images

М.Өлзийчимэг: "Асралт хайрын өргөө" минь 50 нас хүрлээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-04-19


   Монгол улсын хүүхэд хамгааллын ууган байгууллага “Өнөр бүл" төв анх 1974 онд 27 хүүхэдтэй үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Асрамжийн 58 дугаар цэцэрлэг нэртэйгээр байгуулагдсан өдөр өнжүүлэх тэр жилийнхээ 12 дугаар сарын 27-нд албан ёсоор асрамжийн газар статустай болжээ. Тухайн үеийн хөрөнгө мөнгөний асуудлыг Цэдэнбал Филатовагийн санаачилгаар Хүүхдийн төлөө фондоос шийдвэрлэж байв. Ингэж явсаар таван жилийн дараа буюу 1979 онд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Нийслэлийн 53 дугаар сургуулийн хажууд шинээр дотуур байр барьж сургуулийн насны 72 хүүхдийг авчирснаар “Өнөр бүл” төвийн хүүхдүүд нэг мөсөн төвхнөх болжээ. Харин Асрамжийн 58 дугаар тусгай цэцэрлэгт өдгөө багачууд амьдарч байна. Тус төвөөс үйлчилгээ авсан хүүхдийн тоо өдгөө 3000 давжээ. Албан ёсоор амьдарч байсан нь 2000 орчим аж. Харин өнөөдөр тэнд 150 гаруй хүүхэд аж төрж байна. Нийгэмд биеэ даасан хувь хүнийг бэлтгэх зорилгын төлөө тус төвд 100 гаруй хүн мөр зэрэгцэн зүтгэж буй. Тухайлбал, хүүхдүүдэд өдөр бүр чанартай хоол хүнсээр үйлчлэх үүрэг хүлээсэн тогооч тэнд ажиллаж байна. Зуны цагт өнөр бүлээрээ зусланд гарахад нэгдсэн гал тогооноос хооллоно. Цаашлаад аюулгүй тухтай орчинг бүрдүүлэхэд жижүүр, сантехникч, жолооч, нярав нягтлан, эмч зэрэг олон хүмүүс арын албанд зүтгэж буй. Түүнчлэн тус төвийн хүүхэд хариуцсан багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, номын санч гээд бүгд л дээд боловсролтой мэргэжилтнүүд ажиллаж байна. Бид 50 жилийн ойгоо угтах гэж буй тус төвийг энэ сарын эхээр зорьж очсон юм. 

 “Өнөр бүл” төвийн захирал М.Өлзийчимэг “Саяхан манай төвийн гурван багш ажил мэргэжлийнхээ дагуу Тайландад очиж олон улсын форумд оролцоод ирлээ. Мөн төвд амьдардаг хоёр хүүхэд маань ОХУ-ын Красноярск чөлөөт бөхийн хамтарсан бэлтгэлд 14 хоног хамрагдсан. Ирэх сард нэг охин маань бас Солонгос руу тийболын тэмцээнд явах бол наймдугаар сард нэг нь Япон руу сурагч солилцоогоор явна. Баянзүрх дүүргийн ИТХ-аас энэ бүхний арыг хариуцаж байна. Манай төвийнхөн ер нь хөл хөдөлгөөнтэй, гадагшаа явж ирсэн сонин ихтэй байгаа. Энэ жил манай байгууллагын 50 жилийн ой тохиож байна. Бид уралдаан тэмцээн зохиож, баяр тэмдэглэхээсээ илүүтэй хүүхдүүдийнхээ орчинг гэрэл гэгээтэй болгохыг зорьж байна. Хашаа саравчиндаа усан оргилуур, цэцгийн мандал, суух сандалтай хэсэг тохижуулсан. Төв дотроо үсчин, эко өрөө шинээр нээж, хүүхдүүдийнхээ амьдардаг давхруудыг янзаллаа. Цэцэрлэгийн байранд засвар хийгээд дууссан. Тэнд мөн нэг өрөөг айлтай дүйцэхүйц орчин болгож тохижууллаа. Ажил их байлаа” хэмээн ярив.

   2016 онд М.Өлзийчимэгийг захирлаар томилогдож ирэхэд энэ байр дотуур байрны зохион байгуулалттай байжээ. Нэг өрөөндөө 4-5 хүүхэд амьдарч хоолоо нийтийн гал тогоонд иднэ. Хүүхдүүд хүнээр хоолоо хийлгүүлж, хувцсаа угаалгаж байхыг нь хараад тэрбээр өөрийн гэр шиг нь орчин бүрдүүлж, айл гэрийн гишүүн шиг байлгах ёстой гээд  өнөөдрийг хүртэл тогтмол засвар тохижилт хийсээр иржээ. Нэг өрөөнд дөрөв тавуулаа амьдардаг байсан бол одоо хоёр өрөө нийлүүлэн тохижуулжээ. Нэгэнд нь унтаж амрах ор, хувцасны шүүгээг нь эгнүүлэн тавьсан бол нөгөө өрөөнд нь сандал ширээ, зурагт, гал тогоог нь суурилуулж өгсөн байна. 

   Тус төвийн хоёр давхарт охид, гурван давхарт хөвгүүд амьдарна. Номын сан, сонгон дугуйлангийн чөлөөт танхим, эмч, сэтгэлзүйчийн өрөө, үсчин гоо сайхан гээд энд байхгүй юм үгүй. Хүүхдийн номын сангийн эрхлэгч Майнгэрэл энд ажиллаад долоон жил болжээ. Тэрбээр манай сайтад хуучлахдаа “Өглөө бүр миний ажил хүүхдүүдээ хүлээж аваад унших номын захиалгаа хүлээж аваад тарааж өгөхөөс эхэлдэг. Дараа нь номын тэмдэглэл хөтлүүлж, уншсан номоо ярих уулзалт хийнэ. Энэ арга хэмжээнд маань хүүхдүүд идэвхтэй оролцоно. Номын өрөө анх ундуй сундуй, ном ч ховор байв. Хүүхдүүдэд бүрэн дүүрэн үйлчлэхийн тулд дотоод тохижилт хийж, номоо арвижуулах хэрэгтэй болсон. Байгууллага, хувь хүмүүсээс хандив цуглуулж 13 сая төгрөг босгож байлаа. Одоохондоо дутуу зүйл их байгаа ч тохижуулсаар 6000 гаруй номтой болжээ.  Хүүхдүүд маань сонгодог уран зохиолын номууд их сонирхоно. Тийм болохоор 20 дугаар зууны шилдэг тууж, романууд болон П.Бадарч, Ш.Сүрэнжав, Д.Мягмар тэргүүтэй монгол зохиолчдын номыг олж тавилаа. Номтой холбоотой үйл ажиллагаа төвдөө нэг жилийн хугацаанд зохион байгуулсан нь их өгөөжтэй байв. Тэр нь “Монголын нууц товчоогоо судлая” гэсэн аян. Номын сангийнхаа нэг жижиг буланг монгол гэрийн хана тооно, авдар ахуйн холбоотой зүйлсээр тохижуулж, Чингис хааны хөргийг залсан. Энд хүүхдүүд бүтэн жилийн турш Монголын нууц товчоогоо уншиж, хэлцэж, мэдлэгээрээ уралдаж өнгөрүүлсэн дээ. Мөн манайх жил бүр “Golden pen” нэртэй англи хэлний унших, бичих уралдаан явуулдаг” гэв. Мөн энэ төвд хүүхдүүдийн эрүүл мэндийг хүүхдийн их эмч Сэлэнгэ болон залуухан эрэгтэй сувилагч нар хариуцан ажиллаж байна. Сэлэнгээ эмч 2023 оны зургаадугаар сард энэ ажилдаа оржээ. Тэрбээр 1994 онд Анагаахын дээд сургуулийг хүүхдийн эмчийн ангийг төгсөөд Увс аймагт 30 жил мэргэжлээрээ ажилласан туршлагатай нэгэн. Одоо бол тэр улирал тутамд хүүхдүүдийн өсөлт хөгжилтөд анхаарал тавьж, урьдчилан сэргийлэх үзлэгийг хийдэг болжээ. Харин сэтгэл зүйн оношилгоо, ганцаарчилсан болон бүлгийн зөвлөгөө, сургалт нөлөөллийн ажил, стресс менежмент чиглэлээр гурван сэтгэл зүйч ажиллаж байна. Тэд бага насны хүүхдэд тоглоомын аргаар, өсвөр насны хүүхдэд танин мэдэхүйн аргаар мөн урлагийн сэтгэл засал хийдэг байна. Хүүхдийн бага насандаа авсан сэтгэлийн шарх, сэтгэцийн цочрол гэмтэлтэй ажиллахад урлагийн сэтгэл засал илүү үр дүнтэй байдаг аж. Хүүхэд тоглохдоо, дуу хөгжим сонсохдоо, жүжигчилсэн тоглолтод оролцох явцдаа өөрт нь тохиолдсон сөрөг мэдрэмж, дурсамжуудаа гадагшлуулна. Энэ үед л сэтгэл зүйчид тойруу аргаар юуг буруу юуг зөв болохыг ойлгуулж чаддаг байна. Тэдний хэлж буйгаар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас сэтгэцийн эрүүл мэндийг ногоон, шар, улаан гэсэн гурван түвшинд хувааж авч үздэг. Сэтгэцийн эмч нар улаан түвшинд буюу эмгэг сэтгэцтэй буюу оюуны хомсдолтой хүүхдүүдтэй ажилладаг. Харин сэтгэл зүйч нар шар түвшинд байх хүүхдийг ногоон буюу хэвийн эрүүл сэтгэл зүйтэй болгохын төлөө ажилладаг. Үүгээрээ хоорондоо ялгаатай гэнэ.

   Асрамжийн газар анх нээгдэхэд А.И.Цэдэнбал Филатова байнга ирж хүүхдүүдээ эргэж тойрч, бэлэг сэлт өгдөг байсан бол Ю.Цэдэнбал гуай өдрийн од шиг л ирдэг байж. Тэгтэл үзэгддэггүй ховор зочин гэнэт нэг өдөр асрамжийн газарт зочилжээ. Ирээд хүүхдүүдтэй дурсгалын зураг татуулж, бүтэн өдөр өнжсөн аж. Тэр дунд нэгэн жаахан охиныг гар дээрээ тэвэрсэн байсан нь одоо тус төвд сувилагчаар ажиллаж буй ахмад настан гэнэ. Тэрбээр гурван настайдаа асрамжийн газарт ирээд, Анагаахын сургуульд сувилагчийн мэргэжил эзэмшин “Өнөр бүл” төвдөө ажиллах болжээ. Тэтгэвэртээ гарсан хойноо ч эндээ үргэлжлүүлэн ажиллаж байна. Мөн тус төвийн Отгонбат багш багадаа эгч дүү нартайгаа амьдрахаар ирж байжээ. 18 насанд хүрээд төвөөсөө явж их сургуульд орох болж. Өөр мэргэжил сонирхож байсан ч төвдөө ирээд өдгөө 25 дах жилдээ багшаар ажиллаж байгаа аж. Эндхийн тогооч эмэгтэй ч мөн 1991 онд 19 настайдаа Хүнсний тогоочын сургууль төгсөж ирээд өнөөдрийг хүртэл тасралтгүй ажиллаж буй. Энэ мэт тохиолоор хүүхдүүд төвдөө үлдэж ажиллах нь элбэг. Түүнчлэн Эх нялхсын эмнэлэгт насаараа ажиллаад өнгөрсөн жил Монгол улсын Гавьяат сувилагч болсон эмэгтэй амьдарч байжээ. Цаашлаад урлаг, уран сайхан, цагдаа дотоод хэргийн байгууллагад “Өнөр бүл”-ээс урган гарсан шижигнэсэн залуус ажиллаж байна. Цаашлаад хилийн чанадад ялангуяа Япон, Солонгосын өндөр хөгжилтэй орнуудад ажиллаж амьдарч байгаа нь ч цөөнгүй гэнэ. 

   “Өнөр бүл”-ийнхэн төвөөсөө явж байгаа хүүхдүүдээ байр сууц, ажил орлоготой болоход нь дэмжсээр иржээ. 2018 онд Орон сууц санхүүжилтийн корпорацийн дэмжлэгтэйгээр нэгийгээ түрээсийн орон сууцанд оруулсан байна. Дараа нь гурван ч хүүхдийг орон гэртэй болгож гаргажээ. Нэг удаа бүр ажилчдын дунд хандив цуглуулж хоёр хүүхдийг гэртэй, ажилтай болгосон байна. Өөр нэгэн сайхан сэтгэлтний буянаар ч нэг айлын таван хүүхэд  иж бүрэн тавилгатай гэртэй болсон байна. Тус төвөөс амьдралд хөл тавьж байгаа хүүхдүүд явахдаа захиа үлдээдэг ёс хэдийн тогтжээ. Намайг очиход төвийн багш нарт зориулж үлдээсэн гурван захиаг ч уншиж өгөв. Халуун хоолоор үйлчилдэг тогооч нартаа, эрдэм мэдлэгээ харамгүй хайрладаг багш нартаа, хань түшиг болдог найзууддаа, өвдөхөд нь анхаарч  халамжилдаг эмч, сэтгэл зүйчдээ, цэвэрхэн орчинд байлгадаг үйлчлэгч ах эгч нартаа баярлаж талархсан чин сэтгэлийн үгтэй захиа овоолоостой байх аж. 

    Тус төвд сүүлийн үед эцэг эхтэй хүүхдүүд ихээр ирэх болсныг М.Өлзийчимэг захирал халаглан хэлж байна. Өмнө нь нэг бол бие муутай, хөдөлмөрөө чадвараа алдсан эсвэл шүүхээр эрхээ хязгаарлуулсан, хорих ял эдэлж байгаа эцэг эхчүүд аргагүйн эрхэнд хүүхдээ авчирч өгдөг байж. Хэдий багш нар хайрлаж халамжилж, хооллож хувцаслах ч хүүхдэд эцэг эхийн хайрыг орлуулшгүй. Гэтэл одоо маш олон ээж, аавууд архи уусныхаа төлөө хүүхдээ авчраад хаячихдаг гэнэ. “Чамайг ирэхийн өмнө нэг бүсгүй хоёрхон сартай хүүхдээ хүнд өргүүлье гээд уулзаад гарсан. Нөхөр нь хаяад явчихсан, цаана нь дахиад хоёр хүүхэд бий. Бага хүүг нь гэдсэнд байхад эцэг нь “Би тэжээнэ гаргаад өгчих” гээд төрүүлсэн боловч өөр хүнтэй амьдарна, хүүхдээ авахгүй ээ гээд орхиод явчихсан байгаа юм. Ийм тохиолдол маш олон байдаг. Дөнгөж төрсөн нялх биетэй эмэгтэй ямар сайндаа ингэж явах вэ. Нөхрөөсөө салсан, архи уусан, ажилгүй болсон, орон гэргүй болсныхоо төлөө хүүхдээ асрамжинд үлдээдэг хүмүүс өдрөөс өдөрт нэмэгдэж байна” хэмээн ярив.

    Энэ тохиолдолд хүлээлгэх хариуцлага манай улсад байдаггүй юм байна. Гэр бүлийн тухай хуулинд “Хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол эцэг эх байх эрхийг нь хязгаарлана” бүр болохоо байвал өмч хөрөнгийг нь хураана гэж заажээ. Гэвч энэ нь бүх үүрэг хариуцлагаас нь чөлөөлж байгаа л төдий. Харин ч хүүхдээ асрамжинд өгсөн эцэг эхчүүд ахиад хүүхэд гаргадаг. Энэ мэт хүүхдээ хайхрахгүй, алдаагаа ухамсарлахгүй байгаа тэдний эрхийг нь хязгаарлахын оронд албадан эмчилгээнд явуулж, ажилтай орлоготой болгох зохицуулалтыг хуульд тусгах хэрэгтэйг М.Өлзийчимэг тодотгож байлаа.  Цаашлаад өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй болсныхоо төлөө ээж аавдаа хаягдсан хүүхэд олон байдаг. Насанд хүрсэн ч төвөөсөө явах боломжгүй нь ч энүүхэнд. Гэтэл манай улсад эдгээр хүмүүсийг хүлээж авдаг асрамжийн газар ховор гэнэ. “Өнөр бүлулсын хэмжээнд 21 аймаг, есөн дүүргээс 2-18 насны хүүхдийг асрамжиндаа авдаг цор ганц хүүхэд хамгааллын төв нь. Тус төвд улсын төсвөөс жилд 2 тэрбум төгрөгийг төсөвлөдөг ч нэг хүүхдэд дунджаар дөрвөн сая төгрөг оноогддог ажээ.

   Тэгвэл саяхан буюу дөрөвдүгээр сарын 17-нд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа тэргүүтэй төлөөлөгчид тус төвийн үйл ажиллагаатай танилцан, нэн шаардлагатай байсан тоног төхөөрөмж тавилгыг хүлээлгэн өгсөн байна. Энэ үеэрээ ирэх 2-3 жилд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төв байгуулах шийдвэр гаргаж, шаардагдах хөрөнгийн тодорхой хувийг ирэх оны төсөвт тусгахаар болсон баяртай мэдээг дуулгажээ. Түүнчлэн салбарын сайд цаашид хүүхдүүдийг асрамж, халамжийн төвд бус, аль болох эцэг, эхтэйгээ хамт амьдардаг байх хууль, эрх зүйн орчин бүрдүүлэхийг зорьж байгаа гэнэ. Мөн ирэх оноос сум, хороо бүрд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллуулан хүүхэд хамгааллын үйлчилгээний санхүүжилтийн эх үүсвэр тодорхой болсон байна. "Өнөр бүл" төвийн санхүүжилтийг улсын төсвөөс энэ онд өмнөх жилүүдээс 73 хувиар нэмэгдүүлсэн юм. Өдгөө 50 дахь жилийнхээ нүүрийг үзэж буй тус байгууллага энэ сарын 20-ны өдөр ойн баяраа хийх гэж байна. Тэр өдөр хүүхдүүдийн урлагийн тоглолт болж, урлаж хийснээрээ үзэсгэлэн гаргана. Цаашлаад хүүхдүүд дундаа ном уншаад тэмдэглэл хөтлөх уралдаан зарласан гэнэ. Харин олон нийтэд энэ хүртэл явж ирсэн үйл ажиллагаагаа танилцуулахаар Үндэсний телевизтэй хамтран баримтат кино хийж, “Асралт хайрын өргөө-50 жил” нэртэй ном гаргахаар зэхжээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.