images

Япон: Төлбөртэй төлөөлөх үйлчилгээ түгээмэл болж байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-05-01


   Япон улсад хуримын ёслол, оршуулах зан үйлээс эхлээд нохой салхилуулах, үерхдэг найзаасаа салах гээд хүний амьдралд тохиож болох бүхий л асуудлыг хүний өмнөөс хийж өгдөг “төлөөлөх үйлчилгээ” түгээмэл болж байна. Токио хотын нэгэн төлөөлөх үйлчилгээний агентлагийн вэбсайтад 17 төрлийн үйлчилгээг үнэтэй нь жагсаажээ. Үүнд, буруу зүйл хийснийхээ төлөө даргаас нь болон найз бүсгүй, найз залуугаас нь уучлал гуйх (5000 иен), шөнийн цагаар айл яаралтай нүүлгэх (10 мянган иен), дуу чимээ их гаргасных нь төлөө хөршүүдээс нь уучлал гуйх (30 мянган иен) гэх мэт өвөрмөц үйлчилгээнүүд хүртэл багтжээ. Эдгээрийн дотроос өндөр настнуудыг эмнэлэгт хэвтүүлэх, асарч сувилах, оршуулах үйлчилгээ хамгийн эрэлт хэрэгцээтэй байдаг байна. Тус агентлагт өнгөрсөн гуравдугаар сард л гэхэд төлөөлөх үйлчилгээний 100 гаруй хүсэлт ирж үйлчилгээ авчээ. Ахмад настнууд дээр байнга очиж хооллох, хамтдаа ярилцаж цагийг өнгөрөөх, өөд болсон хойно нь нутаглуулах газар олж өгөх, өөд болсных нь дараа оршуулах зэрэг үйлчилгээг цогцоор үзүүлэхэд дөрвөн цаг тутамд 11 мянган иений үнэтэй байна. Гэр бүлийн үйлчилгээний “Life Medical Nursing” агентлаг гэрээсээ гарах боломжгүй хүмүүсийн өмнөөс гадуур явж ажил төрлийг нь бүтээх, уулзах ёстой хүнтэй нь төлөөлөн уулзах зэрэг үйлчилгээг үзүүлдэг. Агентлагийн захирал Хидэки Эндо 2016 оны долоодугаар сард гэр бүлийн агентлагийн үйлчилгээг эхлүүлсэн бөгөөд нас өндөр болсон аав, ээжийгээ асарч байсан амаргүй цаг үеийнхээ дурсамжинд тулгуурлан энэ бизнесээ санаачилсан гэнэ. Үйлчилгээний анхны зорилго нь ахмад настнуудыг асарч сувилах байсан бол яваандаа төрөл бүрийн үйлчилгээ үзүүлэх болж хүрээгээ тэлжээ. Японд хүн амын насжилт нэмэгдэх тусам ийм төрлийн үйлчилгээний эрэлт хэрэгцээ улам их болж байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.