images

ОХУ: Кремлийн тайзнаа дуулсан монгол дуучинд алтан микрофон бэлэглэжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-05-03


   Оросын "Хүмүүнлэгийн ертөнц" сангаас зургаа дахь жилдээ зохион байгуулсан "Ялта хүрэх зам" олон улсын хөгжмийн наадамд Монгол улсын филармонийн Морин хуурын чуулгын флейт хөгжимчин Б.Одмандах, Оросын дуучин, продюсер Ярослав Сумишевскийтай хамт "У деревни Крюково" дууг Кремлийн их танхимд 6000 гаруй үзэгчдийн өмнө дууллаа. Улмаар эцсийн шатанд шалгарсан монгол дуучныг хүндэт дипломоор шагнаж урамшуулснаас гадна зохион байгуулагчид гэнэтийн бэлэг барьсныг түүний орчуулга болон арын албыг нь хариуцаж явсан Д.Цэцэгдэлгэр цахим хуудсаараа дамжуулан мэдээлэв. Монгол дуучинд ОХУ-ын Тула хотын "Союз" компаниас 14 каратын алтаар бүрж чимэглэсэн, хамгийн сүүлийн үеийн "017 Tube" загварын студийн зориулалтын микрофоныг Б.Одмандахад гардуулжээ. "Дэлхийн зах зээлд монгол мөнгөөр 20 сая орчим төгрөгийн үнэтэй уг микрофоныг зөвхөн захиалгын дагуу гар аргаар угсардаг төдийгүй дэлхийн шоу бизнесийн одууд болох Адэль, Ариана Грандэ, Тэйлор Свифт нар дуу бичлэгтээ ашигладаг" хэмээн Д.Цэцэгдэлгэр бичжээ. Түүнчлэн Д.Одмандахад ОХУ-ын алдартай дуу зохиогч, продюсерууд хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсэн гэнэ.

   Уралдааны тэргүүн байранд Хятадын дуурийн дуучин Жи Пэнгью, дэд байранд Сербийн Милан Буякович, гуравдугаар байранд Индонезийн дуучин Тиро Хилариус Турнип нар шалгарсан байна. Энэ наадам нь анх 2019 онд Ялта хотод болж, 2022 оноос хойш Москва хотноо зохион байгуулагдаж байна. Өнгөрсөн жил 56 орны 900 гаруй дуучин эхний шатанд оролцсон бөгөөд СУИС-ийн оюутан Б.Заяат 15 орны 15 шилдэг дуучны тоонд багтаж гуравдугаар байр эзлэн 500 мянган рублиэр шагнуулсан билээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.