images

“Гологдсон хүүхэн” туужаа бичсэн минь


Ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэн хуучилсан нь

     Би бага наснаас эцэг Цэндээр заалгаж, хошууны тамгын газар сууж монгол бичиг, тооны дөрвөн аргад суралцсан байлаа. Манай өвөг эцгийн ах Балдан гавжтай нэг гэрт суудаг байсан учраас төвд хэл бичиг гадарладаг болов. Мөн тамгын газрын галч буурал Дамдингаар заалгаж хэдэн манж үг сурсан байлаа. Монгол хуучин зохиол, төвдөөс орчуулсан уран зохиолыг нэлээд уншсаныг дурдвал “Үлгэрийн далай”, “Ушандар”, “Рашааны дуслын тайлбар”, “Цаасан шувуу”, “Молом тойны намтар” зэрэг зохиолууд байлаа.

     Миний амьдралын туршлага гэвэл 1925 онд нэг жил цэргийн бичээч хийж 1926 онд Хэнтий аймаг дээ нэг сарын намын курст суралцав. Мөн Матад хошууны намын үүрийн даргаар хэдэн сар ажилласан. МАХН-ын тавдугаар их хуралд оролцож Хэнтий аймгийн намын хорооны ажлын тайлан илтгэлийг хийсэн юм. Улмаар Эвлэлийн төв хороонд 1926 оноос сонин сэтгүүл хариуцаж хэдэн жил ажилласан хориодхон настай залуу байлаа. Хамгийн сүүлд миний уншсан хуучин уран зохиол бол Шагж багшийн Өвөрмонголоос олж ирсэн “Орогсдын ерөөл” гэдэг ном байлаа. Энэ номын гол баатар нь феодал ангийн төлөө зүтгэж явсан залуу түшмэл байв. Би тэгэхээр ардын ангийн төлөө тэмцсэн залуу эмэгтэйн тухай бичихээр шийдлээ. Тэгээд л “Гологдсон хүүхэн” гэдэг тууж бичиж эхэлсэн билээ. Эхлээд өөрийн мэдэх Дорнод аймгийн хүмүүсийн явдлыг бичнэ. Цааш нь Хужирбулангийн цэргийн тухай, тэр үеийн их хүрээний тухай бичих гэтэл энэ байдлыг би сайн мэдэхгүй тул бичиж болохгүй байв. Тэгэхээр өдөр ажил дээрээ ирээд Эвлэлийн төв хорооны галч Дорж, зарлага Наваан нартай ярьж тэднээс өөрийн мэдэхгүй зүйлсийг мэдэж авлаа. Наваан нь хуучин Наймаа хотын хүн, Дорж нь Хужирбулангийн цэрэг байсан юм. Өдөр тэдэнтэй ярьж мэдсэн зүйлийг шөнө гэртээ ирээд бичнэ. Миний бичсэн зүйл нэвсийсэн зузаан юм боллоо. Юуны өмнө хамт ажилладаг Довчинбазарт үзүүлбэл тэрбээр “Их сунжирсэн урт юм болсон байна. Гэвч сонирхолтой юм” гэж билээ. Нөгөө нэвсгэр зохиолоо бариад Жамсрангийн Цэвээн гуайд үзүүллээ. Тэрбээр “Анх уран зохиол бичсэн туршлага сүүлд сонин баримт болно. Үүнийгээ номын санд өгөөд хадгалуулчих” гэв. Хэд хоногийн дараа Шагж багшид үзүүлсэнд “Сайн болсон байна” гэж магтлаа. Тээгэхээр нь урам орж зохиолоо бичгийн машинаар бичүүлээд байтал Үйлдвэрчний зөвлөлийн нарийн бичгийн дарга Цэндсүрэнд машиндаж байхад нь уншсанаа хэлээд “Нэг уншиж эхэлбэл дутуу орхиж боломгүй их сонирхолтой болж” гэж магтлаа. Ийнхүү хүмүүсээс урам магтаалын үг сонссоор “Гологдсон хүүхэн”-ээ бүрэн дуусгаж билээ.

Ц.Дамдинсүрэн “Бүрэн зохиол” номоос