images

Маршал Х.Чойбалсан төв номын сангийн барилгын шав тавьсан нь


     Дэлхийн II дайн дөнгөж дууссаны дараахан анхдугаар таван жилийн төлөвлөгөөнд тусгагдсан хэдэн том барилга байгууламжийн нэг нь төв номын сангийн барилга байсан юм. 1946 оны намар Улсын номын сангийн барилгын газар шорооны ажил эхэлж, шав тавих ёслолд маршал Х.Чойбалсан оролцон барилгын суурийн зүүн доод буланд дор хадаг, цай тавьж монгол заншлаар ёслохдоо “Энэхүү барилга нь зөвхөн улсын номын санд зориулагдаж байгаа бөгөөд манай оюутан, сэхээтэн нар улам улмаар боловсорч байх болно” гэж хэлсэн байна. Улсын төв номын сангийн шинэ барилга ашиглалтад орохын өмнөхөн буюу 1949 оны эцсээр И.В.Сталиний 70 насны ой тохиож, БНМАУ-ын бага хурлын тэргүүлэгчдийн 1949 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 34 дүгээр зарлигаар тус номын санг түүний нэрэмжит болгон Зөвлөлтийн уран барималч Н.Томскийн зургаар Ленинградад цутгасан дөрвөн метр өндөр хүрэл хөшөөг төв номын сангийн урд босгосон байна. Энэхүү хөшөөг Монгол улс ардчилсан тогтолцоонд шилжсэн 1990 оны хоёрдугаар сарын 22-ны үүр шөнийн заагаар буулгасан юм. Дараахан  нь түүний суурин дээр Сталины засаглалыг эрс эсэргүүцдэг байсан нэрт эрдэмтэн Б.Ренчиний хөшөөг босгосон юм.

Г.Хавчуур “Монголын хэвлэлийн үйлдвэрлэлийн түүх” номоос