Зэрлэг амьтан өөрийгөө эмчилдэг үү?
Анд нөхдийн мэдээ
2024-05-03
Индонезийн Суматра арлын зэрлэг орангутан сармагчин эмийн ургамал идэж, зажилж, шархандаа түрхэх зэргээр өөрийгөө анагааж буй байдал ажиглагджээ. Тус улсын “Aceh” үндэсний цэцэрлэгт хүрээлэнд амьдардаг “Ракус” нэртэй орангутан нүүрэндээ хүнд шарх авсны дараа Akar kuning хэмээх эмийн ургамлыг идэж, зажлахын зэрэгцээ шархандаа түрхэн эмчилж эхэлжээ. Үүнийг харсан мэргэжилтнүүд ажиглалт хийж үзэхэд эмчилж эхэлснээс хойш тав хоногийн дараа шарх нь илтэд илааршиж, сарын дотор бүрэн эдгэрсэн байна. Энэ талаар Германы Амьтны зан үйлийн хүрээлэнгийн (MPIAB) доктор Изабель Ромерын баг судалгаа хийсэн бөгөөд зэрлэг амьтан эмийн ургамлаар шархаа анагаасан явдал анх удаа тогтоогдож буйг онцолжээ. Зүүн өмнөд Азийн ширэнгэн ойд ургадаг усан үзмийн мод болох Akar kuning бактер, үрэвсэл, мөөгөнцөрийн эсрэг антиоксидант шинж чанартай нь батлагдсан бөгөөд өвчин намдаах, халуун бууруулах, шээс хөөх үйлчилгээтэй аж. Амьтад өөрийгөө эмчилдэг талаар системчилсэн судалгаа хийгдэж байгаагүй боловч Африк, Төв болон Өмнөд Америк, Мадагаскарт мич, орангутан зэрэг сармагчин ургамлын навч зажлан шархандаа түрхсэн тохиолдол нэг бус удаа ажиглагдаж байжээ. Тухайлбал, Германы эрдэмтдийн баг 2019 онд Африкийн Габон улсын “Лоанго” үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нэгэн шимпанзе барьсан шавжаараа шархаа үрэн эмчилж байсныг дүрс бичлэгээр буулгаж “Current Biology” сэтгүүлд нийтэлсэн нь олны анхаарлыг татаж байв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.