Хэнтий: Төрийн үйлчилгээний "Киоск” машиныг 2 цэгт суурилуулжээ
Хөдөөгийн баясгалан
2024-04-19
Төрийн цахим үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Цахимд хэвшье” уриатай “Digital first-D1” арга хэмжээг Хэнтий аймагт зохион байгууллаа. Төрийн цахим үйлчилгээний хэлтэс Хэнтий аймагт 2022 онд 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан бөгөөд өнөөдөр цахим үйлчилгээний “Хурдан” цэг аймгийн төвд хоёр, хүн ам олноор суурьшсан Бор-Өндөр суманд нэг ажиллаж байна. Мөн Чингис хотод хоёр "Киоск” машин суурилуулсан нь 24 цагийн турш иргэдэд төрийн үйлчилгээг хүргэж байгаа юм. Төрийн цахим үйлчилгээний хэлтэс нь үйл ажиллагаа явуулах байр, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан бөгөөд алслагдсан сум, багт “Хурдан” цэгийн үйл ажиллагааг хүргэх зорилгоор явуулын үйлчилгээ үзүүлэх автомашинтай болжээ.
Өнөөдөр Хэнтий аймгийн төрийн 9 байгууллагын 71 төрлийн үйлчилгээг “E-Mongolia” системээр дамжуулан иргэдэд үзүүлж байна. “E-Mongolia” системд тус аймгийн 36 мянга гаруй иргэн бүртгэлтэй аж. Цахим системийн ач холбогдлыг иргэд, олон нийтэд сурталчлан таниулснаар төрийн үйлчилгээг биечлэн авдаг иргэдийн тоо 2021 оноос 20 гаруй хувиар буурчээ. Мөн ЗДТГ-ын санаачилгаар орон нутгийнхаа Khentii.mn сайтыг шинэчилж аймгийн Засаг даргаас олгож байгаа 4 төрлийн тусгай зөвшөөрлийг шинээр олгох, сунгах үйлдлүүдийг цахим хэлбэрт шилжүүлснээр тусгай зөвшөөрөлтэй ААН-үүд 100 хувь цахимаар үйлчилгээ авч байна. Энэхүү сайтад тусгайлсан цэс нээж 18 сум, 4 тосгоны 110 төрийн байгууллагыг холбосноор тогтоол шийдвэр, захирамж, тушаал, тендер, хөрөнгө оруулалтын мэдээллүүдийг ил тод болгосон юм. Үүнээс гадна орон нутгийн өмчийн дуудлага худалдааны бүртгэлийг цахим хэлбэрт шилжүүлжээ. Энэ мэтчилэн төрийн үйлчилгээг цахимжуулах ажилд Хэнтий аймаг идэвх санаачилгатай ажилласны үр дүнд цахим ур чадварын бэлэн байдлын үнэлгээгээр улсдаа хоёрдугаарт ороод байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.