images

Франц: Хүүхэд, өсвөр үеийнхний цахим хэрэглээг хязгаарлана

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-05-02


   Францын Засгийн газар хүүхдүүдийн ухаалаг утасны хэрэглээг хязгаарлах, хориглох талаар хэлэлцэх гэж байна. "The Guardian" сонины мэдээлснээр ерөнхийлөгч Эммануэль Макроны хүсэлтийн дагуу салбарын мэргэжилтнүүдийн гаргасан “Хүүхэд, өсвөр үеийнхний ухаалаг гар утасны хэрэглээг хязгаарлах заавар"-ыг боловсруулахад ашиглах судалгааны тайлан саяхан хэвлэгдсэн байна. Тайланд ухаалаг утасны хэрэглээний цар хүрээг насаар нь ангилжээ. Үүнд, гурваас доош насны хүүхэд зурагт, видео дүрс бичлэг үзэхийг бүрэн хориглох, 3-6 насны хүүхдүүдийг зөвхөн насанд хүрсэн хүнтэй хамт боловсролын контент үзэх, 11 наснаас эхлэн гар утас хэрэглэх, 13 наснаас эхлэн гар утсаараа интернэтэд холбогдохыг зөвшөөрөхөөр заасан байна. Мөн тусгай хэрэгцээт хүүхдүүдээс бусад бага сургуулийн хүүхдүүдэд таблет олгохыг хоригложээ. Харин сошиал медиа ашиглахыг 15 наснаас нь эхлэн зөвшөөрөх, ингэхдээ зөвхөн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хязгаарлагдах ёстой гэнэ. “TikTok”, “Instagram”, “Snapchat” зэргийг олон нийтийн мэдээллийн хэрэгслийн тоонд оруулахгүй бөгөөд эдгээрийг 18 нас хүрсэн тохиолдолд ашиглах боломжтой байхаар заажээ. Түүнчлэн амаржих газар ухаалаг утас, зурагт хэрэглэхийг аль болох хязгаарлаж, өдөр өнжүүлэх төвд компьютер, зурагт хэрэглэхийг хориглохоор тусгав. Энэхүү тайланг донтолтын чиглэлээр мэргэшсэн мэдрэлийн эмч, сэтгэцийн эмч болон мэргэжилтнүүд боловсруулсан байна. Ухаалаг утас ашиглах нь хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэцэд сөргөөр нөлөөлж байгааг онцолсон энэ тайланг Засгийн газар авч хэлэлцэн шийдвэр гаргана. Ерөнхийлөгч Э.Макрон өнгөрсөн нэгдүгээр сард хүүхдүүд видео контент ихээр үзэх, ухаалаг утас ашиглахыг хориглох эсвэл хязгаарлах арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.