүй. Гэтэл хэдэн хормын дараагаас манан бага багаар сийрэгшин холдож эхлэх нь тэр. Төд удалгүй будан замхран уулсын оройгоор ороогоод хол ойрын юмс эрхбиш харагдаж эхлэв. Төдийд л санаа өчүүхэн амрах шиг болов.

     Ногоо сайхан гарсан жил билээ. Хашааны гадуур морио хөтлөж ганц нэг хазуулав. Тэгсгээд малаа гаргаж өгсөх санаатай хашаан дээгүүр өнгийж харвал хонь ямаа маань өтөг бууцтай шалбааганд хутгалдаад халтайсан юмнууд үзэгдэнэ. Харж баахан зогсохнээ инээд ч хүрэх шиг. Эзгүй хээр зутарч яваа ганцаар эр малаа харж сатаарч байгаа нь тэр юм уу даа. Малаа тийм гэвч эзэн нь өөрөө тэднээсээ дээрдэхгүй юм байгаа нь лав. Гутлынхаа шаврыг борооны усаар угааж цэвэрлээд ямар өнгөтэйг нь сая үзэв. Ингэж байтал морь маань өндөсхийж чих нь соотойгоод, юмны бараа харсан нь илт. Дагуулаад хартал хашааны дээд талын замаар морьтой хүн ороод ирж байна. Баавай (манайхтай хамт зусч байсан авга хүргэн ах) маань хүрээд ирэх нь тэр.  

     “За яав, хүү минь зүгээр үү? Яаж энд ирэв, чамайг хайгаад шөнөжин явлаа. Нарийн үзүүрийн хашаанд орж үүр цайлгаад, наашаа явсаар байгаад ирлээ. Хүмүүс чамайг хайж байгаа. Хортын амнаас дээш цас орсон байна. Одоо дээд газрын айлууд цасанд туугдан уруудаж ирэхээс өөр аргагүй боллоо” гэх зэргээр урьд шөнийн сонин дуулгав.

     Би ч сониноор огт дутахгүй. Гэвч өлсөж, даарч, ядарснаас тэр бүхнийг тоочих чадал барагджээ. “Мал айхтар, тэнгэр муудаж ийм юм болохыг мэдээд урууджээ. Тасарч одсон хоньдоо гүйцэж очиход, хөөгдсөн юм шиг яаруу түргэн гүйлдэж явсныг яана” гэхчлэн өөрт тохиолдсоноо товчхон ярьж хоёул хэсэг суулаа. Одоо хэрхэхийг асуухад Баавай ах “Чи яв, Хүзүүвчид байгаа айлд оч. Цай унд ууж дулаацаж аваад гэртээ харь. Гэрээсээ идэж уух юм дөхүүлж ир. Дээд ууланд цас зогстол би лав энд байж таарна. Хонио энүүхэндээ эргүүлж байя” гэв. Ингэхэд дээр цас орчихсон юм бол сойсон морьд юу болсон тухай асуухад “Мэдэхгүй. Сойсон морьд бодох сөхөөтэй хүн байгаагүй. Аав чинь оройхон морьдоо аргамжихаар явж байгаа харагдсан” гэлээ.

     Би мордоод өгслөө. Бороо зогссон хэдий ч бүрхэг хэвээр байв. Хаваржаанаас дээшээ өгсөх тусам эргэн тойрон дунхайсан цагаан цас болж улам улам зузаарсаар. Ингэхэд энэ чинь долоодугаар сар, наадам болох гэж байгаа биш билүү? Өгсөхийн хэрээр цас зузаарч бүр морины өвдөгнөөс өнгөрч байна. Будан нэлээн сийрэгшсэн ч холын юмс харагдахгүй. Бортын голын урдуур Хөх нуур, Нарийн цүнхэгийн айлууд малаа туугаад уруудаж байгаа бололтой, хүмүүс хашгиралдан мал туух чимээ дуулдана.   

     Өргөн ширгийн гармыг чухам арай чүү олж Шуурхайн гол гатлав. Цасан хөмөг дундуур хад асганд бүдчүүлсээр ямар ч байсан аргалаад гаталлаа. Нутгийнхан Мөнгөлөөгийн ээж гэж дууддаг сайхан хөгшнийд очиж дээл хувцсаа хатаангаа өнгөрсөн шөнийн явдлыг хамж шимж ярих зуур буурай сайхан борцтой будаа хийж өгөв. Хөлсөө гартал идэж аваад хөдөллөө.

     Дөрөлж, Шуурхайн айлууд бод, бог бүх малаа туун уруудаж яваа харагдана. Манай нутагт зундаа айхтар хүйтрэхээр бог малтайгаа хөөгдөн урууддаг ч бод, бог бүх малтайгаа ингэж хөөгдөн зутарч байхыг үзээгүй билээ. Хонь хяргаад удаагүй байсан тул дээд айлуудын нүцгэрсэн хонь олноор осгож үхсэн, одоо тууж явахад захаасаа осгож байгаа, дээрээ цас эмээлийн дөрөөнд хүрч байна, айлууд сойж байсан морьдоо сул тавьсан гэх мэтийг замд таарсан хүмүүсээс дуулав. Өгсөж явтал Шуурхайн эргийн нүүр лүү баахан бараан мал орж явна. Дөхөөд иртэл манайхны үхэр тугал ажээ. Зөрөөд явж байтал ах хоол хүнс ганзагалсан хүмүүстэй хамт ирлээ. Шөнө цас ороод эхэлмэгц, сойсон морьдоо бүгдийг уяа аргамжаанаас нь мулталж тавиад явуулсан гэнэ. Дүү Дөрөлжийн мушгиу руу адуугаа харахаар явсан, тэнд өгсөж хүрч чадсан эсэхийг мэдэхгүй л гэнэ. Намайг ямар ч атугай гэртээ хариад аавтай сайн ярилцаж ирэхийг даалгав.

Энэ түүхийг өгүүлэгч С.Мөнхзориг өдгөө “Мэдээлэл холбооны сүлжээ" ХХК-ийн Дотоод хяналт, аудитын албаны даргаар ажиллаж байна.

     Дөрөлж дээр гарч ирэхэд цас бүр морины гэдсэнд тулж байна. Эрхбиш шинэ орсон зөөлөн цас тул явсаар байлаа. Гэрийн урдхан ирж явтал Дөрөлжийн эхний Хар толгойн (яг манай гэрийн арын өндөр уул) оройд хэдэн үхэр харагдана. Аав ээж хоёр хэдэн жаахан хүүхэдтэй, гэрээсээ гарч чадахгүй шахам байж байлаа. Хажуу гэрээс Инжээ “Энэ их цаснаас чинь гэр хооронд явахад хэцүү болж хөл хорих нь” гэсээр орж ирэв. Жаахан тэнхээ орсон би болсон явдлаа нэгд нэгэнгүй ярив. Манай гэрийнхэн суурь хоньтойгоо сураггүй болсон намайг хайгаад олохгүй их л сандарчээ. Мал тэнгэр муудахыг зөнгөөрөө мэдээд уруудаж гэж бодсон маань оносон байв. Уяж сойж байсан идэш хоол муутай морьдоо энэ их цасан дундуур тавьж орхисон тул хаана яаж явдаг бол гэж аав санаа зовно. Өчигдөр уржигдархан шувууд жиргэж, цэцэг ногоо халиуран байсан Алтайн ууланд гэнэт цасан зуд нүүрлэж орхисон нь энэ.

     Хойд хар уулын оройд үхэр байгаа харагдсан тухай хэлтэл ээж маань “Хотонд байсан үхэр яваад далд орсон хойно үхэр мөөрөх шиг болсонд би гайхаад байсан юм. Энэ ууланд айл амьтны үхэр мал цасанд боогдоод бууж чадахгүй байгаа байх. Миний хүү яваад, буулгаж доошлуулах арга бод” гэлээ. Наадам болох гэж байхад уулын эзэн сарлаг үхэр цасанд боогдохыг үздэг юм байжээ! Хар уул орой өөд өгсөх санаатай гарч иртэл дүү сойж байсан  морьдоо туугаад Хар толгойн хойд үзүүрээр гараад ирлээ. Өчигдөр суллаж явуулсан морьд нь Мушгиугийн амны Улаан хадны доохон талд цасанд боогдоод зогсож байж. “Дээшээ цас бүр найгүй, өгсөх ямар ч арга алга. Манай адуу харагдахгүй байна” гэсээр ирлээ. Би илүү гэрээс тулах мод олж аваад Хар толгой өөд зүтгэв. Айхтар огцом, өгсүүр уул учир энэ их цасан дундуур авирч гарахад бэрх. Зүтгэсээр байгаад гараад иртэл манай хэдэн үхэр үлдчихжээ. Тэрүүхэндээ том хадны нөмөр бараадан цаснаас хоргодож хэвтээд ижлээсээ хоцорсон бололтой. Гэтэл Номхондоо нэртэй, нас нэлээд ахиж яваа халтар үнээ миний өмнөхөн тугалласан бололтой, тугал нь цасанд зоогдоостой, эх нь тугалынхаа зоо нурууг долоож зогсоно. Тугалаа цаснаас гаргаад, үхэр хэвтэж цас нь дагтаршсан хэсэгхэн газар тавьж орхиод хэдэн үхрээ доош туулаа. Тэр жил сувайрсан том цэнхэр үнээ нөгөө хэдээ араасаа дагуулан миний гарч ирсэн мөрийг дагасхийн уруудлаа. Дөнгөж төрсөн нойтон тугал тэврээд салтаанд тулсан цастай өндөр хэц рүү буух гэж үйлээ үзэв. Урд яваа үхрийн гаргасан жимийг дагаж гэлдэрсээр явлаа. Сарлагийн нойтон тугал явах тусам улам хүндрээд байх шиг санагдана. Ээж гарч ирж харчхаад эвий халаг минь болсоор тугалаа нэмнэж авав. Жаахан удсан бол тэр их цасан дунд тугал бээрэх байсан биз. Дүү бид хоёр хүрз, гапуу (хамуур) авч, хоёр үхэр зэрэгцээд хэвтэх дайны жаахан газрын цасыг арайхийн арилгаж хар газар гаргав.

     Ингээд нялх тугалтай үнээгээ хотонд үлдээгээд дүү минь нөгөө хэдэн үхрээ, сойсон морьдтойгоо тууж малын хойноос уруудлаа. Орой нар жаргахын алдад нарны туяа дөнгөж харагдаад өнгөрөв. Маргааш өглөө нь босож ирэхэд тэнгэрийн муухай арилж, хэрэг тарьсан хэнэггүй хүүхэд мэлзэн байгаа мэт, ер юу ч болоогүй юм шиг тунгалаг шаргал наран өндөрт хөөрч зулай дээрээс төөнөн долдугаар сар эргэн ирлээ. Үд хүрэхэд цас нэлээд хайлж, мэдэгдэхүйц багасаж байна. Дахиад цас арилгаж нялх тугалтай үнээндээ жаахан газар харлуулж өгчихөөд хөгшин хээрээ эмээллэн өглөөхөн ээжийн хайрч өгсөн боорцог, жаал жуул хүнс ганзагалаад хаваржааны зүг гарч өглөө.

     Ид зуны энэ их цас манай нутагт ширүүхэн орж, зарим газар ширүүн бороогоор шамрагалан адуу, тэмээ хүртэл олноор хорогдож, халуун зунаар мал осгож үхсэн айхтар юм болсон доо. Миний айлд суун алгуурлаж байгаад малаа алдсан нь нэг талаар “зөв” болсон юм. Тэр зун манайх зусаж байсан Дөрөлжийн эхний Хар толгойн зуслан далайн түвшнээс дээш 3200 м орчим өндөрт оршдог. Борооноор алдагдсан малтайгаа уруудаж Өвөлжингийн амны эхний Хүрэн толгойн элгэнд буюу далайн түвшнээс дээш 2300-2400 метр орчимд, нэлээд нам доор газар очиж хоносон нь нэг талдаа зуны зудыг хохирол багатай давсан юм. Ийн явахдаа 5-6 цагийн хугацаанд 15 орчим км замыг туулсан юм. Хэрэв малаа алдаж араас нь хөөцөлдсөөр доор дулаан газар очиж хоноогүй бол мөн л бусдын адил хонь малын гарлага ихээр гарах л байсан байх даа. Урин зун тохиосон энэ их зуд өнгөрсөн хойно хол ойроос хэцүүхэн мэдээ чимээ дуулдав. Мөнххайрхан уулын зүүн суга, Хөх хамрын хавтгай бол налайсан өргөн шар дөрөлж бөгөөд жинхэнэ адуу үхрийн нутаг юм. Тэнд байсан олон азарга адуу цасан шамарганд туугдан ар тийш оджээ. Ийн туугдаж явсаар Хөх хамрын хавтгайн төгсгөл хэсэг, Хужиртын эхний Хар усны хөндлөнгийн яран хадны орой руу олноороо нисэж үхсэн байдаг. Битүү манантай цасан шамарган дунд урдах зам нь харагдаагүй, мөн олон адуу шамарганд туугдан ар араасаа хуйлран ирж бөөгнөрөөд өмнөх хэсэг нь араасаа түрэгдээд яран хад руу нисээд байсан хэрэг л дээ. Бодохоос хүнд. Гамшиг өнгөрсөн хойно эх нь үхсэн унагыг унагаа алдсан өөр гүү шууд өөрийн үр болгон авч байсан гэдэг. Жаахан хойшлоход Их хотгорын айлуудын хонь олноор үрэгджээ. Түүнээс хойшлоход Хөх голд арай гайгүй өнгөрсөн байдаг. Харин Хөх голоос хойш цас бүр их орсон бөгөөд Сайханд тэмээнүүд хэвтээгээр цасанд дарагдаад үхсэн сураг дуулдаж байлаа. Айлууд наадамд сойж байсан морьдоо эмээллэн мордож мал хараа адгуулж явсаар их цас өнгөрсөн хойно дахин уяж сойж байсан юм даа. Энэ бол 1992 оны долдугаар сард Ховд аймгийн Мөнххайрхан сумын урианхайн хөх уулсын дунд болсон явдал аа. Ээ баян Алтай минь гэж. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    Зочин

    Эхнээс нь дуустал уншлаа. Болсон явдал яг л кино шиг нүдэнд харагдтал өгүүлжээ

    2023-02-03

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    Зочин

    Сонирхолтой сайхан санагдлаа. Түүх болон үлдэж дээ.

    2023-02-03

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.