images

Ахмад зохиолч, баатар ван Наваан-Юндэн гуайн хууч яриа


     Наяад оны үест Монголын радио одоогийн Төв шуудангийн баруун жигүүрт байрлаж байв. Радиогийн залуу сурвалжлагч биднийг өглөө ажилдаа ирэх үед Дөчин мянгатын гудамжнаас тас хар костюм, цав цагаан цамц өмссөн Наваан-Юндэн гуай цэв цэх алхалж ирээд хайрцагнаасаа хэвлэлээ авдаг байлаа. Тэр зуураа бидэнтэй туйлын дотноор найр тавин инээмсэглэж мэхэсхийн мэндлэхэд бид балмагдаж сандран “Та сайн байна уу?” гэхээс хэтрэхгүй өнгөрдөгсөн. 1984 оны намар цаг. Монголын радио үүсч байгуулагдсаны 50 жилийн ойг тэмдэглэх гээд зай завгүй ажиллацгааж байв. Радиогийн анхны нэвтрүүлэг, нэвтрүүлэгч, сонсогчдыг сурвалжлан цуврал нэвтрүүлэг явуулж байсан юм. Уран зохиол, урлагийн редакцийн редактор надад анхны уран сайхны нэвтрүүлгийн тухай сурвалжлах үүрэг ноогдлоо. Тэрхүү анхны нэвтрүүлэгт оролцсон зохиолчдоос Наваан-Юндэн гуай л үлдсэн байв. Наваан-Юндэн гуайтай утсаар яриад бичлэгийн студид урин тэр тухай дурсамжийг нь авахаap тохиролцлоо. Тэрбээр мөнөөх гудамжаар хэн ч зогтусам, зогсож харуулдам эрхэмсэг цэв цэх шулуун сайхан алхаагаараа алхалсаар манай редакцид орж ирээд бидэнтэй найр тавин мэхийн мэндлэхэд бүгдээр өөрийн мэдэлгүй босчихсон байлаа. Бидэнд илүү, дутуу хачиргүйгээр төв шударгуу хэрнээ бас нэгийг цаанаа цэнэж болгоомжилсон аялгаар ийн хуучилж билээ.

    1930-аад оноос эхлэн “Монголын уран зохиолчдын бүлгэм ажиллаж, Д.Нацагдорж, С.Буяннэмэх нарын олон зохиолч зохиол бичихийг оролдсон мань мэтийн залуус тэнд суудаг байлаа. Нэг удaa залуу зохиолчдын дунд “Байгаль ертөнцийн хувьсал ба хүний насны өөрчлөлт хувирал” гэсэн сэдэвт ypaн бүтээлийн уралдаан зарлав. Уралдаанд Д.Нацагдорж, Т.Нацагдорж, С.Буяннэмэх, М.Ядамсүрэн, Б.Доржсүрэн нар оролцсон юм. Бид нэг өдөр шүлгүүдээ радиогoор уншиж ард түмэндээ сонсгоё хэмээн ярилцаад шийдвэр гаргав. Тэр үед эргэн тойрон том цаг өлгөсөн “Монгол шуудан” гэсэн хаягтай хоёр давхар цагаан байшинд радио хороо байрлаж байлаа. Радио хорооны байшингийн орой дээр гурван тийш харуулсан гурвалжин хэлбэртэй цагаан хоолойнууд байна. С.Буяннэмэх гуай радио уран сайхны нэвтрүүлгийг өөрөө хөгжимдөж аялгуулан хэлж нээдэг байв. Тэpбээр хуучраа жингэнүүлэн яруу дуугаap “Чагнан суугаарай. Сонсож суугаарай! Өндөр дээрээс хүнгэнэж дуугарах радио уран сайхан эхэлж байна” гээд л аялгуулж уншиж тарна даа. Бид тэр үдэш нөгөө уралдаанд шалгарсан бүтээлүүдээ Буяннэмэх гуайн сүрлэг эхлэлийн дараагаар зориг зүрхтэйхэн уншиж билээ. Эхлээд их Нацагдорж нэгдүгээр байр эзэлсэн “Дөрвөн улирал” шүлгээ, дараа нь бага Нацагдорж хоёрдугаар суурь эзэлсэн шүлгээ, дараа нь би гуравдугаар суурь эзэлсэн “Дөрвөн цаг, хүний амьдрал” шүлгээ ийн уншлаа.

Яргуй цэцгийн хүрээлэнд эгшигт шувуу жиргэсэн

Яруу хоолойт малчид ишиг хурга гүүргийлсэн

Янаг хайртай энхрий нялх ногоон зүлэг минь

Хөхрөн харагдах модонд хөхөө шувуу донгодож

Хөдөө талын зэрэглээнд адуу мал тархсан

Хүний идэрийн хөгжил халуун хонгор салхи минь

Өвс шарилж шаржигнан өмнөдийн шувууд зэллэн

Үхэр мал мөөрөлдөн өвөлжөө бууцыг санагдуулнa

Өвгөн авга ууланд мөнгөн буурал цухуйна

Цагаан хилэн цасан дээр чоно үнэг сүлжилдэж

Цант жаврын дундуур жингийн тэмээ цуварна

Сэрүүн булшны дээгүүр сувдын цэцэг бүрхэнэ

    Их Нацагдорж уран сайхны  нэвтрүүлгийг нээж шүлгээ уншихынхаа өмнө сонсогчдод хандан “Би “Дөрвөн улирал” шүлгээ хараахан дуусгаж амжилгүй ирлээ. Гэхдээ уншъя” гэж байсан нь мартагддагггүй юм. Одоогийн их алдартай “Дөрвөн улирал” нь тийн төрж байсан хэрэг дээ. Тэр оройн нэвтрүүлгийн дараа нэвтрүүлж өгнө үү гэсэн хүсэлт бидэнд ирж байлаа. Одоогийнх шиг бичлэг байгаагүй болохоор бас л хэцүү. Тэр бүр бүгдээрээ цугларч чадахгүй л дээ. Тэр цагаас хойш залуус бид баахан урам зориг орж радиогоор шүлгээ ахин дахин уншиж, радиогийн анхны урын сан болсон шинэ цагийн дуунууд зохиодог боллоо.

    Ахмад зохиолчийн маань яриа энэ мэт тун сонирхолтой байлаа. Тэрхүү яриа одоо радиогийн Алтан хөмрөгт хадгалагдаж байдаг юм. Харамсалтай нь тэр цагт нэг намын үзэл суртал ноёрхож байсан болохоор Наваан-Юндэн гуайгаар угсаа залгамжилсан ноён явсан, хүүхэд идэр насных нь тухай нэг ч зүйл асууж чадсангүй. Харин нэрт зохиолч Ч.Чимид нарын шахалт захиалгаар Наваан-Юндэн гуай “Соёл эрдэнэ” нэртэй намтар туужаа бичиж үлдээсэн нь хойч үеийнхэнд их зол болсон юм. Ингэж Монголын зохиолчид дундаас намтар зохиолоо монгол хэлний яруу тансаг найруулгаар бичиж үлдээсэн хуруу дарам цөөн хүний нэг нь Наваан-Юндэн гуай болсон юм. Зохиолч, гүүш М.Цэдэндорж “Би Наваан-Юндэн гуайн “Соёл эрдэнэ” намтар туужийг хөнгөн хөлтэй алхаатай морь унасантай зүйрлэж хэлэхийг хүсэж байна. Ялангуяа хэл найрлагын талаар жинхэнэ монгол найрлагатай, үгийн баялаг ихтэй болсон байна. Мoнгол ахуйд монгол сэтгэлээр бичиж чадсан гэж үнэлбэл зохино” гэж бичиж байв. Эзэн богд Чингисийн язгуурт Абатай сайн ханы алтан ураг, бичгийн мэргэн хүмүүн агсан Содномдаржаагийн Наваан-Юндэнгийн Монголын утга соёлын түүхнээ босгон үлдээсэн “Баян `монгол”, “Үхэрчин хүү Цэрэндорж”, “Сoёл эрдэнэ” зэрэг өнө мөнхийн шилдэг дуунууд, “Соёл 'эрдэнэ” яруу найруулгат намтар тууж, Л.Толстой, А.С.Пушкин, И.В.Гёте, Ф.Шиллер нарын бүтээлийг орос, герман хэлнээс орчуулсан бүтээлүүд нь үе үеийн оюуны монгол хүмүүстэй найр тавин уулзаж сэтгэл оюуныг нь цэлмээн гийгүүлсээр байна.

 “Монголын уран зохиолын дээжис” номд буй зохиолч Ж.Саруулбуянгийн дурсамж.