images

Усанд урссан кино зохиол


Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Санжаажавын Оюуны дурсамж

   1983 он. Тэр үед би Улсын ариун цэвэр гэгээрлийн ордонд арга зүйч гэдэг ажил эрхэлж байлаа. Энэ ордон бол ЭХЯ-ны нэг хэсэг болох байшин юм. Эмч нарын хандивын мөнгөөр баригдсан ордон гэдгийг мэддэг эмч нар цөөрч байна. Улсын ариун цэвэр гэгээрлийн ордон ч, арга зүйч гэдэг албан тушаал ч одоо алга. Гучин жилд алга болсон түүхийн нэг хэсэг нь энэ. Улсын ариун цэвэр гэгээрлийн ордон нь эрүүл мэндийн сурталчилгааг хариуцдаг, ЭХЯ-ны дэд сайдын харьяанд байдаг том байгууллага байсан билээ. Монгол телевиз, Монголын радио, Кино үйлдвэрийн баримтат киноны эрүүл мэндийн сурталчилгааг материалаар хангах, эрүүл мэндийн зөвлөлгөөний хэвлэмэл материалыг нийтэд түгээх улсын хэмжээний сурталчилгаа хариуцна. Энд Ш.Ванчаарай (Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч), Цэрэнчимэд (Сүүлд Анагаах ухааны дээд сургуульд багшилж байсан), Зоригт (Телевизийн сурталчилгаа хариуцдаг), миний бие (радио болон баримтат киноны сурталчилгаа хариуцсан), Эрдэнэчимэг (биеийн тамирын асуудал хариуцсан), бага эмч Оюунбилэг гээд өөр олон хүн ажиллаж байв. Манай ордон хэвлэл мэдээллийн байгууллагатай маш ойр байж, эрүүл мэндтэй холбоотой бүх мэдээллээр хангана. Тэр үед би “Ус, агаар, нараар чийрэгжүүлэх нь” гэхчлэн хоёр гурван баримтат киноны зохиол бичиж, кино үйлдвэрээр орж гардаг байлаа. Нэг өдөр Нэгдүгээр эмнэлгийн тэнд явж байтал санаанд “Аа энэ чинь кино болох санаа юм байна” гэсэн бодол гялс орж ирлээ. Тэр санаа нь “Тань руу нүүж явна” киноны сэдэв. Би яагаад юм тэр цаг мөчийг ер мартдаггүй юм. Олон юм мартсан даа. Гэхдээ энэ л санаанд байдаг юм. Санаа хий хоосноос бий болоогүй юм. Ахынхаа яриад байсныг сонсоод явсан нь кино болж сэтгэлд буусан хэрэг. Миний ахыг Лувсанцэрэнгийн Очирбаянмөнх гэнэ. Ах маань хотод манайд байж Багшийн сургуулийн дуу хөгжмийн ангийг төгссөн юм. Зун хөдөө амраад ирэхдээ л Тамзав гуайн тухай ярина. Малын эмч Доржсүрэн гэх сайхан хүүтэй байгаад тэр нь мотоциклийн ослоос болоод бурхан болчихсон байлаа. Тамзав хөгшин айл айлын шинэ хүүхдийг очиж хардаг, тавьсан мэнгээ үздэг гэнэ, хонины насгүй байж хүний хүүхдийг яаж хүн болгоно оо энэ тэр гээд манай нутгийнхан шоолдог юм байх. Юунд тэгж шоолдог байна аа, эхийн сайхан сэтгэл биш үү гэж л би бодсон юм. За тэгээд “Хүний үр” гэдэг зохиол бичлээ. Анх удаа бичиж байсан болохоор алдаа мадаг их байсан нь мэдээж.

    Уран сайхны киноныхон, баримтат киноныхон тус тусдаа. Гараар бичээд дараа нь машиндаад түүнийгээ аваад явлаа даа. Тэр цагт чинь Монгол кино, төмөр зам, нисэх гэдэг байгууллагыг “Вант улс” гэцгээнэ. Монгол киноны “Вант улс” дээр очоод бэргэн байж найруулагчтай уулзахаа хэллээ, жижүүрт нь. Жижүүр нэг хүнийг дуудаад “Найруулагчтай уулзана гэнэ ээ” гэж намайг заав. Тэр хүн ганган хээнцэр гэж хачин юм. Хаврын дулаан цаг атал хүзүүндээ ороолт ороочихож. Ороолтоор гоёх нь зураачид, найруулагчдын моод байсан цаг л даа. Намайг дагаад яв гээд гурван давхарт нэг өрөө онгойлгоход нь харвал гадна талд нь кино найруулагч Б.Сумхүү гэсэн хаяг дурайж байлаа. Анх удаа харсан кино найруулагч маань Б.Сумхүү гуай. Би кино зохиол бичсэн юм аа гээд хэдэн хуудас материалаа өглөө. "Утасныхаа дугаарыг өгчих. Би утасдамз" гэв. Ингээд гараад явлаа. Гурав хоногийн дараа "Хүрээд ир" гэлээ. Очсон чинь "Чиний зохиол кино болж болох юм байна. Уран сайхны зөвлөлд танилцуулна" л гэж байна. Тэндээс бөөн баяр хүн л гарлаа даа. Юмны учир начир, наад цаадахыг сайн мэдэхгүй гучин хэдхэн нас минь. Маш амархан бүтсэн кино доо. Удалгүй Соёлын яамны уран сайхны зөвлөлөөр орох л юм боллоо. Найруулагч нь аваад орох юм. Батлагдлаа л гэв. Зурганд гарна л гэнэ. Уран сайхны зөвлөлийн өгсөн зөвлөгөөг оруулаад дахиад бич л гэлээ.

   Намайг кино үйлдвэрийн нэг өрөөнд оруулаад цоожилчихдог юм. Гурав хоногт багтаа гэснийг яана. Эргээд санахад инээд хүрээд байдаг юм. Амьтан хүн үүдийг нь онголзуулахгүй гэж л тэгсэн юм болов уу бүү мэд. Онгойлгох үед нь би гарч бие засах газар явна. Огт танихгүй хүмүүс зөрөхдөө “Зохиол юу болж байна? Бид натурт гарах гээд юм бүхэн бэлэн” гэж асууна. Баахан хүмүүс намайг хүлээгээд байгаа нь андашгүй. Нэг харсан чинь “Хүний үр” уран сайхны кино групп” гэсэн хаягтай өрөө бий болчихож. Надад хоол оруулж өгнө. Залуу ч байж. Өөр болгон бичихдээ Э.Оюун гуайн хэлсэн манай малчид малаа, бэлчээрээ шинжлэх ухааны үндэстэй маллаж байгааг харуул гэсэн санаа зэрэг юу юу ч билээ нэмсэн юмдаг. Яагаав Дарьсүрэн, Хандмаа хоёр өндөр зэгсэн дунд явж байхад Хандмаа “Өө та бүр ингэж бэлчээрээ хуваарилдаг юм уу” гэдэг утгатай үг хэлдэг дээ. Амралтын өдөр таараад би Ариун цэвэр гэгээрлийн ордон дахь ажлын өрөөндөө нөгөө зохиолоо шинэчлэн бичээд бараг дуусч байв. Тэгсэн чинь зураач Ойдов ( Төрийн шагналт) утасдлаа. Тэр намайг кино зохиол бичиж буйг хэдийнэ мэдчихэж. Ирж хоол ид гэхээр нь завсарлах, хоол идэх хоёрыг хамтатгаад тэднийх рүү явав. Гэр нь арван есдүгээр хорооллын нэг байранд. Очтол өөр нэг танил хэн билээ мартаж, хоёулаа байна. Сайхан гурилтай хоол хийчихэж. Ойдов манай хөгжмийн зохиолч Ц.Чинзоригийн их найз. Тэгж танилцсан хэрэг. Бавуугийн Лхагвасүрэн, Чинзориг, Ойдов бид гэж хэлхэлдсэн юм л явах. Байсхийгээд Дулмаа гуайнд очно. Орой харуй бүрий болж байхад тэднийхээс гараад нөгөө хоёр намайг дөхүүлж өгөх юм боллоо. Дунд гол дээрх гүүрээр нөгөө хоёр гүйхээрээ гараад би ч араас нь гүйж явтал пал гээд нэг мэдсэн чинь усан дотор зогсож байх нь тэр. Тэгсэн тэр гүүрний дунд мод байхгүй, нүхтэй байсан юмсанж. Анх удаа тэр гүүрээр гарч буй би яаж мэдэх билээ. Харанхуйд тэр нүх нь мэдэгдэхгүй, дээр нь би шилтэйг хэлэх үү, завсраар нь гол руу унажээ. Барьж явсан гар бичмэл усаар нэг тарж би “Миний кино зохиол!” гэж орилон нөгөө хоёр ч сандран голд урсах цааснуудыг түүж байв. Гэрэл чийдэн гэж тэр үед байсангүй. Буцаж очоод үзвэл чернилэн үзгээр бичсэн гар ноорог маань нороод авах юм алга аа. Ёстой залуугийн аагаар л дахиж бичсэн дээ. Юу гэж бичсэн минь толгойд дурайж байсан юмдаг. Унах үед шилбэний хянга яс гүүрний модыг шудраад шалбарч улаан нялга болсноос өөр юмгүй бүрэн бүтэн. Бурхан минь, яаж хөл гараа хугалчихалгүй тэгж унасан юм бол гэж одоо боддог. Ингээд гар нооргоо аваачиж өгсөн маань шууд найруулагчийн зохиол болж, групп натурт гарсан юм. Киноны зураг авсан газар нь Өмнөговь аймгийн Хүрмэн сум, Онгийн голын дэргэд. Онгийн гол ямар их устай байсан нь кинонд үлдсэн дээ. Тэр сумын нэг айлын Учрал нэртэй хөөрхөн хүү манай кинонд тоглосон юм. Энэ бүхэн ердөө худалч хүнд бараг нэг сарын дотор болсон билээ. Яаж тэгж миний кино тийм амархан мөнгө нь бүтэж, зурганд гарсны учрыг асууж явсангүй. Нэг удаа найруулагч намайг дуудаад, кино пробонд шалгарч үлдсэн жүжигчдийнхээ зургийг харуулж байсан юмдаг. Кино зохиолч гэдгийг үйлдвэрийнхэн бурханчлан шүтнэ. Цэл залуухан намайг Оюун гуай гэхэд нь би ичдэгсэн. Бүхэл бүтэн кино группийг ажилтай, цалинтай болгож байж л дээ. Надаас кино зохиол сураглаад байсан хүн хожим нь Эльбрус байсныг мэдсэн юм. Зургийн дарга гэдэг хүн чинь бүх юмыг бэлддэг, хариуцдаг. Эгнүүлж барьсан олон гэр, жижиг хэрэглэл, натурынхны хоол унд цалин хөлс бүгдийг зургийн дарга Эльбрус мэднэ.   

   Хөгжмийн зохиолч З.Хангал бид хоёрыг натур дээр аваачих юм болов оо. Хангал гэдгийг анх удаа тэгэхэд харав. Өндөр нуруутай, өтгөн үстэй, ёжтой үгтэй, няхуур харсан залуу байна аа. Цагаан онгоцоор нисэх байсан юм. Бид хоёр нисэх цагаас хоцорчээ. Гүйхээрээ л онгоц руу талбай дундуур явав. Хангал нэг дипломат хэмээх цүнхтэй. Гүйж явтал өнөө цүнхнийх нь түгжээ мултраад, гурван цагаан архи унаад өнхрөв өө. Тээр тэнд онгоц асчихсан, мотор нь хүржигнээд үйлчлэгч шатан дээрээ зогсчихсон биднийг дуудаад, бид архиа түүгээд, хөгийн хөгийн. Хангал цүнхтэй архиа тэвэрсээр онгоцонд орсон юм даа. Маш олон нүд онгоцны цонхоор харж байсныг л би санадаг. Паян үүгээр дууссангүй. Натур орох замдаа говьд шөнө төөрөв. Давхиж давхиж хээр хонолоо. Өглөө боссон чинь хажууханд нэг цагаан гэр. Даарч жиндсэн бид халуун юм ууя гээд тэднийх рүү давхив. Гэрийн хаалганы суран уяа бүслүүрт хавчуулаастай. Хаалга татаад орвол гэр цэвэрхэн. Хойт талын явган ширээн дээр шинэхэн боорцог, өрөм тавганд овоолоод марлиар бүтээчихэж. Хажууд нь дүүрэн сүүтэй цай халуун саванд байна. Бид тэднийг нь ууж идэж гол зогоогоод бодвол, зургийн дарга Эльбрус ямар нэг дурсгалын зүйл  ч юмуу  үлдээсэн байх, гарч явсан. Говийн ганц айл гэдгийг тэгж л нүдээрээ харсан юм. Ямар ч өгөөмөр, дайламтгай, хүнийг гэсэн сэтгэл юм. Төөрсөн, малын эрэлчин хэн ч бай ороод идээд уугаад яв гээд хамаг юмаа бэлдээд үлдээчихдэг, нүүдэлчин ард гэдэг агуу улс билээ. Натур дээрээ ирлээ. Олон гэр эгнүүлээд барьчихсан, машин тэрэг сойчихсон, биднийг ирлээ гээд бөөн баяр хөөр болсон улс. Хамгийн баруун талд байх том цагаан гэр ерөнхий найруулагчийнх. Балжинням ганцаараа сууна. Орой болоход гэрийнхээ гадаа сандал тавиад шингэж буй нарны гэрлийг ширтэн суугаа эрхэмсэг найруулагчийг харна. Би бас тийшээ харж үзсэн, баахан жижиг хар ялаа л бужигнаад байх. Найруулагчийн бодол санаа түүнийг биш бүр алсад өөр юм, тухайлбал зураг яаж авахаа бодож суудаг байсан биз.

   Зураглаач Цэрэн гавьяат намайг дагуулаад говийн шөнийг үзүүлнэ. Сарны гэрэл асгараад говийн чулууд тэр гэрэлд гялтагнан байх нь нэг л ер бусын. Тэртээ тэндээс машины юм уу, мотоциклийнх уу гэрэл наашаа зүглээд нэг тодроод нэг бүдгэрээд байх. Түүнийг Цэрэн гуай говийн нэг үзэгдэл, орой бүхэн ингэж харагддаг юм гэж хэлж байсан. Нээрэн ч тэнд байх орой бүр тэр гэрлийг харж байсан. Дуламын дүрд тоглосон Дуламжав гуай л хүү минь (жүжигчин Нямсүрэн) мориноос унаад түүнээс хойш хүүдээ бүр хайртай болчихсон гэж хэлж байсныг санаж байна. Хоёр зохиолчийг байх хугацаанд мотоциклоос Дарьсүрэн унаж байгаа хэсгийн зургийг авч байсан юм. Арав хоног натурт байх зардалтай. Зургаа монтажлах, киноны хөгжим бичих их ажил ард байсан. Нөгөө “Хүний үр” нэрийг өөрчлөөд “Тань руу нүүж явна” болгосон гэж найруулагч хэллээ. “Хүний үр” гэдэг нэр яагаад болохгүй байгааг би сөргүүлж асуувал “Чи орчуулаад хар даа, “сперма” болно” гэв. Эмч хүн юм чинь миний ичсэн гэж. Эрэгтэй хүний үрийн шингэнийг анагаахын хэлээр ийн нэрлэдэг билээ. Тэгээд болсонгүй “Кинонд дуу хийхгүй, чи энэ санааг гаргасан цөөхөн мөр бич” гэж үүрэгдлээ. Кино зохиолыг сарын дотор засаад натурт гаргасан атал энэ цөөн мөр нь болдоггүй ээ, биш байна аа гэсэн үг олон удаа сонсов.

Эрхэс тэнгэрийн дор хүн гэгч төрөөд

Эдүгээ хүртэл мянга, мянган жил нүүж явна

Хүрэхүйеэ бэрх сэтгэл гэгч өндөр оргил

Хүн, хүн рүүгээ нүүж орчлонг туулна гэсэн дөрвөн мөрийн төлөө бүтэн сар хичээж билээ. Их үнэтэй дөрвөн мөрт. Б.Дамчаа гуайн уншсан нь хачин зохисон. Ийм байдлаар зуныг өнгөрөөгөөд дараа хавар нь кино дэлгэцэнд гарлаа. Билет эрсэн, уйлаад гарч яваа хүмүүс л “Элдэв-Очир” театрын үүдээр үзэгдэх. Арав хоногт зардлаа нөхсөн гэдгийг дуулж байсан. Тийм кино хэд байдгийг мэдэхгүй. Миний киноны зохиол архивт байхгүй байна гэсэн. Гар ноорогноос шууд найруулагчийн зохиол гараад, тэгээд би ч М.Горькийн сургуульд яваад, юун тэр зохиолоо санах манатай ерэн онтой золгожээ. Кино үйлдвэр хувьчлагдаж, бүх юм бужигнасан. Кинотой холбоотой нэг дурсамж бий нь Москвад өөрийнхөө киног гурван рублиэр үзсэн явдал. Сургуульд очсон тэр жил миний кино Москвагийн элчингийн театрт гарлаа. Намайг зохиолч нь гэж мэдэхгүй. Билет худалдаж аваад үзлээ. Үзэгчидтэй цуг уйлаад гарч явсан юмдаг. Кино зохиолынхоо шагналд 4500 төгрөг авсан. Сүүлчийн мөнгөөр “Зил” гэдэг том хөргөгч, булган захтай пальто авч гангараад Орос явсан. Кино дэлгэцнээ гарсан нь Горькийн сургуульд явахад их нэмэр болсон биз ээ. Горькийн сургуульд ч бас паянтай явсан. Түүнийг дараа бичнэ ээ. Киноны зохиолын талаар бичих нь хожим хэрэгтэй байж мэднэ. Киногоо хараад хуулаад бичихэд амархан л даа. Би тэгж хялбарчилмааргүй байна. Харин сонин намтар түүх нь хүмүүст хэрэгтэй болов уу.