images

Ч.Чимид: Одоо үлдсэн нь миний мэдлийн юм


Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын дурсамж

     1967 оны үед Ч.Чимид Зохиолчдын хорооны орлогч даргын албыг хашиж байлаа. Би тэрхэн үед овоо гайгүй гэгдэх “Миний дуулах ертөнц” нэртэй найраглал бичиж хэвлүүлээд шагналаа цохуулж авахаар Ч.Чимидийн өрөөнд орлоо. Тэр ихэд уриалгахан 7500 төгрөг олгохоор баримтан дээр бичиж өгөв. Нярав Ложоо гуайгаас мөнгөө аваад гарч ирвэл мөнөөхөн цохолт хийсэн дарга маань үүдэнд тосч байна. Надад хандан “Гадаа Энэтхэгийн зочинд үйлчилж буй хар тэрэг байгаа. Чи түүнд ороод суу” гэлээ. Хаалгыг нь татвал ард нь Б.Явуухулан, С.Эрдэнэ хоёр сууж байна. Би тэднийг хараад баярлах ч шиг боллоо. Ч.Чимид жолоочийн хажууд суугаад бид хэдүүлээ хөдлөв. Тэгээд “Чиний эхнэр чинь хаана билээ?” гэхэд нь би “Их дэлгүүрийн яслийн эрхлэгч хийж байгаа” гэвэл “Их дэлгүүрийн үүдэнд очоод зогсоорой” гэж Чимид жолоочийг захирав. Тэрэг Их дэлгүүрийн өмнө очоод зогсоход би таван давхарт гарч эхнэр Цэндээгээ дагуулаад эргэж ирлээ. “За чи эхнэртээ үлдээх юмаа үлдээ” гэж Ч.Чимид тушаалаа. Би таван мянгыг нь эхнэртээ өгч хоёр мянгыг нь өөртөө авлаа. Цэндээ ч баяртай нь аргагүй дэлгүүрийн шатаар өгсч, бид ч урамтай гэгч нь тэргээ асаалаа. “За одоо үлдсэн нь миний мэдлийн юм” гэж Ч.Чимид хэлээд тэр дороо Урт цагааны зоогийн газар очиж хүн бүр 200 грамм архитай хуйцай захиалж идлээ. Хажуу дэлгүүрээс нь таван шил архи аваад шууд л Тасганы овоон дээр хүргүүлэв. Хэнээсээ дуулсан юм бүү мэд, оройхон Л.Ванган зохиолч шар цүнхээ бариад ирж нийлсэн санагдана. Тэгэхдээ тэнд бид дэмий нэг наргиагүй, Тасганы овооны тэр товцог тэр өдөржингөө уран зохиолын санаа бодлоор цогцолсон юмдаг.

Ш.Сүрэнжав “Долгионт жилүүдийн туужис” номоос