images

Жамъян гуайн дэгс яриа


     Манай суманд зугаа болгож гэх үү, дэгс ярьж явдаг нэг биш хүн байсны нэг нь нутгийн сайхан ах Жамъян гуай юм. 1976 онд шиг санана. Сумын төвд найз Базаррагчаагийндаа сууж байтал миний сургаар Жамъян гуай орж ирлээ. Яриа хөөрөө өрнөлөө. Жамъян ах Улаанбаатарт улсын наадмын үеэр баахан хулигааныг барьсан, аймгийн төвөөс 10 шил архитай гараад төдхөн ууж барсан, залуудаа гайгүй сайн зодоонч байсан гэх мэтээр ярьж гаpлaa. Бac цэрэгт байхдаа онцгой тамирчин, онц мэргэн буудагч байсан ч гэж ярилаа. Үүнд “Улсын наадмаар Яармагийн талбайд явж байтал нэг хулгайч өврийг минь суйлах гэхлээр нүүр рүү нь тaвьчиxлaa. Түүний нүүр ч улаан түймэр боллоо. Тэгээд багалзуурдаж аваад цагдаагийн ахмад-майорт тушааж билээ. Наадам тарсны мapгaaш дүү Цэрэнгийндээ амарч хэвттэл өнөөх ахмад-майор орж ирээд “Танд баяр хүргэхээр ирлээ. Бид таны барьж өгсөн хүнээр дамжуулаад арван хоёр үл бүтэх хүнийг барилаа. Та манай ажилд их тус боллоо” гэж хэлсэн шүү” гэж билээ. Тэр ярианаас би Жамъян гyaй ахмад-майор гэдэr үгийг хольж хутгаж хэлдэг юм байна гэдгийг ойлгосон. Yүнтэйгээ холбогдуулаад цааш нь ярихдаа “Би хэзээний нанчилдаач. Түүний үүдэн хоёр шүд нь хугархай байсан нь би л цохисных, түүний толгойн цоорхойг хуруугаар дарахад бамбалзаж байдаг, тэр чинь би л цохисных” гэх мэтээр ярьсансaн. “Жамъян гуай тийм зодоонч байсан юм уу?” гэж нутгийнхнаасаа асуухад “Хөөрхий минь, Жамъян хүний өөдөөс гар далайж үзээгүй байх. Аймгийн төвөөс 10 шил архитай гарсан гэдэг нь ч эргэлзээтэй, ерөөсөө архи бараг уудаггүй байсан” гэлцэж билээ. Миний ажигласан нэг зүйл гэвэл тэрбээр юмыг маш их ажиглаж явдаг юм байна гэдгийг мэдсэн. Бид хоёрын яриа даамжран өрнөсөөр л, би жаахан жаахан дэм өгсөөр л байлаа. Яагаад ч юм, яриа маань биеийн тамирын сэдэв рүү шилжлээ. Жамьян гуaй “Би чинь биеийн тамирт зүгээргүй байсан хүн шүү дээ” гэж эхлээд ярьж гарлаа. “Намайг цэрэгт байхад манай анги орос цэргийн ангитай тэмцээн хийсэн юм. Одоогийнхоор нөхөрсөг уулзалт юм уу даа. Савлуур, турник, модон морь, урт өндрийн харайлтаар тэмцэлдсэн билүү дээ. Манайхан хожигдоод болдоггүй ээ. Манай дарга нар намайг хамгийн сүүлд гаргалаa. Турникэнд гарсан би сонс эргэж эргэж, гараа тавиад, агаарт гурав эргэлдээд, хөл дээрээ буучихлаа. Тэгж би ангийнхаа нэрийг авч гарсан юм” гэж ярина. Цааш нь “Энэ урд байдаг талбайн турникт гараaд үзье гэсэн чинь биеэ даадаггүй ээ” гэж билээ. Ийм л алиа, наргианч, амгалан сэтгэлтэй, улс амьтныг зугаацуулсан сайхан хүн байсан даа.

Харгана Гүрбазарын Амар. “Миний хувь тавилан” номоос.