F-16 сөнөөгч онгоцыг анх удаа Украинд нийлүүлнэ
Анд нөхдийн мэдээ
2024-05-03
Удаан хүлээгдэж буй F-16 сөнөөгч онгоцыг удахгүй Украин улсад байрлуулж эхлэхээр болсон тухай тус улсын Агаарын цэргийн хүчин мэдэгдэв. Өнгөрсөн оны тавдугаар сард болсон G7-ийн дээд хэмжээний уулзалтаар НАТО-гийн орнууд, тухайлбал АНУ F-16 онгоцыг нийлүүлэхээр амласнаас хойш нэг жил болж байна. Украины Агаарын цэргийн хүчин мэдэгдэхдээ “Хуваарь ёсоор сөнөөгч онгоцууд тавдугаар сарын 5-ны өдөр Украинд ирнэ” гэсэн бөгөөд онгоцуудыг фронтын шугамд хэзээ байрлуулахаа хэлэхээс татгалзав. Өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн F-16-г Украинд байрлуулна гэж таамаглаж байсан ч хамгийн сүүлийн үеийн зэвсгээр шинэчлэн тоноглох, Украины нисгэгчдийг давтан сургахад багагүй хугацаа зарцуулсан байна. Сүүлийн үед, тухайлбал Донецк мужид хийсэн тулаанд байнга ухарч байгаа Украины армийн хувьд F-16-г фронтын шугамд байрлуулна гэдэг сайн мэдээ юм. Уг онгоц нь байлдааны чадвар сайтай, мөн газрын довтолгооны чадвартай олон зориулалттай сөнөөгч онгоц юм. F-16-г 1970-аад онд АНУ-ын “General Dynamics” (одоогийн “Lockheed Martin”) компани анх бүтээснээс хойш 40 гаруй жилийн турш тасралтгүй сайжруулсаар ирсэн бөгөөд өнөөг хүртэл Барууны томоохон орнууд хэрэглэсээр иржээ. Харин сөнөөгч онгоцыг Украинд байршуулах гэж байгаа нь НАТО-гийн цөмийн өдөөн хатгалга хэмээн үзэж буйгаа ОХУ мэдэгдсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.