images

Огт танихгүй буриадаас огт танихгүй өөлдөд ирсэн захидал


   Нямбуугийн Нямдорж найрагч 1960-аад оны эхээр тухайн үеийн ЗХУ-ын нийслэл Москва хотноо А.М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд суралцаж байхдаа нэр нэрээ мэдэхээс зүс харж танилцаагүй үеийн найрагч Т.Галсанд сурагч дэвтрийн хоёр хуудас ар өвөргүй дүүрэн бичсэн захиа илгээж байжээ. Харийн нийслэлд дөрвөн жил суралцахдаа аав, ээж, амраг ханьдаа нэг ч захиа бичээгүй хэрнээ Т.Галсан найрагчид ийм урт захидал илгээсний учир нь түүний нэгэн шүлэгтэй холбоотой байжээ. Т.Галсан гуайн хэлсэнчлэн “Огт танихгүй буриадаас огт танихгүй өөлдөд” ирсэн тэр захидалд, “Туяа” сэтгүүлд гарсан шүлгийг чинь уншаад жинхэнэ монгол хэлтэй, нэг сайхан монгол найрагч гарах нь гэж бодсон худлаа байж. Сүүлд гарсан шүлгийг чинь хараад чамайг Д.Тарваа, Д.Даржаагийн өрөөсөн болохыг мэдлээ” гэх мэтээр загнасан байсан гэнэ. “Энэ захиа намайг магадгүй яруу бус ядуу найргийн балчигт унахаас аварсан байх” Т.Галсан сэтгэлийн үгээ харамгүй хэлсэн юм.

   Т.Галсан гуай 1962 онд Баянхонгор аймагт дунд сургуулийн хичээлийн эрхлэгчээр ажиллаж байжээ. Нэг өдөр өрөөндөө шүлгээ бичээд сууж байтал бор пүүсүү дээлтэй, дээлийнхээ мөрөн дээр огло татчихсан, бакиал гутал хааш яайшхан жийсэн шавилхан нөхөр чичгэсхийгээд ороод ирлээ гэнэ. Орж ирээд “Тангадын Галсан байна уу, уулзана аа” гэж байх юм гэнэ. Дунд сургуулийн хичээлийн эрхлэгчийн өрөөний хаалгыг тогших ч үгүй орж ирдэг ямар зүрх зоригтон байдаг билээ гэж Т.Галсан тэр үед гялсхийтэл боджээ. Тэдний сургуульд хүүхдэд алган боов хүртээх дуртай нэг багш байж. Бодвол тэр нөхөр л нэг хүүхдийг балбачихаж дээ. Тэгээд ах нь өмөөрч орж ирж байгаагаас зайлахгүй гэж л бодож.

   Тэгээд, “Тэр Галсан чинь би байна” гэтэл урилгагүй зочин эр нэг их харснаа “Өө, үхсэн хойноо. Чамайг Д.Тарваагаас өндөр, Найманжингээс цагаан лут эр байгаа гэж бодсон юм” хэмээн голонгуй дуугарчээ. Т.Галсан захирал мөчөөгөө өгөлгүй “Чи хэн юм” гэсэнд “Нямбуугийн Нямдорж байна” гэж гэнэ. Ингээд өнөөх урт захидлаар эчнээ танилцаж байсан хоёр найрагч дуу шуу болон уулзаж, ардын уран зохиолчийн хэлснээр бол Ю.Цэдэнбал дарга, Л.Брежнев хоёр шиг л сүрхий тэврэлдэн үнсэлдсэн гэнэм.

   Тэр үед Н.Нямдорж найрагч “Хөдөлмөр” сонины сурвалжлагчаар ажиллаж, томилолтоор Баянхонгорт очсон нь тэр байж. Ингээд хоёр найрагч хэд хоног шүлэг найргийн ертөнцөд умбаж, сэтгэлээ нээлцсэн ажээ.

 

Эх сурвалж: Хэнтий аймгийн Батширээт сумын Фэйсбүүк хуудаснаас