images

Ц.Чогсомжав: Аймаг аймгаараа салж биш хамтаараа, бүсээрээ нийлж хөгжих боломжтой болж байна

Duuren.Life

Хөдөөгийн баясгалан

2024-03-26


   “UBS” телевизийн “Нүүр тулсан ярилцлага” нэвтрүүлэгт Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав оролцож ярилцлага өгснийг уншигч та бүхэнд хүргэж байна.

- Сүүлийн үед орон нутгийн хөгжлийг түлхүү ярьдаг боллоо. Хэнтий аймгийн хувьд тэргүүлэх чиглэлээ юу гэж тодорхойлж, хөгжлийн ямар чиг хандлага руу тэмүүлж байна вэ. Үүгээр яриагаа эхлүүлье?

- Манай аймаг мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалын чиглэлээр хөгжих бүрэн боломжтой. Зүүн бүсийн түүхэн аялал жуулчлалын тулгуур бүс нутаг болгон зарласантай холбогдуулан томоохон хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтыг хийж байна. Өмнө нь Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймаг гэж тус тусдаа хөгжлийнхөө тухай ярьдаг байсан бол одоо зүүн бүсийн хөгжил гэж ярьдаг болсон. Өөрөөр хэлбэл, хамтаараа, бүсээрээ хөгжих боломжтой болж байна гэсэн үг. Улсын их хурлын гишүүд ч мөн зөвхөн Хэнтий аймаг гэж ярихгүйгээр бүсийн хэмжээнд асуудлаа ярьдаг болж байна. Бүсчилсэн хөгжлийн суурь бүтэц нь юу байх вэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Эхний ээлжинд мэдээж тог, цахилгаан, дулаан, цэвэр бохир зэрэг бүхий л зүйлүүдийг шийдсэн байж гэмээнэ дараагийн бүтээн байгуулалтууд хийгдэх учраас эхний алхмыг энэ чиглэлд хийх хэрэгтэй.

- Бүсчилж хөгжүүлэх асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

- Би дэмжиж байгаа. Ер нь том зургаар нь харах ёстой. Аливаа хөгжлийг харахаар дэд бүтэц дагаж байж улс орон хөгждөг юм байна. Тэгэхээр бид энэ салбарыг хөгжлийг сайн дэмжих ёстой. Зүүн бүс бол хамгийн онцлог бүс. Учир нь далайд гарцтай болоход хамгийн ойрхон. Өөрөөр хэлбэл, Хятадын нутгаар дамжаад далайд гарцтай болох боломжтой. Малынхаа махыг гадагш нь гаргах, газрын тосны үйлдвэрийг Дорнодод байгуулах, Сүхбаатар аймаг урд талаараа хүрэн нүүрсний орд олонтой тул түүнийг дагасан цахилгаан станцууд барих боломжтой. Өнөөдрийн байдлаар яг үнэндээ Монгол Ущулс цахилгааны хомсдолд орчхоод байна. Үүнийг шийдэхийн тулд, гаргаж байгаа нүүрсээрээ станц барих боломж нь байна. Дэд бүтцийн салбарын эх үүсвэрийг нэлээн сайн нэмэгдүүлж байж дараагийн хөгжлийн бодлого ярих нь зөв. Дэд бүтэцгүй байж тэнд үйлдвэр, барилга байгууламж барина гэж мянга яриад нэмэргүй шүү дээ.

- Хөдөө орон нутгийг зорих иргэдийг хэрхэн дэмжиж байна вэ?

- Бид төгсөх ангийн хүүхдүүдтэй уулзалт хийх үеэрээ ямар их сургуульд суралцах сонирхолтой байгааг нь асуухад хуульч, прокурор гэдэг ч юм уу ихэвчлэн нийгмийн чиглэлд сонгох хүсэл эрмэлзэл их байдаг юм байна. Гэтэл инженер болъё гэдэг хүүхэд их ховор байдаг. Инженерүүд л улс эх орноо хөгжүүлнэ. Боловсролын системд ч мөн инженер, техникч сэтгэлгээний агуулгыг түлхүү оруулахад анхаарах ёстой юм байна. Хоёрдугаарт, их сургуулиа төгсөөд орон нутагтаа ирж ажиллах уу гэж асуухад 80 хувь нь үгүй гэж хариулж байна. Тэгэхээр бид залуучуудыгаа ажлын байраар яаж хангах юм, цалин урамшууллыг нь яаж өгөх ёстой юм, амьдрах орчныг нь ямар хэмжээнд байлгах вэ гэдэгт аймаг орон нутаг эхний ээлжинд анхаарах ёстой. Тэгж байж бид хөдөөгийн сэргэлтээ ярьж, Улаанбаатарт байгаа залуучуудыг орон нутаг руу татаж чадна. Тийм ч учраас Хэнтий аймагт сүүлийн гурван жилийн хугацаанд зөвхөн боловсролын салбарт гэхэд 15 цэцэрлэг, зургаан сургууль шинээр барьж ашиглалтад оруулсан. Ингэснээр цэцэрлэгийн хамрагдалт 96 хувьд хүрээд байна. нэ мэт суурь баазаа бий болгож байж хөдөө орон нутагт ирээч гэдэг зүйлийг ярихгүй бол ирэхэд нь цэцэрлэг, сургууль нь хангалтгүй байвал хүмүүсийг ирээч гэж мянга хэлээд нэмэргүй.

   “Зөгийн үүр” хөтөлбөрийн хүрээнд орон нутагт шаардлагатай мэргэжлээр сурч байгаа III, IV дамжааны оюутнуудыг сургуулиа төгсөөд орон нутагтаа ажиллах гэрээ байгуулах нөхцөлтэйгөөр тэтгэлэгт хамруулж байна. Засгийн газраас цалингийн системд нэлээн анхаарч байгаа. Төсвөө бүрдүүлдэг орон нутгуудыг төрийн албан хаагчдын цалинг 100 хүртэлх хувиар нэмэгдүүлэх боломжоор хангасан шүү дээ. Бид ч мөн төсвийн орлогоо сайн бүрдүүлж чадаж байвал төрийн албан хаагчдынхаа цалинг нэмэх бүрэн боломж бий болсон. Тэгэхээр яаж төсвийн орлогоо бүрдүүлдэг аймаг болох вэ гэдэгт анхаарах цаг нь болсон. Хэнтий аймгийн хувьд улсаас татаас авдаг. Цаашид газар тариалан, мал аж ахуйн чиглэлээр, хоёрдугаарт түүхэн аялал жуулчлалаар хөгжих боломж байна. Заавал уул уурхайн хамааралтай байхгүйгээр нөхөн сэргээгдэх баялгаар төсвийн орлогоо бүрдүүлэхийг зорьж байгаа. Аль болох байгалийнхаа онгон байдлыг хадгалж үлдэх, тэгж байж гаднын жуулчдыг татдаг, ингэснээр орон нутагтаа тодорхой хэмжээний мөнгө төвлөрүүлдэг, ийм байдлаар төсвийн орлогоо бүрдүүлэх боломжтой аймаг учраас үүнд түлхүү анхаарч ажиллаж байна.

- Боловсролын асуудлаас гадна амьдрах орчин, орон байрны асуудал бий. Хэнтий аймаг орон сууцны хувьд хэр хангалттай байна вэ?

- Хэнтий аймагт 2018 он гэхэд гуравхан сум төвлөрсөн дулаантай байсан бол одоо 18 сумаа төвлөрсөн дулаантай болгосон. Мөн дээр нь 4-5 суманд энэ жилдээ цэвэрлэх байгууламж ашиглалтад орохоор байна. Ингээд ирэхээр нийт сумын 50 хувь цэвэрлэх байгууламжтай болно гэсэн үг. Төвлөрсөн цэвэр усны хангамжтай болж байна. Суурь баазыг нь хийгээд өгөхөөр хувийн хэвшил барилгын компаниуд хөдөө орон нутагт орон сууц барих бүрэн боломжтой болж байгаа. Мөн аймгийн төв буюу Хэрлэн суманд цэвэрлэх байгууламж шинээр барилаа, шинээр дулааны станц барьж байна. Үүнийг дагасан хоёрдугаар хэлхээний шугам сүлжээний шинэчлэлийн ажлыг хийж байна. Олон жилийн насжилттай бохирын шугамыг 100 хувь шинэчилж байна. Цэвэр усны шугамыг мөн 100 хувь шинэчилж барилга байгууламж барих бүх боломжийг нээлттэй болгосон. 250 айл, 500 айлын орон сууцны хороолол барих ажлууд эхнээсээ хийгдээд явж байна.

- Нөгөө талаар ажлын байрны асуудал байна. Хэнтий аймагт “Говь” ХК салбар үйлдвэрээ байгуулсан шүү дээ. Одоо ямар нөхцөл байдалтай байгаа вэ?

- Мэдээж бид бүтээн байгуулалтуудаа дагаад ажлын байр нэмэгдүүлэх асуудалд анхаарч ажиллаж байгаа. Энэ хүрээнд 2023 онд Монголын топ, томоохон компаниудтай уулзалт хийсэн. “Таван богд” группийнхэнтэй уулзаад Хэнтий аймагт үйлдвэр байгуулах боломжтой эсэхийг нь асуусан. “Бид оёдлын үйлдвэрээ байгуулж болох юм. Зах зээлийн судалгаа хийе, та бүхэн ажиллах орчин, байрны асуудлаа танилцуул” гэсэн. Тэр үед “Хан Хэнтий” чуулгын шинэ барилга ашиглалтад орсон байсан. Доод талын подвалыг хоосон байлгаснаас үйлдвэрлэл явуулж болох юм байна гээд “Таван богд” групптэй дахин ярилцсан. Өнөөдрийн байдлаар 90 гаруй ажлын байр бий болоод байна. Нийт ажилчдын 90 хувь нь орон нутгаас ажиллаж байна. Цалингийн систем мөн боломжийн. Туршилтын сарын хугацаанд нэг сая гаруй төгрөг байж байгаад үндсэн ажилтан болмогц 2-3 сая төгрөг болж нэмэгдээд явах бололцоотой.

   Мөн манай аймаг газар тариалангийн нутаг дэвсгэрээрээ улсад дөрөвт жагсдаг. Тийм учраас гурилын үйлдвэр байгуулах асуудлаар “Улаанбаатар гурил” компанийнхантай уулзалт хийж Хэнтий аймагт газар тариалан эрхэлдэг, улаан буудай тариалдаг аж ахуйн нэгж, байгууллагуудыг оролцуулж эхний байдлаар санал солилцсон. Тус компаниас хэчнээн хэмжээний улаан буудай нийлүүлж чадах вэ гэдэг саналаа өгөхийг хүссэн. Энэ жил ямар ч байсан гурилын үйлдвэртэй болох боломжууд юу байна вэ гэдгийг судална.

   2020 оноос MCS групптэй хамтарч Хэрлэн сумын Өлзийт тосгонд жилд 20 мянган үхэр бордох хүчин чадалтай “Мэт Агро” гэдэг компани байгуулсан. Уг үхрийн махыг зах зээлд гаргаад борлуулж эхэлсэн. Энэ бол том бүтээн байгуулалтын ажил байлаа. Тэгэхээр Хэнтий аймагт MCS групп, “Говь” ХХК зэрэг томоохон компаниуд салбараа нээж хамтарч ажиллах боломжууд нээгдээд байгаа.

- Аялал жуулчлалын салбарт Хэнтий аймаг ямар бодлого барьж байна вэ?

- 2018 оноос эхлэн Хэнтий аймаг түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болж томоохон хөрөнгө оруулалтууд хийгдэж байгаа. Биндэр суманд гэхэд “Их хуралдай” цогцолбор ашиглалтад орсон бол Норовлин суманд “Шихихутаг” гээд том цогцолбор 80 хувийн гүйцэтгэлтэй хийгдэж байна. Батноров суманд “Тэнгэрийн андгай” цогцолбор баригдсан. Дэлгэрхаанд “Монголын нууц товчоо” цогцолбор баригдаад явж байна.

   Эдгээр цогцолборуудыг холбосон автозамуудыг улсын төсөвт тусгасан. Жаргалтхаан сумаас Дэлгэрхаан хүртэл 45 км автозам, Жаргалтхаан-Өмнөдэлгэр-Биндэр зэрэг автозамын ажлууд улсын төсөвт тусгагдаад хийгдэхээр байна. Чингис хот-Норовлин чиглэлийн 200 км автозамын 120 км нь ашиглалтад ороод байна. Тэр замд Бэрх хотын Далд уурхайн музей гээд маш сайхан цогцолбор баригдсан байгаа. Хуучин ашиглагдаж байсан уурхайн 50 метрийн гүн дэх музей, маш сайхан хийгдсэн. Энэ мэт аялал жуулчлалын маш их ажил хийгдсэн. Одоо бид тэр цогцолборуудаа цаашид хэрхэн авч явах вэ, ашиглалтыг нь хэн авч явах вэ гэдгийг бодлогын түвшинд хэлэлцээд явж байна. Тухайлбал, тэр цогцолборуудыг дагасан газрыг хувийн хэвшилд өгье. Хувийн хэвшлийнхэн маань ашиглалтыг нь хариуцаад зочид буудал, зоогийн газар зэрэг үйлчилгээний газруудаа байгуулаад, гаднын зочид төлөөлөгчид ирэхэд модон жорлонтой биш боловсон нойлтой шүршүүр, душтэй байлгахын тулд хувийн хэвшилтэйгээ хамтарч ажилламаар байна. Энэ намар бид Хөрөнгө оруулалтын чуулган зохион байгуулсан. Тэр тусмаа түүхэн аялал жуулчлалын хүрээнд хамтарч ажиллах аж ахуйн нэгж байгууллагууд байна уу гэдэгт бид нэлээн ач холбогдол өгсөн. Үүнийхээ үр дүнгээр цаашид аялал жуулчлалынхаа чиглэлээр томоохон ажлуудыг хийхээр төлөвлөөд ажиллаж байна.

- Хэнтий аймгийг зориод очиход таны сая хэлсэн шиг зочид буудал гэдэг ч юм уу, иймэрхүү үйлчилгээний газрууд хэр бий болж байна вэ?

- Эхний ээлжинд аялагчдад зориулсан 100, 200 км бүрт амрах өртөө байх нь зөв гэж бодож байгаа. MCS групп Жаргалтхаан суманд амрах өртөө байгуулсан. Тэр нь боловсон нойлтой, кофе шоптой, хөнгөн хоолтой, амрах өрөө, душтэй. Бид үүнийг зам дагуу газруудад хийх ёстой гэж харж байгаа. Тэгж байж бид гаднын аялагчдыг татах ёстой юм байна. Тэгэхгүйгээр маршрут нь тодорхойгүй, хаана очиж амрах нь мэдэгдэхгүй байж гаднынхыг мянга уриад хэцүү. Нэг номерын асуудал бол ариун цэврийн байгууламж. Тэгэхээр бид замаа тавингаа төлөвлөлтөө хийхдээ хүртэл тэнд нойлынх нь асуудлыг хэрхэн яаж шийдэх вэ, аялал жуулчлалын маршрутын мэдээллийг хаана нь байрлуулах ёстой юм гэдгээ төлөвлөлтдөө оруулаад явж байна.

- Хэнтий аймаг цаашид аж үйлдвэржилт дээр ямар бодлого барьж байгаа вэ?

 - Өнөөдөр бид бүсчилсэн хөгжил ярьж байгаа. Өмнө нь Хэнтий аймгийн хувьд гэж ярьдаг байсан. Бор-Өндөр сум гэхэд л төмөр замтай, тэнд уул уурхай түшиглэсэн уулын баяжуулах, боловсруулах үйлдвэр байж болж байна. Хойд сумд буюу Дадал, Норовлин бэлчээр сайтай, үхрийн аж ахуй хөгжүүлэх боломжтой. Урд сумд буюу Галшар адууны үүлдэр, улаан ямааны үүлдэр, ноос ноолуур нь байна. Энэ чиглэлээр  тус тус сумандаа аймгийнхаа хэмжээнд бүсчилсэн байдлаар хөгжүүлэх нь зөв юм гэж харж байсан. Одоо томсгосон зургаар харвал зүүн гурван аймгийн хаана нь газар тариалан, уул уурхай байх вэ гэдгээ бүсчилж төлөвлөх шаардлага зайлшгүй бий болж байгаа. Тэгэхээр энэ төлөвлөлтөө дагасан дэд бүтцийг сайн шийдэж өгөх ёстой юм. Бүхий л юман дээр зам харгуй л байх ёстой юм байна. Норовлин сумыг автозамтай болгож байна гэж яриад байгаа маань цаашаа ОХУ-ын Ульхан боомттой холбогдох юм. Мөн Чингис хотоос Бор-Өндөр чиглэлд автозам тавихаар улсын төсөвт тусгуулаад байгаа. ОХУ-ын Ульхан боомтоос автозамаар явсаар БНХАУ-ын Эрээн боомттой холбогдоно. Ингээд ирэхээр Хэнтий аймаг ОХУ, БНХАУ-ын боомтуудтай холбогдож хөгжих боломжтой болж байгаа юм.

- Иргэдийн дунд Хэнтий аймаг хамгийн их төсөв авдаг гэсэн шүүмжлэл байдаг. Үүнд та тайлбар өгөөч?

- Хэнтий аймгийн хувьд түүхэн аялал жуулчлал гэдэг утгаараа нэгдүгээрт цогцолборууд руу, хоёрдугаарт автозамын ажилд томоохон хөрөнгө оруулалт хийгдэж байгаа. Энэ бол зөвхөн Хэнтийд биш улсын хэмжээнд үүх түүх, соёл, их эзэн Чингис хааныг сурталчлах үүднээс хөрөнгө оруулалт хийгдэж байгаа. Энэ бол зөвхөн Хэнтийнхэнд биш Монгол улсын иргэн бүрд хамааралтай зүйл. Тийм учраас түүхэн аялал жуулчлалын салбарт оруулж байгаа хөрөнгө оруулалтыг зөвхөн Хэнтий аймагт зориулсан хөрөнгө оруулалт гэж ойлгож болохгүй. Тодорхой хэмжээнд тусдаа нэг төсөв байгаа байхгүй юу. Бусдаар нийгэм, боловсролын салбарт тавигдаж байгаа төсвийг бусад аймгийнхтай харьцуулаад жишиж үзэхээр яг адилхан.

 Тэгэхээр Хэнтий аймаг Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн нутаг гээд хамаг төсөв тийшээ яваад байгаа юм биш. Түүхэн аялал жуулчлалынхаа маршрутын дагуу зам, цогцолбор барих гарцаагүй шаардлагатай байна. Нэг километр зам тавихад л нэг тэрбум гаруй төгрөг шүү дээ. 200 км зам тавихад 200 гаруй тэрбум болно. Тэгэхээр автозамын төсөв ороход л Хэнтий аймгийн төсөв өндөр гэж харагдаад байдаг. Гол төсөв нь аялал жуулчлалын бүс нутаг болгох бодлогын хүрээнд тавигддаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Бусдаараа эрүүл мэнд, боловсрол, нийгмийн салбарт тавигдаж байгаа хөрөнгө оруулалт яг адилхан.

- 2024 онд хийж хэрэгжүүлэхээр зорьсон зүйлүүд юу байна вэ. Үүгээр ярилцлагаа өндөрлөе?

- Хэнтий аймгийн хувьд сүүлийн хоёр жилд “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарлаад явж байна. Иймд бид хүүхдүүд рүү чиглэсэн ажлыг нэлээн хийж байгаа. Энэ 2024 ондоо ч мөн хүүхэд рүү чиглэсэн ажлыг хийе гэж зорьж байгаа. Хүүхэд, иргэдийн нийгмийн асуудал, амьдрах зорчих аюулгүй байдалд анхааръя, ер нь хүүхдэд тулгамдаж байгаа асуудал юу байна, цахим орчин хөгжиж утасны хамааралтай болсон цаг үед хүүхдүүдийг багаар ажиллуулах, Хөдөлмөр зуслангийн үйл ажиллагааг яаж явуулах вэ зэрэг асуудалд нэлээн анхаарч ажиллах зорилт тавиад байна. Ер нь бол хүүхэд нэгдүгээрт гэдгийг л Хэнтий аймаг сүүлийн гурван жил зорилтоо болгон ажиллаж байгаа.

- Танд баярлалаа.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.