images

Намайг сайн муулж яв


Ардын уран зохиолч Т.Галсан гуайн дурсамж хууч

     Р.Чойном бид хоёр лонхны бөглөө мулталж, сэтгэлийн таглаа нээгээд өөд өөдөөсөө харан инээж суусан удаа нэг ч үгүй. Гэхдээ хэн хэнийнхээ шүлгийг эрэн суран олж уншдаг, авьяас билгийн богино долгионоор мэндээ мэдэлцэн алс холоос бие биеэ таньсан аавын хүүхдүүд байсан юм. 1962 оны хавар юмсан. Монголын Зохиолчдын III их хуралд Баянхонгор аймгаас ирлээ. Хурлын үеэр нэг хүн миний мөрөн дээр элэгсэг гэгч дарж байна. Эргээд харвал жирвийсэн живэртэй, хараацайн далин хөмсөгтэй, хянган монхор хамартай залуу ёжтойхон инээмсэглэн “Үүнийг танд үүрдийн дурсгал болгоё” гээд нэгэн батиар өгөв. Батиар дурсгагч нь нөгөө эчнээ танил Р.Чойном байжээ. Ар тал дээр нь

“Т. Галсану, вспомни иногда

Чем никогда

Что Чойном

Фантаз буйном. 1962 г. Улан-Батор” гэж бичжээ. Тэр батиар одоо ч надад бий. МУИС-ийг дундгүй дүүргэсэн Галсан монголоос өөр хэлгүй байхад дөрөвдүгээр анги дутуу орхисон Чойном дөрвөн хэлнээс орчуулдаг, бас бичдэг байжээ. Р.Чойномтой би анх ингэж нүүр учирсан билээ. “Баяраар хатгасан тугнууд Баяж ядан дэвхцэнэ” гэж тэр бичиж байлаа. Зургийн жаазны хөрөг шиг хөшүүн магтаал шүлгийн эринийг Чойном энэ мэтээр дэлбэлсэн нь дэндүү олон.

Би хотод ирж Махкомбинатад ясчин болов. Энэ үеэр Чойномыг баривчлан шоронд хорьжээ. Бид хоёр лонхны бөглөө ч мулталж амжсангүй. Сэтгэлийн үгээ дэлгэж завдсангүй. Хүслэнгийн хяслан гэдэг энэ буй за. Гэтэл нэг өдөр миний шавь яруу найрагч Л.Лувсандорж ирээд “Чойномыг байцаахдаа таны тухай их шалгааж байна гэнэ. Хэдийнээс эхэлж үерхсэн бэ? Ямар зохиол хамтарч бичсэн бэ? гэж асууж байна гэнэ. Биднийг холбон гайтуулах санаатай байна. Намайг сайн муулж яв гэж Чойном хэлүүллээ” гэв. Үнэнхүү сайн нөхөр гэгч өөрийгөө мартан бусдыг энэрдэг ажээ. Би 1965 оны дөрөвдүгээр сарын нэгний инээдмийн баярын өдөр цөллөгт явсан. Чойномыг 1970 оны инээдмийн баярын өдрөөр яллажээ. Инээдмийн өдрийг зовлон гунигийн өдөр болгож байсныг хойч үе минь үнэмших болов уу? Чойном бид хоёрыг эхнэр маань хардаагүй атал тухайн үеийн нам төр, түүний дуулгаварт зарц нар хардаж сэрдэн, холбон гүтгэж улмаар нэгэн ялд унагах зорилготой байсныг хожим нь шударга хуульч С.Нарангэрэл “Р.Чойномд тулгасан ял” номдоо батлан бичсэн билээ.

“Монголын уран зохиолын дээж” цувралаас