images

Тантан, Гайтав хоёр ихэр юм...


Үргэлжлэл...

Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын дурсамж

     Чойжилын Чимид бол амьдралдаа үнэхээр их юм үзсэн хүн байлаа. 1953 онд түүнийг шоронд орсныг дуулаад зохиосон дуугий нь сэтгэлдээ хадаан дуулж ч явлаа. Ч.Чимид шоронд байхдаа А.С.Пушкиний “Евгений Онегин” хэмээх алдарт шүлгэн романыг орчуулсан нь хамгийн дурсгалтай, завшаантай хэрэг болсон юм. Ямар сайндаа л энэ тухай Б.Ренчин гуай “Энэ Чимидийг чинь байн байн шоронд хийчихээд байвал харин сайн юм хийгээд байх юм байна” гэсэн гэдэг яриа тархах вэ дээ. Энэ бүгдийг би юунд өгүүлнэ вэ гэвэл зохиолч, яруу найрагчид архи ууж байсан ч шоронд байсан ч ямагт уран бүтээлийн агаараар амьсгалж, зохион туурвиж байдаг юм гэдгийг хэлэх гэсэн юм.

Одоо өөр нэг дуу хэрхэн төрсөн түүхийг өгүүлье. Нэг өглөө Ц.Гайтав шартчихсан хогийн сав руу нулимж суутал гялалзсан, цовоо цоглог Ч.Чимид орж ирээд шууд шүлэглэж,

Тантан, Гайтав хоёр ихэр юм

Тамхи архи хоёрын нөхөр юм

Манай өнөөдрийн чөдөр юм

Маргааш өдрийн чөтгөр юм гэлээ.

Гэтэл огиж суусан Гайтавын хаанаас нь гарав гэмээр доор нь хариу барьж,

Өмд Чимид хоёр ихэр юм

Өнөөх тэр хоёрын нөхөр юм

Манай өнөөдрийн янхан юм

Маргааш өдрийн ялтан юм хэмээн дайруулж хэлсэн Ч.Чимид “За хоёулаа үүгээрээ буурал Даржааг бут ниргэж орхиё” гэжээ. Тэгээд хоёулаа дотроо зассан хойноо яг түрүүчийн бадагыхаа хувийг авч эргүүлээд,

Улаан туг залуучууд хоёр ихэр юм

Уралдаан ялалт хоёрын нөхөр юм

Манай өнөөдрийн золбоо юм

Маргааш өдрийн гялбаа юм гэсэн үгтэй Монголын залуучуудын шинэ марш дууг зохиосон түүхтэй билээ. “Даржааг ниргэх” гэдгийн тухайд бол “Онон, Туул хоёрыг харахад ээжийн минь сүү шиг санагдана” гэсэн үгтэй залуучуудын дууг Даржаа гуай зохиосныг өөрчилнө гэдгээ хэлсэн хэрэг юм.

Ш.Сүрэнжав “Долгионт жилүүдийн туужис” номоос