images

“Ус шиг цэнхэр” өгүүллэгээ бичсэн түүх


Зохиолч П.Лувсанцэрэнгийн яриа

     “Манай нутагт хонх шиг дуутай жижиг хорхой байдаг юм” гэж нэгэн залуу зохиолч бичжээ. Үнэн бол сонин л юм гэхээс өөр юм бодогдохооргүй болсон байна. Энэ өгүүллэгт хүний сэтгэл хөдөлгөж баярлуулах, урамшуулах, зоригжуулах, гуних, өшрөх, зэвүүцэл төрүүлэх, уур хүргэх юм юу ч алга. Баянхонгор аймгийн Хүрээмарал суманд намар богинын жин хөдөлж байх цагаар нэгэн атигар бор өвгөн ачааны өрөөсөн тал өргөх ч тэнхэлгүй нь илт харагдсаар байсан хэрнээ, жинчдийн майханд ирж цуг унтаад өглөө нь жинчдийн ачааг хөтлөн явж байхыг би үзсэн. Ийм хүн жин тээх гэж явах ч гэж дээ гэж гайхан учрыг асуухад жинчдийн нэг нь “Жинд явж байгаа юм биш ээ. Энүүхэн Шарын хөтөл дээр гараад л буцаад ирнэ. Угаасаа жингийн хорхойтой юм” гэж ярьж байлаа. Энэ бол миний хувьд “хонх шиг дуугардаг хорхой” үзсэнтэй л адил сонин явдал байлаа. Тэгээд би мөн дээр өгүүлсэн залуугийн адил энэ хүний тухай өгүүллэг бичмээр санагдаж билээ. Өгүүллэг бичихэд надад хэд хэдэн зүйл бодогдов. Нэг муу тавтиргүй өвгөн надад чухам юугаараа ингэж сонирхолтой санагдаад байна вэ гэж бодлоо. Чадалгүй мөртөө жин тээх гэж дурлаад байгаа нь, өөрөөр хэлбэл атигар биенд нь сачий байхгүй мөртөө санаа дүүрэн байгаа нь сонин байлаа. Ингээд бодохоор сонин гоц гойд ч юмгүй шиг. Эр хүн сачий хүрэхгүй юманд санаархах алиныг тэр гэх вэ. Тэрний л нэг байна. Үүгээрээ бол тэр “атигар” маань жирийн л нэг хүн. Гэхдээ эр хүн голдуу, оролдоод үзвэл болж бүтэхийг ч яаж мэдэх вэ гэсэн юмандаа санаархдаг байтал энэ өвгөн үнэхээр бололцоогүй болчихсон юманд санаархаад байгаагаараа жирийн хүн биш юм аа. Энэ бол жин тээгээд үзье, чадах нь уу үгүй юу гэж бодсон хүн биш. Чадалгүй болсноо хэнээс ч илүү сайн мэдэж байгаа. Тэгэхээр санаархаж байгаа хэрэг биш сэтгэлээ зогоож байгаа хүн юм. Хөдөлмөрт хөгжим адил дурладаг болсон хүн байх нь. Бичдэг хэрэг. Хөдөлмөрт дурлацгаа! гэсэн утга санаатай өгүүллэг болох нь. Гэтэл би яг л үзсэнээ хэвээр нь бичих юм бол “Жин тээхэд дуртайн улмаас хөгшин болсон хойноо ч жинчний майханд ирж хонодог нэг өвгөн байж гэнэ ээ” гэсэн хуурай мэдээлэл болж “Хонх шиг дуугардаг нэг хорхой байж гэнэ ээ” гэсэнтэй яг адил болох байлаа. Энэ нь хөдөлмөрт дурладаг хүний тухай мэдээ болохоос биш, хөдөлмөрт дуртай хүн өөрөө хүний нүдэнд харагдаж байгаа хэрэг биш билээ.

     Мэдээлнэ, үзүүлнэ гэдэг хоёр их ялгаатай. Уран зохиолоос хүн жин тээх хорхойтой хүн юм уу, хонх шиг дуутай хорхой байдгийг сонсохсон гэж хүсдэг биш, чухамдаа тэр жин тээхийн хорхойт өвгөнийг өөрийг нь үзэхсэн, эсэхүл тэр хорхой хүний амьдралд ямар учир холбогдолтойг мэдэхсэн гэж сонирхдог. Би өвгөнөө бичээд үзүүлж болно. Намхан нуруутай, хар царайтай гэхчлэн бичээд үзүүлж болно. Гэтэл уншигч хүн хар царай, намхан нуруу нь яах вэ, яагаад тэр чинь жин тээхэд тэгтлээ их дурладаг болсон юм бэ гэж надаас асууна. Ам нь асуухгүй ч уншиж суухдаа сэтгэл нь зайлшгүй асууна. Энэ “Яагаад” гэдэг асуудал яв явсаар ур чадлын гол асуудал болдог. Чухам энэ “Яагаад”-ыг нээж үзүүлж чадсан эсэхээрээ бичсэн зүйл зохиол болж чадах эсэх нь шийдвэрлэгдэнэ. Туршлагагүй уншигч, зохиолч нар зохиолын үйл явдлыг анхаараад энэ “Яагаад”-ыг бага анхаардаг дутагдал бий. Гэтэл зохиолын хамаг нарийн чухал юм энэ “Яагаад” дотор гардаг. Миний хувьд анхны үзсэн, сонирхсон зүйл буюу жинчний майханд ирж хонодог өвгөн үзсэн маань өгүүллэг бичихэд гол зүйл биш, харин гол юмаа ярихад шалтгаан болж, тэр өвгөн яагаад жин тээх дуртай болсныг үзүүлэх нь миний бичих гэж байгаа өгүүллэгт гол зүйл боллоо.

     Би түүнийг удаан хугацаагаар олон дахин жин тээсэн өвгөн болгож бичлээ. Тэр өвгөн үнэхээр тэгж олон дахин жин тээсэн юм уу, үгүй юм уу бүү мэд! Сэтгэлдээ жаргал үлдэхээр болтол жин тээсэн хүнийг бичих хүн жинчний ажлыг тэр хүнээс дутуугүй мэдэж байхаар барахгүй харин ч жин тээнэ гэдэг хүнд ажил дотроос тэр жинчний өөрийнх нь анхаарч мэдээгүй сайн сайхан болон төвөг бэрхшээлийг нь тэр жинчнээс өөрөөс нь илүүгээр мэдэж бичих хэрэгтэй. Би олон дахиж бичлээ. 1961 онд нэг бичиж үзээд болсонгүй. Дараа нь Москвад 1963 онд нэг бичээд Д.Нямаад уншиж байлаа. Бичээд болохгүй хэрнээ сэтгэлээс гарахгүй эд байдаг. Энэ өгүүллэг чухам л тийм байв. Дараа нь 1967 онд дипломын ажилд оруулах санаатай дахин нэг бичээд З.Баттулга гуайд үзүүлтэл Чи өөрөө жинчин байсан шиг бичсэн байна шүү гэхээр нь нэг сэтгэл уужирч Ус шиг цэнхэр нэрээр хэвлэлд өгсөн юм. Тэр өвгөнийг би анх 1949 онд үзсэн. Бараг хорин жилийн дараа өгүүллэг болдог байна.

     Уран зохиолын үнэнийг амьдралаар шалгадаг. Уран зохиол амьдралыг тусгадаг болохоор тэр жинчин амьдрал гэгч их ертөнцөд ямар л хүн байсан тэр л хэвээрээ, өөрийн биеэр харагдах ёстой. Бид мэтийн туршлага багатай зохиолчдын бичсэн зохиолд гарч байгаа хүмүүс- баатрууд заримдаа хүн биш, яриад байх нь дуулдах мөртөө хөдөлж байгаа нь харагдахгүй, эсхүл бие нь харагдах мөртөө бодол санаа, нүүр царай нь үзэгдэхгүй, хүн итгэх аргагүй болдог нь чухамдаа бичиж байгаа зүйлээ амьдралтай тулгаж шалгаагүй, амьдралын түмэн үзэгдэл юмнаас оновчтой цөөн зүйлийг сонгон авч баатруудаа амьд хүн шиг амилуулж чадаагүйгээс болдог болов уу гэж санагдана. Уран зохиол Тийм байсан гэж мэдээлдэг биш. Ийм байдаг юм, харцгаа гээд үзүүлдэг ёстой. Тийм болохоор би тэр жинчний явж байсан зам харгуй, нутаг ус, одтой тэнгэр, бодол санаа, унаа тэмээ, хань нөхдийг бичсэнээр барахгүй, тэр өвгөнийг залуудаа Дагиймаа гэдэг булцгар бор охинд сэтгэлтэй болж, улаан даалимбан өмдтэй, бөгс рүүгээ суран ногтоор ороолгуулж, эцгээсээ шийтгэл хүлээж явсан гэх зэргээр санаанаасаа элдвийг зохиож бичсэн. Ингэж бичсэн маань уншигчийг л итгүүлэх гэсэн юм.

П.Лувсанцэрэн. "Хорхой нь биш хүн нь" тэмдэглэлээс.