images

Согтуу мангадад кабак бүү үзүүл


     Улхат Ринчин буюу Ангай  гэдэг нэртэй, залуудаа лам болж ч, танхайрч ч, карталдаж ч явсан сайхан өвгөн Баяндун сумын хуучин 6 дугаар багт байдаг сан. Чихнийхээ ард том гэгчийн улхтай байсан учраас улхат Ринчин гэдэг хоётой болсон хэрэг. Ринчин гуай залуугийнхаа сонин содон юм их ярина. Бяр тэнхээтэй, зодоон цохионд сайн байснаа мөн ярина. Үнэндээ л хүдэр чийрэг өвгөн байв. Дүү Тарватайгаа цуг явж карталдаад асар их янчаан хожоод явахлаар нь алт мөнгөө алдсан эрчүүд хойноос нь дагасан, тэднээс зам буруулан зугатаж амь гарснаа ярина. Бас Чита хотын кабак(Кабак гэдэг үгийг орос хэлний тольд доогуур зэрэглэлийн, балиар заваан архи, ундааны газар гэж тайлжээ)-т архидаад оросуудтай муудалцаж зодолдсон гэж ярьдаг байв. Ер нь буриадууд “Сохор үхэрт худаг бүү үзүүл, согтуу мангадад кабак бүү үзүүл” гэж ярьдаг юм. Ринчин цааш ярихдаа “Би нэг өндөр гэгчийн оросыг хөөж ар нуруу руу нь хэчнээн удаа хутгалснаа бүү мэд, нэг нарийхан гудамж дуустал хатгасаар явсан. Тэр орос гуйвсаар яваад ойчсон. Дараа нь яасныг мэдэхгүй, би ухаан алдчихсан байсан. Сэхээ ороход морь минь дэргэд зогсож байхаар арайхийж мориндоо мордоод хотоос гарсан. Тэр орос амьд гараагүй байх гэж боддог. Тэгээд би хүн хороож нүгэл хийснээ наманчлан залбирч “Жодов”-оо уншдаг” гэж ярьж билээ.

Харгана Гүрбазарын Амар “Миний тавилан” номоос

Гэрэл зургийг “Буриад зон” фэйсбүүк хуудаснаас авав