images

Захидлын ачаар хамаатан саднаа олж авсан нь


Ахмад орчуулагч Гүрбазарын Амарын дурсамж

     Оюутан байхдаа би ийш тийш захидлаар харилцах сонирхолтой байлаа. Гуравдугаар ангид байхдаа Москвагийн радиод захидал бичиж, Аргентины дуучин бөгөөд “Возраст любви” гэдэг киноны гол дүрд тоглосон Лолита Торресийн тухай нэвтрүүлж өгнө үү гэсэн юм. Ингэж захиалсны учир гэвэл “Огонёк” зэрэг хэвлэлд түүний тухай бичиж, Зөвлөлтийн 12 настай хөвгүүн түүнд ухаангүй дурласныг дурдан хариуд нь Торрес “Баярлалаа. Гэхдээ чамайг нас бие гүйцээд ирэхэд эргэн тойронд чинь маш олон Торрес байж байх болно. Тэднээс хайртай хүнээ сонгож аваарай” гэж бичжээ гэх мэтийн сoнирхолтой зүйл нийтлэгдсэнийг уншсантай холбоотой. Би захиалсан нэвтрүүлгийнхээ хариу нэвтрүүлгийг олж сонссонгүй. Сонсох ч бололцоо байсангүй. Оюутны байранд шугамын радио байхгүй байсан үе шүү дээ. Харин манай ангийн Давдай айлд суудаг болохоор Москвагийн радиогоор миний захидлын талаар нэвтрүүлснийг олж сонсжээ. “Оюутан Амар Лолита Торресийн дуунд маш дуртай” гэх мэтчилэн ярьсныг олж сонсоод надад дуулгаж байж билээ. Дараа нь Б.Ренчин гуай "Oгoнёк” сэтгүүлд хэдэн монгол зүйр үг орчуулаад хэвлүүлснийг үзээд би өөрөө бас хэдэн зүйр үг орчуулаад захидлаар явуулсан чинь “Таны үүнийг нийтлэх боломжгγй" гэсэн xapиу ирүүлсэнсэн. Дээрх хоёр захидал, ил захидал одоо ч надад хадгалаастай бий.

     Тавин хэдэн онд “Международная студенческая игра” гэдэг тоглоом бий болов. Тэр нь ил захидалд дөрвөн хаяг байх бөгөөд түүнийг авсан хүн нэгдүгээрт бичигдсэн хүнд захидал явуулж, өөрийн хаягийг дөрөв дэх нь болгоод явуулдаг журамтай байв. Би тэр тоглоомд идэвхийлэн оролцсоноор Улаан-Үдийн баахан буриад оюутан бүсгүйтэй харилцах боллоо. Тэдний дундаас Вера Цыренжапова гэдэг Ярууна нутгийн бүсгүйтэй захидлаар харилцаж, эчнээ танил болж, бүр утсаар ярилцдаг боллоо. Энэ бол 1957-58 оны үе. Түүний олон захидал одоо ч надад хадгалаастай бий. Тухайн тэр цагт уулзах учрах боломж ч байсангүй. Арга учраа ч олоогүй байх. Харин түүнтэй харилцсаны ачаар би хамаатан саднаа олж авсан нь туйлын том завшаан болон үлдсэн юм. Би төрөл садныхаа нэр ус, нутгийг бичсэн чинь тэр маань үеийн бүсгүйчүүдээрээ дамжуулан манай ээжийн төрсөн ах, төрcөн дүү хоёрын хаягийг олж өглөө. Би тэр хаягаар нь захидал бичиж, хариу авснаар 45 жил уулзаагүй ах дүү нарыг уулзуулсан юм. Манай ээжийг Дамдины Жигмэд гэдэг бол Дамдинов Раднажап, Дамдинова Гарма нар нь үр хүүхдүүдтэйгээ байж байгааг, бусад төрөл гарлынхан нь сайн сайхан аж төрж байгааг сонссон бид бүхэнд ямаршуу сайхан байсныг ойлгож ядах юу байх билээ.

Гүрбазарын Амар "Миний тавилан" номоос