images

Аймгийн төвд хулан орж ирсэн нь цас их орсонтой холбоотой

Ж.Ариунгэрэл

Хөдөөгийн баясгалан

2024-01-04


   Дорноговь аймгийн төв Сайншанд хотод хулан орж ирсэн гэх мэдээ Фэйсбүүкийн орчинд хэдэн цагийн өмнөөс тарав. Сайншанд хот дахь манай сурвалжлагч Ш.Энхбаяр тэдгээр хуланг дэргэдээс нь үзэж зургийг нь авсан бөгөөд “Даагатай гүү бололтой хоёр хулан, бас нэг шүдлэн байна” хэмээн мэдээллээ. “Сайншанд хотод цагаан зээр орж ирэх нь үе үе тохиолддог боловч хулан орж ирснийг энд дөч гаруй жил суухдаа үзэж дуулаагүй” хэмээн тэрбээр ярьж байна. Энэ өвөл Дорноговь аймаг бүхэлдээ ихээхэн цастай байгаа бөгөөд хээрийн амьтан идэш тэжээлгүй болсны улмаас бараан газар бараадсан нь энэ байж магадгүй аж. Сайншанд хот олон талаараа төмөр замтай тул хулан гол идээшил нутгаасаа ийшээ орж ирэх боломж муу, баруун урд талаасаа орж ирсэн байж магадгүй гэнэ. Аймгийн төвд хулан үзэгдсэн тохиолдол анх удаагийнх биш бөгөөд өнгөрсөн жил Дорнод аймгийн төв Чойбалсан хотод хулан орж ирсэн мэдээ байдаг.

   Монгол хулангийн тархацын 60 гаруй хувь нь Дорноговь аймгийн нутагт хамаардаг агаад ялангуяа Хатанбулаг, Мандах, Улаанбадрах суманд түгээмэл нутагладаг байна. Монголоос гадна Иран, Казахстан, Туркменистан, Пакистан, Хятад зэрэг 12 оронд цөөн тоогоор байдаг энэ амьтан XX  зууны дунд үе хүртэл манай орны Зүүн гарын, Алтайн өвөр говь, Их нууруудын хотгор, Нууруудын хөндий, Баянхонгор, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар аймгийн урд талын цөлөрхөг хээр, зүүн тийш Буйр нуур хүртэлх нутагт тархаж байжээ.

   Манай улс хуланг 1953 онд дархан цаазтай амьтны тоонд оруулж хуулиар хамгаалсан юм. 90-ээд онд нутгийн малчид хуланг агнаж идшэндээ хэрэглэх, борлуулж ашиг олох явдал гаарсан бөгөөд тоо толгой нь 1986 онд 25 мянга орчим байсан бол 2006 онд 18 мянга болж буурчээ. “Харин сүүлийн үед хулан агнасан гэмт үйлдэлд оноох ялын бодлого чангарч, байгаль орчны хяналт эрс сайжирснаар тоо толгой нь өсөх хандлагатай байна”  хэмээн манай сурвалжлагч Сайншанд хотоос мэдээллээ.  

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.