Баянхонгор: Канадын эмч нар нүдний өвчний эрт илрүүлэг, үзлэг, шинжилгээ хийнэ
Хөдөөгийн баясгалан
2024-04-01
Эрүүл мэндийн яам өнгөрөгч долоо хоногт Канад улсад төвтэй "Laurel" мэс заслын сантай нүдний эрүүл мэндийн чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Уг санамж бичигт Эрүүл мэндийн хөгжлийн төв болон УНТЭ-ийн Нүд судлалын тасгийн резидент эмч нарын ур чадварыг сайжруулах, нүдний алимны мэс заслын сургалт болон бусад үйл ажиллагааг сангийн мэргэжилтнүүдийн багтай хамтран зохион байгуулахаас гадна тус сангаас Монгол улсад эм, оношилгоо, эмчилгээний материал, тоног төхөөрөмж нийлүүлэхтэй холбоотой зарим зохицуулалтыг тусгасан байна. Мөн нүдний өвчлөлөөс сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг, оношилгоог эхний ээлжинд Баянхонгор аймагт явуулахаар болжээ. "Laurel" сан нь Монголд 15 жилийн турш тасралтгүй нүдний үзлэг оношилгоо, мэс засал хийж байгаа билээ. Ингэхдээ нийт 95 мянган хүнд тусламж үйлчилгээ үзүүлж, 20500 хүнийг эмчилж, 3000 гаруй хүнд болор цайх өвчний мэс засал эмчилгээг хийсэн байна. Түүнчлэн нийслэл төдийгүй алслагдсан аймаг, сумдын эмч нарт сургалт хийж ур чадварыг нэмэгдүүлэх, нүд судлалын резидентийн сургалтыг сайжруулах, эмч нарын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх зэрэг олон ажлуудыг хийгээд байгаа юм. Мөн нүдний резидентийн сургалтад ашиглах 200 сая төгрөгийн үнэ бүхий “Нүдний бичил мэс заслын ур чадварыг дэмжих төв”-ийг байгуулаад байгаа билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.